Орчин цагт турах хүсэлтэй тунч олон хүн буй болжээ. Тэд өөрсдийн сонссон мэдсэнээрээ турах их аянд нэгддэг ч төдийлөн үр дүнд хүрдэг нь цөөхөн. Тэгвэл жингээ хаяхаар сэтгэл шулуудсан танд мэргэжилтнүүд дараах зөвлөгөөг өгч байна. Магадгүй зарим нэгэн зөвлөгөө нь таныг гайхашруулж мэдэх ч хэрэгжүүлж чадвал үнэхээр үр дүнгээ өгдөг гэнэ шүү. Ингээд зөвлөгөөтэйгээ танилцъя.
1 Идэх хоолныхоо төрөл зүйлийг олшруул
Магадгүй та, турахын тулд цөөн төрөл зүйлийн хоол идэх ёстой хэмээн эндүүрч явсан уу? Тэгвэл харин ч эсрэгээрээ тавган дээрээ олон төрлийн жимс, ногоо, самар зэргийг нэмээрэй.
Хэрвээ та дуртай хоолноосоо бүр мөсөн татгалзаж, огтхон ч амсахгүй байхаар хүчилж байгаа бол тун удалгүй бүр илүү ихээр идэх болно гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Мэргэжилтнүүд "Эрүүл зөв хоололтын дэглэмдээ идэх дуртай хоолоо нэмж, бага багаар идэх нь хэтрүүлэн идэхгүй гэсэн үг юм" хэмээн зөвлөж байна.
2 Хэмжээндээ анхаар
Ихэнх зөвлөгөөн дээр овъёос идэх нь турахад үр дүнтэй гэсэн гээд цөцгийтэй тарагтай холиод аяга аягаар нь идэх зөв биш юм. Хачин ч гэсэн яг үнэндээ үүнийг идэхийн оронд та амттай бургер идсэн нь хамаагүй дээр аж. Учир нь чанар, тоо хэмжээ бол маш чухал зүйл.
Өлсгөлөн мэдрэмжээ дарахын тулд жимс, ногоо зэргээр өлсөж байгаагаа дарах нь дэглэм тань үр дүнгээ өгөх үндсэн суурь болох юм.
3 Жингээ хассаны дараа та "хэн" болох вэ?
Жингээ хассаныхаа дараа турсан зургаа найзууддаа үзүүлээд гайхуулахыг бид хүсдэг шүү дээ. Тэгээд л юу идсэн, ямар дэглэм барьсан зэргээ л яриад байхаас илүүдэл жингээ хасахын тулд ямар их хичээл зүтгэл гаргасан, тэвчээр хатуужил хамгийн чухал байсан талаар дурдахаа мартдаг. Илүүдэл жинтэй эсэх нь огт хамааралгүй та бол та шүү дээ. Бэлхүүсний хэмжээгээ гайхуулалгүй өөрийн хүсэл эрмэлзлэлээр бахархах хэрэгтэй. Мэргэжлийн хүний зөвлөснөөр: "Ямар ч биеийн жинтэй байсан ч гэсэн үүндээ сэтгэл хангалуун байж, биеэ зөв авч явах нь зүйтэй" хэмээжээ.
4 Унт
Фитнес төвд нэг цаг илүү хичээллэх гэж хайран нойрноосоо битгий сэрээрэй. Мэргэжлийн эмч тайлбарласнаар "Өдөрт 7-9 цаг унтаж амрахгүй байх нь өлсөх мэдрэмж төрүүлдэг. Мөн грелин хэмээх гормоныг маш ихээр ялгаруулж, харин лефтин буюу сэтгэл ханасан мэдрэмж төрүүлдэг гормоны ялгаралын бууруулдаг байна. Хүн нойроор дутах нь хоолны дэглэм, хэмжээнд тавьдаг хяналтаа алдахад хүргэдэг" гэжээ.
5 Та калорио тоолж мэдэх үү?
Хоолны дэглэм барьж байгаа бол та хоолоо идэхээсээ өмнө тавган дээрх хоолоо маш сайн анхаарч иддэг болсон байх. Магадгүй бүр идэж байгаа бүх зүйлийнхээ грамм бүрийг тооцож байгаа байх.Тэгвэл мэргэжилтнүүдийн зөвлөгөөгөөр: Та идэж байгаа зүйлийнхээ грамм бүрийг хэмжилгүйгээр калорийг тоолох хэрэгтэй. Ингэснээр, та хэдэн калори авсан, хэдэн калори шатаасан гэдгээ мэдэх тул зорилгодоо илүү хурдан хүрэх болно гэжээ.
6 Сайхан мэдрэмж авахын тулд тур
Эрүүл дэглэм нь таны гадаад харагдах байдлыг өөрчлөөд зогсохгүй амьдралын хэв маягыг ч гэсэн өөрчлөх болно. Бид ихэвчлэн хоолны дэглэмийг илүүдэл жингээ хасах үйл явц гэж ойлгодог ч үнэн хэрэгтээ тухайн хүн амьдрах хэв маягаа тэр чигт нь өөрчилж байгаа явдал юм.
7 Зөвхөн өөрт тохирсон дэглэмээ сонгох
Бидний гаргадаг түгээмэл алдаануудын нэг нь бусдад хэрэгжсэн дэглэм надад ч гэсэн үр дүнгээ өгнө гэж бодох явдал юм. Найз тань турсан гээд түүний барьсан дэглэмийг шууд сохроор дагалгүйгээр өөрийн биеийн онцлогыг нэг бодоод үзээрэй.
8 Өлссөн үедээ л ид
Ихэнхи тохиолдолд бид сэтгэл санааны хувьд өлссөн байдлаа физиологийн өлсөлттэй андуурдаг байна. Уйдсан, уурласан үедээ хоол идмээр санагддаг бол аль болох татгалзах хэрэгтэй гэнэ. Та үнэхээр өлсөж байгаа эсэхээ тодорхойлох хэрэгтэй. Ингэхийн тулд лууван дангаар нь идмээргүй санагдвал та өлсөөгүй байна гэж ойлгож болно. Мэдээж хэлэхэд амархан санагдаж байгаа ч ямар нэг юм идэхийн өмнө үнэхээр өлссөн эсэхээ дахин нэг бодоод үзээрэй.
9 Амттан асуудалгүй
Өдрийн хоол оройн хоолны завсраар амттан идэх нь дэглэмийг тань нурааж буй мэт санаж байгаа бол та бага зэрэг эндүүрчээ. Учир нь өлссөн үедээ эрүүл амттан идэх нь хоол идэх үед хэмжээгээ хэтрүүлэн идэхээс сэргийлдэг байна. Уургаар баялаг ямар ч амттан нь хоол идэх дуршилаа хянахад тусладаг юм. Мэргэжлийн эмчийн зөвлөж байгаагаар: "Самар, үр жимс, иогурт, бяслаг, сахар багатай амттануудыг өөртөө тохируулаад идэх хэрэгтэй" хэмээжээ.
10 Өөртөө бүү хатуу ханд
Дуртай хоолоо хараад биеэ барьж чадалгүй идчихээд бид маш их харамсаж, өөрийгөө зэмлэдэг шүү дээ. Харин судалгаагаар үүнийг хэвийн үзэгдэл гэдгийг тогтоосон бөгөөд энэ нь хүн хүнд өөр өөрөөр илэрдэг гэдгийг нотолжээ.
Турахаар шийдсэн танд дээрх арван зөвлөгөө амжилт авчирна гэж найдъя.
С.Баяр
Эх сурвал:ж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )