Мөнгөн усны АЮУЛЫГ сануулсан НҮД ХАЛЬТРАМ ГЭРЭЛ ЗУРГУУД

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 03

Мөнгөн ус нь hydrargyrum буюу “ус”, “мөнгө” гэсэн утгатай Грек үгнээс гаралтай. Мөнгөн усыг анх манай эриний 1500, 1600-гаад оны үед Египетийн нэгэн том агуйгаас олжээ. Харин түүний аюултай чанарын талаар манай эриний 23-79 оны үеэс мэддэг байсан ба 500-700 он хүртэл металл гэж үздэггүй байв. 1800 оны үед эсгий малгайг хэлбэртэй болгохын тулд мөнгөн ус ашиглаж эхэлжээ. Малгай хийдэг ажилчдад илэрсэн мөнгөн усны хордлогын шинж тэмдгээр нь тэднийг “Малгай хийдэг галзуучууд” гэсэн нэр томъёо хүртэл гарч байсан аж.

Эртний Хятад, Түвд, Грек, Египетэд мөнгөн усыг эмчилгээ, шашин, гоо сайхны зориулалтаар ашигладаг байсан. Харин алхимичид мөнгөн усыг бүх металлын эх үүсвэр “Анхдагч матери” гэж үздэг байсан бөгөөд түүнийг ямар нэгэн металлтай нэгтгэн, амальгам үүсгэх замаар алт ялгахад хэрэглэдэг байв.


Мөнгөн ус нь байгаль дээр “Металл буюу элемент”, “Органик бус”, “Органик” гэсэн гурван хэлбэрээр оршдог. Эдгээр бүх хэлбэрүүд нь өөр өөрийн өвөрмөц онцлог шинж тэмдэг бүхий мөнгөн усны хордлогыг үүсгэдэг байна.

Хүрээлэн буй орчинд галт уулын дэлбэрэлт, байгаль дахь усны эргэлт, хад чулууны өгөршилт зэрэг байгалийн гаралтай мөнгөн усны эх үүсвэрүүд байдаг бол нүүрсний шаталт, уул уурхайн олборлолт, цементийн үйлдвэрлэл, газрын тосны борлуулалт, алтны бичил уурхай, мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүний хаягдал зэрэг хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй мөнгөн усны эх үүсвэр маш их.

2010 онд хийгдсэн дэлхийн ялгарлын тооллогоор хүний үйл ажиллагааны улмаас дэлхий дээр агаарт 1960 тонн мөнгөн ус ялгарч байгааг тогтоожээ. Эдгээрээс дийлэнх хувийг алтны бичил уурхайн салбар (37 хувь), нүүрсний шаталт (24 хувь), анхдагч өнгөт бус металлын үйлдвэрлэл (10 хувь) эзэлдэг байна.

Дэлхий дэх хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй агаар дахь мөнгөн усны ялгаралыг бүс нутгаар нь авч үзэхэд Ази тивд 50 хувь буюу хамгийн их хувьтай  мөнгөн ус ялгарчээ.

1958 онд  Японы Минамата арлын оршин суугчид метил мөнгөн усаар бохирдсон загасыг хоол хүнсэндээ хэрэглэснээр олон зуун хүн хордож, нас барсан ба тухайн үед загасан дахь мөнгөн усны агууламж 50мг/кг байжээ. Энэ хордлогын тохиолдлыг түүхэнд “Минамата өвчин” хэмээн тэмдэглэдэг.


Монголд 2007-2008 онд химийн хорт бодистой тээрмээр алтны хүдэр боловсруулах, хууль бус ажиллагаа өрнөж, нийт зургаан аймгийн 21 сумын 130 цэгт хуримтлагдсан 92956 м3 буюу 139410 тн шламыг тээвэрлэж, химийн бодисоор бохирдсон 78965 м2 талбайд хөрс хуулалт хийн саармагжуулж, орон нутагт хүлээлгэн өгөх, алт угааж байсан 124 тээрмийг хураан авах зэрэг ажлыг Монгол Улсын засгийн газар хэрэгжүүлж байжээ.

Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-ын Байгаль орчны хөтөлбөрийн удирдах зөвлөлөөс 2009 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр гаргасан 2/25 тоот шийдвэрийн дагуу 2013 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Дэлхийн 147 улс орон "Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц"-ийн эх бичвэрийг боловсруулсан. 2013 оны аравдугаар 10-11-ний өдрүүдэд Японы Кумамота хотод тус конвенцийг хүлээн зөвшөөрсөн улс орнууд гарын үсэг зурсан бөгөөд одоогийн байдлаар 100 шахам улс орон уг конвенцид гишүүнээр элсээд байна.

Монгол Улс мөнгөн усны хэрэглээг бууруулах, бүр мөсөн хориглох, ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалах, хүрээлэн буй байгаль орчин, хөрсийг бохирдуулахгүй байх үүднээс УИХ 2015 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “Мөнгөн усны Минаматагийн конвенцийг соёрхон батлах тухай” хууль батлан хэрэгжүүлж эхэлснээр Ази тивээс уг конвенцид нэгдсэн анхдагч улсуудын нэг болсон юм.

Байгаль орчин, хүн ардынхаа эрүүл аюулгүй, химийн бодисын бохирдолгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, мөнгөн уснаас үүссэн онц аюултай энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, сургамж өгөх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ, Япон улсын Дэлхийг ногооруулах холбоо, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол улсын их сургууль, Нийслэлийн боловсролын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монгол бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо ТББ, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл зэрэг байгууллагууд хамтран "МӨНГӨН УСНЫ ЧИМЭЭГҮЙ АЮУЛ..., МИНАМАТА КОНВЕНЦ" фото зургийн нээлттэй үзэсгэлэнг зохион байгуулж, өнөөдөр /2018.10.03/ нээлтээ хийлээ. Мөнгөн усны талаар хөндөн бичих болсон нь бодит амьдралаас бүтсэн эдгээр гэрэл зургийн үзэсгэлэнтэй холбоотой юм.


АЮУЛ - БОДИТ АМЬДРАЛ


  • Загасчин Тоокоочи. Хүү нь минимата өвчний улмаас нас барсны дараахан өөрөө мөн минимата тусчээ. Түүний хуруу маш хурдтайгаар хатангиршиж, хатуурч эхэлсэн. 1960 он

  • Казүмицү өдрийг гэртээ ганцаараа өнгөрөөдөг байв.

  • Мөнгөн ус ашиглан, хувиараа алт олборлогч эмэгтэйгээс төрсөн ургийн гажиг (Өмнөговь, Ханбогд сум. 2008.10 сар)

Үзэсгэлэнг улс орон даяар аялуулах бөгөөд иргэдэд химийн бохирдлын хор хөнөөлийг ойлгуулахын зэрэгцээ Олон улсын өмнө конвенциор хүлээсэн үүргээ биелүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Фото зургийн нээлттэй үзэсгэлэн Зайсанд байрлах Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдсэн ба 2018 оны аравдугаар сарын 03-ны өдрөөс 12-р сарын 25-ныг дуусталх хугацаанд даваагаас баасан гарагуудад 08:30-17:30 цагийн хооронд олон нийтэд үнэ төлбөргүй үзэж болно.

Н.Даваасүрэн

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(172.68.253.47) 2018 оны 10 сарын 03

Менген ус хэрэглэсэн хун аан-ийг торгоод олон нийтэд сургамж болгохоор арга хэмжээ аваачээ

0  |  0
Top