Урлаг бол хүмүүний амьдралын гэрэл гэгээ юм. Ялангуяа кино урлаг бол тэвчиж үл барам сэтгэлийн зовлонг мартагнуулж, сэнхрүүлэх хүчтэй. Киноны өгүүлэмж, дүр нь хүний сэтгэл, үзэл бодолд тэр чигээрээ суудаг. Тийм учраас кино бол үзэл суртлын том зэвсэг билээ. Тиймээс АНУ, Солонгос, Франц, Хятад, Орос, Энэтхэг зэрэг улсууд хамгийн эхэнд киноны салбартаа анхаарч, түүнийг хөгжүүлж, дэмжиж явдаг. Тэр ч утгаараа хөгжил цэцэглэлтээрээ тэргүүлж яваа. Манай улс өмнө нь төрийн бодлогоо кино урлагаар ард түмэндээ хүргэдэг байсныг “Аман хуур”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Мартагдашгүй намар”, “Суварган цэнхэр уулс” гэх мэт өмнөх нийгмийн олон киноноос харж болно. Гэвч нийгэм шилжсэнээс хойш ихэнх салбар хувьчлагдаж ашгийн төлөө мөр мөрийн замаа хөөсөн. Тэр замд бүхэл бүтэн улс орныг авч яваа кино урлаг гээгдэж орхигдсон ч, сүүлийн 10 гаруй жил бор зүрхээрээ цойлж гарч ирсэн Монголын кино дэлхийд үнэлэгдэж эхлээд байгаа билээ. Тэдгээр киноны нэгэн адил үнэлэгдэх цаг аль хэдийнээ болсон нэгэн кино бол өнгөрсөн гуравдугаар сарын нэгэнд нээлтээ хийсэн Фантастик продакшин болон Жииж продакшин, Red Point-ын хамтын бүтээл “Маш нууц 2” буюу “Байтаг Богд” кино юм.
Энэ кино бууриа сэлгэх нүүдэлчин ардын үзэл бодолд үүр засаж хөлчүүхэн зүрх, ахархан бодлыг минь арилгаж чадсан гавьяатай билээ. Тэр ч утгаараа үзэгчдээс нэлээдгүй сайшаал хүртээд байна. Харамсалтай нь кинотеатрын дэлгэцнээс хууль бус дэлгэц рүү шилжсэн хэмээх мэдээллийг сонсоод маш их урам хугарч бичиж буй минь энэ билээ.
Баруун хилийн тулгаралт байлдааны 70 жилийн ойд зориулан бүтээсэн эл кино төрлийн хувьд түүхэн, тулаант, дайны сэдвээр бичигдсэн ажээ. Ерөнхий найруулагчаар гавьяат жүжигчин О.Бат-Өлзий, түүний гэргий Монгол Улсын Ардын жүжигчин С.Сарантуяа продюсероор ажиллаж, Нэгдүгээр найруулагчаар хүү Б.Тамир нь ажилласан байна. Тус продакшны өмнө хийгдэж байсан кинонуудтай харьцуулахыг хүссэнгүй. Учир нь цагаа олж төрсөн бүтээлийн үнэ цэнэ хүний зүрх сэтгэлийг хөглөж чадддаг гэж би хувьдаа боддог. “Байтаг Богд”-ыг үзэхэд л хүн бүрийн сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч, эх орноо хайрлах, эх орны үнэт зүйлсийг мэдэрч хамгаалах ёстойн учгийг бэлхнээ ойлгож авсан гэдэгтэй маргахгүй бизээ. Тиймээс киноны үйл явдлыг товчхон хүүрнэе.
