Солонгосын өмнөд хэсэгт Япон тэнгис, Шар тэнгис, Номхон далайгаар хүрээлэгдсэн Чежү арал оршино. БНСУ-ын нэг хэсэг ч бие даасан эдийн засагтай энэ муж нилээд өвөрмөц онцлогтой. Мужийн гол бодлогыг Захирагч барьдаг. Ойрмогхон мужийн Захирагчийн сонгууль болох гээд нилээд ширүүн өрсөлдөөн болж байна. Хүн амын дундаж орлого нь Солонгосын бусад газраас хамаагүй илүү, байгалийн өвөрмөц тогтоц нь өөрөө мөнгө болж хувираад байгаа Чежүгийн засаг барина гэдэг улстөрчдийн мөрөөдөл байдаг ажээ. Гэхдээ чэжүгийнхэн хойгийнхонд таатай биш нь зөвхөн нутгийн уугуул иргэдтэй энэ мужид гаднын хүн ирээд дарга даамал болно гэдэг боломжгүй гэдгийн илрэл. Харин нутгийн уугуул ч өөр газар амьдарч амжилтад хүрч яваа нэгэн бол өөр хэрэг гэнэ. Чежү арлын түүх, хүмүүсийн амьдрал монголчуудтай салшгүй холбоотой.
Энэ аралд манай өвөг дээдэс 100 гаруй жил эзэн сууж байсны ул мөр тэдний үр удам одоо хүртэл байдаг бололтой. Үүний хам-гийн бодитой жишээ нь чежүгийн хүүхэд төрөхдөө хөх толботой мэндэлдэг бол бидэнтэй адилхан дугуй царайтай, махлагдуу хүмүүс элбэг. Морь, ирээрэй гэсэн монгол үгийг тэр чигт нь хэрэглэдэг бол чулуун ханыг далан түрүү гэх жишээтэй. Бас цоожгүй айл тэнд бий. Чежүгийнхэн гурвын тоог манайхан шиг эрхэмлэнэ.Тэнд гурван байхгүй, гурван элбэг бий. Чулуу, салхи, эмэгтэй хүн гурван элбэг нь. Гуйлгачин, хулгайч, цоож гурван байхгүй нь. Чежү арал галт уулын дэлбэрэлтээс үүссэн учраас хүрмэн чулуу шиг элбэг юм үгүй. Зам, талбай, байшин барилга, аяга шаазангаас эхлээд бэлэг дурсгал гээд хүрмэн чулуугүй юм байхгүй бол салхи ч бас л тийм. Чежүд эрчүүд ховор, бас танхи. Аян, дайн, загасчлалд мордсон эрчүүд буцаж ирэх нь бараг үгүй байсан он жилүүдийн гашуун үнэнээс үүдэн эрчүүд нь одоо ч ховорхон. Тиймээс эмэгтэйчүүдэд гадаа гарч эр, гэрт орж эм болох хувь заяасаар өнөөг хүрчээ. Гурван байхгүйн тухайд чежүгийнхэн маш их хөдөлмөрч улс. Тийм болхоор гуйлга гуйж буюу зүгээр хүнээс юм авна гэсэн ойлголт байхгүй шиг бас мөнгийг цуглуулдаг ч үрж мэддэггүй гэсэн үг байдаг юм билээ. Хүнээс зүгээр юм авахыг мэддэггүй учраас хулгай хийхийг ч мэдэхгүй. Хулгайчгүй газар цоож хэрэггүй. Гэхдээ орчин үеийн байр сууцтай айлууд мэдээж цоож цуургатай л байх.
Далайн бүсгүй
Чежүд далайн бүсгүйчүүд хэмээх сонин амьдралтай эмэгтэйчүүд байх юм. Тэд жилийн дөрвөн улирлын турш үүрийн таван жингээс, үдшийн бүрий хүртэл далайд шумбаж амьтан ургамал, түүж хоол хүнсээ бэлтгэж ирсэн уламжлалтай. Хүчилтөрөгчөөр хангах төхөөрөмжгүй далайн гүн рүү 40 хүртэл метрийн гүнд шумбах бүсгүйчүүдийн гол түшиг нь далайн мандалд хөвөх хөөсөнцөр бөмбөлгүүд.
Чежүгийнхний бахархал болсон жүржийн өнгө, хэлбэртэй бөмбөлгүүд далайн бүсгүйчүүдийн аврагч, хүчилтөрөгч. Бүсгүйчүүд далайн гүнд шумбаж байгаад дээш мандалд гарч бөмбөлгөө тэвэрч түр агаар амьсгалаад буцаад далайдаа шумбана. Эрчүүд нь дайн тулаанд явсан байх-гүй хойгуур ч, тэднийг гэртээ байсан ч далайн бүсгүйчүүд энэ л байдлаараа улсаа ч, гэр бүлээ ч тэжээсээр иржээ. Гучаад оны үед ийм бүсгүйчүүд 10-аад мянга байсан одоо 100 гаруйхан үлдсэн нь зөвхөн Чежүд бий. Тэдний хамгийн залуу нь 52, ахмад нь 93 настай. Биеийг нь харахад цэл залуухан бүсгүй шиг харагдах ч нүүрэнд нь суусан түмэн үрчлээ олон жилийн зовлон жаргалын ул мөр болон тодрох нь өрөвдөлтэй. Бүх л насаа зөвхөн далайнхаа хажууд, далай дотроо өнгөрөөх тэд жирэмсэн байхдаа ч, төрөөд 14-хөн хоноод нөгөө л далайдаа шумбаж амьдралын төлөө зүтгэдэг гэнэ.
Усанд үл нэвтрэх хувцас нь хар, жүржийн өнгөөр алаглах бөгөөд тод өнгөнд нь амьтай бүхэн баланд шунах зөгий мэт цуглардаг ажээ. Тэдний толгойд угладаг толь ч бас сониуч далайнхныг татдаг гэнэ. Тэгэхээр цэнхэр далайд амьдардаг эрээн мяраан нялцгай хачин амьтад их сониуч бололтой догоо. Далайн бүсгүйчүүд түүсэн амьтад, ургамлаа гаргаж ирээд далайнхаа эрэг дээр зарж борлуулна, бүр түүхийгээр нь, хөдлөж байгаа амьд амьтныг хутгаар хэрчиж, хясаа яснаас нь ухаж гаргаад таваглан зарна. Зөвхөн тэдний бэлтгэж буй энэ амттанг хүртэх гэж Чежүг зорьдог жуулчид гэхэд өдөртөө хэдэн мянга.
ЖУУЛЧИН ТАТАХ УВИДАС
Уртаашаа 70, өргөөшөө 30 км энэ аралд өдөртөө 40-50 мянган жуулчин цуглардаг. Ихэвчлэн Азийн орнуудаас ирэх жуулчид байгалийн сайханд нь төдийгүй жуулчдыг даллах увидаст нь татагддаг. Чежүгийн цэнгэг агаар, цэвэр усанд нэг хэсэг нь дурладаг бол хар гахайн мах, жүржийг нь амтлах гэсэн нөгөө хэсэг бий. Зөвхөн Чежүд л үзэж болох хуучин цагийн солонгос тосгон, эртний амьдрал, зура морь, элдэв янзын хэлбэртэй хад асга гээд сониуч жуулчдыг татах сайн менежментийн үр дагавар их бий.
Сайн менежмент гэдэг өөр ажээ.Манай Монголд хаа сайгүй л хүн амьтан шиг харагдах хад асга бий.Харин Чежүд иймэрхүү хад хясаанд нэр өгөөд түүнийгээ гадна дотноос очсон хүмүүст үзүүлж, зохиосон домог түүхээ өгүүлнэ.Тэр нь үнэн ч юм шиг сонсогдоно. Мэдээж энэ бол сайн менежмент. Чежүгийн жүрж алдартай, амттай. Тэнд жүржгүй айл, гудамж, жүрж гэж ярьдаггүй хүн байхгүй. Нэг, зургадугаар сард жүржийн шинэ ургацаа хурааж аваад баяр наадам хийдэг.Энэ нутгийнхны бахархал болсон жүржийг амсах, худалдаж авах гэсэн жуулчид ч Чежүг зорьдог. Аралд очсон хүмүүс намхан хамар, хулгар чихтэй, бараан өнгөтэй хүрмэн чулуун өвгөний баримал худалдан авдаг. Харубан өвөө дээхэн үед эр хүний эрхтэний дүрстэй байж байгаад сүүлдээ одоогийн дүр төрхөд хувирчээ. Эрчүүд ховор энэ нутгийн эмэгтэйчүүд үүд хаалгаа Харубан өвөөгөөр мануулсаар, эр нөхрөө хүлээсээр өдий хүрчээ. Гэхдээ Харубан өвөө ганц айлын хаалга биш, манаа хийж л болох бүх газарт зогсоно. Өвөө бас л домог түүхтэй. Түүний хамарт хүрвэл хүү, чихэнд хүрвэл охинтой болдог гэсэн итгэл үнэмшил бий. Чежүд ийм сонин хачин их .
Магадгүй өнөөдөр ч нэг шинэ хаданд нэр, домог өгч л байгаа байх.
Д.Сайнбаяр
Сэтгэгдэл ( 0 )