41 дэх удаагийн “Дакар-2019” ралли уралдаан 2019 оны нэгдүгээр сарын 06-17-ны өдрүүдэд Перуд зохион байгуулагдах гэж байна. Раллид Монгол Улсыг төлөөлөн төрсөн ах дүүс болох Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар өрсөлдөнө. Тэд Монголоос анх удаа SXS төрөл буюу UTV ангилалд уралдахаар бэлтгэлээ хангаж байна. 5000 км элсэн цөлийг туулах уралдаан арван үе шаттай.
Авто спортын олон улсын хэмжээний мастер Ө.Бямбадэлгэр Монголын авто спортын 23 жилийн түүхтэй хамгийн том уралдаанд гурван жил дараалан оролцож, хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн, шилдэг тамирчин. “Дакар-2015”-ын автомашины төрөлд багаараа барианд орсон арвин туршлагатай бөгөөд энэ удаагийн “Дакар"-т багийн ахлагч, чиглүүлэгчээр оролцох юм.
Авто спортын олон улсын хэмжээний мастер Ө.Бямбацогтын хувьд төрсөн ах Ө.Бямбадэлгэрийн хамт Монголын авто спортын ралли ангилалд маш богино хугацаанд өндөр амжилт үзүүлсэн чадварлаг, туршлагатай тамирчин юм. Тэрбээр энэ удаа жолоочийн үүрэг гүйцэтгэнэ.
...1977 онд Францын мотоциклийн тамирчин Тиерри Сабине Ливи улсад зохиогдсон ралли уралдаанд оролцож байх үедээ элсэн цөлд төөрчээ. Тэр азаар амь аврагдаж, тухайн үедээ "Дакар" ралли уралдаан зохион байгуулах санаагаа олсон түүхтэй. Эсэн мэнд эргэж ирснийхээ дараа Францад буцаж очин, авто, мото спортынхонд өөрийнхөө санааг ярьснаар "Дакар" ралли уралдааныг эхлүүлсэн гэдэг. Дакар бол зүгээр нэг уралдаан биш. Зөвхөн дээд зэрэглэлийн, өндөр ур чадвартай тамирчдын амь насаа золин өрсөлдөх тулааны талбар. Санаанд оромгүй бартаат замыг тамирчин хүний торгон мэдрэмжээр туулах энэхүү уралдаанд үе үеийн аварга тамирчдын хүсэл мөрөөдлийн оргил байсаар ирсэн юм.
“Дакар-2019” раллид оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах үйл ажиллагааны үеэр багийн ахлагч, чиглүүлэгч Монголын авто спортын олон улсын мастер Ө.Бямбадэлгэртэй цөөн хором ярилцлаа.
Ө.Бямбадэлгэр: Авто спорт тэр чигтээ эрсдэл
-Олон улсын авто спортын "олимп" гэж хэлж болох энэ удаагийн уралдаанд Ө.Бямбацогт бид хоёр нэг баг болж, SXS ангилалд уралдахна. Манай баг олон хүний бүрэлдэхүүн, тусламж дэмжлэгтэйгээр бэлтгэлээ базаалаа. Франц руу машинаа хүргэж, үзлэгт оруулах гэж байна. Оролцож байгаа ангилал маань авто спортын хамгийн хүнд хэцүү төрөл. SXS ангилалд Монголоос анх оролцож байгаа юм.
-Машины бүрэн бүтэн байдал, бэлтгэлд санаа зовох зүйлгүй болсон гэж ойлгож болох уу?
-Авто спорт бол тэр чигтээ эрсдэл. “Олон улсын холбооноос тавьдаг шаардлага, стандарт байдаг. Машинаа шаардлагуудын дагуу тоноглон, техник хэрэгслийг нь бэлтгэсэн байгаа. Бүх зүйл хангагдаж, бэлэн болсон гэж үзэж байна.
-Ах, дүү хоёр хамт уралдаанд оролцож байгаа нь анхаарал татлаа?
-Бид хоёр тээврийн жолоочийн хүүхдүүд шүү дээ. Тийм болохоор багаасаа техникт дуртай байсан. Монголд 1990-ээд оноос авто спорт хөгжиж, эхэлсэн байдаг. Түүнээс хойш энэ спортын үнэнч шүтэн бишрэгч, алдартай тамирчдын үнэнч дэмжигч нь байлаа. 1998 онд анх уралдах зорилго тавьсан. Тэр үед ахмад мастерууд “Амьдрал болон орлого санхүү бүх зүйлээ зохицуулсан цагтаа уралдах ёстой шүү” гэж зөвлөсөн. Ингээд 2009 онд анхны уралдаандаа оролцож байлаа. 2015 онд анх удаа “Land 200” маркийн машинаар олон улсын уралдаанд оролцож байсан.
-Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Танай баг хамт олонд амжилт хүсье.
Дакарт оролцох Монголын багийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан, зохион байгуулж буй гишүүд
Чиглүүлэгч: Ө.Бямбадэлгэр
Жолооч: Ө.Бямбацогт
Техникийн зөвлөх: Г.Аранзал
Механик: Б.Баттөр
Маркетинг менежер: Д.Баярбилэг
Франц хэлний орчуулагч: Г.Тэмүүжин
Вэб дизайн, инженер: Б.Хатанбаатар
Фото зураг, хэвлэлийн дизайн: Ж.Баку
Сэтгүүлч: Б.Онон
Б.Амирдаа
Гэрэл зургийг Ц.Баярбаатар
zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Амжилт