Эртний бичгийн ховор үзмэрүүдээр үнэ төлбөргүй үзэсгэлэн гаргалаа

2018 оны 09 сарын 11

Монголын үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд 2018 оны 9 дүгээр сарын 10-14-ны өдрүүдэд “Тал нутгийн соёл, шашны харилцаа ба үсэг бичгийн дурсгалууд: Монгол-Японы хамтарсан Бичээс төслийн 22 жилийн үр дүнгээс” үзэсгэлэн олон нийтэд нээлттэй үнэ төлбөргүй тавигдахаар болжээ.

Монгол нутагт монгол, түрэг, уйгур, хятан, нанхиад, перс, араб, согд, баракми зэрэг олон хэлээр хаданд бичсэн, тусгай гэрэлт хөшөөнд сийлсэн эртний бичгийн арвин дурсгал өдгөө болтол хадгалагдан иржээ. Тэрхүү янз бүрийн хэлээр бичсэн бичээсүүдийг нэмж илрүүлэх, утга агуулгыг нээн тайлах ажлыг Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг 1994 оноос хойш хийж байгаа аж.

“Бичээс” төслийн баг Монгол улсын ихэнх аймгуудаар  явж, янз бүрийн хэлээр бичигдсэн 30 орчим хөшөө, хөшөөний хэсгүүд, хадны бичээсүүдийг илрүүлж, дээрх судалгааныхаа үр дүнгээр өдгөө 6 ном нийтлүүлээд байна. Тэдгээр номуудад Монголд шинээр олдсон болон урьд мэдэгдэж асан гэрэлт хөшөө, бичээсүүдийг судалж, утга агуулгыг тайлж, зураг, хэв дардасын хамт судалгааны эргэлтэд оруулсан Монгол болон эртний нүүдэлчдийн сэтгэлгээний хөгжил, бичгийн боловсролын түвшинг харуулахыг зорьсон байна.

Дээр дурдсан  хөшөөд, хадны бичээсүүдийн дотор хэвтээ болон босоо дөрвөлжин бичгийн дурсгал, хятан их бичгийн гэрэлт хөшөө зэрэг ховор нандин олдворууд буй бөгөөд урьд нь хаанаас ч олдоогүй агсан хятаний их бичигт, тусдаа бие даасан гэрэлт хөшөө тийнхүү Монгол нутгаас (Дорноговь, Эрдэнэ сум Бүлээний овоо)-аас анх олдсон байна. Энэ хөшөө нь одоо болтол түлхүүрийг нь бүрэн олж, уншиж чадаагүй байгаа хятан их бичгийг тайлан уншихад шинэ эх хэрэглэгдэхүүн болох ажээ.

Мөн “Бичээс” төслийн судалгааны хүрээнд дэлхийн хамгийн эртний байж болох хаданд сийлсэн бичээсийг Дундговь аймгийн Хүрэн хайрхан сумаас нээн илрүүлэн судалж байгаа гэнэ. Эл хаданд цавчиж сийлсэн нанхиад бичээсийг манай тооллын 89 онд буюу 1929 жилийн өмнө бичсэнээрээ одоогоор хамгийн эртний хадны бичигт тооцогдож байгаа юм байна.

“Бичээс” төслийн бас нэгэн сонирхолтой ховор олдвор нь хусны үйсийг тусгайлан боловсруулж, түүн дээр бичсэн монгол номууд юм. Уг төслийн А.Очир, М.Эрдэнэболд, К.Мацуда, Т.Мураока, Т.Мацукава нар 2010, 2011 онд Булган аймгийн Дашинчилэн сумын Харбух балгасаас 100 гаруй хуудас үйсэн ном олж, Япон улсад сэргээн завсарлуулаад, өдгөө уншиж тайлан, тайлбар, удиртгалын хамт хэвлүүлэхэд бэлэн болжээ.

Монгол-Японы “Бичээс” төслийнхөн Монгол улсын нутагт буй янз бүрийн хэлээр хаданд бичсэн, хөшөөнд сийлсэн бичээсүүдийг хуулга дардас, гэрэл зургийн хаана ч байхгүй баялаг цуглуулгыг бүрдүүлсэн бөгөөд энэ эх материалууд нь дараа дараагийн судлаачдын гарын авлага болох бүрэн боломжтой болжээ. “Бичээс” төслийн багийн илрүүлсэн бүх дурсгал, олдворууд Монголын үндэсний музей, Хархорум музей, Монголын түүхийн төв архив, Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байна.


Н.Даваасүрэн

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top