“Зиндаа” сэтгүүл “Мэдлэг” булангаараа дамжуулан уншигчдадаа шинжлэх ухааны тухай ойлголтыг цувралаар хүргэж, Монголын эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвил, амьдрал тэмцэл, тухайн салбарт хийсэн шинэ нээлтүүдийг нь танилцуулахыг зорьж байна. Энэ дугаарт Дауны хам шинж өвчний “монголизм” хэмээх буруу ташаа нэршлийг солиулахын төлөө тэмцэж ирсэн Монголын анхны генетикч эрдэмтэн, Анагаах ухааны доктор, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Мөнхдоржийн Отгоныг урин оролцуулж байна.
-Эрдэмтэн болъё гэж байгаа бол хамгийн түрүүнд шударга байх хэрэгтэй-
Генетикийн шинжлэх ухаан нь “удамшил ба түүний өөрчлөлтийн зүй тогтлыг” судладаг. Генетик (genetics) хэмээх үг нь грекээр (γενητως) бий болгох, хэн нэгнээс гаралтай (порождающий, происходящий от кого-то) гэсэн утгыг илэрхийлнэ. Генетикийн шинжлэх ухааныг судалгааны обьектоос нь хамаарч ургамлын, амьтны, микроорганизмын, хүний хэмээн ангилж болох боловч судалгааны аргачлалаар нь молекулын генетик, экологийн генетик болон өөр бусад ангиллаар төрөлжүүлж болно.
Монголын анхны генетикч эрдэмтэн М.Отгон АУИС-ийг 1962 онд төгсөж сайд нарын II эмнэлэгт долоон жил ажиллан хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1972-1984 оны хичээлийн жилд Анагаах ухааны их сургуульд Анагаах ухааны генетикийн хичээл заасан анхны үндэсний эрдэмтэн, багш юм. Тэрбээр 1969-1972 онд ЗХУ-д аспирантурт суралцаж, Монголын АУ-ны генетикийн анхны мэргэжилтэн болсон байна. Доктор М.Отгон аспирантурт суралцаж байхдаа эрдмийн судалгааны ажлаараа генетикийн цоо шинэ өвчин нээсэн байдаг. Судалгааны үр дүнг нь үзсэн Прокофья Беловская багш нь “Чи туршилтаа зогсоо, шууд диссертациа бич” гэжээ. Түүний нээсэн шинэ төрлийн өвчин бол “18-р хромосомын мутац илэрч Х хромосом нь уртассан Синдром патау” хэмээх өвчин бөгөөд энэ нь тухайн үедээ ЗХУ-д хийгдсэн генетикийн анхны нээлтүүдийн нэг байв. 70-аад онд Английн эрдэмтэн, профессор, ДЭМБ-ын генетикийн зөвлөх багш Лееман (Hermann Lehmann, 1910-1985) “Чингисийн байлдан дагуулалт болсон газруудад цусны удамшлын өвчин их байна. Монгол хүмүүстэй хамтарч ажиллая” гэсэн саналыг БНМАУ-ын Засгийн газарт тавьжээ. Монголоос эрдэмтэн судлаачдаа явуулахаар болж англи хэлний шалгалт авахад доктор М.Отгон тэнцсэн байна. Тэрбээр Кембрижэд суралцаж байхдаа төрөлхийн генийн өвчтэй хүүхдийн тухай сонинд мэдээлэхдээ өвчнийг нь “монгол чайлд” хэмээн нэрлэсэн байхыг уншаад сэтгэл эмзэглэж, энэ тухай багшдаа хэлжээ. Тэр үед нэгэн сурвалжлагч энэ сэдвээр түүнтэй ярилцаж “Өдрийн тэмдэглэл” хэмээх нийтлэл бичсэн нь “Cambridge Evening News” сонины 1976 оны 8 сарын 29-ний дугаарын 7 дугаар нүүрэнд нийтлэгджээ. “Cambridge Evening News” сонины нийтлэл 1978 онд Монголд багагүй шуугиан дэгдээж, доктор М.Отгон тухайн үеийн Эрүүл мэндийн яамны Д.Ням-Осор сайдад дуудагдан зэмлүүлж, уг нийтлэлийн орчуулгыг орос, монгол хэл дээр гарган, Гадаад яамны сайд М.Дүгэрсүрэн хөрөнгөтөн орны хэвлэл мэдээллийн онцлогийг тайлбарласны эцэст сая намжсан байна.
