Монголчууд гадныхны гар хөл болж алт цуглуулан, хилээр гаргах үүрэг хүлээдэг

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24

 Хилээр алт гаргахын тулд 2002 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр гаргасан Санхүү эдийн засгийн яамны сайдын тушаалыг дагаж мөрдөх хэрэгтэй болдог. Уг тушаалаар алт олборлодог байгууллага, иргэд, аж ахуйн нэгжүүд алт экспортлохын тулд Улсын хяналтын сорьцын албаар сорьц тогтоолгож, Татварын ерөнхий газарт нөөц ашигласны төлбөр төлөх ёстой. Үүнээс бусад тохиолдолд улсын хилээр алт гаргахыг хориглодог. Гэтэл сүүлийн жилүүдэд Монгол банкинд тушаах алтны хэмжээ буурсаар иржээ. Үүнтэй зэрэгцээд хил гааль дээр алттай холбоотой хэрэг ч цөөнгүй гарах болж. Энэ төрлийн хэрэгт голдуу гадныхан нэр холбогддог бөгөөд хамтран хариуцлага хүлээгч нь мэдээж монгол хүн байдаг. Товчхондоо манай иргэд гадныхны гар хөл болж, алт цуглуулах, цуглуулсан алтаа хилээр гаргах үүрэг хүлээдэг гэсэн үг. Алттай холбоотой хэд хэдэн хэргийг шүүх хэрхэн шийдсэнийг баримтаар хүргэж байна.

Хоёр орны төмөр замчид нийлж алт гаргах гээд баригдав

2009 оны наймдугаар сарын 10-ны өдөр тагнуулынхан алттай холбоотой нэгэн ноцтой хэргийг илрүүлж байв. Энэ хэрэгт Монгол Улсын иргэн С.Баярсайхан, БНХАУ-ын иргэн Юи Жин Гуан нар холбогджээ. Тэд үгсэн тохиролцож Замын-Үүд боомтоор их хэмжээний алт гаргах гэсэн үйлдэл нь бүтэлгүйтэж шүүхийн хаалга татсан нь энэ. Шүүх хурлын үеэр шүүгдэгч нар бие биеэ танихгүй хэмээн ярьжээ. Тухайн үед С.Баярсайхан УБТЗ-д ашиглалтын техникчээр ажиллаж байж. Харин Юи Жин Гуан гэгч нь БНХАУ-ын Эрээн хотын чиглэлийн галт тэрэгний даргын үүрэгт ажилтай байсан байна. Хэргийн тухай шүүх хурлын үеэр тэд ингэж мэдүүлжээ. С.Баярсайхан "Хэрэг гарах өдөр би Монголын хил дээр байсан. Тэр өдөр үл таних хүн залгаж, Гэрэлт өөрт чинь хэлээд нэг зүйл хүргүүлчих гэлээ хэмээн ярьсан. Би Гэрэлт өөрөө надад юм хэлээгүй гээд татгалзсан. Удалгүй Гэрэлт ярьж найзын маань тээшийг Эрээнд хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэр дагуу барааг ачсан. Өөр зүйлгүй” хэмээсэн байна. Харин Юи Жин Гуан Манай галт тэрэг Замын-Үүд орох үед танил маань Монголоос нэг зүйл авчирч өгөөч гэж гуйсан. Би тэр барааг нь юу болохыг шалгаагүй. Хил дээр шалгахад алт гарч ирсэн. Өндар настай аав, ээжээ асардаг тул ялаас чөлөөлж өгнө үү" гэж ярьжээ. Монголын хил, гаалийн шалгалтын хэлтэс БНХАУ-ын галт тэргийг хил нэвтрэх үед шалгахад галт тэрэгний толгойн хэсэгт машинист, түүний туслах, улаач гээд гурван хятад хүн байжээ. Шалгалтынхан арын өрөөнд ороход нэг хятад иргэн нь хянах самбар дээрээ суучихаад босохгүй байсан гэнэ. Тэд "Хянах самбарт хүрч болохгүй цахилгааны тог цохино" хэмээсэн байна. Хяналтын самбар доорхыг шалгахад хар гялгар уутанд хийсэн 10 ширхэг гулдмай алт байжээ.

Шүүх бүрэлдэхүүн тэднийг үгсэн тохиролцож, 10.5 кг алт нуун Монгол Улсын хилээр гаргахыг завдсан гэм буруутайд тооцов. Харин галт тэргэнд улаач хийж явсан хоёр хятад иргэний хэргийгхэрэгсэхгүй болгожээ. Шүүхээс С.Баярсайхан, Юи Жин Гуан нарт тус бүр 3.4 жил хорих ял оноож, 500 мянган төгрөгийн мөнгөн торгууль ногдуулсан байна.

Ял эдэлж байсан этгээд хятад иргэдтэй бүлэглэн алт гаргахыг завджээ

Энэхүү алтны хэрэг хоёр жилийн өмнө гарсан. Өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.2, 112.2, 239.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар ял эдэлж байсан Ж.Батбаяр гэгч улсын хилээр таван кг алт гаргахыг завдсан хэрэгт буруутгагджээ. Хэргийн захиалагч нь хятад иргэд байсан ч шүүхээс зөвхөн Ж.Батбаярт холбогдох хэргийг шүүн хэлэлцсэн юм. БНХАУ-ын иргэн Ли гэгч алт хилээр гаргуулахаар захиалга өгчээ. Тэрбээр Ж.Батбаярт улсын хилээр таван кг алт гаргахыг даалгаад "Хэрэв барааг авч зугтвал чамайг хаанаас ч олно. Мөн эхнэр хүүхэд чинь миний гарт байгаа" хэмээн сүрдүүлсэн байна. Харин алтыг улсын хилээр гаргаж чадвал 5000 юань өгөхөөр аман тохиролцоо хийсэн аж.

Лигийн захиасыг биелүүлэх гэж УАЗ-469 49-95 дугаарын автомашинд алтаа нуун хил гарах гэж байгаад хил, гаалийнханд баригдав. УАЗ-469 49-95 дугаарын автомашины тухай мэдээлэл гааль, хилийнхэнд ирсэн байжээ. Мэдээллийн дагуу машинд шалгалт хийхэд алт илрээгүй байна. Рентген аппаратанд оруулаад ч зөрчил илэрсэнгүй. Иймээс машиныг замаас гаргаж удаа дараа үзлэг шалгалт хийж алтыг илрүүлжээ.

Ж.Батбаяр нь Эрээн Замын-Үүдын чиглэлд хүн зөөдөг байж. Алтыг цагдаагийн байгууллагаас Монгол банкны Эрдэнэсийн санд тушааж, улсын орлого болгосон байна. Уг алт нь Үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораториор баталгаажсан байж. Ж.Батбаярын унаж явсан машин нь "Хас" банкны барьцааны хөрөнгө байж, тиймээс банкинд шилжүүлсэн аж.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top