Танин мэдэхүй: Хүн амьтан шиг ичдэг бол 1400 жил амьдарна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 25

Япон жолооч Масар Сайтад ийм явдал тохиолджээ. Тэр хөлдүү бүтээгдэхүүн зөөдөг хөлдөөгчтэй автомашин жолооддог байв. Нэг удаа Сайто зорьсон газраа ирчихээд ачаагаа автал машиныхаа хөлдөөгчид түр амарч сэрүүцэхээр шийджээ. Хугацаа өнгөрсөөр л. Нэг хүн жолоочгүй машин байхыг анзаараад хөлдөөгчийг нь онгойлготол жолооч нь аль хэдийнэ хөлдчихсөн байж. 10 хэмийг хөлдөөгч зааж байж. Эмч нар хэдэн цаг хөдөлмөрлөснөөр түүнийг сэргээв. Эмч нарын тайлбарласнаар Сайто эхлээд хуурай мөс хайлахад ялгаран гарсан хийнд хордож, дараа нь хөлдөж эхэлжээ. Жолоочийн амийг аварсан явдал гайхмаар боловч байх л зүйл юм. Юу гэвэл, машины битүү хөлдөөгч бүхээгийн агаарт хуурай мөс хайлахад ялгаран гарч байсан учир нүүрсхүчлийн хийн агуулга нэмэгдсэн, харин амьсгалж байсан тэр бүх хугацаандаа жолооч хүчилтөрөгчийг хэрэглэж байсан тул түүний агуулга буурсан байсан үе билээ. Ийм нөхцөлд бие махбод нь гэм зэмгүй, урт хугацаанд гүн хөлдөх чадвартай байдаг аж. Энэ үед биеийн халуун нэмэх 5-7 хэм хүртэл буурч болох бөгөөд улмаар зүрхний ажиллагаа зогсож амьсгаа хураан ерөнхийдөө клиник үхэлд ордог. Гэвч агаарын хэвийн нөхцөлд оруулаад эмнэлгийн практикт тодорхой болсон сэхээх аргыг хэрэглэвэл амьдралыг эргүүлэн заяаж болно. Тэгэхлээр үхлийг хойшлуулж болох нь ээ. Хүний бүрэн үхэл, амьдрал хоёрын хооронд клиник үхэл хэмээн нэрлэсэн завсар байдгийг эрдэмтэд тогтоожээ. Энэ үед зүрхний ажиллагаа, цусны эргэлт зогсож, амьсгалахгүй болсон байдаг. Гэсэн ч түүнийг амьдруулж болно. Хүнээс хамгийн сэргээх боломжгүй эрхтэн нь уураг тархи. Зүрх 10-аад цагийн дараа сэргэж чаддаг байна. Софи хотын нэг эмнэлэгт залуухан сувилагч эмнэлгийн багаж хэрэгслийг буцалгахаар сандарч байхдаа болгоомжгүйгээр нэг гараараа ариутгуур, нөгөө гараараа ус дамжуулах хоолойн цоргонд хүрээтхэж. Ингээд богино холбоо болж, өндөр хүчдэлийн гүйдэлд нэрвэгдсэнээр тэр дороо үхсэн байна. Бүсгүйг зохиомол амьсгалаар амьсгалуулж, зүрхэн тушаа нь иллэг хийж, дарж суллаж байв. Цаг 20 минутын дараа сая л нэг зүрх амилж эхэлсэн боловч зүрхний булчин жигд агшихын оронд чичирч байжээ. Гэвч уйгагүй ажилласнаар "талийгаач" эхнийхээ амьсгааг авав. Эрхтнүүдийн хоорондын үйлчлэл алдагдсан байснаа сэргээд ирж. Хамгийн сонин явдал цаашдаа л болох нь тэр. Эмэгтэйн уураг тархины эс хүчилтөрөгчийн тэжээлээс 15 минут таслагдсан учраас л ухаан санаа нь яах бол гэдэгт эмч нар сэтгэл зовниж байв. Бүхий л хугацааны турш зохиомлоор амьсгалуулж байсан болохоор клиник үхэл үргэлжилж л байх ёстой байж. Хэдий тийм боловч чухам ямар янзаар сэргэх бол? Дээд мэдрэлийн системийн үйл ажиллагаа хэвээр байж чадах болов уу? Тав дахь өдрөө тэр ухаан орлоо. Дахин хэд хонотол ярьж эхэлжээ. Яасан гэж санана. Төрөлх болгараар биш, оросоор ярих нь тэр. "Что со мной случилось?...Сейчас я уже чувствую себя хорошо" гэж тодхон хэлжээ. (Юу болчих нь энэ вэ? Одоо бие минь сайн байна). Сонирхолтой явдал шүү. Тэр бүсгүй дунд сургуульд байхдаа орос хэл үзэж байжээ. Уураг тархины нь гадаргад лав нуугдаж байсан тэр мэдлэг нь сэргэсэн бололтой. Хэдэн өдөр өнгөрөөд сайхь бүсгүй болгараар ярьж эхлэв. Эхлээд сонсгол нь, дараа нь хараа оржээ. Энэ жишээ нь хүний бие махбодын ер бусын тэсвэр хатуужил, эсэргүүцэх чадварыг өгүүлж байна. Балар эртний хүмүүс 30 жилээс илүү насалдаггүй байсныг агуйгаас олдсон хүмүүсийн яснаас эрдэмтэд олж тогтоожээ. Өнгөрсөн зууны эрдэмтдийн бүтээлд хүн нэг бус зуун жил амьдрах чадвартай гэж бичсэн нь бий. Зарим нь 600, бүр 1000 жил амьдарч чадна гэжээ. Энэ ч библийн домгийн шинжтэй хэтрүүлэг биз. Манай гараг дээрх урт настны тоо зөндөө бий. Мажорын Петр гэгч эр 185 жил насалсан бөгөөд үр удам нь 200 гаруй хүн байсан гэдэг. Хүн ер нь 150-160 жил амьдарч чадах ёстой гэж өдгөө цагт эрдэмтэд үзэж байна. Хэрвээ тарвага, баавгай ичдэг шиг хүнийг жил бүр тэгж өвөлжүүлээд байвал 1400 жил амьдрах юм шүү дээ гэж нэгэн судлагч эрдэмтэн хошигнон бичсэн нь сонин. Ямар ч гэсэн эрүүл байж, урт наслах, өөрт буй боломжоо ашиглаж, зөв жолоодвол хүн гэдэг тийм ч амархан эрлэгийн хаалга татчих амьтан биш бололтой.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top