Сорхун эх нярайн сувиллын төвийн эмч Т.Оюунчимэг нярайн шарлалтын талаар зөвлөж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 24

 Сайн байна уу таньд энэ өдрийн мэнд хүргэе за та манай уншигч ээжүүдэд зориулаад нярай хүүхдийн шарлалтын талаар дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээлэл өгөөч.

Бидний ойлголтоор төрсөн хүүхэд болгон шарлалттай байдаг гэж ойлгодог. Шарлалт явагдах үйл явцын талаар мэдээлэл өгөөч.


Т.Оюунчимэг :  Сайн сайн байна уу за сүүлийн үед төрсөн хүүхдүүдийн шарлалт удаан явцтай явагдаж эцэг эх асран хамгаалагчдын сэтгэлийг нь зовоосон асуудлын нэг болоод байна. Иймээс шарлалтын тухай ерөнхий ойлголтын талаар эцэг эхчүүд ээжүүд мэддэг байх нь чухал юм. Нярайн шарлалт нь  физиологийн хэвийн үйл явц бөгөөд нийт нярайн 60%-д  тохиолдоно. Шарлалт нь амьдралын эхний 2-3 хоногтойд нярайн арьс, нүдний цагаан хэсэгт шар туяа аажмаар үүсч цаашдаа аажмаар буурч 10 хоногийн дараа гэхэд өөрөө аяндаа эсвэл бага зэргийн эмчилгээний үр дүнд арилдаг.  Дутуу төрсөн хүүхдэд шарлалт нь 5-7 хоногт дээд хэмжээндээ хүрч 2 сар хүртэлх хугацаанд алга болж болно. Гэвч цөөн тохиолдолд хүнд хэлбэртэй тохиолддог бөгөөд энэ үед гарын алга, хөлийн уланд шарлалт илэрдэг учраас маш сайн анзаарах хэрэгтэй.

Нярайн шарлалтын шалтгаан юу вэ?

Цусанд агуулагдаж байдаг билирубин хэмээх пигментийн хэмжээ ихсэх нь арьсны шарлалтын шалтгаан болдог. Цусны хөгширсөн улаан эс задрах үед задралын бүтээгдэхүүнээс нь билирубин үүсдэг байна. Бүх хүмүүсийн цусанд билирубин байдаг бөгөөд энэ нь элэг болон өтгөнөөр гадагшилж хүний биеэс зайлуулагддаг. Хүүхэд төрөхөөс өмнө жирэмсэн эмэгтэйн элэг түүний билирубиныг биеэс нь зайлуулж байдаг. Дөнгөж төрсөн нярай хүүхдийн элэг өөрийн үйл ажиллагааг бүрэн гүйцэд явуулж эхлэх хүртэл хэсэг хугацаа шаардагддаг. Энэ үед нярайн шарлалт хэмээн нэрлэгдэх арьс шаргал харагдах өөрчлөлт илэрдэг байна. Шаргал өнгө нь хүүхдийн хөлийн хуруунаас эхлэн дээшилж цээж хүзүү болон хамгийн сүүлд нүүр гэсэн дараалалаар арилдаг байна. Сүүлийн үед орчны нөлөөлөл болон ээжүүдийн хооллолт, асаргаатай хамааралтайгаар цусны билирубин удаан буурах хандлага ажиглагдаж байна.

Нярайн шарлалт нь хөхөөр хооллохтой холбоотой юу? 

Хүүхэд хангалттай хэмжээний сүү хөхөж чадахгүй байгаа бол нярайн шарлалт үүсэх нөхцөл болдог. Учир нь хангалттай шингэн авч чадахгүй байгаа тохиолдолд өтгөнөөр ялгаран гарах ёстой билирубин биеэс бүрэн гадагшилдаггүй байна. Хэрэв ийм байдал үүсвэл эмчтэйгээ хүүхэд хооллолтын талаар зөвлөлдөх, хөхөөр зөв хооллох зөвлөгөө авах хэрэгтэй. Хүүхдээ өдөрт 8-12 удаа хөхүүлэх шаардлагатай. Зарим хүүхдэд “хөхний сүүний нярайн шарлалт” гэсэн онош тавигддаг. Энэ нь голдуу 7-11 дэхь хоногтойд нь оношлогддог. Хэдийгээр таны хүүхдийн асаргаа сайн , биеийн жин хэвийн боловч зарим тохиолдолд хөхний сүү нь хүүхдийн элэгний билирубин боловсруулах чадварыг бууруулдаг. Энэ нь нярайн физиологийн шарлалтын нэг хэлбэр боловч хэдэн долоо хоногоос сар хүртэл хугацаанд үргэлжилж болно. Магадгүй таны хүүхдийн билирубины хэмжээ хэтэрхий өндөр байвал хөхөөр хооллолтыг нь 1-2 хоног зогсоох шаардлагатай болж болно. Та тэр үед хөхний сүүгээ сааж байх шаардлагатай бөгөөд билирубин буусан тохиолдолд хөхөөр хооллолтоо үргэлжлүүлэх хэрэгтэй.

Шарлалт ямар хор уршигтай вэ?

