Д.Энхээ: Би хүүхдэд туслах буянтай ажилд өөрийгөө сорьж үзмээр санагдсан

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 02

Хүмүүний амь насыг аварна гэдэг хэр баргийн хүнд тохиохооргүй буянлаг үйлс юм. Эх үрсийн баярын энэхүү сайхан өдөр Хүүхдийн Зүрхний Төслийн Монгол дахь хөтөлбөрийн анхны зохицуулагч Д.Энхээг редакцидаа урин ярилцлага өрнүүлснээ толилуулья.

 -        Одоогоос 18 жилийн өмнө зүрхний төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдийг АНУ руу авч яван эмчлүүлж байсан гэж сонссон. Ямар төслийн шугамаар явж байсан бол?

 -        АНУ-ын Хойд Каролайна мужийн Бүүн хотод төвтэй “Самаританс Пөрс” хүмүүнлэгийн байгууллагын Хүүхдийн Зүрхний Төслийн Монгол дахь хөтөлбөрийн анхны зохицуулагчаар 2000-2001 онд ажиллах завшаан  надад тохиосон юм.  Энэ байгууллага Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний төвтэй хамтран Хүүхдийн Зүрхний Төсөл хэрэгжүүлж байсан. 

 -        Ямар ч зүйлийн анхдагч их дурсамжтай байдаг. Хамгийн анх ямар хүүхдийг авч явж байв, одоо тэр хүүхэдтэйгээ холбоотой байна уу?

 -        Миний амьдралд тохиолдсон олон сайхан дурсамжтай, эрхэмлэж явдаг үйл явдлууд бий.  2000 оны зун найз Даяана маань энэ төслийн шугамаар АНУ руу зүрхний төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдийг эмчилгээнд авч явах англи хэлний орчуулагчийн ажил байгаа талаар анх надад дуулгасан.  Хэдийгээр би анагаахын чиглэлээр сураагүй ч хүүхдэд туслах буянтай ажилд өөрийгөө сорьж үзмээр санагдаад зөвшөөрсөн.  Тухайн үед Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнд ажиллаж байсан АНУ-ын иргэн Маржи гэдэг эмэгтэй надтай холбогдож ярилцлага хийсэн.  Ингээд хамт ажилладаг Dr. Rita Brown-ыг ирэхээр шийдвэр гаргаад, 2000 оны зун анхны хүүхдээ аваад АНУ-ын Мишиган мужийн Grand Rapids хотод байрлах Хүүхдийн эмнэлэг рүү 2000 оны 7-р сард явж байлаа. 


Хамгийн анх хагалгаанд авч явсан охиныг маань Ганбатын Пүрэвдулам гэдэг. Хөвсгөл аймгийн Ханх сумаас ирсэн.  АНУ руу явахад дөнгөж 8 сар гаруйтай жижигхэн охин байсан бөгөөд ээжийнхээ хамтаар надтай цуг “Самаританс Пөрс”байгууллагын ажилтан Сюзан гэдэг эмэгтэйн хамт явж байлаа.  Зүрхний хүүхдүүдийг заавал тухайн байгууллагын эмч, эсвэл сувилагч Монголд ирж дагуулж явдаг байсан.  Би Пүүжээ болон түүний аав, ээж, эгч дүү нартай нь одоо ч холбоотой насан туршийн эгч дүү нар болсон.  Пүүжээ маань одоо 18 настай том мундаг охин сэтгүүлчийн мэргэжлээр суралцаж байгаа.  Би 2009, 2013 онд Хөвсгөлд айлчилж “охинтой”- гоо уулзсан, байнгын холбоотой байдаг. 

 -        Нийтдээ хэдэн хүүхдийг Америк руу аваачиж эмчлүүлэн, амьдрал бэлэглэсэн бэ? Тэдгээр хүүхдүүд хаана байгаа бол, мэдээлэл байгаа юу?

 -        Би өөрөө нийтдээ 8 хүүхдийг АНУ руу авч явж эмчлүүлж ирсэн.  Пүүжээгийн дараа Анужин (УБ хот), Нямсүрэн (Багануур) хоёрыг 2000 оны 9 сарын сүүлээр Индиана мужийн Индианаполис хотноо, 2001 оны 2 сард Эрдэнэбат (УБ хот), Анужин (УБ хот), Уранчимэг (УБ хот) нарыг Миннесота мужийн Рочестер хотноо дэлхийд алдартай “Mayo” клиникт, 2001 оны 6 сард Оюун-Эрдэнэ (УБ хот), Баасандорж (УБ хот) нарыг Невада мужийн Лас - Вегас хотын хүүхдийн эмнэлэгт тус тус эмчлүүлсэн билээ.  2000 оноос хойш энэ төслийн шугамаар олон хүүхэд эмчлүүлсэн байдаг.  Нарийн тоог нь сайн мэдэхгүй ч 100 нэлээд хол давсан байх гэж бодож байна.  Одоо бүгд өсч том болоод нас биед хүрсэн.  Зарим хүүхдүүдтэйгээ холбоо тасраад удаж байна даа.  Багануурт хоёр ч удаа очихдоо Эрдэнэбатыгаа сурагласан боловч уулзаж амжаагүй.    


