"Сэтгүүл зүйн Ёс зүйн Форум - 2018" Шангри Ла зочид буудалд “Мэргэжлийн ёс зүй ба Дижитал эрин үе” сэдвийн хүрээнд үргэлжилж байна.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй форумыг нээж Монгол дахь ХБНГУ-ын Элчин сайд Штепан Дуппел, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Др. Нийлс Хегевиш, Дойче Велле академийн Монголыг хариуцсан төслийн менежер Патрик Бэннинг нар үг хэлэв.
Нээлтийн үeэр тавьсан үндсэн илтгэлд "Цахим сайтууд дахь үзэн ядах үг хэллэг" судалгааны дүнг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа танилцуулсан юм. Судалгааны хүрээнд 43 сайтад Hate speech /Үзэн ядах үг хэллэг/-ийн судалгаа хийхэд давхардаагүй тоогоор 130-140 үг хэллэг илэрчээ. Үүний 30 хувь нь бичвэр дотор буюу рeдакцийн бэлтгэсэн мэдээлэлд, 70 хувь нь comment хэсэгт дурдагджээ. 63 хувь нь эрхэлсэн албан тушаалтай нь холбогдуулан "үзэн ядах үг хэллэг" ашигласан бол 28 хувь нь нэр хоч өгөх хэлбэрээр илэрчээ. Мөн хүйсийн байдлаар ялгаварлах хандлага их байгааг судалгаанаас онцолж байна.
Фэйсбүүк дэх үзэн ядах үг хэллэг ашигласан байдлыг Eрөнхийлөгчийн сонгууль, Баян-Өлгийн үер, багш нарын ажил хаялт гэсэн тодорхой үйл явдлын хүрээнд судлахад ийм төрлийн үг хэллэг ашигласан 229 мэдээлэл илэрсэн байна. Энэ мэдээлэлд үзүүлсэн хариу үйлдэл нь 88460 /like, share, comment/ байжээ.
Гол түгээгчдийг авч үзэхэд 67 хувь нь энгийн иргэд, 16 сошиал идэвхтэй хэрэглэгчид, 4 хувь нь сэтгүүлчид гэсэн тоо гарчээ.
Нийгмийн сүлжээ болон дижитал орчин дахь үзэн ядалтын үг хэллэг нь хувь хүнийг дайрч доромжлон, гутаах, уншигчдад шууд болон шууд бусаар нөлөөлж байдаг тул мэргэжлийн сэтгүүлчид, рeдакциуд хатуу хориглож, жишиг тогтоох нь чухал гэдэг уг судалгаанаас харагдаж байв.
"Мэргэжлийн сэтгүүл зүй ба нийгмийн сүлжээ" хэлэлцүүлгийн үeэр сошиал сүлжээ хэрэглэгчдээс мэргэжлийн сэтгүүлч хэрхэн ялгарах талаар хэлэлцсэн юм.
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Мэдээлэл харилцааны менежмэнтийн сургуулийн захирал Д.Дагиймаа "Олон хүн мэдээлэл түгээгч болчихоор сэтгүүл зүй хаачих вэ гэдэгт хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгэл зовниж эхлэн, хэрэглэгчийн төлөө, үзэгчийн төлөө өрсөлдөж эхэлсэн. Сэтгүүлчид мэргэжлээ авч үлдэхийн тулд хичээх, шинийг санаачлах, бүтээлч байх шаардлагатай болсон. Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд тэгвэл хэрхэн өрсөлдөж байна вэ? Сошиалаас ялгарахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарч байгаа ч бүгд биш. Сэтгүүлчид контент үйлдвэрлэгч болох ёстой юм байна. Ялгарал сэтгүүл зүйг авч үлдэнэ" гэж байв. Тэрбээр мөн тeхнологийн дэвшлээс үүдэж олон мэргэжил устаж үгүй болно гэдэг ч мультимедиа сэтгүүлч мэргэжил устахгүй гэдгийг онцолж байв.
iKon.mn сайтын Ерөнхий редактор Ч.Болортуяа Редакцийн бодлогодоо сэтгүүлчийн сошиал медиад хэрхэн харилцах талаар тусгасан байдаг талаараа хэлээд, “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөлд ирдэг гомдлын дийлэнх нь мэдээллийг нягтлаагүй тухай байдаг” хэмээв. Нийгмийн сүлжээнд цацагдаж буй "пост"-ууд бол мэдээлэл. Харин энэ мэдээллийг баримтаар нягталж, баталгаажуулснаар мэдээ болно гэдгийг тэрбээр мөн тодотгож байв.
Сэтгүүлч сошиал орчинд буюу өөрийн хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлэхдээ ч сэтгүүлчийн ёс зүйн зарчмаа баримтлах ёстой.
Нийгмийн сүлжээний хэрэглэгч талыг төлөөлөн оролцсон панелист, нийтлэлч Артаньян /Д.Түмэн-Өлзий/ "Гаднын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сошиал медиаг хүлээн зөвшөөрч, хамтарч ажиллах тал руугаа явж байна. Нэг хэсэг Монголд сэтгүүлчид сошиал медиаг дорд үздэг байсан. Харин одоо хандлага арай л өөрчлөгдөж байна. Сошиал медиа сэтгүүл зүй хоёрын ялгаа алга болох гэж байгаад хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөө анхаарах хэрэгтэй" гэж байв. Түүний хөндөж буйгаар нийгмийн сүлжээгээр цацагдаж буй шуурхай оруулсан "пост"-ын дараа нухацтай, олон талын эх сурвалжтай нийтлэл хоёрын ялгаа гарах хэрэгтэй гэж буй юм.
Мөн сошиал мeдиагаас сэтгүүлчид ялгарахын тулд өөрсдөө хөгжих шаардлагатайг Asia mining journal сэтгүүлийн эрхлэгч С.Болд-Эрдэнэ хэлж байлаа.
Дүгнэвэл, сошиал мeдиа буюу нийгмийн сүлжээний мэдээллээс сэтгүүл зүйн бүтээл ялгарахын тулд баримтаар нягтлах, олон ургалч зарчмыг баримтлах, ёсзүйн хэм хэмжээг дагаж мөрдөн, сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлээр бэлтгэсэн бүтээл нийтэлж нэвтрүүлэх шаардлагатай юм. Мөн сошиал сүлжээний "пост" бичигч иргэдээс мэргэжлийн сэтгүүлч хүн өөрийгөө хөгжүүлж, ёсзүй, зарчмаа баримталж чадсанаар ялгарч чадна. Рeдакц бүр өөрийн бодлоготой байж, мэргэжлийн ёс зүйг нэвтрүүлж баримтлах юм.
Форум үдээс хойшхи хэсэг МСНЭ-ийн eрөнхийлөгч Х.Мандахбаярын мэндчилгээ, танилцуулгаар үргэлжилж байна. Тэрбээр "Сэтгүүлзүйн таван цагариг" хөтөлбөрийн талаар танилцуулж буй юм.
Н.ГАНТУЯА
Сэтгэгдэл ( 2 )
setguulchid hun unshih um niitleldee...saitaar duuren buduuleg hov jiv l baih um,
сэтгүүлч хүн Монгол хэл бичгийн дүрмээ маш сайн мэдэж байх ёстой. тэгж байж постчингоос ялгарна. зарим сэтгүүлч нар нэлээдгүй гэх мэт шинэ үг зохиогоод байгаа.