Хүүхдийн цусан дах билирубины түвшин хэт өндөр байх үед зохих эмчилгээ хийхгүй бол билирубины хэмжээ цаашид нэмэгдэн хүүхдийн мэдрэлийн тогтолцоог гэмтээх шалтгаан болдог байна. Хүнд хэлбэрийн шарлалттай байсан нярай хүүхдийн цөөн хэсэгт тархины гэмтэл үүсдэг. Үүний улмаас сонсголгүй болох, хөгжлийн хоцрогдол үүсэх болон саажилт үүсэх зэрэг ноцтой хүндрэл гарч болно.

Шарлалт удаан явцтай хүндэрсэн хүүхэд болгон тархиний гэмтэлтэй болох уу?Үгүй ээ тэгж ойлгох нь өрөөсгөл юм. Хүндэрсэн хүүхэд болгон тархиний гэмтэлтэй болно гэж ойлгож болохгүй хамгийн чухал нь эмчилгээг эрт эхэлж асаргаа сувилгааг цаг алдалгүй хийх хэрэгтэй.

Нярайн шарлалтыг хэрхэн илрүүлэх вэ?

Төрсөн бүх ээжүүд хүүхдээ ажиглаад мэдчихдэг. Гэхдээ зөвлөе. Хэрэв хүүхэд тань цайвар арьстай бол дух, хамар, эсвэл цээжин дээр хуруугаараа зөөлөн дараад авах үед шаргал туяа татаж байгааг ажиглах

Бор арьстай бол түүний буйл болон нүдний цагаан нь шарласан эсэхийг шалгах хэрэгтэй.

Таны хүүхдийн арьс шар байвал ялангуяа нүдний цагаан болон хэвлий, гар хөл нь шар туяатай байвал хүүхдийн эмчид хандаарай. Мөн нярайн шарлалт хэдийгээр бага боловч 3-аас дээш долоо хоног үргэлжилсэн болон хүүхэд нойрмог, хөхөндөө дургүй болох зэрэг шинжүүд илэрвэл эмчид даруй хандах хэрэгтэй.


Нярайн шарлалтыг хэрхэн эмчлэх вэ? 

Та өөрөө хүүхдээ сайн хөхүүлсэнээр баасны хэмжээ , тоо нэмэгдэж баасаар гадагшлах билирубины хэмжээг нэмэгдүүлж шарлалтыг багасгадаг учраас ээжүүдийн хүүхдийнхээ төлөө хийж байгаа маш чухал арга хэмжээ болохоос гадна нярайн өндөр, жин нэмэх, дархлаа тогтолцоо сайжрах, халдвараас сэргийлэх гээд хөхний сүүний ач холбогдлыг тоочоод дуусахгүй ээ.  Байгалийн гэрэл сайтай орчинд хүүхдээ байлгах хэрэгтэй. Нярайн шарлалт ихэнх тохиолдолд аяндаа арилдаг боловч шаардлагатай тохиолдолд эмийн эмчилгээ болон  фото эмчилгээ хийх нь хамгийн үр дүнтэй, аюулгүй арга юм. Хүүхдийн нүдийг халхалж хэт ягаан туяагаар шарж өгснөөр билирубиныг шээсээр илүү хурдан ялгарах хэлбэрт шилжүүлдэг. Фото эмчилгээ нь ихэвчлэн үр дүн сайтай байдаг боловч хүнд хэлбэрийн шарлалттай хүүхэд болон эмчилгээний явцад хүүхдийн билирубины түвшин үргэлжлэн нэмэгдсээр байвал эрчимт эмчилгээний хэсэгт шилжүүлж цус сэлбэх болон бусад эмчилгээ хийх шаардлагатай болдог. Хэрэв танай хүүхдэд шарлалттай холбоотой асуудал байвал эмчид үзүүлж зөв арга хэмжээ авснаар хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадах болно.

Сорхун-Sorkhun эмэгтэйчүүдийн эмнэлэг & эхчүүдийн сувилал

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.186.45) 2020 оны 12 сарын 09

Ээжүүддэд үнэхээр хэрэгтэй сувилал нээсэнд Баяр хүргэе гэхдээ тэр галбиржуулах бариагаа больвол таарна аймаар тэнэг төрсөн хүнд арай аймаар бие хаа салгах шахаад хамаг чадлаараа дараад нухаад энэ үнэхээр галбиржаад байсан юм байхгүй миний нуруу бараг гэмтэх шахсан тэрний дараагаар хөлрүү дагаж өвдөөд байсан шүү анхаараарай яг тийм хамаа замбараагүй барьж болохгүй юм байна лээ Шар тосон бариа нь зүгээрээ

1  |  1
lhamaa(202.9.43.110) 2023 оны 04 сарын 09

Manai hvvhed sharlalt ni ybagdaad14 honoj bna nvd bolon hvvrni hesegt nogoon bna leb52 bolon urdeston gedeg em uuj bna arilahg i bna yah be

0  |  3
Zochin(202.126.89.108) 2018 оны 08 сарын 24

Heregtei medeelel baina. Bayrallaa.

0  |  0
Top