Олон эмэгтэйчүүд төрөхөөс айдаг. Янз бүрийн аймшигтай түүх сонссоноос гадна төрөхийг чухам яаж явагддаг талаар ямар ч мэдлэг байхгүйн улмаас тэр. Юм мэдэхээр санаа амарч айдас багасан арилдаг бөгөөд айдас үгүй байхад төрөлт улам сайн явагддаг. Тийм учраас таныг төрөх үед юу болдог, төрөлт хэзээ эхлэхийг хэн ч хэлж чадахгүй, мөн хэр их удахыг урьдаас хэлэх боломжгүй байдаг. Анх удаа төрөхөд дунджаар 16 цаг хэрэгтэй. Дараагийн хүүхдээ төрүүлэх нь ер нь арай хурдан байдаг (8-10 цаг). Гэхдээ эмэгтэй хүн ба хүүхэд болгон өвөрмөц учраас энэ цагт баригдахгүй нь мэдээж.
Зарим эмэгтэйчүүд хэдхэн цагийн дотор төрж байхад өөр заримынх нь төрөх ажил нь хэдэн хоногийн турш үргэлжилдэг. Зармынх нь төрөх ажил маш идэвхтэй явагдаж байснаа гэнэт хэсэг хугацаа саатаж ч болно. Төрөлт бүр хосгүй. Нэг л эмэгтэйгийн хоёр төрөлт хоорондоо өөр өөр байх болно.
Төрөх гэдэг ер нь эмэгтэй хүний амьдралдаа хийдэг хамгийн хүнд ажлын нэг бөгөөд тиймээс ч төрөх ажлыг англиар “labour” буюу хөдөлмөр гэж нэглэдэг. Энэ нийтлэл дээр жам ёсны төрөлт хэрхэн явагддагийг тодорхойлж бичнэ. Жам ёсны төрөлт гэдэг нь эрүүл эмэгтэй гадны оролцоогүйгээр төрөхийг хэлнэ.
Төрөх гэдэг гурван үе шатаар хуваагддаг:
1. Умайн амсар нээгдэх (ер нь хамгийн их уддаг үе шат)
2. Хүүхэд төрөх замаар умайнаас гарч мэндлэх (эмнэлгийн хэллэгээр “ургийг хөөх”)
3. Ихэс гарах
1. ТӨРӨХИЙН НЭГДҮГЭЭР ҮЕ ШАТ
Төрөх үед эсвэл төрөхөөс ч хэд хоногийн өмнө умайн амсрыг бөглөдөг өтгөн салиа гардаг. Умайн амсрыг ноосон цамцны урт хоолойн захтай зүйрлэж болно: хүүхэд цамц өмсөх мэт толгойгоороо “цамцны хоолой”-гоор гарах хэрэгтэй. Умайн амсар маш сайн хаалттай байдаг бөгөөд төрөх үедээ нимгэрэхээс гадна 10 см-ээр нээгдэх ёстой. Үүний тулд умай базлалт өгч эхэлдэг бөгөөд энэ нь “цамцны хоолой”-г аажимдаа хүүхдийн толгойгоор “татаж өмсдөг”. Базлалт ер нь улам хүчтэй, удаан хугацаатай (60+ секунд) болж, базалтын хоорондын зай улам ойртдог. Олон хүний хувьд энэ нь сарын тэмдэгний базлалттай төстэй санагдана. Харин өөр зарим хүн гуя юмуу нуруугаараа өвддөг. Өвдөхгүй хүн ч бий. Зарим хүний умай хэд хоногийн өмнөөс бага зэрэг базалж эхэлдэг бөгөөд ингээд савын амсар бараг мэдэгдэхгүйгээр нээгдэж эхэлсэн тохиолдол олон бий. Ихэвчлэн энэ үе шатанд ургийн ус гарна (гэхдээ төрж эхлэхээс өмнө гарах, эсвэл хүүхэд усан дотроо төрөх удаа ч бий). Мөн бие нь өөрийгөө төрөхөд бэлдэж гэдсэнд үлдсэн өтгөнийг чацгаар гаргах нь олонтаа.
