Б.НОМИНТҮШИГ: Төрийн өндөрлөгүүд ирсэнгүй. Тэдэнд тохируулан өдрөө товлох боломж бидэнд байсангүй

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

Сэтгүүлзүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж" сангийн нэрэмжит 10 дахь  удаагийн шагнал гардуулах ёслол өчигдөр /2018.09.19/ болсон. Монголын хэвлэл мэдээллийн энэ цаг үеийн шилдэг сэтгүүлч, нийтлэл, сэтгүүлзүйн өнгө төрхийг илтгэн харуулдаг, олон нийтэд танилцуулдаг уг ёслол 2018 оны шилдгээр 25 бүтээлийг онцлон танилцуулснаас тусгай байрын шагналтан нэгийг онцолж, шилдэг 10 болон дэд байр, Гран-При буюу "Балдорж" шагнал хүртсэн сэтгүүлчийг тодруулав.

"БАЛДОРЖ" ШАГНАЛ ХҮРТСЭН СЭТГҮҮЛЧДИЙН ЖАГСААЛТ

(ШИЛДЭГ 10)

10. Н.Хонгорзул (Bloomberg телевизийн сэтгүүлч). “Монголд үйлдвэрлэв” телевизийн цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн.


9. Б.Алтанхуяг (Монцамэ агентлаг). "Тагтаа паблишинг"-ийн эрхлэгч У.Бямбанямтай хийсэн “Анир гүм дэх цаг хугацаа” цуврал ярилцлага, “Өөрийгөө үл тоон бусдын өмнөөс дуугарах нь сэтгүүлчийн үүрэг болохоос сэтгүүлзүйн кареер хөөх салбар биш” нийтлэл бэлтгэсэн. 


8. Э.Хүрэлбаатар (Өдрийн сонин). “Замын үүдээр зэрлэг адуу мэт чихцэлдэн дайрах монголчуудын нэг өдөр” сурвалжлага бэлтгэсэн. 


7. З.Цэлмэг ("Засгийн газрын мэдээ" сонин). “Харилцуурын цаад дахь нулимс 3 сая иргэнээ хар тугалгатай махаар хооллодог 60 сая малтай монгол” нийтлэл бичсэн.


6. О.Солонго ("Зууны мэдээ" сонин). “Монгол хүн цэвэр ус хэрэглэх эрхийг олгоё”, “Аврал эрсэн зэрлэг амьтдыг хамгаалъя” цуврал нийтлэл бэлтгэсэн.


5. С.Батзаяа ("Монголын медиа карпораци"). “Өв соёлгүй монгол” цуврал нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэсэн. 


4. Д.Эрдэнэбаяр, Б.Бямбадорж, Г.Мөнхбаяр, Г.Нацагдорж ("25-р суваг" телевиз). “Нэг удаа үндэсний контент-Монгол, Солонгост нэг удаа” телевизийн цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн.


3. Б.Энхмарт ("Үндэсний шуудан" сонин). “Бид болон Монголын тал нутаг чамд хайртай” нийтлэл, “Зургаан настай Баяндүүрэнгийн сургуульдаа хүрэх зам” сурвалжлага.


2. Д.Ганзориг (TV9 телевиз). “Хасах градус алт дагасан харуусал буюу гэрийн буйрны эрх мэдэл”, “Хүн малтайгаа орхигдсон Хөвсгөл нуурын энэлэн” цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн. 


1.Х.Уянга ("Өнөөдөр" сонин). “Бөөн цагаан нуурын бөөн эмгэнэл” цуврал сурвалжлага, “Амьдрал сайн уу?” цуврал нийтлэл бэлтгэсэн.


Дэд байр: МҮОНР-гийн эрэн сурвалжлах, баримт нэвтрүүлгийн баг. Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Лхагвасүрэн нарын бэлтгэсэн “Хүний эрхийн сэдвээр" эрэн сурвалжлах цуврал нэвтрүүлэг.


Шилдгийн шилдэг сэтгүүл зүйн бүтээлд олгодог "Балдорж" гранпри шагналыг уламжлал ёсоор Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Нацагийн Багабанди тодруулав.


 

"Балдорж" шагнал, тэргүүн байр: "Өнөөдөр сонины сэтгүүлч Ж.Сувдмаа, Г.Энхбат. “Уул уурхайтай ханилсан орчин цагийн малчин” сурвалжлага, “Хариуцлагатай уул уурхайн эрэлд” цуврал сурвалжлагыг хамтран бэлтгэсэн.


Харин одоо "Балдорж" шагнал гардуулах ёслол дээр үг хэлсэн эрхмүүдийг онцолъё. Найман жилийн турш "Балдорж" шагналтанг тодруулсан Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, "Өнөөдөр" сонины эрхлэгч, "Балдорж" сангийн тэргүүн Б.Номинтүшиг, шүүгчдийн төлөөлөл, СУИС-ийн захирал Э.Сонинтогос, "Монцамэ" агентлагийн дарга, сэтгүүлч Б.Ганчимэг нарын хэлсэн үгнээс товчлон сийрүүлэв. 

