Т.Ням-Очир: Онцгой нөхцөл байдалд СУРАГЧДЫГ АМРААХААС өөр арга байхгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 18

Утааны улирал эхэлж байгаатай холбогдуулан агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг УИХ, Засгийн газрын түвшинд байгуулагдан ажиллаж буй. Түүнээс гадна Европын орнуудад дэгдээд буй ханиад, томууны дэгдэлт хойд хөршид хурдацтай тархаж байгаатай холбогдуулан хичээлийн дундуур уртын амралт зохион байгуулах тухай асуудал хөндөгдсөн. Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа.

-Хүйтний улиралд бага насны хүүхдүүдийн өвчлөл ихэсдэгтэй холбогдуулан хичээлийн дундуур урт хугацааны амралт зохион байгуулах тухай яригдсан. Энэ боломжтой хувилбар уу?

-Монгол улсын ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа нийт 165 хоног байдаг. Дэлхийн 219 улсад хийсэн ЮНЕСКО-ын судалгаанаас үзэхэд дийлэнх улс орнуудын хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа 185-200 хоног байдаг. Өөрөөр хэлбэл, манай улс даруй 20 хоногоор бага хичээллэдэг гэсэн үг юм.

Гэвч хичээлийн агуулгын хувьд гадны орнууд байгалийн ухаан, гоо зүй гэх мэт багц хичээл байдаг бол манайд тусгаарлаж үздэг учраас ачаалал харьцангуй өндөр байдаг.

Үүнээс үзэхэд бид нар хичээлийн бүтэц агуулга, цаг, байгаль орчин, цаг уурын ялгаа болон монгол хүүхдийн нас бие сэтгэлийн онцлог зэргээс шалтгаалан хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг тохируулж байгаа. Хичээлийн дундуур урт хугацааны амралт зохиосноор хичээлийн хөтөлбөрөө багтаах гээд олон асуудал гарч ирдэг.

Харин онцгой нөхцөл байдал үүсэх, олон улсад өвчин эмгэг тархвал бид нар амраахаас өөр арга байхгүй. Тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч шийдвэр гаргах байх.

-Хэрэв урт хугацааны амралт зохион байгуулбал, дараагийн улирлын амралтын өдрүүд багасна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Ингэж зохицуулахгүй бол хүүхдүүдийн хичээл сурах цаг багасна. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн хичээл сэргээн санах, давтах цагууд  багасаж байна гэсэн үг.


-Энэ жилийн сурах бичгийн хүртээмж хангалттай байгаа юу?

-Сүүлийн 15, 16-н жилийн түүхэнд сургалтын хөтөлбөрөө огцом гурван удаа шинэчилсэн. Үүнээс үүдээд сурах бичгийн асуудал хүндрэлтэй байна. Одоо баримталж байгаа бодлого бол тогтвортой хөгжил юм.

Эдийн засаг, улс төр, соёл шинжлэх ухаан гээд бүхий л салбар тогтвортой байхгүй бол дөрвөн жил болоод засаг төр солигдох бүрт бүх зүйлс өөрчлөгдөж байгаа нь хөгжлийг удаашруулж байгаа хүчин зүйл юм. Бид дөрвөн жил тутам өөрчлөгдөж байгаа бодлоготой зэрэгцээд дөрөвхөн жилд сурах бичгээ шинэчилж чадахгүй.

Хичээлийн хөтөлбөр өөрчлөгдвөл сурах бичгээ өөрчлөхөөс өөр аргагүй тэгэхээр л эдийн засаг яригдана шүү дээ. Тиймээс эрх зүйн хувьд дор хаяж арван жилийн хөтөлбөртэй байх хэрэгтэй.

-Орон нутагт сурах бичигтэй холбоотой хүндрэл гарч байна уу?

-Баян өлгий аймгийн хувьд 30 орчим сурах бичиг орчуулагдан хэрэглэгдэж байгаа. Сурах бичгийн орчуулгийн хувьд тааруу үнэлгээтэй байгаа тул бид нар үүн дээр цогц бодлого хэрэгжүүлж, анхаарлаа хандуулан ажиллаж байгаа.

-Өчигдрөөс сургуулиуд жигд хичээллэж эхэллээ. Анги танхимын хүртээмж хэр байгаа вэ?

-2019-2020 онд 97 сургууль, 146 цэцэрлэг нэмж баригдахаар төлөвлөгөө гарсан байгаа. Хэрэв хөрөнгө оруулалт хэвийн явагдвал ирэх ондоо багтаад бүтээн байгуулалт дуусах байх. Энэ төлөвлөгөөний дагуу явбал сургуулиудад 39 мянган суудал нэмэгдэж, 20 мянган ор цэцэрлэгүүдэд нэмэгдэх юм.

Гэхдээ жил ирэх бүр суралцагчдын тоо ихсэж байдаг учраас энэ ажлыг зогсоохгүй цааш нь үргэлжлүүлэх нь зүйтэй.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.176.98) 2018 оны 09 сарын 18

Нөгөө 3 ээлжээр хичээллэхгүй болно гээд байсан. Яасан урьдчилж ам гардаг хүмүүс бэ. Одоо бол 2020 түүнээс цааш гээд өөрсдөөсөө зайлуулах үгс хаяад эхэллээ. Тооцо судалгаа яг таг байдаггүй юм уу. Ядаж л засвараа хугацаанд нь хийгээ ч.

0  |  0
Top