Энэ үе шат нь хэр зэрэг сайн явагдаж байгааг гадны шинж тэмдэгээс 100% баталгаатай хэлэх боломжгүй. Жишээ нь, умайн хүзүү 5 см нээгдсэн бол та юу ч мэдрээгүй дөнгөж төрөх ажилдаа орж, эсвэл төрөх ажил хэдэн цагийн турш идэвхтэй сайн явагдсан, эсвэл бараг хоёрдугаар үе шатанд орсон байж болно. Учир нь төрөх гэдэг цор ганц бие махбодийн үйл ажиллагаа биш, сэтгэл зүйтэй нягт холбоотой юм. Тийм учраас та өөрийнхөө сэтгэл санаанд анхаарч биеийн ажил хэр сайн явагдаж байгаагаа сэтгэл хөдлөлөөсөө уншиж болно. Төрөлт дөнгөж эхлэхэд ихэнх эмэгтэйчүүд сэтгэл хөөрдөг эсвэл байдлыг хүлээж авсан хүлцэнгүй зантай байдаг (“Пөөх, ямар хүчтэй базалт вэ?!” гэж хэлж магад). Нэгдүгээр үе шатын идэвхтэй үед орохоороо сериозны зантай болж бусдаар саад учруулмааргүй санагддаг (“Чимээгүй бай!”). Энэ үед олон эмэгтэйчүүдэд хувцас хунар хийж буй ажилд саад болж байгаа мэт санагдаж эхэлнэ.
Хоёрдугаар үе шат руу оруулах шилжилтийн үед ихэнх эмэгтэйчүүд өөртөө эргэлзэж эхлэн, айж, “би чадахгүй, больё оо!!!” мэтийн үг хэлж, эсвэл юм хэлж чадахгүй ч тиймэрхүү юм бодож мэдэрдэг. Одоо хувцас улам төвөгтэй санагдах байх.
Ер нь төрж буй эмэгтэй өөрийнх нь бие, сэтгэл санааг сайн чагнах юм бол яахаа мэдэх болно. Жам ёсны төрөлтөд маш ховорхон гардаг хүндрэл үүссэн ч “ямар нэгэн юм болохгүй байна” гэж дотроо мэдэрсний хажууд юу хийх ёстойг ч мэдэж авна.
2. ТӨРӨХИЙН ХОЁРДУГААР ҮЕ ШАТ
Хоёрдугаар үе шатан дээр умайн амсар бүрэн нээгдсэн бөгөөд базалтын зорилго нь хүүхдийг гаргах болж хувирдаг учраас чанар нь ч өөрчлөгддөг. Эдгээр базалт нь савыг төрж буй эмэгтэйн санаа зорилгоос үл хамааран өөрийн эрхгүй дүлэхэд хүргэдэг. Энэ ажилд яарах шалтгаан ер нь байхгүй учраас санаагаар дүлэх шаардлагагүй гэсэн үг. Аажимдаа төрөх нь харин ч эмэгтэй хүнийг доороо урагдахаас хамгаалж мэднэ. Төрөлт тайван явагдахад хүүхэд бүтэнэ гэж санаа зовох юм байхгүй, хүйгээрээ дамжин хүчил төрөгч авч байгаа хэвээрээ. Хүүхэд ч өөрөө хөлөөрөө тийрч тусалдаг. Олон эмэгтэйчүүдийн базлалт нэг хэсэг удааширдаг юмуу бүр байхгүй болдог бөгөөд ийнхүү амсхийх засвар өгдөг. Тийм бол санаа зовохгүй, олдсон амрах завшааныг сайн ашиглах хэрэгтэй.
Эмэгтэй хүний сэтгэлийн байдал нь энэ үе шатад ер нь тайван, шийдэмгий байж (“Дахиад нэг базлалт, за туулна…”), хувцас бүр ядаргаатай санагддаг болсон учраас тайлсан ч хамаагүй болсон байдаг.
Хүүхдийн толгой доошлох тусам хярзан томбойж, шулуун гэдэсний амсар онгойно. Хүүхдийн толгойн ясууд хоорондоо бүрэн холбогдоогүй, зулай мэтийн нүхтэй ч учраас төрөх замын шаардлагаар хэлбэрээ өөрчилж үтрээгээр багтаж гарна. Хүүхдийн чинь толгой сонин хэлбэртэй бол битгий гайх, удахгүй хэвийн болно! Гэсэн ч хүүхдийн толгой биеийнх нь хамгийн том хэсэг болохоор гаргахад хамгийн хэцүү нь. Үтрээний булчинг аажимдаа сунгахын тулд хэд хэдэн удаа наашаа цаашаа бараг л гарч буцаад орох нь түгээмэл. Хүүхэд ингэж үтрээгээр дамжих нь зовиур өгдөггүй. Ганцхан толгой гарах мөчид олон эмэгтэйчүүд “галт хүрээ” гэж нэрлэсэн, үтрээний ам нь бүр туйлдаа сунгасан мэдрэмжийг түр мэдэрдэг. Ихэнх хүүхдүүд духаараа эхлэн эрүү хүртлээ гараад 45˚-аар эргэдэг. Тэгээд хоёр мөр нь гардаг. Толгой л гарсан бол бие нь амархан дагаж гулсан гардаг. Удахгүй хүүхэд чинь анхны амьсгаа авна. Үүнд саад болох салиа мэтийн зүйлийг ам хамарнаас нь сорж авна. Хүүхдээ шууд цээжин дээрээ авч хөхүүлэх нь сайн. Ингээд төрөхийн хоёрдугаар шат нь өндөрлөж байн.
