ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТ УНШААРАЙ: Утасны хэрэглээг хязгаарлах 5 шалтгаан

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 21

Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Сургалтын орчинд авах арга хэмжээний тухай” тогтоолын дагуу сургууль, цэцэрлэгийн орчинд, сургалтын үеэр сурагч хүүхдүүдэд ухаалаг гар утас, түүнтэй адилтгах төхөөрөмж ашиглахыг ирэх аравдугаар сарын 1-ний өдрөөс хориглохоор болсон. Үүнтэй холбоотойгоор өсвөр насны хүүхдүүд болон бага насны хүүхдүүдэд нөлөөлөх ухаалаг утасны хор хөнөөлийг дахин сануулан хүргэж байна. Та энэ мэдээллийг хүүхэдтэйгээ хамт уншихад илүү үр дүнтэй.

1. НОЙРГҮЙДЭЛД ХҮРГЭНЭ 

Хүмүүс унтахынхаа өмнө гар утсаар тоглох, Wi-Fi орчинд интернэтээр мэдээ, мэдээлэл үзэх зэрэг нь нойргүйдэлд хүргэдэг. Үүнээс болж маш олон өвчний эх үндэс тавигддаг. Мөн нүдний хараанд муугаар нөлөөлөх, даралт ихэсгэх, стресс ядаргаанд оруулах зэрэг хор уршигтай байна. Ялангуяа Wi-Fi сүлжээний цахилгаан соронзон цацрагийг салгалгүйгээр шөнөжин асаалттай байлгах нь тархийг амраадаггүй бөгөөд үүнээс болж хүмүүс хар дарах, сэргэг бус болох ядрах зэргээр сөрөг шинж тэмдгүүд нэмэгдэнэ.

2. УХААЛАГ УТАСНЫ ТУЯА МУУ НӨЛӨӨТЭЙ

Шведийн Леннарт Харделл (Lennart Hardell) нарын эрдэмтэд судалгаагаараа гар утсыг чихэндээ ойр байлган хэрэглээд байвал тархины хавдар үүсгэх эрсдлийг дэмждэг болохыг тогтоожээ. Гар утас болон утасгүй телефоны өндөр давтамжит цахилгаан соронзон туяа энэхүү эрсдлийг бий болгодог байна. Ялангуяа хүүхдэд гар утасны хор хөнөөл илүү хурдан нөлөөлнө. Хүүхдийн бие махбодыг томчуудынхтай харьцуулахад бодисын солилцоо идэвхтэй явагддаг учраас эмзэг, яс нь нимгэн, эсүүд олноороо хуваагдан өсөлт эрчимтэй явагддаг. Судлаачид хүүхдийн тархины яс томчуудыг бодвол нимгэн тул цахилгаан соронзон туяа амархан нэвтэрч орох боломжтой гэж үздэг бөгөөд иймд хүүхдээ түүнээс хамгаалахыг анхааруулсаар байна. Судалгаагаар гар утасны туяа мөн хүүхдийн эсийн хөгжилд сайнгүй нөлөө үзүүлдэг нь тогтоогдож, эмзэг асуудлын нэг болоод байгаа.

3. ЦАГ ХУГАЦАА ТАНД "ГОМДОНО"

Ихэнх өсвөр насны хүүхдүүд өдрийн дийлэнх цагийг фэйсбүүк ухан өнгөрүүлэх нь элбэг болсон. Үүнээс үүдэн элдэв янзын мэдээ, мэдээлэл ихээр авч түүндээ итгэн буруу замд орох, сэтгэл санааны гутралд орох зэрэг аюултай. Өсч буй хүүхдүүд гар утас, таблет зэргээр тогтмол оролдох нь хүнд төрлийн харилцааны эмгэгтэй болох, өсөлт хөгжил нь удаашрах, хордох, тархины хөгжлийг саатуулах гээд олон сөрөг нөлөөтэйг эрдэмтэд баталжээ. Мөн үүнээс болж хүүхдүүд гар утас, компьютерт ихээхэн донтох болж, асуудал дагуулсаар байна. Нэгэнт технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа өнөөгийн нийгэмд ухаалаг хэрэглээнээс татгалзах амаргүй. Гэсэн ч хүүхдийнхээ эрүүл мэнд, ирээдүйг аврахын тулд ямар нэгэн алхам хийхээс өөр аргагүй болоод байна.


Хүүхдүүд шинэ тоглоом зохиох, оюун бодолдоо өөрийн гэсэн ертөнц бий болгох, ямар нэгэн үлгэрийн гол баатар болж өөрийгөө төсөөлөх зэрэг ургуулан бодох чадвараа хөгжүүлэлгүй орхидог байна.

4. БҮТЭЭЛЧ, ТӨСӨӨЛӨН БОДОХ ЧАДВАРЫГ ҮГҮЙ ХИЙНЭ

Өсвөр насны хүүхдүүд гэлтгүй бага насны хүүхдүүдийн хувьд амьдралынх нь эхний хоёр жил тархи хөгжих маш чухал үе байдаг гэнэ. Иймээс олон цагаар зурагт үздэг, гар утсаар оролддог хүүхдүүдийн бүтээлч байдал, төсөөлөн бодох чадвар эрс буурдаг аж. Хүүхдүүдийн хувьд амьдралынх нь эхний хоёр жил тархи хөгжих маш чухал үе байдаг гэнэ. Түүнчлэн сүүлийн үеийн дунд сургуулийн хүүхдүүд гар утсанд хэт татагдах болсноос хоорондын харилцаа эрс өөрчлөгдөж байгаа аж. Яагаад? Учир нь гар утас хүмүүсээс илүү сонирхолтой. Тэд илүү ухаалаг. Хариу өгөхдөө дэндүү хурдан. Мөн хүмүүсээс ялгаатай нь илүү олон боломжтой.


5. ХАРГИС, ХЭРЦГИЙ ТҮРЭМГИЙ ЗАН АРАНШИНТАЙ БОЛГОНО

Ямар ч шүүлтүүргүй хүчирхийлэл, түрэмгийллийг харуулсан кино, нэвтрүүлэг үзсэнээр хүүхдүүдийн зан авир догшин ширүүн болж өөрчлөгдөх юм уу, тэд дэлхий ертөнц аймшигтай хэмээн сэтгэж, өөрт нь ямар нэг муу зүйл тохиолдох вий гэсэн  үргэлжийн  түгшүүрт автдаг аж.  Зарим кинонд тамхи татах, архи уух зэрэг муу зуршлыг хэвийн үзэгдэл мэт харуулснаас тэд эрт архи, тамхинд орох эрсдэлтэй байдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top