/Орчуулгыг бүрэн эхээр нь нийтэлж байна./
-ОДООГИЙН МОНГОЛЧУУД ТУН БОЛОВСОН, ГАЙХАЛТАЙ ЦАРАЙЛАГ ХҮМҮҮС ТУЛ БИД ТЭДЭНД ТИЙМ БҮДҮҮЛЭГ ХАНДАХАА ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ БАЙНА-
ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ
Кембриж хотод Монгол Улсаас ирсэн нэгэн шилдэг зочин 1866 оноос эхлэн бид Монгол Улсын нэр болон нийт иргэдийн нэр хүндийг байнга, олон дахин гүтгэн доромжлоод байгааг тайлбарлан ярив. “Сэтгүүлчид болон танай нутгийнхан энэ доромжлолыг зогсоох цаг болсон” гэж тэрээр эелдэгхэн хэрнээ шаардангуй нэмж хэлэв. Олон мянган бээрийн чанд орших Зөвлөлт социалист Монгол Улсын ард түмнийг гүнээ хүндэтгэн, тэдэнд чиглэгдсэн бидний доромжлолоос болсон түмний сэтгэлийн гунигийг хуваалцагч профессор Лееманы удирдсан Кембрижийн их сургуулийн Адденброкийн эмнэлгийн дэргэдэх ДЭМБ-ын лавлах төвд Улаанбаатараас ирээд 6 сар ажиллаад байгаа 36 настай их эмч Мөнхдоржийн Отгон “Бид нэлээд гомдолтой байдаг” гэж хэлэв.
Оюун ухааны хомсдолтой хүмүүсийн хувьд монгол, монголизм, монголжуу усан тэнэг гэх мэт үг хэрэглэх нь доромжлол юм. Энэхүү “монгол” гэдэг нэр томьёог Монгол Улсын оршин суугчидтай яльгүй төсөөтэй авч, хэрэв монгол гэдэг өвчтнийг жинхэнэ Монгол хүний зурагтай зэрэгцүүлээд бүхий л талаар ажиглахад тэр хоёр зүйлд нэгэн ижил нэр томьёо хэрэглэх нь тун инээдтэй юм. Вестминстер бүх дэлхийг удирдахыг итгэн оролдсон тэр өдрүүдэд амьдарч байсан Английн нэгэн их эмч Лингдон Даун 1866 онд анх удаа ухаан санааны гажигт өвчнийг “монголизм” гэсэн нэр томьёо хэрэглэн тодорхойлсон нь хөөрхийлөлтэй юм. Британичууд тэр үед гадаадынхны сэтгэл санааг бага хайхардаг байсан ба хэн нэгнээс Чингис хааны хар өдрүүдийг нэлээд сонссон төдийгүй, Монголчуудтай ямар ч харьцаагүй байдаг байв. Монгол гэдэг үгийг, шинээр хэрэглэсэн өөр боломжийн “Дауны өвчин” эсвэл “Дауны хам шинж” гэдэг нэр томьёо байсаар байтал энэ үг дэлхийн олон оронд түгжээ. Лингдон Даун 1828 онд төрсөн томоохон эрдэмтэн, түүний угийн бичигт Чарльз Дарвин, Кейнес, Адриан хэмээх Кембрижийн гурван том эрдэмтний нэр багтдаг. Нэлээд дуугүй байсны дараа “Өнөөгийн Монголын ард түмэн тэдний нэрийг бүдүүлгээр хэрэглэж байгаагийн эсрэг одоо идэвхтэй эсэргүүцэж байна. Зөвхөн эрдэмтэд төдийгүй нийт ард түмэн энэ нэрийг мэдэж, түүнд дургүйцэж байна” гэж доктор М.Отгон хэлэв. Кембрижийн их сургуульд шинжилгээний ажил хийхээр ирсэн анхны монгол хүн, доктор М.Отгон “Би өөрийн сэтгүүлд энэ талаар эсэргүүцэл бичиж хэвлүүлсэн ба залуу эмч байхаасаа нэрийг нь мэдэх болсон профессор Лееман эсэргүүцэл бичиж хэвлүүлснийг ч мэдэж байна” гэж тэрээр нэмж хэлэв. “Кембрижид ирсэн монгол гийчид
тун цөөн байна” гэж би доктор М.Отгонд хэлэв.Хэрэв бид дутагдлаа засаж, хойшид монголжуу усан тэнэг гэдэг зохисгүй нэрийн оронд Дауны өвчин гэдэг нэр томьёог хэрэглэвэл, энд тантай болон шинэ монгол хүмүүстэй олонтоо учирна гэдэгт итгэж болно байхаа гэж та бодож байна уу? гэж намайг бага зэрэг тоглонгуй асуухад тэрээр даруухан инээмсэглэн “Бүрэн итгэж болно” гэж хэлэв. Одоогийн Монголчууд тун боловсон, гайхалтай царайлаг хүмүүс тул бид тэдэнд тийм бүдүүлэг хандахаа зогсоох хэрэгтэй байна. “Cambridge Evening News” сонины сурвалжлагч Mr.Christopher South Жич: Дээр тодруулсан хоёр үгнүүдээс болж АУИС-ийн багш байхдаа “Олон залуучуудын дунд ажиллаж болохгүй” хүмүүсийн тоонд орж явсан боловч ГХЯ-ны сайд М.Дүгэрсүрэн гуай “Энэ эмч зөв юм хийсэн байна” гэж хэлсэн тул дээрээс намайг уучилсан юм шүү.
