Б.Батцэцэг: “Хүн төвтэй” харилцааг бэхжүүлэх ТҮҮХЭН АЙЛЧЛАЛ эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 06

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны 07 дугаар сарын 06-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нарын төлөөлөгчид угтлаа.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг айлчлалыг "Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр морилон саатаж буйг гүнээ хүндэтгэж байна. Энэхүү төрийн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий манай хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “Хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн айлчлал болно гэдэгт бүрэн итгэлтэй байна" хэмээн тодорхойллоо. 



 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зүч(103.212.162.36) 2025 оны 07 сарын 06

Японы ард түмэнд чин сэтгэлээс талархаж явдаг. Эрхэмсэг эзэн хаан гэргийтээгээ манай сайхан оронд тавтай морилнуу...

0  |  0
Top