3. ТӨРӨХИЙН ГУРАВДУГААР ҮЕ ШАТ
Төрөхийн гуравдугаар үе шатан дээр ихэс гардаг. Ихэс гэж чухам юу вэ?
Умайн хананд шигдэж ургасан ихэс олон сарын турш таны хүүхдийг чинь хүйгээр дамжин тантай холбож тэжээл бодис, хүчил төрөгчөөр хангадаг байсан амин чухал эрхтэн нь юм. Элэгтэй төстэй харагдах энэ эрхтэнд таны цус, хүүхдийн цус холилдохгүйгээр зэрэгцэн урсаж бодисын солилцоо явагддаг байсан (хүүхдийн хаягдал бодисыг ихэс мөн таны бие рүү гадагшилдаг байжээ). Хүүхэд нэгэнт төрсний дараа өөрийн уушгаараа амьсгалдаг болж, өөрөө сүү хөхөн байж тэжээл авч хаягдал бодисоо өөрийн шээс баасаар гадагшлуулдаг болж эхэлдэг учраас ихэс хэрэггүй болсондоо эхийн биеэс гарна. Үүнээс өмнө эсвэл дараа нь хүйн лугшилт зогсож хатуурна. Тэгээд боож тасалж болно.
Хүүхэд төрсний дараа умайн агшилт түр хугацаагаар зогсоно. Хурдан төрсөн эмэгтэйчүүдийн сав амрах хэрэгтэй учраас ихэс гаргахдаа арай удаан байх нь түгээмэл. Хүүхдээ хөхүүлэх нь ер нь ихэс гаргах базалт эхлэхэд хүргэдэг. Эдгээр базлалт мөн л өөр чанартай, сулавтар байдаг. Үр дүнд нь умай томбойн агшиж ихэс савын ханаас салж амархан гулсаж гардаг. Ихэсийг бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Жижиг ч болов хэсэг үлдвэл умайн аюултай үрэвсэлд хүргэх боломжтой. Базлалт буюу умай агших нь ихэстэй холбоотой байсан эхийн цусны судсыг чимхэн таслаж цус их хэмжээгээр алдахаас сэргийлнэ. Ер нь төрж буй хүн ихэстэйгээ хамт 500мл-т хүрэхгүй хэмжээгээр цус алддаг бөгөөд үүний дараа хэд хоногоос хэдэн долоо хоногийн турш шавхаргадас ялгардаг.
Төрөлтийн дараах хоногуудыг зарим хүн төрөхийн дөрөвдүгээр үе шат гэж нэрлэдэг. Энэ үед умай урьдынх шигээ (лийрийн дайтай) жижиг болох зорилгоор үе үе базална, ялангуяа хөхүүлэх үед. Үр дүнд нь мөн шавхаргадас яваандаа тогтож умайн хананы, ихэс байсан шарх эдгэрнэ. Хүүхдийн хүйгийн шарх мөн эдгэрнэ. Төрсний дараах 6-8 цагийн дотор шээх нь чухал. Давсаг төрөхийн үйл явцад гэмтээсэн байж болох учраас энэ нь эхний ээлжинд хэцүү байж болно. Гэхдээ давсагны үрэвслээс сэргийлэхийн тулд энэ нь маш чухал. Жирэмсэн байхдаа биед хураагдсан шингэн гарах хэрэгтэй учраас эхний хэдэн хоногт маш их шээвэл гайхах юмгүй. Хөхөнд эхний хэдэн өдөр бага хэмжээтэй ч тэжээл, хамгаалалт бодис дүүрэн уураг байсан бол яваандаа сүү орох бөгөөд эх хүүхэд хоёр хөхөх хөхүүлэх харилцаагаа тогтоож шинэ амьдралдаа гарсан байна. Ингээд төрөлтийн ажил дууслаа.
Сэтгэгдэл ( 6 )
mash oilgomjtoi saihan medeelel bn mash ih bayrlalaa
баярллааа мэдэхгүй зүйлүүдээ маш сайн ойлгож авлаа
Баярлалаа
баярлалаа
Баярлалаа маш сайхан тайлбарлажээ мэдэхгүй зүйлс маш их байлаа
munkhnar eej