Байтаг Богдын орчмоор Хятадын Гоминдан болон Оспаны зэвсэгт бүлэглэлүүд манай хилийг даван нутгийн ард иргэдийг дээрэмдэн, хүний амь бүрэлгэн зовоох, мөн байгалийн маш ховор баялаг болох ураны илэрцтэй газар нутгийг эзлэн авах зорилгоор өдөөн хатгасан ажиллагаа ихсэж байлаа. Гоминданы цэргийн штабт ажиллаж буй Монголын тагнуулчийн өгсөн мэдээгээр Гоминданы цэргийн их хүч Бага Хавтагын нуруугаар хил нэвтэрч орж ирэх нь тодорхой болсон энэ үед Байтаг Богд орчмыг хянахаар ахлах дэслэгч Хярваа ахлагчтай 10 хилчин үүрэг авна. Эх нутаг газар шорооныхоо төлөө өөрсдөөсөө 10 дахин их гоминданы цэргийн хүчтэй тулгарсан хилчид хүч тэнцвэргүй тулалдаанд орж дайсан этгээдтэй нүүр тулна. Мөн эх орныхоо төлөө үүрэг даалгавар авсан манай тагнуулч хилийн цаана амь дүйсэн ажиллагааг зоримог хийж онц чухал мэдээг ар талруугаа дамжуулна. Тэр тагнуулч чимээгүй нууцлагдмал ажиллах үүрэг хүлээсэн эх оронч байлаа. Эх нутаг газар шорооныхоо төлөө амиа өргөсөн хилчин дайчид, тагнуулчид, нутгийн торгууд ард иргэд болон монгол цэргийн эр зориг, баатарлаг үйлсийг энэ кинонд харуулжээ.
2015 онд анх “Маш нууц” уран сайхны кино үзэгчдэд хүрсний дараа цуврал маягаар хэрэгжүүлэхээр зэхсэн тэдний хоёр дахь уран бүтээл нэлээдгүй хүлээлт үүсгэсэн ч “Говийн домог” шиг, “Зүрхний хилэн” шиг урт хугацаагаар кино театрт мөнхөрч чадсангүй.
Кинонд Торгууд түмний амьдран суудаг нутаг усны онгон зэрлэг, ариун дагшин байгалийг үзүүлэх агаад харин нэг ч малын бараа үл үзэгдэх нь гайхмаар. Хилийн манаанд найзын хамт мордсон Тэгшээ Гоминданы цэргүүдэд нүдэн дээрээ найзыгаа олзлуулах тэр зураглал тухайн цаг үе ямар хатуу байсныг илэрхийлснээр кино эхэлнэ. Нөхрөө дайсанд олзлуулчихаад өөрөө амьд мэнд ирсэнд нь уурлан бухимдаж буй байлдагч Даваадорж, өөрийг нь магтахад ичиж буй мэргэн бууч Архад, айлын тавагнаас “байн, байн” ааруул шүүрэх Баян, аливаад эрэлхэгээр хандаж, манаанд гарахгүй гэхээс нүдэнд нь нулимс цийлэгнэх хэдий ч барагтай бол үг үл дуугарах тасгийн дарга Гиваан, “Айлын удам залгах ганц хүү болохоор манаанд гаргадаггүй” гэх үгийг шинээр шилжиж ирсэн Дандархайдаваас сонсох мөчид бусад нь ам алдсаныг мэдээд “Адуугаа манана гэдэг чинь хилээ манаж байна гэсэн үг” хэмээн нөхөддөө хандан хэлэх Пэлжээ нарын үг, харуулах үйлдэл бүрт нь торгон баганаа сахин хамгаалж буй хилчин эрсийн зан чанар нэвт шингэжээ.
Өмнөх жил нь халагдах байсан ч хил хязгаарын түгшүүрт байдал намжтал эх орныхоо дархан хилийн энхийн манаанд үлдсэн арван баатарлаг эрс наран өөд мордсон юм. Тэр нар тэдний харсан сүүлчийн нар байсан. Дархан хил минь тайван байвал амтгүй хоол идэх юу ч биш ээ гэх Баяны үг, арай ядан босох Ахлагч Хаянхярваа “Цэргүүд тулалдаанд өнөөдөр үхэж болохгүй цаг” хэмээх тэр хатуу тушаал гээд энэ бүхэн хүч тэнцвэргүй тулааны өмнө зэвсэглэсэн танк мэт эр зоригийг нь асааж байлаа.
“Малгай тавибал юу гэдэг билээ?
