БСШУСЯ, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Монголын ахмад багш нарын холбооноос хамтран “Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт”-ыг Төрийн ордноо өнөөдөр зохион байгуулав. Хүндэтгэлийн арга хэмжээний өндөр үүдийг Ардын жүжигчин А.Зангад “Багшаа дуулъя” дуугаараа өргөж, улмаар дурсамжит уулзалтын хойморт Ахмад багш нарын холбооны тэргүүн, Гавьяат багш, профессор Д.Амар үг хэлснээр албан ёсоор эхэлсэн.
Ахмад багш нарын холбоо байгуулагдаад 13 жилийн нүүр үзэж байгаа бол дурсамжит уулзалтыг УИХ ивээлдээ авч, Төрийн ордноо зохион байгуулаад таван жил болж байгаад ахмад багш нар туйлын баяртай байгааг холбооны тэргүүн Д.Амар дуулгасан. Нийтдээ 1000 ахмад багш чуулсан уулзалтын хүндэтгэлийн суудалд УИХ-ын дэд дарга, Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж ахуй цагтаа ахмад багш нартайгаа чамгүй хугацаанд хамтарч ажилласан Л.Энх-Амгалан, “Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль” санаачилан батлуулсан УИХ-ын гишүүн Н.Учрал, салбарын сайд Ц.Цогзолмаа болон бусад албаны хүмүүс хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн арван жилийн болон оюутан цагийн хоёр багш нь уулзалтад хүрэлцэн ирсэн учраас тэрбээр хоёр багшдаа хүндэтгэл үзүүлсэн юм.
Мөнхүү арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга, УГЖ Г.Эрдэнэбат, УГЖ С.Ганзориг нарын уран бүтээлчид ая дуугаар өргөж ахмад багш нарт урт удаан нас, эрүүл эхнийг хүсэн ерөөсөн. Ахмад багш нарын холбоо жил болгоны энэ өдөр орон нутгийн салбар холбоодынхоо ажлыг дүгнэж, бүтээлч багш нарыг шалгаруулдаг уламжлалтай юм байна. Тиймээс энэ жилийн шилдэг бүтээлч салбар холбоогоор Ш.Баатарчулуун даргатай Хөвсгөл аймгийн Ахмад багш нарын холбоо шалгарч тэргүүн байр эзэллээ. Хоёрдугаар байранд Өвөрхангай аймаг, Баганнуур дүүргийн салбар холбоод шалгарсан бол гуравдугаар байранд Дорноговь, Увс аймгууд тус тус шалгарсан.
“Бүтээлч багш”-аар Завхан аймгийн ахмад багш Д.Цагаанхүү тодорч, хоёрдугаар байранд Өвөрхангай аймгийн ахмад багш Г.Банзрагч, Дархан-Уул аймгийн ахмад багш Н.Нямаа нар шалгарлаа. Харин гуравдугаар байранд Сонгинохайрхан дүүргийн ахмад багш О.Дуламсүрэн, Өмнөговь аймгийн ахмад багш Б.Отгон-Эрдэнэ нар тус тус шалгарч, шагналаа салбарын сайд, УИХ-ын гишүүдээс гардан авсан. Монголын ахмад багш нарын холбооноос “Багшийн гавьяа” одонг бий болгож, салбарынхаа шилдгүүдэд хүртээдэг уламжлалтай юм байна. Энэ удаад “Багшийн гавьяа” одонгоор Б.Баттогтох, н.Ширбазар нарын хүмүүс шагнуулж, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр П.Сэргэмээг урамшуулав. Ийнхүү хүрэлцэн ирсэн салбарын сайдаас эхлээд УИХ-ын гишүүд болон бусад албаны хүмүүс ахмад багш нартаа хүндэтгэл үзүүлж үг хэлсэн. Гэхдээ энэ удаагийн уулзалт нь чуулж дуулахдаа бус боловсролын салбарт нэн тулгамдсан асуудлыг хэлэлцэх замаар Төрийн өндөрлөгүүдэд хүргэх, ахмад багш нарынхаа үг сургаалийг сонсоход чиглэгдсэн цаг хугацааг гаргаж өгснөөрөө онцлогтой.