---                               ---                                 ---

Ц.ЭЛБЭГДОРЖ: АЖЛАА ӨГСНӨӨС ХОЙШ АНХ УДАА ОЛОН НИЙТИЙН ӨМНӨ ИРЖ БАЙНА

-Би ажлаа өгснөөс хойш анх удаа олон нийтийн арга хэмжээнд хүрэлцэн ирж байна. Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж, "Балдорж сан"-гийн "Балдорж" шагналтныг тодруулах энэ үйл ажиллагааны халуун баярыг эрэн мэндчилж байна. Намайг Цахиагийн Элбэгдорж гэдэг. Би цэргийн сэтгүүлч мэргэжилтэй. Монголын сэтгүүлзүйн шилдгүүдийг тодруулахад манлайлах үүрэгтэй сүүлийн арван жил явж ирсэн "Балдорж" сангийн үйл ажиллагаагаар үргэлж бахархаж явдаг гэдгийг цохож хэлмээр байна. Аливаа салбарт манлайллыг хэрэгжүүлнэ гэдэг хэцүү. Тэр тусмаа сэтгүүлзүйн салбарт. "Балдорж" шагнал бол манай сэтгүүлзүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн шагнал. Нэгдүгээрт,  хүлээн зөвшөөрөгдсөн, хоёрдугаарт, мэргэжлийн, гуравдугаарт, сэтгүүлзүйн манлайллыг авч яваа. Ц.Балдоржийн хайрт хань, үр хүүхдүүд, энэ санг үүсгэн байгуулсан хүмүүс, сангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог шүүгчид, бүх хүмүүст дахин чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлэн, халуун баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. "Балдорж сан"-гийн 100 дахь шалгаруулалт яг энэ үдэш шиг улам өргөн дэлгэр сайхан байх болтугай. Энэ сангийн үйл ажиллагаа олон арван, олон зуун жил өөдөө дэвжин, дэгжиж байх болтугай гэж ерөөе.

Б.НОМИНТҮШИГ: ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮД МААНЬ ИРСЭНГҮЙ. ТЭДЭНД ТОХИРУУЛАН ӨДРӨӨ ДАХИН ТОВЛОХ БОЛОМЖ БИДЭНД БАЙСАНГҮЙ

 -Сайн байцгаана уу, сэтгүүлчид, сэтгүүлзүйн салбар, энэ мэргэжлийн нийгэмд эзлэх байр суурийг хүндэтгэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди, Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж болон Олон улсын байгууллага, бизнесийн салбарын төлөөлөл, төр нийгмийн зүтгэлтнүүддээ салбарынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж, энэ үдшийн амар амгалан нь эрье. Мөн тусгай байр, шилдэг 10, дэд байрт шалгарсан сэтгүүлчид болон шинэхэн “Балдорж” шагналтангууддаа баяр хүргэе.

Би хэдий сангийн тэргүүн хэдий ч редакцид харьяалагддаг гэдэг утгаараа шалгаруулалтын шүүлтийн явцад оролцох эрх байдаггүй гэдгийг эрхэм зочиддоо хэлэх нь зөв байх. "Балдорж" шагнал гардуулах ёслолын өдрийг тухайн үеийн төрийн өндөрлөгийн ажлын төлөвлөгөөнөөс хамааран товлодог ч есдүгээр сарын энэ л үед зохион байгуулсаар ирсэн түүхтэй. Учир нь аавын минь жинхэнэ төрсөн өдөр есдүгээр сард болдог юм. Энэ жилийн хувьд бид уламжлал ёсоор “Балдорж” шагнал гардуулах ёслолын ажиллагааг тохирсон ч төрийн гурван өндөрлөг маань ирсэнгүй. Тэдэнд тохируулан өдрөө дахин товлох боломж бидэнд байсан. Гэвч сэтгүүлчдэд маань урилга нэгэнт хүргэгдсэн байсан тул энэ ёслолын хамгийн хүндтэй зочид болох сэтгүүлчдээ үл хүндэтгэсэн хэрэг болно гэж бид үзсэн. Сэтгүүлзүйн гүүр гэгдэх болсон "Балдорж" шагнал гардуулах ёслолд төр нийгэм, бизнесийн эрхэм төлөөллүүд аавыг минь дурсахын сацуу сэтгүүлч мэргэжил, нийт сэтгүүлчдийг үнэлж, хүндэлж байгаагаа харуулахаар ирдэг болсон. Сангийн 10 жилийн ойд зориулсан танилцуулгыг хийж байхад "Балдорж" шагналт Г.Отгонбаяр ах маань “Балдорж” шагналын нэр хүндийг өндөрт өргөж, нийгэмд эзлэх байр суурь, нөлөөг өргөжүүлэх нь Монголын сэтгүүлзүйн үүрэг гэж хэлж байсан. 10 жилийн турш шагналынхаа нэр хүндийг өргөж яваа сэтгүүлчдэдээ баярлалаа. Нийгэмд хамгийн их өөрчлөлтийг авчрах арми даа энэ орой хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлж шинэхэн “Балдорж” шагналтуудаа өлгийдөн авсанд нь баяр хүргэе.