Манайх,
Гэртээ байгаа хүүхэд чинь зоригтой байдаг юм шүү” хэмээн зориг нэмэх энэ хатуу үгс, халагдаагүй үлдсэн цэргүүдийн нэг өнчин өссөн Пэлжээ хэл мэдүүлэхээр яаран Дандархайдавыг мордуулах гэхэд “наадах чинь булгиж омголонтоод хэцүү юм билээ, чи эхлээд морд” хэмээн хүний ганц хүүг хайрлах найзын сайхан сэтгэл, монгол эр хүний жудаг харагдаж байлаа. Дайсанд хөөлгөх Пэлжээ мориныхоо эмээлийг авч хаян хол тасран одох тэр үзэгдэл монгол хүний авхаалж самбааг бишрүүлээд амжсан.
Нутаг уснаасаа явахгүй гэхдээ нулимсаа шувтран “Яс махны тасархайнаас нь энэ муу нялх охин л үлдлээ Би эндээс явахгүй ээ хүү минь. Би явахгүй.” хэмээн мэгшин хэлэх нь Торгууд өвгөний сүүлчийн найдвар алдагдсаныг сануулна. Харь нутгийн хүйтэн хөрсөн дээр эхийгээ дагаж ирсэн Буянхишиг, Хятадын цэргийн сургуульд багаасаа сурч, эх орныхоо халдашгүй дархан цаазат байдлыг хамгаалах тангараг өргөсөн Монголын тагнуулч Насан. Энэ бүхэн усыг нь ууж ёсыг нь дагах дүр эсгэн олон жилийг элээсэн элэг нэгт монгол хүмүүсийн харьшиж өөрчлөгдөөгүй сэтгэлийг тодхон харуулдаг. Хасагууд үргэлж л хилчидтэй зөрчилдөж, мал хуй дээрэмдэн, энгийн иргэдийн аминд халдаж байсан тэрхүү нутагт мал бэлчиж буй дүр зураг нэгээхэн ч харагдсангүй. Тэгсэн атлаа ааруул ээзгий, шинэхэн өрөм гаргаж ирэх нь учир дутагдалтай харагдлаа. Гэвч хилчид тулгаралт болохын өмнөх орой нутгийн өвгөнийд дайлуулахад ихэнх айлууд дүрвэж нүүсэн тухай нутгийн өвгөн хэлдэг нь энэ бүхний учгийг тайлах мэт.
Баярбатын дүрийг ямар ч хувиралгүй байсан гэж шүүмжлэх хүмүүс мундахгүй байсан ч Гоминданы цэрэг Кан Си Заны дүрийг Б.Баярбат тун чиг сайн бүтээсэн. Тиймдээ ч үзэгчдэд үзэн ядах сэтгэгдлийг төрүүлж чадсан. Угаас өвөр хужаад дургүй байдаг хойно. Чекист Сампил эхлэлээс төгсгөл хүртэл чекист үзэл бодлоо эх оронч нэгнээс илүүд тавьж тагнуулч Насанг буруу мэдээлэл дамжуулсан хэмээн үг сүггүй буудаж орхидог. Үүгээрээ дүрийг тултал нь харуулсан. Үнэндээ Насан амьд үлдэж Буянхишигтэй уулзсан бол сериал шиг болох байсан биз. Харин найруулагчид үүн дээр эндэгдэл гаргасангүй. Насанг буудуулахад камерын дэлгэцэнд тусах цус хэн хүний нүдэнд анзаарагдсан.
Байлдааны үед их бууны суманд нэг хөлөө санжуулсан ч эх орноо харамлах зориг нь мохоогүй эр цэрэг бууныхаа ишэнд тугаа уяж зоогоод “Монгол Улс мандан бадраг” хэмээн орилох тэрхэн хэсэг зүрх огшоож байлаа. “Орос цэрэг сүүлийнхээ сумыг өөртөө гэж байхад Монгол цэрэг сүүлийнхээ сумыг дайсантайгаа хамт л өгөөд дуусдаг.” Сүүлийн гранатаа дайснуудаа устгахын төлөө, газар нутаг дархан хилийнхээ амар тайвны төлөө зориулж, өөрийн амь биеийг умартан сүүлийн гранатаа дэлбэлэхэд Монгол Улсын төрийн дуулал эгшиглэн алтан соёмбот төрийн далбаа бүтэн үлдэж мандан бадрах нь хилийн манаа тайван гэдгийг илтгэх мэт. Нөгөөтэйгүүр зүйж оёсон төрийн далбаагаар зүйж үл болох газар шороо энэ бүхний дараалал тун таарсан гэмээр.