Мэдээжийн хэрэг дурсамжит уулзалт учраас буурал шавь нар нь индэр дээрээс буурлын буурал багш нартаа сэтгэлийн үгээ дэлгэж, бага насны хөгтэй дурсамжаа дэлгэх нь сонирхолтой бөгөөд ёстой л 1000 дурсамж хөглөрсөн өдөр байв. Энэ үеэр салбарын сайд нь ахмад багш нараа “Сайн багшаас сайн шавь төрнө” хэмээх уриаг чангаар зэрэг хэлэх уриалга гаргаж түүнийгээ хальснаа буулган авч баримтат нэвтрүүлэг, кинонд ашиглахаар болсон. Ингээд хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зарим эрхмүүдийн үгнээс хүргэж байна.
БСШУС-ын сайд, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Сургууль болгонд чанартай чанаргүй багш бэлддэгийг цэгцэлнэ
Монголын боловсролын салбарын түүчээ болсон ахмад багш нартаа эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. Бид өнөөдөр чуулахдаа бус салбартаа болохгүй байгаа зүйлээ хэлэлцэх нь чухал. Багшийн хөгжлөө ярих цаг нь болсон. Төрөөс ч, салбар яамнаас ч ийм бодлого барьж, энэ тал дээр чамгүй олон ажил зохион байгууллаа. Тухайлбал, нийслэл, бүсийн хэмжээнд 3000 багш оролцсон зөвлөгөөн зохион байгуулсан нь нэлээд үр дүнтэй болсон. Сургууль болгонд чанартай чанаргүй багш бэлддэгийг яамнаас цэгцлэхээр тусгай хөтөлбөр гаргалаа. Тэгэхээр энэ хөтөлбөрт нийцэж үйл ажиллагаа явуулахгүй бол тухайн сургууль багш бэлдэхгүй гэсэн үг. Хэн ч хамаагүй төлбөр төлөөд багшийн мэргэжил эзэмшиж байгаа нь ёс зүйд нийцдэггүй. Тиймээс багшийн ёс зүйн асуудлыг ярих цаг нь болсон. Энэ тал дээр ахмад багш та нарын туршлага, мэдлэг юу юунаас чухал учраас хамтран ажиллана гэдэгт итгэж байгаа. Бид дандаа ёс зүй, хариуцлага ярихгүй, багш нарынхаа цалинг нэмэгдүүлэх тал дээр байнга анхаарч ажиллана. Багш нарын маань орлого сайн байж тэд Монгол Улсын ирээдүйг сайн сургана.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:“Ахмад настны тухай хууль” нь олон боломжуудыг нээж өгсөн
Миний хувьд УИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан учраас ахмад багш нартайгаа, холбооны тэргүүн Д.Амар багштай багагүй хугацаанд хамтарч ажиллаж иржээ. Дурсамжит чуулга уулзалтад гэхэд гурав дахь удаагаа оролцож байна. Би байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа “Ахмад настны тухай хууль”-ийг гишүүдтэйгээ хамтран батлууллаа. Энэ хууль нь өнөөдөр өндөр настны тэтгэвэрт гарсан ахмадуудад олон сайхан боломжуудыг нээж өгсөн нь мэдэгдэх болжээ. Дээр нь манай Н.Учрал гишүүн санаачлаад “Багшийн хөгжлийг дэмжих хууль”-ийг батууллаа. Энэ хуулиар маш олон асуудлыг шийдэж өгнө. Шийдвэр гаргах түвшинд энэ мэт хийсэн, одоо боловсруулж байгаа олон ажил байгааг дуулгах нь зүйн хэрэг. Цаашид ч би ахмад багш нараа аль ч түвшинд дэмжин ажиллана гэдгээ амлаж байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал:”Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль” аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ
Монгол Улсын үе үеийн сэхээтнийг төрүүлсэн эрхэм гавьяатай ахмад багш нартаа баярын мэнд хүгэе. УИХ, Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос энэ сайхан арга хэмжээг зохион байгуулаад таван жил болж байна, энэ нь төрөөс ямар нэгэн байдлаар багш нараа, ахмадууддаа хүндэтгэлтэй хандаж байгаагийн нэг илрэл. Миний хувьд тус байнгын хороонд харъяалагддагийн хувьд багш нартай ойрхон ажиллаж иржээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай хамтраад “Багшийн хөгжлийг дэмжих хууль”-ийг санаачлан УИХ-аар батлуулсан, ирэх аравдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэнэ. Үүгээрээ бид багш нараа ёс зүйтэй байлгахаас гадна ажилласан жилээр нь ангилахаас бус заах арга, өөрийн авьяас билэг, тухайн багшийн чадварт зориулсан урамшууллыг бий болгох нь чухал гэж үзсэн. Өнөөдөр багш нарт тулгамдсан олон асуудал бий, харин хууль хэрэгжиж эхэлснээр энэ олон асуудлыг шийдэж чадна гэж үзэж байгаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:Ерөнхий боловсролын сургуульд жинхэнэ Хөдөлмөрийн баатрууд байдаг
10 жилийн багш, оюутан цагийн багш нар маань хоёулаа чуулганд ирсэн учраас би багш нартаа хүндэтгэл үзүүлэх гэж энд хүрэлцэн ирлээ. Тэгэхээр хоёр багшдаа болон нийт ахмад багш, монголын бүх багш нарт баярын мэнд хүргэж сайн сайхныг хүсэн ерөөе. Их дээд сургуулийн багш нар хичээлээ программын дагуу заачихаад цалингаа аваад явж байна. Гэтэл боловсролын салбарт хамгийн ачаалалтай ажилладаг нь Ерөнхий боловсролын сургуулийн багш нар байдаг. Яагаад Ерөнхий боловсролын сургуулиас Хөдөлмөрийн баатар төрөхгүй байна вэ. Энд л жинхэнэ Хөдөлмөрийн баатрууд ажилладаг гэж би боддог. Тэгэхээр шийдвэр гаргах түвшинд энэ тухай дор бүрнээ бодох цаг нь болжээ.
Ахмад багш Д.Баттогтох:Миний шавь ч ирж, миний багш ч ирсэн сайхан уулзалт болж байна
Би Монгол Улсын консерваторт бүр багаасаа суралцаж, сургуулиа төгсөөд тэндээ багшлаад, одоо тэтгэвэрт гарч ахмад багшийн тоонд орчихсон явна. Баярынхаа өдөр “Багшийн гавьяа” одонгоор шагнуулаад үеийн нөхөдтэйгөө уулзаад маш сайхан байна. Би анх 1985 онд ажлынхаа гарааг эхэлсэн гэхээр 30 гаруй жил энэ салбарт багшилжээ. 1000 багшийн дурсамжит уулзалтад миний шавь ч ирсэн байна, надад багшилж байсан буурал багш нар маань ч иржээ. Миний хувьд Ардын жүжигчин Ц.Дашдулам багшийн унаган шавь учраас багшаар шударга хөгжим заалгаж энэ чиглэлээр арван жил ажилласан. Үндсэн мэргэжил бол Урлаг судлаач мэргэжилтэй, ерөнхийдөө урлагийн түүх гоо зүй заана. Мэргэжлийн багш нар ерөнхий боловсролын сургуулийн багш биш учраас харьцангуй цөөн шавьтай, жилдээ зургаан шавь л төгсгөнө. Хүүхэд тус бүртэй нэг нэгээр нь тулж ажилладаг.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )