Хөршүүдтэйгээ ХӨТЛӨЛЦӨЖ байж л хөлд нь ҮРЭГДЭЛГҮЙ үлдэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 10

Манай улс 2016 онд хоёр хөрштэйгөө нэгэн чухал тохиролцоонд хүрсэн нь өнөө бидэнд үр өгөөжөө өгөөд эхэлжээ. Энэ бол Монголын “Хөгжлийн зам” /хуучнаар “Талын зам”/ хөтөлбөр, БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо” хамтын ажиллагааны механизмтай уялдуулан “Эдийн засгийн корридор” байгуулах хөтөлбөр юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд манай улс нийт 32 төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Эдгээр төслийн 13 нь тээврийн дэд бүтцэд чиглэсэн байна. Дэлхийн улс орнуудын хөгжлийг үндсэн дөрвөн хэсгээр хэмждэгийн нэг нь дэд бүтэц юм. Ялангуяа зам тээврийн сүлжээний нягтшил, хүртээмж сайн байх нь тухайн улсын эдийн засгийн бүхий л салбарын хөгжлийн гол түлхэх хүч болдог билээ. Гэхдээ олон жилийн турш манай улс зам тээврийн салбараа бүхий л талаар хөгжүүлэх гэж оролдсон ч бүтэл муутай байсаар ирсэн. Үүний шалтгааныг олон зүйлтэй холбож тайлбарладаг ч хоёр хөршийн тусламжгүйгээр хэзээ ч ахиц гарахгүй гэдгээ сайн ойлгож авсан. Тиймдээ ч 2013 оноос 2016 оны хооронд гурван улсын эдийн засгийн корридор байгуулах хөтөлбөрийг баталгаажуулахын тулд ажлын хэсэг нийтдээ 17 удаа уулзжээ. Үүний үр дүнд зам тээврийн салбар төдийгүй манай улс хөгжлөө хурдасгах том боломж нээгдсэн юм.

“Зам дагасан бодит хөгжил”

Тун саяхан манай улсад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И албан ёсны айлчлал хийсэн билээ. Тэрээр манай улсыг хөгжлийн хурдан гэлт тэргэнд амжиж суухыг урьж, уул уурхайн хөрөнгө оруулалтаас илүү зам тээвэр, аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт түлхүү анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Тиймдээ ч манай улсад хэрэгжүүлэх 32 төслийн дийлэнх буюу 13 нь зам тээврийн салбарт, Хүрээлэн буй орчныг хамгаалах болон экологийн чиглэлээр ГУРАВ, Шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр ГУРАВ, Хүмүүнлэгийн хамтын ажиллагааны чиглэлээр ГУРАВ, Худалдаа, гааль, мэргэжлийн хяналт шалгалт, хорио цээрийн чиглэлээр ДӨРӨВ болон бусад төслүүдийг хэрэгжүүлэх юм.

БНХАУ-ын хувьд энэхүү эдийн засгийн корридор нь стратегийн маш чухал хэсэгт тооцогдож буй. Ши Жиньпин 2013 онд Төв болон Зүүн өмнөд Азийн орнуудаар айлчлахдаа Торгоны замын эдийн засгийн бүс, XXI зууны Торгоны замын далайн бүсийг хамтран байгуулах санаачилга гаргасан. Үүний дараа “Бүс ба зам” байгуулах төлөвлөгөө бэлтгэснээ дэлхий даяар зарласан юм. Мөн тэрээр “Торгоны зам” санд 100 тэрбум юанийн санхүүжилтийг нэмэлтээр олгох ба оролцогч улсуудад 380 тэрбум юанийн зээл олгохоо амласан байдаг. Торгоны замд 30 гаруй улсын 2,2 тэрбум хүн харьялагдаж байна. Хятадын Засгийн газар энэхүү үзэл баримтлалыг хэрэгжүүлж, хөгжүүлэхээр гурван яам байгуулсан нь хэчнээн ач холбогдолтой хандаж буйг илтгэнэ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "БНХАУ-ын Төрийн тэргүүний санаачилсан төсөл амжилттай болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Энэхүү санаачилгад анхаарал хандуулбал, цаашдын ирээдүйд, бид бүрэн итгэлтэй байж чадна. Тийм учраас ОХУ оролцогч талуудтай иж бүрэн түншлэлийн харилцаа бий болгоно гэдэгт найдаж байна. Үүгээр ч зогсохгүй бид Европын Холбоотой, цаашилбал Европын улсуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэж байгаа”  хэмээн 2017 онд болсон “Бүс ба Зам” Олон Улсын хамтын ажиллагаанд оролцох үеэрээ хэлсэн байдаг. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш “Санаачилгын хүрээнд дэд бүтцийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалтад таатай хандаж буйгаа дуулгаад, цэвэр ус, эрчим хүч ашиглах, хүлэмжийн хийн ялгарлыг доогуур түвшинд байлгахад улс орнуудад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Энэ санаачилгын хүрээнд дэд бүтцийн салбарт маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэхээр хүлээгдэж байна. Тиймээс бид ирэх 10 жилүүдэд тогтвортой бус туршлагуудыг халж, цэвэр эрчим хүч ашиглах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлд улс орнуудад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” гэж мэдэгдсэн юм. Үүнээс гадна Их Британийн Сангийн сайд Филип Хэммонд “Цаашид Европын улсуудтай илүү ойр, нээлттэй харилцахаас гадна Европын Холбоог орхисноор бид Их Британийн хувьд шинэ түүхийн хуудсыг эхлүүлэх болно. Гэхдээ бид Европын хөрш зэргэлдээх улс орнуудтай илүү ойр, нээлттэй худалдааны түншлэлийн харилцааг бий болгохыг хүсэж байгаа. Үүнээс гадна шинэ түншүүдтэйгээ болон хуучин холбоотон улсуудтай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг дагаж мөрдөх болно. Бид худалдаанд илүү их анхаарал хандуулж байгаа. Харин БНХАУ бидний энэ зорилгыг хуваалцаж байна. Энэхүү санаачилга Их Британийн зорилгод нийцэж байна” хэмээсэн юм.

