Шашин, сүм хийдээс олон юм монголд алга боллоо. Хоёр алхаад нэг сүм тааралдана. Гурав алхаад нэг номлогчтой учирна. Тэр номлогч нь Есүс Христийн төрсөн үр мэт аашлахыг яана. Бас болоогүй ээ, дөрөв алхаад хартал нэг бөө толь, хэнгэрэг барьчихсан дөвчигнөнө. Магадгүй нэг өглөө босоод ирэхэд хажууд маань лалын шашинтнууд бөөнөөрөө мөргөл хийгээд тэнгэр өөд гараа дэлгэн суугаатай тааралдах биз. Шашин шүтэх, эс шүтэх нь тухайн хүний эрх, эрх чөлөөний асуудал юм л даа. Монголчууд буддын шашныг үндэсний уламжлалт шашин гэдэг байлаа. Сүүлдээ ингэж хэлэх аргагүй болж байх шиг байна. Өнөөх бөө нараа мартчихаад ийнхүү ярьцгаадаг байсан юм гэнэ. Бөөгийн мөргөлтөн, шашинтан хэмээн хоёр янзаар ярьж л байна. Гэхдээ угтаа энэ нь нэг ойлголт бололтой. Бөө Монголд 7500 гаруй жилийн өмнөөс үүссэн гэдэг. Тогоонтөмөр хаан Хятадаас Монголдоо ирээд бөөгийн шашныг дахин сэргээсэн юм билээ. Тэрээр 1370-1578 онд бөө хүчээ аван хөгжихөд гол нөлөө үзүүлсэн тухай түүхийн эх сурвалжууд өгүүлдэг. Сүүлдээ шарын шашин Монголд дахин сэргэхдээ бөө нарт тал бүрийн шахалт үзүүлсээр байжээ. Чингисийн алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн хутагт, Халхын Цогт хун тайж нарын тэмцэл үндсэндээ шарын шашны эсрэг чиглэж байсан нь ийм л учиртай ажээ. Гэвч тэд ялагдал хүлээсэн юм. Ингээд Түвдийн далай лам Содномжамц шарын шашныг монголчуудын тархинд жинхэнэ зоож өгсөн байна. Ингэхдээ бөө нараар бөөлүүлсэн хүмүүсийг морь, тэмээгээр торгох хууль дүрэм гаргаж байжээ. Мөн Галдан бошигт хааны үед шарын шашин, бөөгийн шашин хоёрын дунд цуст мөрдөлдөөн болсон юм. Ийнхүү Монголд шарын шашныг оруулж ирсэн нөхдүүд 700 гаруй бөөг барьж аваад бөөнөөр нь нүхэнд хийн амьдаар шатаасан нь ч гашуун үнэн. Өмхий хар утаа олгойдсон гал дундаас харин хоёр бөө өөрсдийн ид шидийн гайхамшгаар дүүлэн гарч хаа нэгтээ нуугдан амьд үлдсэн гэх домог мэт дурсамж үлджээ. Галдан бошигт хаан өөрөө бас зүгээр байгаагүй. Бөө нарыг хүйс тэмтэрсэн. Өөрөөр хэлбэл аливаа дайны түүх нь шашин хоорондын мөргөлдөөний түүх болж үлдсэний нэг жишээ гэх үү дээ. Тэгвэл өнөөдөр бөө нар дахин сэргэж ёстой алж өгч байна. Болсон болоогүй, бөөгийн уншлага энэ тэр гэж хүмүүсийн тархи угааж мөнгөжих, бусдыг мөлжих хэрэглүүрээ болгож байгаа нь тун гунигтай. Жинхэнэ мөнх тэнгэртэйгээ харьцаж, агуу гайхамшиг болсон үл тайлагдах далд хүчийг дуудагч нь хаана байгааг бүү мэд. Энэ бүхэн нь бөөгийн шашин, зан үйлийг дэндүү хорьж, хааж ирсэн өмнөх нийгмийн маань гай юм болов уу даа. Өнөөгийн бөө нарын ихэнх нь хүний аминд хүрчихдэг болсон гэвэл арай хэтрүүлэл болохгүй байх. Буддын шашин харин арай зөөлөн. Аймаг, сум бүрд буддын сүм хийдээ сэргээх нь сэргээж, шинээр барих нь шинээр барьжээ. Тэдгээрт очиж ном гүрэм хуруулагчид ч олон байгаа. Гэвч Монгол дахь шашин шүтлэгийн харьцаа үндсэндээ хуучин шигээ биш, хүмүүсийн ихэнх нь Есус Христийг дагалдагчид болж байна. Солонгос, Япон, Америк, Оросын христчид буддын шашны сүмүүдээс аль хэдийнээ өрсөөд дүүрэг, хороо, аймаг болгонд гоё дэгжин барилгуудаа босгож, шүтэн бишрэгчдээ татаад авчээ. Хойд Солонгост төрж, дайны жилүүдэд Япончуудад туслаад гүйж явсан Сам Сён Мүүн гэгч өвгөн хүртэл нийслэл хотод маань өөрийн сүмийг байгуулан тэндээ С.Баярцогт мэтийн улс төрчдийг эртнээс элсүүлэн авсан юм гэнэ. Баабар ч мөн Христийн шашныг номлогч “Бүргэд” нэртэй телевиз байгуулахад биечлэн оролцсон юм. Гэхдээ Сам Мён Мүүн бусдаасаа бүр илүү сонирхол татна. Тэрээр Япон, Америкийн шоронд найман удаа ороод гарсан их эр. Нас нэлээд хэвийх үедээ Өмнөд Солонгосоос үе мултарсан бүсгүйг эхнэр болгон аваад Америк очиж аж төрсөн. Тэр одоо өөрийгөө Есус Христийн хүү хэмээн танилцуулж байгаа. Хоёр ч удаа Монголд ирээд буцсан. Сүүлд нь ирэхдээ төрийн ордонд гэр бүлийн сайн сайхан, аж жаргалтай амьдрал, хайрын тухай лекцээ уншсан. Энэ үеэр манай зарим эрхмүүд түүнд өөрийнх нь хөрөг бүхий хивс бэлэглээд харайж явсан юм. Христ дэх түүний урсгалыг өдгөө Мүүний шашин хэмээн нэрлэж байна. Залуусыг Америкт аваачин гудамжаар явуулан үзэг, харандаа мэтийг хүмүүст заруулж санхүүжилтийг өөрсдөөр нь хийлгэхийг хичээнэ. Монголоос олон залуус түүний энэ өвөрмөц ажлыг Нью-Йоркын гудамжинд очиж хийсэн гэнэ лээ. Америкдаа Мүүн дээгүүрт ордог тэрбумтан тул Килинтон зэрэг том улс төрчид сонгуулийнхаа “Пи Ар”-т түүнийг ашиглаж байлаа. Зөвхөн христэд итгэгчдийн нэг удаагийн томоохон цуглаанд Сан Мён Мүүн Килинтоныг магтсан ганц үг хэлснийхээ төлөө 500 мянган доллар авч байсан гэдэг. Шашнаараа нэр хүндэд хүрсэн хүний үг Ерөнхийлөгчийн сонгуульд ч ийнхүү үнэ хүрч байсан нь энэ. Манайд ч бас христ, буддын шашинтнууд их бага хэмжээгээр сонгуулийн сурталчилгаанд оролцож байгаа. Гэхдээ энэ яахав. Монголд одоо буддын шашин бүдгэрч эхлэх нь ээ. Христийнхэн хүч түрэн урагш ахисаар, хүмүүсийг араасаа дагуулсаар байна. Монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн Ш.Сүхбат нэг удаа “Арваад жилийн дараа христэд итгэгчид манай хүн амын 70 гаруй хувийг эзэлнэ. Одоо христчид бараг 40 гаруй хувьтай болоод байгаа” гэсэн юм. Шашны зан үйл, шашин хоорондын харилцааны асуудлыг сайтар судалж яваа түүний хувьд оргүй хоосон зүйл хэлээгүй болов уу.
Христийн шашны арав гаруй урсгал өнөөдөр Монголд орж ирээд байгаа бөгөөд тэдгээр нь ядуу тарчиг айл өрхүүдийг эгнээндээ татах өөрийн гэсэн аргатай ажээ. Тэр нь өдрийн хоол цай өгөх, хүмүүнлэгийн чиглэлийн бусад тусламж дэмжлэг үзүүлдэгээрээ онцлог. Хүмүүсийг үнэ төлбөргүй эмчилж оношлох, өвчинд баригдсан нэгнийх нь төлөө бүх итгэгчдээ цуглуулаад мөргөл, залбирал үйлдэх жишээтэй. Гэхдээ христийн сүмийн пасторууд нь хоёр нүд хараагүй хүнийг юм хардаг болгодог энээ тэрээ гэсэн хоосон сурталчилгааг бас гааруулж орхино. Дэвэргэн ийм үйл нь хүмүүст төдийлөн таалагддаггүй ч христэд итгэгчдийн эгнээ өдрөөс өдөрт тэлээд байгаагийн нэг нууц нь сүмүүдийн дотоод дэг журам, хүн хүндээ хандах хандлага, хүмүүний түгээмэл соёлын үрийг тарьж буй чадвар нь болов уу. Солонгос улс дэлхийн 2 дугаар дайны дараа хүн амынх нь бараг 90 гаруй хувь буддын шашинтан байсан бол одоо энэ үзүүлэлт урвуугаараа эргэж 90 гаруй хувь нь христийн шашинтан болжээ. Орой болгон Солонгос кино үзэн суугаа Монголчууд маань үүнийг анзаарч байгаа байлгүй дээ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )