Дэлхий дахины номын сангуудад тулгарч буй асуудлыг хэлэлцэв

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 19

Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг, Соёл Урлагийн газар, Монгол Улсын Үндэсний номын сангаас “Номын сангийн алсын хараа”, Монголын номын санч, мэдээллийн ажилтнуудын үндэсний зөвөлгөөнийг Олон Улсын Номын Сангийн Холбоо (ОУНСХ)-ны удирдамжаар хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Олон Улсын Номын Сангийн Холбоо(ОУНСХ)-оос “Номын сангийн алсын хараа” цуврал хэлэлцүүлгийг “Хамтдаа ирээдүйг бүтээцгээнэ. Нэгдээрэй!уриан дор 2017 онд эхлүүлсэн. Дэлхийн номын сангийн салбарын бэрхшээл хийгээд боломжуудыг судлан таних зорилготой тус хэлэлцүүлэгт дэлхийн 190 орны 31 мянга гаруй номын санч дуу хоолойгоо нэгтгэсэн юм.

2018 оны 03 сард ОУНСХ 109 улсаас ирсэн тайланд үндэслэн дэлхийн номын сангийн салбарын 10 үндсэн чиглэл, боломжийг танилцуулж, хэлэлцүүлгийн хоёрдугаар шатыг дэлхий дахинд албан ёсоор эхлүүлсэн. Энэ шатанд номын сангийн салбарын хэтийн төлөвлөгөө, номын санчдад үлгэр жишээ эх сурвалж болохуйц үйл ажиллагаа, туршлагуудыг багтаасан санааны нөөц санг бүтээхээр ажиллаж байна.

Даяаршлын эрин үед номын санд тулгараад буй асуудлуудыг даван туулах цорын ганц арга зам бол нийтийг тэгш хамарсан, дэлхий дахины номын сангуудын нэгдмэл, хамтын шийдлүүд гэдэг санааг гол цөмөө болгосон “Номын сангийн алсын хараа” хоёрдугаар хэлэлцүүлгийг өнөөдөр буюу 09 сарын 18-нд Үндэсний номын санд зохион байгуулж байна.

Тус зөвөлгөөний талаар Үндэсний номын сангийн гадаад харилцаа, марктенгийн албаны дарга М.Даваасүрэн: ОУНСХ-нд Үндэсний номын сан 1992 онд гишүүнээр элссэн үеэсээ хойш үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож ирсэн. Өнөөдөр “Номын сангийн алсын хараа” хэлэлцүүлгийг Үндэсний номын сангаас 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ хэлэлцүүлгийн онцлог нь ОУНСХ-ны удирдамжаар дэлхийн 190 гаруй оронд зохион байгуулагдаж байгаа жишиг арга хэмжээ гэж хэлж болно. ОУНСХ-ноос дэлхий дахинд явуулж, олон улсын номын сангуудад тулгараад байгаа асуудлууд, шийдэх арга замыг эрэлхийлсэн ийм цуврал хэлэлцүүлэг юм. Өнөөдрийн хэлэлцүүлэгт улсын хэмжээнд 21 аймаг, сумаас номын санч, төлөөлөгч нар Үндэсний номын санд цуглан асуудлаа хэлэлцэж байна.

Өнгөрсөн жил “Номын сангийн алсын хараа”1 хэлэлцүүлгийн хүрээнд Монголын номын сангийн салбарт хамгийн чухал тулгамдаад байгаа төсөв санхүү, хүний нөөц, боловсон хүчний чадавхын асуудал, техник технологи, дэд бүтцийн асуудлуудаар нийслэл, хөдөө орон нутаг, улсын хэмжээнд номын санчид хэлэлцүүлэг зохион байгуулсан. Манай салбарт тулгамдаад байгаа гол чухал асуудлууд цогцоороо гарч ирсэн гэж хэлж болно. Бид тайлангаа нэгтгээд БСШУСЯ болон номын сангийн салбарын бодлогыг барьж байдаг бусад газруудад хүргүүлсэн. Тэгэхээр нэг талаар номын сангийн салбарт тулгараад байгаа гол ойлголтууд  гарч ирсэн, нөгөө талаас ОУНСХ-нд тайлан маань очсоноор Монголын номын санчдын дуу хоолойг дэлхийд хүргэсэн тийм үйл явдал болсон.  

Энэ жилийн тухайд тэр гаргаж ирсэн асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх, ямар гарцууд байна, номын сангийн салбарт ямар үйл ажиллагаа явуулснаар үйлчилгээ болоод хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэх вэ гэх зэрэг илүү стратеги, үйл ажиллагаа талдаа болж байгаагаараа онцлогтой.  Өнөөдрийн хэлэлцүүлгээс гарсан үр дүн, санал санаачлагыг бид тайлан болгож англи хэлэнд хөрвүүлэн ОУНСХ-нд хүргүүлнэ. Энэ тайлан маань олон улсын тайлантай нэгтгэгдээд ОУНСХ-ны 2019-2024 он хүртэлх хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа, стратегит тусгагдах юм.

Бас нэг зүйл нь өнгөрсөн жилийн хэлэлцүүлгийн тайлан 190 орныхтой нэгтгэгдээд дэлхийн номын сангийн асуудлууд тусгагдсан 10 үндсэн чиглэл, 10 боломж гэсэн тайлангийн хураангуй материал болж гарсан . Энэ нь бас монгол хэл дээр орчуулагдсан. Ингэснээр бид дэлхийн номын сангуудад ямар асуудал байна, тэдэнтэй хөл нийлүүлхийн тулд юун дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстой вэ гэдгийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэх зүйл болсон.

Энэ жилийн хэлэлцүүлгийн үр дүн нь бид өөрт тулгамдаад буй асуудлаа даван туулахын тулд ямар ажлууд хийж хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг аргачлал, стратеги төлөвлөгөө гаргана гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ “Номын сангийн алсын хараа” гэх энэ хэлэлцүүлэг бол номын сангийн салбарын ерөнхий дүр зураг, хийж хэрэгжүүлэх ажлууд, номын санч, мэдээллийн ажилтнаар сурч буй оюутнаас эхлээд бодлого барьж байгаа төвшний хүмүүсийн гарын авлага болохуйц материал, тайлангууд үлдэж байгаагаараа маш их онцлогтой. Энэ нь өөрөө судалгааны эргэлтэнд ч орох боломжтой болж байгаа юм.

Н.Даваасүрэн

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top