“Бөөгийн тавилан” группийн админ Хурамхааны Хүрэлбаатартай бид өмнө нь бөө мөргөл, улаач хүний ёс зарчим, жинхэнэ бөө, хуурамч бөөгийн ялгааны тухай ярилцсан билээ. Энэ удаа түүнтэй Бөө мөргөлийн өнөөгийн байдлын тухай ярилцлаа.
- Таны бодлоор өнөө цагт бөө мөргөлд юу саад болж байгаа вэ?
Төр засгийн дэмжлэг, нэгдсэн бодлого зохицуулалт, ард түмний хүндлэл, буруу зөрүү ойлголтууд, түмэн олонд зөв зүйтэй таниулан, түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй. Тэнгэр үзэл, бөө мөргөлийг ялгаж, салгаж ойлгуулах, ардын уламжлалт өв соёл, нүүдэлчин соёл иргэншлийг сэргээн тайлбарлах нэгдсэн үзэл бодолтой байх гэдэг туйлаас чухал юм шүү дээ.
- Бөө мөргөл бусад шашинтай хэр нийцдэг юм бэ, харшлах зүйл байх уу?
Бүгд л адил хүн төрөлхтөн, байгаль эх дэлхийн сайн сайхны төлөө өндөр уулын оргил руу өөр өөрсдийн арга барилаар тал талаас нь мацаж буй ч хүрэх цэг нь нэг юм. Гэхдээ бөө бол шашин биш мөргөл юм. Бусад шашинаас онцлог нь сонсож, ярилцаж, хүрч, мэдэрдэг бодит зүйл.
- Улс орны өнөөгийн байдал, ард түмний амьдрал ахуй дорой энэ цаг үед бөө мөргөл ямар дэмтэй вэ?
13-р зууны үед Чингис хаан маань бөөг дээдлэн хүндэлж, төрийн үйл хэрэгт хэрэглэж байхдаа дэлхийн талыг эзэлж явсан түүхтэй. Яг түүний 1000 жилийн эргэлт энэ эрин зуунд тохиож буй нь Монголчуудын түүхэн сонголт юм. Төрт ёстойгоо холбон, Монгол төрийн гал голомтыг тахиж, есөн хөлт цагаан сүлд, дайны хар сүлд, төрийн тахилгат хайрхадуудыг уламжлалт ёс жаяг, утгаар нь тахиулан ивээгдэх юм бол улс эх орон маань дахин дэлхийг байлдан дагуулах агуу их гүрэн болж тэнгэрийн хүч, дэм болох учиртай.
- Тэгэхийн тулд одоо бид юу хийх ёстой вэ?
- Өвөг дээдсийн өвлүүлж үлдээсэн ариун голомт болох эх орон, газар шороо, түүх соёлоо бүрэн бүтэн авч үлдэх нь чухал. Дэлхийн өв соёлд биет болон биет бус өвүүдийг цаг хугацаа алдалгүй бүртгүүлэн, Дэлхийд Чингисийн монголыг нүүдэлчин соёлтой нь тамгалуулах нь нэн тэрүүнд хийх ажил юм. Тиймээс үүнд сэтгэл санаа хамаг амьдралаа зориулаад уриалаад зүтгэж явна даа.
- Бөө нар яагаад бусад шашны шавь нар шиг нэгдэж нийлдэггүй, тархай бутархай байдаг юм бэ. Үүнд ямар учир байна. Уг нь нэгдвэл арай хүчирхэг болох биш гэж үү?
- Бөө бол сүм хийдэд шавилан сууж суралцаж, ном судар эргүүлж, сургалт хичээл заалгадаг бурханы олон итгэгч, хоосон сүсэг бишрэл биш юм. Төрмөл, тэнгэрийн өгөгдөлтэй, даалгавартай илгээгддэг, өвөг дээдсийн захиасыг хойч үе, үр удамд түгээлгэн, өртөөлүүлэн өрнүүлэгч өвгөдийн эрчимт энерги сүнс гэж ойлгож болох байх.
- Сүүлийн үед бөөгийн нэр хүнд ихээр унаж, янз бүрийн л зүйл дуулдах юм. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
Сайн муу хослодог хорвоо, алдаа оноотой зөндөө л зүйл байгаа байх. Бөө гэхээсээ илүү сүсэгтэн олон аль алиндаа ч үл ойлгогдох учир дутагдал байгаа л даа. Улаач нар нь эрх мэдэл, шунал дэвээ татаж чадахгүй байж, хүн болж төлөвшөөгүй байж, бөө гэх даахгүй алдар зүүх гэж улайрах, газрын амьдралаа бүрэн ойлгоогүй байж тэнгэрийн юм ярих юм. Өөрийгөө сайн таниагүй, төлөвшөөгүй хэсэг нь хүнд амьдрал заах гээд зовсон хүн болгоныг зоос болгон харж, бөө болгох гэж зүтгэж байгаа нь нийгэмд хар бараан, ёс бус үйлдэл болж байна. Нэг үхрийн эвэр доргихоор 1000 үхрийн эвэр догидог гэдэг дээ. Гэхдээ бүгдийг ингэж дүгнэж болохгүй л дээ. Мундаг сайхан нэр төртэй, зөв шударга авч яваа улаачид олон бий.