Фантастик продакшин Маш нууц 1-ээс магтаал шүүмжлэлийн аль алиныг авч байсан. Харин энэ удаад мартагдсан түүхээ мэдээд зүрх шимшрүүлэх монголчуудын зүрхнээс зөвхөн магтаалын үгээр зогсохгүй огшлын нулимс урссан юм. Таван сарын турш үзэгчдийн зүрхний хилэнг хөдөлгөж, залуучуудын хүсэл зоригийг асааж сэрээж чадсан нь “Зүрхний хилэн”-ийн зураг авалтаас Маш нууц-2 луу шилжсэн тэдний хувьд ачаалал нь хэтийдсэн гэмээр байсан ч тэр ариун дагшин газрыг хамгаалж, хадгалж үлдээхийн тулд бидний өвөг дээдэс ямархан хатуу шалгуурыг давж гарсныг харуулахын төлөө уур ундууцал, бахархал, омогшил, харуусал бүрээр хүч сэлбэн ханцуй шуун орсон гэдэг. Тийм ч учраас киноны сцен бүрийг үзэгчийн нүдээр харж үнэлэхэд үнэхээр сайн кино болсон нь харагдана.
21-р зууны хөгжлийн хурдыг дагаад залуучуудын хүсэл сонирхлыг тааж мэдэхэд бэрх болсон. Гэхдээ залуу хүний сэтгэлгээний орон зай руу өнгийж мэлмийг нь нээж, тархийг нь сэрээсэн “Байтаг богд” кино жинхэнэ цагаа олж төрлөө. Олон хүн үүнтэй санал нийлнэ гэдэгт эргэлзэхгүй байна... Улс эх орны маань ирээдүй хойч хэдэн халтар цаасны төлөө харийн нутгийг тэврэх арга мухардсан монголын нийгэмд жалга, нүх болгоноо ахин нэг харахыг сануулах мэт... Сум нь дуусчихсан байхад л шороо цацаж, гарт баригдсан бүхнээ зэвсэглэн тулалдаж байсан хүмүүс юуны төлөө тэгэж амь биеэ зориулсан юм бэ? Үүнийг монгол хүн бүр яс махандаа тултал ойлгох хэрэгтэй. Өнөөдөр үхэж болохгүй цаг хэмээх тушаалыг нэр төртэйгөөр биелүүлсэн бол өнөөгийн залуучууд тэдний алдрыг биш юмаа гэхэд харуусал гунигтайгаар хорвоог орхин одсон тэдний түүхийг өгүүлэх киног шимтэн мөнгөө зарцуулж үзээсэй хэмээн хүсэх байна.
Тангадын Галсан гуай нэгэн шүлэгтээ “Хил манаагүй хүнийг ямар эр хүн гэх юм бэ?” хэмээн бичсэн байдаг. Тэгвэл өнөөгийн залуучууд дархан хилээ хэрхэн сайн манах ёстой вэ? Амиа биш эх орноо сонгосон баатар эрсийн өлмийд сөгдөж хэдэн патиар татуулж фэйсбүүк, инстраграмынхаа түүхийг шинэчлээд л өнгөрөх үү? Киног үзээд л Омогшлийг дээд цэгтээ тултал мэдэрч эх орон газар шороо, унасан газар угаасан усаа хайрлахын учир, Монгол хүн болж төрснөөрөө бахархаад зогсохгүй энэ бүхэн нэр төдий биш өнөөдрийн нийгэмд залуучуудын оролцоо ямар их хэрэгтэй байгаа зэрэг маш олон мессежийг шууд авч чадсан. Мөн хүн бүрт би, бид эх орныхоо төлөө юу хийж чадах билээ, хийх ёстой вэ? гэсэн асуулт өөрийн эрхгүй төрөх болно. Маргаашаа аргацаах ядмагхан амьдралаа зүхэх, ялалтын үнэ цэнийг үл мэдэх залуус бидэнд олон талын мессежийг өгч байсныг ахин дахин дурдмаар байна.