 Х.МАНДАХБАЯР: ЗАЛУУ СЭТГҮҮЛЧДЭД "БАЛДОРЖ" ШАГНАЛ ХҮРТСЭН БҮТЭЭЛИЙГ ЗААВАЛ УНШИХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

-Zindaa.mn сайтаараа дамжуулан “Балдорж” сангийнхаа эрхэм нөхдөд 10 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монголын сэтгүүлзүйн “Их хурд” хэмээн нэрлэгдэх болсон энэ шагнал бол Монголын сэтгүүлзүйн хэмжүүр болдог, нэр хүндтэй шагнал юм. Манай салбарт хүлээн зөвшөөрөгдсөн дээд шагнал гэж би хувьдаа ойлгодог. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн хувиар анх удаа “Балдорж” шагнал гардуулах арга хэмжээнд оролцож, сэтгүүлчдэд шагнал гардуулах завшаан тохиосонд баяртай байна. Энэ жилийн тухайд харж байхад телевиз, сайтын сэтгүүлчид нэлээд их бүтээлээ ирүүлсэн байна.  Шинэ үеийн медиа, шинэ сэтгүүлзүй цахим хуудасгүйгээр төсөөлөгдөхөөргүй болсон. Шалгарч буй сэтгүүлчдийн бүтээлийг харж байхад илүү хариуцлагатай, ирээдүйдээ чиглэсэн нийтлэл сурвалжлагыг бэлтгэж байгаагаараа онцлог санагдлаа. Залуу сэтгүүлчид “Балдорж” шагнал авч байгаа бүтээлүүдийг заавал уншаасай гэж зөвлөж, хүсч байна.

Э.СОНИНТОГОС: "БАЛДОРЖ" ШАГНАЛЫГ ЗАЛУУЧУУД ТҮЛХҮҮ ХҮРТЭЖ БАЙНА

-Би 2009 оноос хойш “Балдорж” шагнал гардуулах ёслолын шүүгчдийн бүрэлдэхүүнд тасралтгүй 10 жил ажиллаж байна. Би Ц.Балдорж эрхлэгчийн хажууд сэтгүүлч болсон. Тиймээс сангийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин оролцдог. Сүүлийн жилүүдэд манай “Балдорж” шагналтнууд дандаа залуучууд тодорч байгаа. Сэтгүүлзүй гэдэг мэдлэг боловсролоос гадна асар их авьяас чадвар, ёс зүй, сэтгэл шаардсан ажил. Энэ жилийн тухайд залуучуудын нийтлэл, нэвтрүүлэг их ирлээ. Мөн сайтын сэтгүүлчид нилээд их бүтээлээ ирүүлсэн. Вэб сайт буюу цахим хуудас Монголын сэтгүүлзүйн нэг шинэ үзэгдэл болсон нь үүнээс харагдаж байгаа.

Б.ГАНЧИМЭГ: "БАЛДОРЖ" ШАГНАЛ БОЛ МЭРГЭЖЛИЙН ТОМ ТААШААЛ

-“Балдорж” шагнал гардуулах ёслол манай сэтгүүлзүйн салбарынхны улаан хивсний ёслол юм. Сэтгүүлчдийн хөдөлмөрийг шударгаар  үнэлдэг, эрүүл өрсөлдөөн, мэргэжлийн чиг хандлага зэрэг талууд руу олон жилийн турш хөрөнгө оруулалт хийж байгаа. Сэтгүүлчдийн зэрэг зиндаа, ёс суртахуун, тойрсон олон шүүмжлэлүүд хурцаар өрнөж буй цаг үед “Балдорж” шагналтнуудын нэг болсноор энэ байдал ямар нэгэн байдлаар тасардаг л гэж би боддог. Би яг энэ тайзан дээр 10 жилийн өмнө зогсож байлаа. Тэр үед шувуу өндрөө авах шиг, сүргээсээ тасарсан шувуу шиг сонин мэдрэмж авч байсан. Үнэхээр мэргэжлийн том таашаал, ялалтыг мэдэрч байсан. 10 жил ямар хурдан цахилаад өнгөрсөн юм бэ гэж тэр өдрөө дурсаж суулаа. “Балдорж” сангийнхаа хамт олонд Монголын хариуцлагатай сэтгүүлзүйн төлөө зориулж байгаа энэ хүч хөдөлмөр, сэтгэлд нь гүнээ талархал илэрхийлж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gaadan(150.129.141.117) 2018 оны 09 сарын 20

Zaaval huviin soninii uil ajild ochih ystoi yu, heden ch uls turch irsiin surtei en

0  |  0
Top