“Хэдий болтол хөнжилдөө хөлөө жийлцэж, улсынхаа хөгжлийг хойш татах вэ”

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний энэхүү санаачилгыг зөвхөн манай улс дэмжээд, хөл гараасаа барилцаад байгаа хэрэг биш гэдгийг дэлхийн томоохон улсуудын удирдагч нарын хэлсэн үгнээс харж болно. Дэлхийн улсууд Хятадын эдийн засгийн корридор, “Бүс ба Зам” санаачлагыг өөрийн оронд ашигтай байлгах, ашиг тусыг нь хүртэхийн тулд дуу нэгтэйгээр дэмжиж байна. Манай улс бол “Бүс ба зам”-ын маш чухал корридор. Харин бидэнд дэд бүтцээ хөгжүүлж, тээврийн зардлаа бууруулах нэн чухал шаардлага бий. Манай улсын тээврийн зардал нь бусад улсын жишгээс хоёр дахин их. Жишээлбэл, 25 тоннын нэг контейнерыг эцсийн хэрэглэгчид хүргэхийн тулд 2700 ам.доллар зарцуулдаг. Гэтэл дэлхийн ийм зардал дунджаар 1887 ам.доллар байдаг аж. Төв Азийн бусад улсад байдал арай дээр. Автомашины сэлбэг бүхий хоёр тоннын багтаамжтай чингэлгийг Узбекистанд хүргэхэд 6452, Казахстанд 5265 ам.доллар төлдөг. Нүүрс зэрэг ачааны зарим төрөл нь төмөр замын тээврээс хамаардаг. Тэгэхээр хамгийн түрүүнд барааг тээвэрлэх өртөг болон хугацааг юуны түрүүнд багасгах хэрэгтэй. Ази, Европыг холбосон зурвас дайран өнгөрөхгүй орнуудад ч импортын зардал нь буурах ашигтайг тэмдэглэх нь чухал юм.

Транзит буюу дайран өнгөрөх тээврийн үйлчилгээ нь өртгөө богино хугацаанд нөхөж чаддаг, эдийн засгийн хувьд  хамгийн ашигтай хэлбэр юм. Монгол улс Ази Европыг холбосон “Эдийн засгийн коридор”-ыг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулан байгуулж, жилдээ 200 сая тонн ачааг төмөр замаараа тээвэрлэхүйц хүчин чадалтай болгоод бүрэн хүчин чадлаар нь ашиглалаа гэхэд Азиас Европыг зорих нийт ачааны 1/3-ийг л дамжуулан өнгөрүүлж чадна. Харин олох орлого, эдийн засгийн үр өгөөж нь өнөөгийн уул уурхайгаас олохыг хүсч буй орлоготой зүйрлэхийн аргагүй их аж. Гурван зууны турш Монголын нутгаар монгол жинчид хоёр тивийг холбосон ачаа бараа зөөж, өөрсдөө бас ашгаа хүртэж явсан түүхтэй. Тэгвэл бидэнд одоо энэ түүхийг үргэлжлүүлэх боломж иржээ.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.26.231) 2018 оны 09 сарын 13

SHANHAIN HAMTIIN AJILGAAND ELS GESEN BODOL URGAN GARCH

0  |  0
zochin(66.181.182.236) 2018 оны 09 сарын 12

MEDLEGIIG ZAM TEEVREER OLJ AVDAG MEDLEGGUI BOL ARAATAN AMITANII IDESH BOLNO

0  |  0
zochin(66.181.182.236) 2018 оны 09 сарын 12

GADAAD HUDALDAAGUIGEER AALZNII TOR SHIG ZAM TEEVERTEI BAISAN CH HOGJIHGUI

0  |  0
иргэн(202.179.26.162) 2018 оны 09 сарын 10

хаа холын Америк энэ тэр гэж Савсагналгүй Хөрш зэргэлдээ 2 Оронтойгоо Ойр дотно түншлэж явсан нь Өлзийтөй байх өө Яаж ч бодсон

0  |  0
K(150.129.142.20) 2018 оны 09 сарын 10

Neg zam- neg bus gej orchuulah hun alga uu.

0  |  0
Г.Батнасан(103.194.176.117) 2018 оны 09 сарын 10

Ямар ч байсан энэ төсөл бол бараг Дэлхийн хэмжээний төсөл. Мэдээж оролцогч орнууд, тэр дундаа санаачилагч оронд өндөр ашигтай байх нь маргаангүй. Үл оролцвоос юу ч үгүй үлдхээс гадна төсөлд цөлмүүлэх эрсдэл үүсэх нь гарцаагүй. Заавал оролцох ёстой. Харин хэрхэн яаж гэдэгт л гол учир утга нь оршино.

0  |  0
НОВШНУУД(202.9.42.176) 2018 оны 09 сарын 10

ХЯТАДААР АЯЛЖ ХЯТАД ХООЛ ИДСЭН СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ НОВШНУУД АЖЛАА ХИЙГЭЭД ЭХЭЛЛЭЭ ДЭЭ???

0  |  0
Top