Монгол орон үүрд мандан бадрахын тулд Монгол хүн та юу хийх ёстой вэ? Тийм ээ Монголын ирээдүй биднээс эхэлнэ. Мандаж буй нарнаас, Сүндэрлэж буй уулс, сүүмэлзэх манан будан, урсаж буй гол мөрөн, амьдарч буй амьд бүхнээс эх орны бүрэн эрхэт байдал эхэлнэ. Цэрэг хүнийхээ тангаргийг нэр төртэйгээр биелүүлсэн тэдгээр баатар эрсийн гавьяаг дутуу үнэлж, дулимаг ярих эрх монголын ард түмэнд хэзээ ч байж болохгүй. Хавчуурга нь ихэдсэн амлалтаа амаараа үмхсэн хөрөнгөтнүүд та бидэнд эх орон газар шорооны үнэ цэнийг мэдрүүлсэн үү? Монгол улс хөгжих цаг нь болсон гэж хэлсэн үү? Харин урлагийнхан нойр хоолоо хасан байж үзэгчдийн мэлмийг баясгах кино хийдэг, бүтээдэг. Тэдэнд эх оронч үзэл нь гаднаасаа биш дотроосоо асаж байдаг учир тэр билээ. Гэвч өнөөдөр тэдний бүтээлийг хууль бусаар олшруулан түгээж буй ухамсрын цэнэг, хүн чанарын хэлтэрхийгүй хэсэг хүмүүс энэ бүхнийг үнэгүйдүүлж байна. Гэвч ухамсарт үзэгчдийн цуваа тасрахгүй хэвээр байгаасай... Үзээгүй нь үзэж үзсэн нь ахин дахин нулимсаа асгаруулж нэгийг бодож хоёрыг тунгаан танхимаас гарсан хэвээр байгаасай!!! Аливаа ухаалаг нийгэмд кино урлагт ач холбогдол өгч, төрийн бодлогоо сурталчлах том хөшүүрэг болгож, чанартай сайн уран бүтээлүүд хийдэг. Төр нь дэмжихгүй юмаа гэхэд түмэн олон нь дэмжээсэй!!!
“...Эгэл аавын эгэл бус хөвгүүдийг эгшин зуурт мартах учиргүй
Амираан хамгаалсан эрхэм бүхнийг хайрлаж яваарай үеийн үед
Ямархан хэцүү заяаг туулсаар Монгол минь бүтэн үлдээ бол
Хайрлах халуун эх нутаг минь
Хамгаалж явах ёстой эрх чөлөө
Тунхаглан зарласан тусгаар тогтнолоо хайрлаж яваарай үеийн үед...” гэсэн дууны үгийг санагдуулсан кино юм шүү.
“Эх орон газар шорооныхоо төлөө амиа дэвссэн та бүгдийн гавьяаг үеийн үед дурсаж,
Энэ бол мартаж болохгүй түүх юм аа гэдгийг хойчийн залууст үргэлж сануулж байх ёстой” хэмээн Хорлоогийн Чойбалсан гуай хэлсэн байдаг.
Тийм ээ, энэ бол Мартаж үл болом түүх!!!
Ч.Бүжин
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 5 )
Түүхэн үйл явдлыг үнэнээр нь үзүүлж чадаагүй кино. Оросын киног дууриаж элэг хөшөөсөн шүү. Биднийг юу ч үздэггүй гэж бассан байх аа. Үнэмшилгүй худлаа жүжиглэлт бол эмгэнэл юм билээ.
Dajgui kino .Amjilt.
Mash nuuts 1 n lav shal khogiin ed baina lee. Shal khudal buu uzeerei uuraa barna.
9 РОТА ШУУД ХУУЛСАН БАЙНА ЛЭЭ ЖАНР КИНОНЫ ГОЁ ЧАМИН БҮХЭН НЬ ...