“Шинэ монголчууд. Хампааний эзэн боссууд. Яахаас ч буцахгүй аймшигт хүмүүс!”

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 23

 

  Гажидын Дамба

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул. Хулгана жилтэй. Утга зохиолын хошин шог төрлөөр голлон бичиж, “Тэмээний эвэр”, “Наадмын сонин”, “Танхай өвгөн”, “Шинэ нутаг”, “Тийрэн”, “Жинхэнэ сонгууль”, “Буузны будлиан” зэрэг хошин шог тууж, өгүүллэгийн номуудаа хэвлүүлсэн. “Фронтод явах өргөдөл” уран сайхны киноны зохиол бичиж дэлгэцнээ гаргасан ажээ.

 

Боохойн гижиг

/шог өгүүллэг)

Сүргээсээ хасагдах, ан амьтанд сум шиг хүргэдэг хөл нь мойж, хутга шиг шүд нь мохож лойж гүйцсэн Сарьдагийн Саарал хэмээх хөгшин боохой өлсөхийн эрхэнд талд буужээ.

Зудын хөлд хяргуулсан малын сэг зэм шөнөжин зулгааж, хэд хоногийн өл аваад хэвтшиндээ хүрч дугжрах минь хэмээн хөвч рүүгээ пөг, пөг шогшиж явтал өвлийн тэнгэрээс аянга ниргэв үү гэлтэй хоёр жийп хүнгэнэлдэн, хяхналдан дээрээс нь буучих нь тэр.

Сааралын тархинаа "Үхэл!" гэсэн харанга нирхийж амь мултрахын тулд ноосон бойтог шиг тамиргүй хөлөөрөө цас самчин чадлаараа харайлгав. Чех карбин, АКА хэмээх байлдааны шүршдэг хурдан бууны дуу төмөр дээвэр дээр мөндөр асгарах мэт тачигнан, эргэн тойрны нь цас шороо халуун суманд сийчүүлэн буцалж, газар харагдахаа байв.

"Өтөлснөөс үхсэн биш. Эцсээ хүртэл харайна даа!..."

Тэгтэл модон дотор отож суусан гурав дахь жийп уулын уруу өнхрүүлсэн бул хар чулуу шиг дэгдэн гарч ирээд өөдөөс нь халуун тугалгаар тургилж гарав.

Сааралын тархинаа "Зайлах аргагүй боллоо. Гэлээ ч аргална даа" гэсэн бодол гялсхиймэгц цасан дунд годройтон унаж, хэд өнхрөөд гулдайн хэвтэв.

Машинуудаас ангийн тэнгэрт ивээгдсэн хүмүүс пар пар инээлдсээр бууж, энэ аварга амьтныг би нам буудсан, үгүй би дал хавсарч унагаасан хэмээн маргалдсаар ойртож ирэв. Цөм булган малгай духлуулж, үнэт үсээр захалсан илэг, савхин дээл хөдөрсөн махлаг харчуул. Гартаа аймшигт буугаа бэлэн барьжээ.

"Шинэ монголчууд. Хампааний эзэн боссууд. Яахаас ч буцахгүй аймшигт хүмүүс!" гэж Саарал түгшиж чонын тэнгэртээ залбиран огт хөдлөхгүй хэвтэв.

Тэд их л баяр хөөр болж, малын сэгнээс Сааралын хүзүү, цээжинд наалдсан цус, сэвсэнд бууныхаа амыг хүргэж мялаагаад, ангийн тэнгэрт сэржим өргөн баярлалдав. Их гарын алтан аягаар шатмаг үнэртэй хүрэн сархад дүүргэн угсруулан залгилаад, царай нь дорхноо час улайж эхлээд найз нөхрөө, дараа нь өөрсдийгөө магтан, дуу эхлэж найр хавтгайрах янзтай болмогц гурван жолооч буу сумыг нь хурааж далд хийгээд нуруу тэнийлгэхээр мод руу алхацгаав.

Гурван босс улс төр ярьж улаан зээрд болоод, эдийн засаг ярьж элий балай болж байх агшинд нэг нь,

-Би энүүний хоёр засааг нь авна шүү гэж яаран өгүүлэв.

