“Эдийн засгийн тойм” энэ долоо хоногийн онцлох үйл явдлуудаас хүргэж байна. Улс орны нийгэм, эдийн засгийн тоон мэдээллүүдийг Үндэсний статистикийн хороо шинэчлэн танилцууллаа. Шатахууны үнэ тойрсон асуудлаар салбарынхан чуулж ярилцлаа. “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой шинэ мэдээллүүд ч байлаа.
Өссөн ҮНЭ, “Роснефть”-ийн САНАЛ
Шатахууны үнэ он гарсаар 5 удаа нэмэгдсэний сүүлийнх нь энэ долоо хоногийн эхний өдрийн хамгийн хурц сэдэв болж таарав. Импортлогчдын хувьд үнэ нэмэхгүй бол алдагдал хүлээгээд байна гэсэн асуудлыг дандаа хэлдэг. Тэдний гомдол саналтай зэрэгцэн нефтийн монополь бүтцийг задлаж, чөлөөт өрсөлдөөнийг тогтоох ёстой гэсэн байр сууриуд гардаг.
Тэгвэл энэ удаагийн үнийн өсөлтийн араас АМГТГ-аас мэдээлэл хийхдээ “Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компаниас 2018 оны аравдугаар сард шатахууны хил үнэ бүтээгдэхүүний төрлөөс хамааран өмнөх сарынхаас тонн тутамдаа 45-85 ам.доллараар нэмэгдэж, Аи-92 автобензин 766 ам.доллар/тн, дизелийн түлш 758 ам.доллар/тн үнэтэйгээр нийлүүлэгдлээ. Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж ирсэн. Мөн манай шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам. доллараар төлбөр төлж, худалдаа хийдэг тул ам. долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна” гэсэн юм.
АМГТГ-аас ийм мэдэгдэл хийсний дараа Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос Автобензин, дизель түлшний үнэ, холбогдох бусад асуудлаар албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг энэ сарын 10-ны өдөр зохион байгуулсан юм. Төрийн бус байгууллага болон иргэдээс “Шатахуун импортлогч компаниуд Үнийн зөвлөлөөр оруулж хэлэлцүүлэхгүй, хөндлөнгийн хяналтгүй бензин, шатахууны үнийг удаа дараа нэмсэн”, “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1-т үндэсний стандартад нийцсэн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай заалтыг зөрчиж, чанаргүй автобензин, түлш үйлдвэрлэсэн” нь хэрэглэгч иргэдийг хохироосон, тэдний худалдан авах чадварыг бууруулсан талаар хэлэлцүүлэг зохион байгуулж өгөхийг хүссэн өргөдөл удаа дараа Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн тул албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг хийж байна гэж Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлж байв.
Эхэнд өгүүлсэнчлэн, шатахууны худалдаа эрхлэгчид он гарсаар жижиглэнгийн борлуулалтын үнийг 1,2,7,8,10 дугаар саруудад буюу нийт 5 удаа нэмээд байгаа юм. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний импортын 94 хувийг ОХУ, 1 хувийг БНХАУ, 2 хувийг БНСУ, 3 хувийг бусад улс тус тус эзлэж буй. Харин төрлийн хувьд 63 хувь нь дизелийн түлш, 29 хувийг 90-ээс дээш октантай автобензин, 4 хувийг 90-ээс доош октантай автобензин, 4 хувийг ТС-1 буюу онгоцны түлш эзлэж байна. Манай улсын дотоодын зах зээл дээр худалдаалагдаж буй түлш, шатахууны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ нь импортын үнэ, татвар болон компаниудын бусад зардал, ашгийн түвшин зэргээс хамаарч тодорхойлогдож байгааг албаны хүмүүс энэ хэлэлцүүлэгт оролцохдоо тодотгож байв.
Харин Байнгын хорооны гишүүд дотооддоо арга хэмжээ авч, хэрэглэгчид болон аж ахуйн нэгжүүдээ хамгаалах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тухай дуугарцгаав. Ерөнхийдөө цуглаж суухаараа ярьдаг асуудлууд энэ удаа ч давтагдлаа.
Энэ удаагийн үнийн нэмэгдэлтэй зэрэгцэн “Роснефть” манай шатахууны жижиглэнгийн зах зээлд орж ирэх хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьж, Д.Сумъяабазар тус компанийн Ерөнхий захиралтай уулзаж, ойлголцсон тухай мэдээлэл сошиалд цацагдав. Ийм мэдээллийг нийгмийн сүлжээнд тавьсан Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэрээс эх сурвалжийг нь тодруулахад “Автобензин, дизель түлшний үнэ, холбогдох бусад асуудлаар албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийн үеэр УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат “Роснефть” манай улсад салбараа нээх санал тавьсан талаар ярьсан. Мөн өөр албаны эх сурвалжууд ч энэ талаар ярьж байгаа” гэсэн юм.
Ам.долларын ханшийн чангаралтыг богино хугацаанд намжаах боломж юу вэ байна вэ гэдгийг талууд хэлэлцэн шийдэл эрэлхийлж байхтай зэрэгцэн бараа, үйлчилгээний үнийн суурь болж өгдөг шатахууны үнэ нэмэгдсэн нь долоо хоногийн төдийгүй ОНЦЛОХ СЭДЭВ юм.
