Монголын “Оскар”-ын шагналтнууд маргааш тодорно

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 27

Кино урлаг нь хөгжлийн оргилдоо хүрчихсэн, хөгжингүй, хөгжиж яваа улс орнууд өөрсдийн гэсэн олон жилийн түүхтэй “Кино наадам”-уудтай байдаг. Бидний хамгийн сайн мэдэх нь “Оскар”-ын шагнал гардуулах ёслол. Жил бүр зохион байгуулагддаг энэ наадмаар холливуд, олон улсын бүрэн хэмжээний, анимэйшн, баримтат киноны шилдгүүдийг тодруулдаг. Оскар өдгөө 90 жилийн түүхтэй болжээ. Үүнээс гадна Канн, Берлин, Венец, Бусан зэрэг олон нэр хүнд бүхий олон улсын кино наадмуудыг бид мэднэ.

Харин энэ жил манай кино урлагийнхан “Академи авардс”-ийг долоо дахь жилдээ зохион байгуулах гэж байна.”Оскар” 90 жилийн  түүхтэй атал “Академи авардс” долоон л жилийн түүхтэй. Энэ хоёрыг харьцуулах нь дэндүү утгагүй гэж хүмүүс бодож болох юм. Нэгэнтээ “Холливудийн форматыг гол шалгуур болгож тавьж буй нь зарим хүнд өрөөсгөл санагдаж болох. Гэхдээ бид хүний нийгэм нэгэн үеэрээ бүрэлдэн буй болгосон туршлага, бүдэг ч болов зүй тогтлыг дагахгүйгээр хүнд тоогдохоор юм хийж сурах нь юу л бол...” /Я.Баяраа, “МОНГОЛ КИНО: Зохиол, зохиол, зохиол шүүмжээс”/ гэж бичсэн байдаг нь гарцаагүй үнэн тул харьцуулахад нэг их буруудахгүй.

Бидэнд харьцуулах, харьцуулагдах орон зай, биет зүйл дутагдаж байгаа нь үнэн. Найруулагч Ц.Хүсэлбаатар “Залуу үеийхэн кино зохиолоо л сайн боловсруул” гэж хэлсэн байдагчлан бид гадны чанартай уран бүтээлүүдийг үлгэрлэн жишиж, туршлага олж авах нь чухал хэрэгцээ. Сүүлийн үеийн монгол кино үзэгчдийг хөгжөөсөн хөнгөн зугаа, ур муухан зураглал,  үнэмшилгүй, сунжирсан харилцан яриа, үсэрч, тасарсан олон эвлүүлгээс бүрддэг болсныг хатуухан хэлэхэд нуух юун.

Уран бүтээлчид үзэгчдээ хүндлэх ёстой, мөн бүтээлийнхээ чанарт ч анхаарлаа хандуулах үүрэгтэй. Мэргэжлийн ур чадвараа өсгөх зайлшгүй шаардалагатай. Сүртэй, нүсэр дүрслэлээс илүү энгийн, дотортой зүйлийг эрэлхийлвэл хавь илүү монголчуудын соёл, сэтгэлгээтэй  уусан сүлэлдэж мэднэ.

Нөгөөтэйгүүр сайхан мэдээ ч бас бий. Монгол киноны чанар, үзэгчдийн хандлага, хүлээн авч буй байдал зэрэг нь жилээс жилд сайжирсаар л байна. Монгол киноны хөгжилд зайлшгүй хэрэгтэй, хэрэгцээтэй зүйл бол уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэлэх, шагнал урамшуулал олгох, бүтээлийг алдаршуулах, олон улсын тавцанд гарах гүүр болох зэрэг олон талт үйл хэргийг бүтээх шагналт наадам юм.

“Академи авардс” "томчуудыг" даган дуурайсан, бүтэл муутай улаан хивсний ёслол төдийхөн бус чанартай зохиолоор хийгдсэн чансаатай бүтээлүүдийг үнэлж, шагнал олгодог үнэ цэнэ бүхий наадам байх шаардлагатай байна. Тийм ч байх ёстой. Энэ жил манай кино урлагийхан харьцангуй сайн уран бүтээлүүд туурвисан гэж хэлж болно.

Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Академи авардс"-д “Байтаг богд”, “Зүрхний хилэн”, “Говийн домог”, “Амьдрал”, “Харанхуй хад”, “Бумеранг”, “Чингисийн хүүхдүүд”, “Чингис хаан”, “Үүлэн хээтэй орчлон” зэрэг бүрэн хэмжээний, богино, анимэйшн, кинонууд нэр дэвшин өрсөлдөж байна.

Нийт уран бүтээлчиддээ амжилт хүсье. “Академи авардс” олон жил зохион байгуулагдаж “Оскар”-ын дайтай шагнал гардуулах ёслол болохын төлөө монгол киноны уран бүтээлчид тасралтгүй, чанартай уран бүтээлүүдээ туурвисаар байх биз ээ.


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Selenge(66.181.185.207) 2018 оны 09 сарын 30

Baitag bogd kino bol mash ih taalagdsan

0  |  0
зочин(202.55.188.33) 2018 оны 09 сарын 27

Нээрээ энэ жил чанартай бүтээлүүд хийгдсэн шүү, Бумэрангийг үзэх юмсан гээд мартчихаад байх юм.

0  |  0
Top