-Ха, ха. Суларчихаа юу? Аргагүй дээ. Зуун тавин залуу бүсгүй ажилладаг компанийн эзэнд тийм зовлон тохиолдож бас болно оо.

-Солиорч байгаа юм шүү. Анжгайд нь одоохондоо тийм зовлон алга.

-Тэгээд? Чи түүгээр яах гээв?

-Намайг анх хөл дээр минь босгосон, одоо ч жолоодсоор байгаа өвгөн ивээн тэтгэгч минь хилийн чанадаас захиад байгаа юм. Үүнийг явуулбал манай дансанд хэдэн сая ногоон өөрөө ороод ирнэ шүү дээ.

-Чи мөн хол боддог туучий шүү. Энэ хөвчид ангийн бригад гаргаач.

-Өнгөрсөн намар хорин буга сэм нухаж засааг нь явуулсан. Түүнээс хойш байнга факсдаад амраадаггүй шүү.

-Хөөе, чи битгий донхолзоод бай. Юуг нь авах юм бэ?

-Би юу, толгойг нь авъя.

-Дүнхүү минь энэ чинь буга биш, чоно

-Тэр тусмаа, та хоёроос нуух юу байх вэ. Өнөө таван зуун саяын зээлийн чинь өр үе үе өндөлзөөд, халуун тамд талхиулж байна гэж хар дараад огт унтахаа байсан. Мөд галзуурах байх аа.

-Тэгээд чонын толгойгоор яадаг юм бэ?

-Багш лам минь чонын түүхий тархи идвэл нойртой хононо гэсэн.

-За, за. Та хоёр хувиа хүртчихлээ. Би зөвхөн зүрхийг нь авна.

-Компанийнхаа тугийг тахиж хийморио сэргээх нь үү?

-Энүүний нуудгай сэтгэл нь хөрч өөр юмтай сүүлрээд зүрхийг нь шахируулаад байгаа гэсэн. Чонын зүрх тахиулбал эргэнэ гэсэн гэл үү?

-Хуцваа. Миний зовлон та нарт тохиох ч юм билүү, хэн мэдлээ. Хөгшний чинь "өнөөх юм" илэрчих гээд, зүрх хагалчих гээд...

-Мөрөө сайн баллаж бай гэж би чамд мөн олон хэлсэн дээ.

-Чонын түүхий зүрх идэж, халуун цусыг нь уувал чоно шиг зүрх зоригтой болно гэж нууц тарнийн сударт бичсэн гэнэ.

-Та минь ээ, энүүний чинь бусад юмыг хаях юмуу? Элэг, уушиг, хэл, тагнай, бөөр ходоод, чив... гээд цөм эм тан болдог гэсэн биз дээ.

-Энэ муу чоно заваан хог юм шүү дээ. Та нар засаа чив гээд л солиороод байх юм. Аягүй бол ДОХ-той, тэмбүүтэй ч байж мэднэ.

-Ха, ха... Тэгвэл ч монголчуудын олонх нь ДОХ-той болсон доо.

-За битгий сэжиг хүргээд бай! Тэмбүүтэй чоно гэж би л огт дуулаагүй дэг. Үлдсэнийг нь манай гурван барлаг хувааж аваад талх, тамхины мөнгөтэй болог.

-Зөв хөө. Бид баян хүн шиг балхалзаж, байдсан гүү шиг шалхалзана шүү хөө. Заа нэг нэг тонгойлгочихъё!

-За суудал таргадлаа. Ажилдаа оръё. Нөгөө хутга чинжаалаа...

-Байз. Ингэхэд бид гурав чинь азарган чоно унагасан уу, аль эсвэл гичий алчихаад засаа, чив ярьж солиороод байна уу, шалганаа хөө гэсээр нэг босс энд тэнд гишгэлж, эхүүн үнэр ханхлуулсаар бөгсөнд нь ирж суугаад засааг нь тэмтрэх үед амьдралдаа анх удаа засаагаа хүнээр илүүлж, тэмтрүүлж байгаа Сарьдагийн Сааралын гижиг тэсгэлгүй хүрч, гэнэт тачигнатал инээгээд цовхрон босч, ойролцоох их модны зүг сур шиг сунаж, сум шиг цойлсоор далд орвой.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top