 -        Америкт та нар хэр уддаг байв? Хүүхдүүд тэнд эцэг эхтэйгээ хаана байрладаг байсан бэ?

 -        Хамгийн анхны хүүхэд дээрээ нэлээд удсан.  Бараг 3 сар болсон.  Энэ хооронд Пүүжээ, Сараа (Пүрэвдулам охины ээж) бид гурав их дотно болсон доо.  АНУ-д зүрхний мэс засалч нарын хагалгаа хийх хуваарь нь эртнээс төлөвлөгдсөн байдаг.  Хагалгаанд орох хүүхдээ заавал АНУ-д очсоны дараа эмч нь эхэлж үзэж оношийг нь тодруулж байж хагалгаанд оруулдаг.  Тийм учраас 6-8 долоо хоног бол дундаж хугацаа.   “Самаританс Пөрс” байгууллага бидний байрлах гэр бүлийг сайн дурын үйлс хийх хүсэлтэй гэр бүлүүдээс сонгож олдог байсан юм.  Тэр айлууд маань ихэвчлэн өөрсдөө хүүхдүүдтэй гэр бүлүүд байдаг байсан.  Биднийг байрлуулж байсан гэр бүлийнхэнтэйгээ дотносоод бараг л нэг гэр бүл шиг болчихдог доо. 


 -        Тэднийг байрлуулж, тусалж дэмжиж байсан америк иргэдтэй хожим нь холбоотой байв уу?

 -        Биднийг хүлээж авч байсан бүх гэр бүлүүдтэйгээ одоо ч дотно холбоотой байдаг.  Зарим айлд нь би охинтойгоо зочилж очсон, зарим гэр бүлүүд нь Монголд айлчилж ирсэн.  Зарим нэгэнтэй нь и-мэйлээр байнга харилцаатай байдаг. 

 -        Өөрийнхөө талаар манай уншигчдад товчхон танилцуулна уу, сонирхолтой санагдах байх.

 -        Намайг Дамбаренчингийн Энхээ гэдэг.  Орос хэлний багш мэргэжилтэй.  Хүмүүнлэгийн үйлс хийх дуртай.  Бусдад урам өгч, сурч мэдэхэд нь туслах чин хүсэлтэй жирийн нэг “өнөр ээж” байна даа.    Өнөөдөр Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр учраас “хүүхдүүдийнхээ” тухай яримаар байсан л даа.  Би өөрөө нэг охинтой ч өрөөлийн 8 хүүхдийн амийг аврахад тусалсан гэдэг утгаараа 9 хүүхэдтэй “өнөр ээж” шүү дээ.  Тэгээд эдгээр хүүхдүүд маань өнөөдөр өсч том болоод бүгдээрээ насанд хүрсэн ч хүүхдүүддээ Баярын Мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье! 


Энэ дашрамд, мөн Хүүхдийн Зүрхний Төслийн Монгол дахь анхны зохицуулагчаар ажиллаж байхад хамтран ажиллаж намайг дэмжиж байсан, надад итгэж хүүхдээ эмчилгээнд авч явах боломжийг олгож байсан бүх хүмүүст баярын мэнд хүргэн, талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Онцгойлон дурдах ёстой хүмүүс бол, тэр үед анх зүрхний төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байсан Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний төвийн дарга асан Чойжамц доктор, Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн хүүхдийн зүрхний эмчээр ажиллаж байсан Бямбасүрэн эмч нартаа баярлаж талархаж явдагаа илэрхийлэхийг хүсч байна даа.   Өнгөрсөн жил Сонгдо эмнэлэг дээр очиход Бямбаа эмч маань уулзаад, аль 2001 онд миний авчирч өгсөн зүрхний эмч нарт зориулсан номыг одоо болтол хэрэглэж байгаа гээд үзүүлэхэд нь маш их баярласан шүү.  Би тэр номыг Mayo клиникээс Бямбаа эмчид зориулж авчирч байсан юм.  Бичсэн дурсгалын үг нь ч хэвээрээ их дотно гоё санагдсан. 

 -        8 хүүхдийн амийг аврах буянлаг үйлс бүтээсэн танд редакцийн зүгээс талархал илэрхийлж, цаашдын ажилд тань амжилт, амьдралд тань аз жаргалыг хүсье.

Ярилцсан Д.Мягмарсүрэн

Top