/М.Отгон/
1982 онд ЭМЯ-ны сайд Д.Ням-Осор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-д хандан монголизм гэсэн нэр томьёог өөрчлүүлэх тухай албан хүсэлтээ илгээжээ. ДЭМБ-ын ерөнхий захирлаас “Энэ асуудлыг бид эрдэмтэдтэй яриад 1989 оны хэвлэлд сольж оруулан хэвлүүлнэ” гэсэн хариу ирүүлсэн байна.
Отгон доктор 1984 онд ДЭМБ-д ажиллахаар очоод хэвлэл хариуцсан хүмүүст хоёр талын албан бичгийн хувийг өгч 1989 онд хэвлэх номонд оруулах асуудлыг 1986-1987 онд уйгагүй хөөцөлджээ. Ийнхүү ДЭМБ 1989 оны “International Classification of Diseases”-ын 10-р хэвлэлд монголизм гэсэн нэр томьёог Дауны хам шинж /синдром/ гэдгээр сольж оруулсан байдаг аж. Улмаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2011 оны 12 сарын 19-ний тогтоол гарч, жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг “Дауны хам шинж өвчний дэлхийн өдөр” болгон тэмдэглэх болжээ. Ийнхүү шийдвэрлэхдээ, “Бүх гишүүн орнууд энэ талаар мэдлэгтэй байх. Төрийн болон төрийн бус, олон нийтийн байгууллагууд уг өвчний шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион явуулж байх хэрэгтэй” гэсэн чиглэл өгсөн байдаг.
ЭМЯ-наас жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж хэвшвэл, доктор М.Отгон олон нийтэд хандан мэдээлэл өгөх боломжтой гэдгээ ч илэрхийлж байлаа. Хэдийгээр албан хүрээнд уг асуудал ийнхүү шийдэгдсэн ч бодит амьдрал дээр энэхүү нэр томьёо өнөө ч хэрэглэгдсээр байгаа тул гадаад оронд сурч, ажиллаж, амьдарч буй монголчуудыг эвгүй байдалд оруулдаг. Иймд монгол хүн бүр энэ тухай сайн мэддэг байж, тухай бүрт нь хариулт өгч, тайлбарлаж, шаардлагатай тохиолдолд тэмцэж чаддаг байх нь чухал хэмээн доктор М.Отгон үзэж байна. “Сансрын нисэгч бэлтгэх” багийн эмч нарыг удирдан ажиллаж, Монголдоо анхны ЭХО аппарат оруулж ирэх ажлаа Кембрижээс эхэлж байсан тэрбээр ДЭМБ-д ажилласан 15 жилийн туршлагаа эмч нарыг төгсөлтийн дараах сургалтад хамруулах ажилд зориулж ирсэн билээ. “Эрдэмтэн болъё гэж байгаа бол хамгийн түрүүнд шударга байх хэрэгтэй” хэмээн үздэг М.Отгон доктор одоо ч эрдэм судлалын ажлаа хийж, бүтээж туурвисаар байна.