Хэлэлцэгдээгүй ДҮРЭМ ба САНУУЛГА
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит бус хурал энэ долоо хоногт болсон ч, компанийн дүрмээ хэлэлцэж чадсангүй. Мөн компанийн хараат бус зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх байсан ч заалнаас эсэргүүцсэн байр суурь олон гарсан тул хэлэлцсэнгүй. Олон нийтийн саналаар, сонгон шалгаруулалтын зарчмаар томилох ёстой гэсэн саналыг хуралд оролцогчдоос гаргажээ. Харин компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж, даргаар нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалыг томилж, гишүүдээр Б.Ганхуяг, С.Наранцогт, Х.Мэргэн, Н.Баярчимэг, Ц.Баяр-Эрдэнэ нарыг томилохыг дэмжсэн шийдвэр гаргав.
Ер нь сүүлийн долоо хоногуудад “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой шинэ мэдээллүүд байнга гадагшилж буй. Компанийн IPO-г гаргах биржийг тодруулах үүрэг хүлээсэн Д.Сумъяабазар сайд энэ долоо хоногт Канад явж, Торонтогийн биржийн удирдлагуудтай уулзлаа.
Сайд ийнхүү хилийн чинадад 1072 хувьцаатай холбоотой уулзалт хийж явахад, энд мөн л 1072 хувьцаатай холбоотой дуулиан дэгдэв. Сошиал хуудсаар “1072 хувьцаа худалдаж авна” гэсэн зарууд олон хаягаар нэгэн зэрэг цацагдав. Үүнтэй холбоотойгоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас мэдэгдэл гаргасан юм. “Онлайнаар хувьцааны данс нээж байна, энд бүртгүүлж дансаа нээлгэнэ үү. 1072 хувьцааг худалдаж авч байна” гэх зэрэг зар мэдээлэл, цахим холбоосууд нь иргэдийг залилан мэхлэж болзошгүй гэмт хэргийн шинж чанартай. Иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа нь арилжаалах боломжгүй шүү хэмээн сануулсан юм.
Ашигтай ТЭНЦЭЛ
Энэ оны эхний 9 сарын байдлаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдалд ямар өөрчлөлтүүд гарсныг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав. Хүн бүрийн амьдралд өдөр тутам хамаатай байдаг сэдэв бол үнийн өсөлт. Тэгвэл энэ оны эхний 9 сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сараас 0.1 хувиар буурч, өмнөх оны эцсээс 4.6 хувь, өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өссөнийг ҮСХ-ноос дуулгав.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ болон улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн зөрүүгээр тодорхойлдог төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 241.7 тэрбум төгрөгийн ашигтай гарсныг мэдээллээ.
Мөн татварын нийт орлого 5.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр өссөн мэдээг танилцуулав. Гадаад худалдааны тухайд оны эхний 9 сард 152 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.6 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 5.3 тэрбум ам.доллар, импорт 4.4 тэрбум ам.долларт хүрчээ. Экспорт оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 699.9 сая ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 888.6 ам.доллар, нэхмэл бүтээгдэхүүний экспорт 69.1 сая ам.доллараар өссөн нь нөлөөлсөн байна. Харин импорт өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 238.4 сая ам.доллар, үүнээс дизелийн түлш 90.7 сая ам.доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги, 301 сая ам.доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 233 сая ам.доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 174.1 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.
“Мөнгөний бодлого” хэлэлцэв
“Мөнгөний бодлогын 2019 оны үндсэн чиглэл”-ийн төсөлд санал авах хэлэлцүүлэг энэ долоо хоногт болов. Макро эдийн засгийн суурь хүчин зүйлсэд тулгуурлан мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг боловсруулдгийг олон нийтэд ойлгуулан тайлбарлаж, бодлогын саналуудыг хэлэлцэж, судлаач эдийн засагчдын саналыг цаашдын үйл ажиллагаандаа тусгах зорилготой хэлэлцүүлэг эдийн засагчид, мэргэжилтнүүд оролцсон юм. 2018 оны Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл нь эдийн засгийн өсөлтийг бий болгох санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлсэн бол 2019 онд эдийн засгийн идэвхжил бий болсонтой холбогдуулж бизнесийн өсөлтийг дэмжих бодлогын баримт бичгийг боловсруулсныг Төв банкнаас мэдээлж байгаа юм. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлд эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх замаар эдийн засагт ажиглагдаж буй сэргэлтийг бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч, мэдээллийн технологийн болон тогтвортой санхүүжилтийн сайн туршлагыг нэвтрүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилтыг амжилттай хэрэгжүүлснээр санхүүгийн зах зээлийн хөгжлийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж буй гэдгийг мөн тодотгож байв.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 2 )
Төр маань ямар ч чадамжгүй болчихжээ. Яана даа. Ганц зөв зам УИХ тарах. Тогтолцооны хувьсал хийх......
ARGA YADSAN UED MONGO ZEEL GEH ZUIR UG MONGOLD BAIHGUI GADAADAAS ORJ IRSEN TEHDEE L TOHIRSON