“Тавилан” нэртэй үргэлжилсэн үгийн бүтээлээ кирил үсэгт хөрвүүлэн ар монголын уншигчиддаа өргөн бариад буй Өвөр Монголын зохиолч О.Равданцэрэнтэй хөөрөлдлөө.
-Та Ар Монголын уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Өвөр Монголын Шилийн гол аймгийн харъяат Боржигин овогт Оюунбилэгийн Равданцэрэн гэдэг хүн байна. Ээжийг маань Дэжидмаа гэдэг байсан. Миний хувьд 1974 онд Ардын сургуульд хэл бичгийн багшаар ажлынхаа гарааг эхлүүлж, сүүлд Их сургуульд Монгол хэл бичгийн чиглэлээр суралцаж энэ чиглэлээр хичээл зааж байгаад 2015 онд тэтгэвэртээ суусан намтартай хүн.
-Хэл бичигийн хүн уран зохиол руу ороход дөхөм бөгөөд амархан байсан байх. Хэдэн оноос бичиж эхлэв?
-Би харьцангуй сүүлд бичсэн, ерээд оны үеэс уран зохиол бичиж, Өвөр Монголын “Мал аж ахуйн сэтгүүл” дээр анхны богино өгүүллэгээ нийтлүүлж байлаа. Ингээд 2008 онд Ардын эвлэлийн хорооноос эрхлэн “Тавилан” өгүүллэгийн түүвэр хэвлүүлж, 2011 онд “Тавилангийн зайд”, “Ханын нүдээр ширтэхүй, харааны цэг” гэсэн хоёр номоо хэвлүүлсэн. “Шилийн хошууны уралдааны хурдан хүлгүүд” намтарласан ном бичсэн. Харин энэ удаа Улаанбаатар хотод өмнө хэвлэгдсэн хоёр өгүүллэгийнхээ номноос 30 өгүүлэг шилж “Тавилан” нэртэй номоо ар монголчууддаа өргөн барьж байгаадаа баяртай байна.
-Бид хэдийгээр элэг нэг ахан дүүс ч гэлээ та хилийн дээс алхаж номоо хэвлүүлэн түгээж байна. Тэгэхээр өөр улс оронд хэвлэх бодол байна уу?
-Боломж олдвол хэвлэнэ.
-Өвөр Монголын номын зах зээл хүн амынхаа тооноос харсан ч харьцангуй том байх. Шинэхэн хэвлэгдээд байгаа номынхоо талаар?
-Өвөр Монголд аймаг бүхэнд сэтгүүл байна, номын зах зээл арай өргөн болов уу. “Тавилан” номын хувьд дан өгүүллэгүүд багтсан бөгөөд номын агуулга нь ерөөсөө мал аж ахуй, түүнийг дагасан амьдралыг харуулсан. Энд малчны амьдрал мал аж ахуйг магтаалын талд нь бус нэлээд сүүдэр талыг нь харуулахыг зорьсон. Тэтгэвэртээ гарсан цагаас хойш мал маллаж, үүнийхээ зэрэгцээ зохиол бүтээлээ бичиж байна даа.
-Өвөр Монголд зохиол бүтээл хэвлүүлэхэд улстөр нийгмийнхээ талаас чамгүй хяналт тавьдаг байх. Сүүлийн үед ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Хяналт өндөр байдаг, аливаа зохиол бүтээлээ сэтгүүлд хэвлүүлэх буюу ном гаргахад найруулагчид сайтар хянадаг. Ерөнхийдөө бол сэтгүүлд гарсан бүтээлүүдээ эмхэтгэн ном болгож хэвлүүлдэг болохоор бүх бүтээл хяналтаар орчихсон байдаг. Сүүлийн үед ажиллаж байсан сургуулийнхаа тухай түүхийн ном бичээд хэвлэлд шилжүүлчихсэн. Манайхан уран зохиолын наадам хийдэг, үүнд бүтээлүүдээ дэвшүүлдэг. Дараа жилээс хөдөө ахуйн амьдралыг тусгасан роман бичиж хэвлүүлнэ. Манай улсын өөрчлөлт хийсэн 40 жил бол их амжилттай жилүүд байсан учраас энэ цаг хугацааны гол гол сэдвээр бичиж байгаа юм. Алсдаа кино зохиол руу ч орох бодол байгаа. Утга урлагийн холбоонд шүүмжлэгчид олон байдаг ч уран зохиолын шүүмж оролдож байна.
-Уран зохиолд оруулсан багш нар байж таарна. Үүнээс гадна таны гараас нь хөтөлсөн шавь нар ч байдаг байх. Үүний талаар?
-Уран зохиолд хөтөлж оруулсан шавь бол байхгүй, харин их зохиолын аварга Батмөнхөөс эхлээд багш нар бол бий. Сэтгүүлийн найруулагч гээд алдартай хүмүүс ч багш нарт тооцогдоно. Одоо ид бичиж байгаа зоригтой залуусыг цаашид дэмжиж ажиллана гэж боддог.
-Утга зохиол судлаачдын харж байгаагаар бол Өвөр Монголын уран зохиол хөгжингүй шатанд гарсан байна гэж дүгнэжээ?
-Манайд уран зохиол бол нэгэнт хөгжил рүүгээ орсон гэж ойлгодог. Хошуу бүрт “Утга, урлагийн холбоо” гэж байгаагаас гадна тус бүр сэтгүүл гаргаж байна. Сэтгүүлүүдийн хороо бол жил бүр “Билигийн цуглаан” гэж зохион байгуулж, үүнд бүх л зохиолч эхлэн бичигчид оролцож алдаа оноогоо дүгнэдэг уламжлалтай. Манайд зохиолчдын шагнал сайн, зохиолчдоо ихэд урамшуулдаг нь ч нөлөөлдөг байх.
-Танайд ном хэвлэх, манайд ном хэвлэх хоёрын ялгаа юу байна?
-Энд ном хэвлэхэд амар санагдлаа, хэвлэлийн чанар ч сайн, бүх талаар боломжийн санагдсан. Манайд бол ном хэвлэх эрхийг авахад л 5000 юань байдаг. Цаашид ч нэмэгдэх сураг байсан.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
obormongolchuudtaigaa negdex yumsan
Amjilt huseye. Tani nomiig olj unshinaa.