Английн эмч Джон Лэнгдон Даун
Английн эмч Джон Лэнгдон Даун (1828-1896) анх 1862 онд тодорхойлон бичсэн Дауны синдром өвчний шалтгаан XX зууны дунд үеийг хүртэл төдийлөн тодорхойгүй байв. Гагцхүү эхийн насжилт нөлөөлдөг, мөн бүх арьстан нийгмийн гарал үл хамааран өвчилдөг гэсэн мэдээлэл байв. 1866 онд энэ өвчний талаар дахин тодорхойлон бичихдээ өвчлөгсдөд түгээмэл ажиглагддаг шинж тэмдэг болох эпикантус (дээд зовхины өргөтгөл мэт үргэлжлэх давхраагүй нүд буюу төв Азийн хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицсон хэлбэр)-ыг үндэслэн монголизм хэмээн томьёолсон нь Дауны синдром өвчнийг арьсны үзэлтэй холбосон түүхийг бий болгожээ. 1950-иад онд технологийн дэвшлийн үр дүнд хромосомын тоо, хэлбэр, гажуудлыг тодорхойлох боломжтой болжээ, 1959 онд Жером Лежён (1926-1994, эмэгтэйчүүдийн эмч, абортыг хүчтэй эсэргүүцэгч, генетикч) хэмээх Францын эрдэмтэн Дауны синдром нь 21 дэх хромосомын илүүдэл болон гажгийн улмаас үүсдэгийг нээсэн байна. 1961 онд анагаах ухааны The Lancet сэтгүүлийн редакторт хандан 18 генетикч эрдэмтэн “Монгольский идиотизм” хэмээх “оновчтой бус” нэршилийг өөрчлөх талаар захидал бичиж, уг нэр томьёо солигдох ёстой гэсэн саналаа илэрхийлж байжээ. The Lancet сэтгүүл “Дауны синдром” хэмээх нэр томьёог хүлээн авсан бөгөөд ДЭМБ 1965 онд Монголын төлөөлөгчдөөс хүсэлт тавьсны дагуу монголизм гэсэн нэр томьёог хасах шийдвэрээ гаргасан байдаг. Хэдий тийм ч 40 орчим жилийн дараа 2004 онд гарсан “Өргөн тархалттай өвчний системчилсэн лавлах” (ред. проф.Джеймс Андервуд)-д монголизм хэмээх нэр томьёо хэвээр байсан нь уг өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн эцэг эхийг ихэд бухимдуулжээ. 1972 онд АНУ-д уг өвчний холбоо “Дауны синдромын үндэсний ассоциац” хэмээн нэрээ өөрчилж, 1975 онд Үндэсний эрүүлийг хамгаалахын институтээс өвчний нэр томьёоны нэршил дэх стандартчиллын асуудлаар бага хурал зохион байгуулж байв. “Дауны синдром” хэмээх нэршил нь одоо ч дэлхийн бүх улс оронд албан ёсоор хэрэглэгдэж байна. Жич: Дауны синдромтой хүүхэд төрөхөд эхийн насжилт нөлөөтэй хэмээн үздэг. Хэрвээ эх нь 2024 настай бол 1562 тохиолдолд 1; 30 хүртэлх настай бол 1000 тохиолдолд 1; 35-39 настай бол 214 тохиолдолд 1; 45-аас дээш настай бол 19 тохиолдолд 1 байдаг хэмээн үздэг. Гэвч бодит байдал дээр Дауны синдромтой хүүхдүүдийн 80 хувь нь 35 хүртэлх насны эхчүүдээс төрсөн байдаг нь эмэгтэйчүүдийн ид төрөлтийн үе байдагтай холбоотой гэж үздэг. Харин сүүлийн үеийн мэдээллээр, хэрвээ хүүхдийн эцгийн нас 42-оос дээш бол Дауны синдромтой хүүхэд төрөх эрсдэл нэмэгддэг хэмээн үзэх болжээ.
Ц.Оюунчимэг
2017 он 01 сар "Зиндаа" сэтгүүл №02/502
Сэтгэгдэл ( 4 )
Mongolchuudiig doosh hiih canaa olon ulc orond baidag gebch tuuh ene buhniig ni ilchilj nytsaadag Chingeciin Mongolchuud delkhii dahind dain tulaan hiij acar tom ylalt Mongoliin ih gurniig baiguulj delhiin olon ulc orniig tovshitgoj olon ornii amia hicheecen hargic burangui haad noediig ni tsaazalj Ih zacag huuliig delhii dahind tunhaglacan baidag
ZASGIIN GAZART ERDEMTEDIIN TOLOOLLLIIG BAILGASANCH ZOLIOS BOLNO
ERDEMTEDIIG ZASAGT ORUULAHGHUI BOL ULS TORCHIDIIN ZOLIOS BOLOH N
Эрдэмтэд гэх зарим нэг солиотой юм энэ дэлхийн аль ч улсад захаас аван замаас үргэлж бий. Нэг солиот нь монголизм гэж эхэлж бичээд хуулбарлагчид нь үүнээс ишлэл авч донгодсон байх. Отгон эмч эх оронч байна