- Бөөг хэн шийтгэж, шүүдэг юм бэ. Тэнгэр шүүнэ энэ тэр гээд байдаг, үнэн үү?
- Миний бодлоор бөөг тэнгэр шүүхгүй шууд цээрлүүлнэ. Харин хөрстийн улаач бид үнэнд гүйцэгдэж, цагийн аясаар шүүгдэн эртхэн ухаарвал өөрийгөө татан авч, амьдралтайгаа үлдэх юм. Буруугаа ухаарахгүй мунхаглан улайрч, гүн орвол өөрийн удам болон амь амьдрал, эрүүл мэнд, хамаг зүйлсээ золиод төгсдөг жамтай.
- Дэлхийн улс орон бүгд бөөтэй гэдэг тэднээс монгол бөө юугаараа ялгаатай, онцгой вэ?
- Онго тэнгэр зөвхөн хөх толбот монгол хүнд л байдаг. Дэлхийн өөр хаана ч байхгүй. Бусад улс орон бөө гэх боловч тэд энгийн хүмүүс бөгөөд, газрын, завсрын хар сүнс буг чөтгөртэй холбогдож, нөхцсөн байдаг. Дээшээ тэнгэртэй харьцахгүй, зэрэгцэн орших сүнснээс мэдээлэл авдаг. Тиймдээ ч онго тэнгэрээс тэнгэр газар шиг ялгаатай юм. Үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Бөөн маргаан болдог, үүнийг бөө хүмүүс нарийн ойлгох биз. Тэд түүнийгээ бөө гэх ба олон улсын нэр томъёогоор шаман гэж нэрлэдэг.
- Бөөгийн дэг жаяг хатуу л гэдэг. Гэтэл сүүлийн үед яагаад уралдаан тэмцээн, зөн билгийн тулаан, өрсөлдөөнд хаа сайгүй хуяг хувцастайгаа олуулаа, тахилга тайллага хийж байгаа харагдах юм. Энэ тэгээд болох зүйл үү?
- Бөөг тийм зөн билэгч, мэрэгч, төлөгч, үзмэрч, домч, бариач, бясалгагч нараас ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Онго тэнгэрүүд нь хэзээ ч өөрийн улаачаа тийм даалгавар биелүүлэх заавраар сорилд оруулж, таавар таалгаж тоглохгүй. Харин ч эсрэгээрээ зөрүүлээд булай болгож мэднэ. Ид шидээ түмний өмнө биш, тухайн зорьсон хүндээ зориулдаг. Сүүлийн үед хэн дуртай нь тахилга тайллагаа ч ялгахгүй, янз бүрийн тахилгын санаа гаргаад, хээр гадаа гарч утгыг нь алдагдуулдаг болж. Энэ бүгд цаг хугацаанд тунарах биз дээ.
- Та ярилцлагын төгсгөлд бөө, улаач, тэнгэр шүтлэгтэй хүмүүст хандаж юу хэлэх вэ?
- Хүмүүс ээ, Бие биенээ хайрла, байгаль эхээ энэр. Үхэх төрөхийн энэ богинохон заагт ухаан саруул, уужуу бодолтой, ардаа түүхтэй, алсдаа суурьтай, амьддаа гавьяатай угтаж, үдэх нь бидний үүрэг болоод байна. Удам судар, өвөг дээдсийн түүх соёл, өв уламжлал, газар нутгаа ямар хүмүүст, хойч үедээ юутай үлдээх үү? Сайн Бод. Нугаршгүй, мохошгүй зоригт хөвгүүдээ баатар эрийн бяд хүчээр эрчлэн хүмүүжүүлж, няцашгүй, шантрашгүй ариун охид бүсгүйчүүдээ хатан ухаанаар залж, билэг оюун ухааныг нь эхийн сүүгээр ундаалж, харах мэлмий биеийг нь ариун рашаан усаар шавшин, энэ газар шорооныхоо эзэн нь байх эрхэм үүргийг энэ эринд бид хийх учиртайг санагтун.
Мөнх тэнгэрийн ивээлд мөнхөд оршин тогтнох гэж, Монгол түмний минь заяа тавиланг босоо байлгах гэж, онго тэнгэр тоосорч, орчлон хорвоог бүхлээр нь залж засах гэж тоост энэ хөрстөд товлож заларсан учиртай юм шүү. Амь зольж үйлддэг, ам нийлж айлддаг, илд сугалаж дайтдаг, эвийдээ бид тавилан нэгт юм шүү дээ. Ухаанд нь сур эрчлэж өглөө, удамд нь зам жим гаргаж хайрлалаа, бодолд чинь нэгийг санууллаа яаж хатирхаа өөрсдөө мэдтүгэй.Монгол түмнийг минь мөнх хөх тэнгэр ивээг.
Танд баярлалаа
Б.Баргужин
www.zindaa.mn