ВАШИНГТОН. /РОЙТЕР/. АНУ-ын цэргийнхэн стратегийн цөмийн зэвсэглэлийнхээ ашиглах хугацааг уртасгахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Цөмийн аюулгуй байдлын удирдах газрын баримт бичигт дурдсанаас иш татан «Вашингтон пост» сонин мэдээлжээ. АНУ болон ОХУ-ын Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах гэрээнд /СДЗХГ/ заасны дагуу АНУ-ын цөмийн цэнэгт хошууныхаа тоог цөөруүлж байгаа ч, стратегийн цөмийн зэвсгийн үр ашиг болоод ашиглах хугацааг уртасгана гэж АНУ-ын цэргийн стратегийн төлөвлөгөөнд дурдсан байна. Сонинд мэдээлснээр, АНУ-ын цөмийн зэвсэглэлд хамгийн олон байдаг W-76 цэнэгт хошууны ашиглах хугацааг анх 2000 онд баталжээ. Тэдгээрийн ердөө 800-г шинэчилнэ гэж төлөвлөж байсан боловч Жорж Бушийн Засгийн газар шинэчлэх цэнэгт хошууны тоог 2000 хүргэсэн байна. Шинэ төлөвлөгөөнд зааснаар, шинэчлэх цэнэгт хошууны тоог нууцалж, уг хөтөлбөрийг 2018 он хүртэл хэрэгжүүлнэ.Урьд нь Пентагон В-52, В-2 бөмбөгдөгч нисэх онгоцонд ашиглаж болох цөмийн В-16 бөмбөгийн ашиглах хугацааг уртасгана гэж мэдээлж байсан юм. Энэ төрлийн бусад бөмбөг тактикийн ангилалд багтдаг бөгөөд Европт байрлалтай АНУ, НАТО-гийн сөнөөгч нисэх онгоцны зэвсэглэлд байдаг байна. Цөмийн аюулгүй байдлын удирдах газрын баримт бичигт цөмийн зэвсгийн ашиглах хугацааг уртасгахад хэдий хэмжээний зардап гаргахыг мэдээлээгүй боловч Америкийн эрдэмтэн Хэнс Кристенсений тооцоолсноор, зөвхөн В-61-ийг шинэчлэхэд дөрвөн тэрбум доллар шаардлагатай ажээ. Сонинд мэдээлснээр, ашиглалтын хугацаа нь 2022 онд дуусах В-61 бөмбөгийг шинэчлэх хөтөлбөрт хуучирсан нэлээд хэдэн бөмбөгийг нийлүүлэх замаар цөмийн материалыг хэмнэхээр заасан байна. 2010 онд АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нар гарын үсэг зурсан СДЗХ гэрээнд цөмийн зэвсэглэлийн тоог цаашид харилцан хорогдуулах тухай заасан байдаг. 2011 оны хоёрдугаар сараас үйлчилж эхэлсэн гэрээ 10 жилийн хугацаатай. Энэ хугацаанд хоёр тал зэвсэглэлдээ цөмийн 1550 цэнэгт хошуу, 700 зөөгч пуужинтай болсон байх ёстой.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )