Шувууд гэгч маш мэдрэмтгий,ухаантай нэгэн өвөрмөц ертөнц ажээ. Наад захын баримт ярихад, усны шувуу хэдэн мянган бээрийг чиг алдалгүй уртын замд буудаг газраа буугаад цааш оддог нь гайхалтай. Дэлхийн соронзон оронтой ч үүнийг холбож ярьдаг. Тэр бүү хэл халуун орны нутгийн шувууд аянга цахилгааны идэвхжил бага газарт үүрээ засдаг байна. Адгийн муу зараанд хүртэл ховор авьяас мэдрэхүй байдаг аж. Ер нь амьтан бүхэнд хувийн нэг өвөрмөц чадвар бараг төлөв бий гэх. Цөлийн зарааг бариад өртөө илүү газар хол аваачжээ. Зараа долоо хоноод шөнө оргож. Мөрийг нь дагаад долоон км газарт ажиглалт хийхэд торноос мултармагцаа л анх баригдсан тэр газраа чиглэсэн нь тодорхой болсон байна. Шигүү төглийг тойрох, хооллохын эрхээр хэд хэдэн удаа шулуун замаасаа хазайсан боловч шувт чигээрээ явсаар анх баригдсан газартаа оччихсон байсан гэдэг. Шавьж судлаач Ж.А.Фабр төрөл бүрийн хорхой шавьжны гэрсэг мэдрэхүйг судалжээ. Говийн шар зөгий үүрээ олох талаар тэргүүлж байсан гэдэг.
Зөгийний үүрний ам нь орчныхоо газраас огт ялгарч харагддаггүй. Нисэж явсан зөгий эрэл хайгуул хийлгүйгээр эргэн тойрноосоо үл ялгарах элсэн дундах нэг л газар буудаг. Урд хөлөөрөө элсийг яаравчлан малтаад төдхөн үүрээ онгойлгодог. Тэр хэзээ ч үүрээ эрж мунгинадаггүй. Дээрх эрдэмтэн маань туршилт хийжээ. Үүрнийх нь амыг алганы хэртэй хавтгай чулуугаар таглав. Зөгий нисэж ирмэгц нөгөөх чулуун дээр суугаад жаал оролдовч мартагдахгүй болохоор нь хэсэг гүйснээ чулуун доогуур шургалан ороод хэд малтаад л үүрээ нээжээ. Эрдэмтэн туршилтаа өөрчлөв. Үүрнээс нь огт өөр хар шороо авчирч жижиглээд түүнийг нэлээд ихээр цацаж орхиж. Шаргал элсэн дээр шороон давхарга дөрвөлжин хараар ялгарч байв. Зөгий ирмэгц дээр нь хэсэг дэрвэгнэж ажиглаж байснаа үүрнийхээ яг аман дээр нь буугаад маш хурдан олж байжээ. Фабр тэгэхлээр нь үүрний дээр хүхрийн эфир асгав. Хурц үнэрээс болоод эхний үед зөгий хөндийхөн байлаа. Төдхөн шууд л очоод үүр рүү орох шинэ замыг төвөггүй олоод ажлаа амжуулчихаж. Бас нэг эрдэмтэн хоёр нутагтан амьдарч байсан горхиноос нь өндөр уулын өөр нэг горхинд шилжүүлжээ. Хэдэн жил болоод тэмдэглэгдсэн хоёр нутагтан маань уугуул нутаг горхиндоо ирцгээсэн байв.
Гэрийн тэжээмэл амьтад, мал зэрэг нь зүг чигээ баримжаалдгийг хэн хүнгүй мэддэг. Нүдгүй харанхуй шуурганд замаа алдалгүй олдог морь, тэмээг бид мэднэ. Гэрээсээ төөрсөн хүн тэмээний бурантаг, мориныхоо жолоог сул тавихад тэр адгуус өөрийнхөө зөнгөөр зүтгэж явсаар гэртээ хүрч, эзнийхээ амийг аварсан тохиолдол алийг хэлж бархав. Муурны тухайд бол бүр ч сонин тохиол бишгүй. 1976 онд "Правда " сонинд нэг сонирхолтой түүх нийтлэгдэж билээ. Оросын нэг айл гэр бүлээрээ өмнөд хязгаарт амрахаар явжээ. Хүүхдүүд нь хайртай муураа авч явцгаах гэхлээр нь зөвшөөрчээ. Волгад хүрсэн хойно гэнэт муур нь алга болчихов. Тэднийхийг сарын дараа эргэж ирээд хэд хонож байтал мөнөөх муур нь хүрээд иржээ. Муурны туулсан зам нь гайхмаар юм. Волга мөрний эргээс тэднийхийг хүртэл 1500 гаруй км хол. Гайхмаар явдал шүү! Дээр өгүүлсэн зараа, зөгий, адуу тэмээ, муур зэрэг нь ямар ид шидээр тийнхүү бүхнийг мэдэж олж чадаж байна аа. Далайн яст мэлхий бас сонин амьтан гэнэ. Өндгөө гаргахын тулд далайн их мандлаар мянган бээр газар сэлсээр Атлантын далай дундах жижигхэн аралдаа яг хүрч очдог аж. Усны шувуунаас ялгаа юун. Нэг нь тэнгэрээр нөгөө нь усаар явсаар уугуул ус, суугуул нутагтаа очдог нь биширмээр. Энэ бүхэн төрөлх зөн мэдрэхүйтэй холбоотой аж.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )