ШУТИС-ийн Мэдээлэл холбоо техникийн сургуулийн Цахилгаан холбооны инженер технологи, Утасгүй холбооны инженер технологи хөтөлбөрүүд АНУ-д төвтэй ABET (Accreditation Board of Engineering and Technology) байгууллагаар Монгол Улсаас анх удаа 6 жилийн хугацаатайгаар олон улсад магадлан итгэмжлэгдэж өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа.
ABET байгууллага нь боловсролын хөтөлбөрүүдэд 85 жилийн турш магадлан итгэмжлэл хийж байгаа, дэлхийд хамгийн нэр хүндтэй олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага бөгөөд 2018 оны аравдугаар сарын байдлаар дэлхийн 32 орны 780 гаруй коллеж, их, дээд сургуулийн 3850 гаруй хөтөлбөрийг магадлан итгэмжлээд байна.
Монгол Улсын Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичигт 2024 он гэхэд “Тэргүүлэх чиглэлийн дээд болон мэргэжлийн боловсролын 20-оос доошгүй хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн байна” гэсэн зорилт дэвшүүлсэн. Тус зорилтыг хэрэгжүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас долоон сургалтын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлээд байна. Одоогийн байдлаар Монгол Улсын Их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн таван хөтөлбөр олон улсад амжилттай магадлан итгэмжлэгдээд байна.
Хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэнээр тухайн чиглэлээр суралцаж буй оюутан, суралцан төгссөн төгсөгчдийн боловсролын баримт бичиг дээрх улс орнуудад бүрэн хүлээн зөвшөөрөгдөж, төгсөгчид нь эдгээр орны сургуулиудад ахисан түвшинд үргэлжлүүлэн суралцахаас гадна эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж нээгдэж байна гэсэн үг. Үүнээс гадна Монгол Улсын дээд боловсрол олон улсад хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдэж байна.
Эх сурвалж: БСШУСЯ
Сэтгэгдэл ( 3 )
geed boddoo
utasgui tehnologiig huuhed hurtel setgej chadsan gej sanadaa