"Хөхөөний үүр" уран сайхны киноны шүүмж
"Огторгуйн буданд төөрсөн
Ангирын дэгдээхий хөөрхий
Орчлонгийн буданд төөрсөн
Хүний үр хөөрхий..."
Нэгэн хөхөө үүрээ орхин нисчээ. Үнэндээ ч нэг биш л дээ. Хэд байгааг нь сонирхох хүн үгүй. Сонирхох хүн үгүй учраас л Монголын нийгэмд эцэг, эхгүй, эзэнгүй хөхөөний үүр улам оршилсоор байна... Өнчирч хоцорсон ангаахайнууд амаа ангалзуулан, амьдралыг онож ядна. Яг л ийм нөхцөл байдлыг туулж буй нэгэн "үе"-ийг харуулж, өнөө цагийн кино урлагт өөр аяс, өнгө төрхийг нэмсэн нь "Хөхөөний үүр" уран сайхны кино. Үлгэрт өвдөж ядарсан эх ачлалгүй хүүхдүүддээ гомдоод хөхөө болон нисдэг. Харин киноны үйл явдалд бүх зүйл эсрэгээрээ.
Улаан чулуутын хог түүгчдэд хэдэн хуванцар лаазны төлөө биеэ үнэлдэг охин жирэмсэн болжээ. Болороо 20 настай. Тэр ч бас үүрэндээ хоцорсон өнчин ангаахай. Киноны өрнөл хэсэгт Болороо “Хүүхэд ийм хөөрхөн байхад миний ээж яагаад намайг хаясан юм бол...” гэж нулимс дуслуулан ярих нь сэтгэл шимшрэм. Киноны гол санаа энэ байсан гэж хэлж болно.
Хүний амьдрал төрөх, үхэхийн хооронд үргэлжилдэг. Ээж хүн ч бас энэ хорвоод ирдэг, буцдаг. Энэ бол кинонд гардаг үйл явдал. Тийм их өвдөлтийг мэдэрч төрүүлсэн үрээ харийн үүрэнд орхиод явж чадахгүй ээжид хүүхдээ аваад зугтахаас өөр сонголт байсангүй. Тухайн хэсгийг үзээд "хайр бол өвдөлт" гэж бодлоо. Энэ амьдралд бүх зүйл үнээр олддог ажээ. Гэтэл...
Тээж, төрүүлсэн үрээ тоох ч үгүй хаяж, гээсэн тохиолдлууд бидний чихэнд сонсогдсоор удсан. Аливаа зүйлийг урлагаар дамжуулан ухамсарт хүргэхэд хүн анхаарлаа хандуулж, ойлгож, хүлээж авах нь хамаагүй үр дүнтэй. Нэг ёсондоо урлаг бол бэлэн хоол юм. Тэр тусмаа кино урлаг. Бэлэн хоолыг хэн ч хэлээрээ түлхэхгүй шүү дээ. Та л авахыг хүсвэл юуг ч өгч чадах тийм л шидтэй ертөнцийг кино уран бүтээлчид бүтээдэг. Зүйрлэвэл сайн кино гэдэг ээжийн хийсэн гурилтай шөл шиг амттай бас шим тэжээлтэй. Идсэний дараа хар хөлс цувж, бөх сайхан унтмаар болгодог тийм л зүйл.
Кино эхлээд талдаа орлоо. Урд хөршид ихэнх зураг авалтаа хийсэн гэж сонсоод өвөр монголчууд л гарах байх гэж таамаглан кино театрыг зорьсон би жинхэнэ амьд, үл ойлголцол үзэж буйдаа олзуурхан суув. Сайшаалын үгээр өвөрмөц нэртэй эл киног тодорхойлохыг, тодотгохыг хүссэнээ нуух юун.
Зураг авалтын объектууд цөөхөн, харилцан яриа энгийн, чимэггүй байсан нь киног сайшаах нэгдүгээр шалтгаан. Болороогийн очдог хийдийг цэвэрлэдэг гэр оронгүй хятад эр түүнтэй киноны турш чимээгүй байдлаараа ойлголцдог нь найруулгын хувьд бас л оносон шийдэл. Киноны хөгжим ч мөн сайшаал төрүүлэм. Маш энгийн. Киноны төгсгөлд 17 настай охин үгийг нь бичсэн гэх намуухан дуу эгшиглэнэ. Ихэнх хүнд таалагдсан гэдэгт эргэлзэхгүй байна.
Гэвч сайны хажуугаар саар дүгнэлт бас байна. Үнэхээр эргэлзээ төрүүлсэн нэг асуулт байна. Амьдралын хар бараан, хатуу бэрхийг аль жаахнаасаа үзэж туулсан 20 настай “хүүхэн” тийм гэнэн цайлган, цагаан цаас шиг байх нь ихэнх тохиолдол эргэлзээтэй. Үүнд магадгүй гол дүрийг бүтээсэн жүжигчин эмэгтэйн дүрийн судалгаа дутуу байсан байж болох юм. Эргэлзээ төдий... Гэхдээ тэр найдвар төрүүлэм тоглолттой байсныг ч бас магтмаар байна. Найдвар бол ирээдүй. Найдвар төрүүлж байна гэдэг өөрөө авьяасын илэрхийлэл.
Түүнчлэн киноны төрөл жанрыг “уянгын, драм” гэж тодорхойлсон нь нэг л оновчгүй. “Триллер, драм” гэсэн бол илүү киноныхоо агаарт илүү уусахаар байна. Ер нь манай кино бүтээгчид сав л хийвэл “уянгын”, “нулимслаг” жанр барьж авахаасаа татгалзах нь зүйтэй. Нэг нь уйлуулж, нөгөөх нь уйлдаг өрөвч ард түмэн одоо арай өөр зүйлийг таашаан, мэдэрч сурах цаг үе нь хэдийн ирчихсэн. Бидний хөгжилд хурд хэрэгтэй. Кино урлагт ч мөн зайлшгүй. Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй. Урлагийг ч тэр...
Төгсгөлд нь киног яагаад "Хөхөөний үүр" гэж нэрлэснийг бодож хэсэг алхав. Учир нь тухайн киног үзэх гол шалтгаан минь тус нэртэй л холбоотой байсан хэрэг. Бодоод үз л дээ. Хуучинсаг ч юм шиг мөртлөө их шинэлэг. Нэг үгээр хэлвэл маш догь нэр. Эхлээд нэг л оновчгүй нэр шиг санагдаж байснаа эцэстээ хамгийн тохирсон нэр гэж бодлоо. Ингээд миний явах ч зам дуусч, үзсэн киногоо ч өөртөө тултал дүгнээд амжив. Эцэст нь "Хөхөөний үүр"-ийн хөхөө ангаахайгаа орхиогүй шиг хэний ч үр бүү өнчрөөсэй гэж хэлмээр санагдлаа!
Н.Даваасүрэн
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )