Х.Болорчулуун загнаж, Н.Баяртсайхан учирлав

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 30

УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2018.10.30/ хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Үүний хүрээнд алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах тухай, шатахуун түлш, валютын ханшийг тогтоон барих тухай Засгийн газраас Монголбанкинд өгсөн чиглэлийн талаархи тогтоолын төслийг ч баталсан. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэл хангах, санал, дүгнэлт, төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хуралдааны эхэнд асуудлаа танилцуулав.

Энэ удаагийн хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Нандинжаргал нарын албаны хүмүүс оролцов. Мөн УИХ-ын гишүүд, холбогдох бусад байгууллагаас ирүүлсэн саналуудтай нэг бүрчлэн танилцаж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгтгэсэн юм. Уг асуудал нь Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар дэмжигдлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

-Бид валютын ханш, шатахуун түлшний асуудал гээд зөвхөн нэг зүгийн зүйл яриад байх нь дэмий юм. Тэгэхээр валютын ханш, нөөц, алт, шатахуун түлш гээд нэгэн цогцоор нь авч үзвэл эдийн засгийн хувьд ашигтай. Эдгээр зүйлс нь бүгд л уялдаа холбоотой учраас эдийн засгаа том зургаар нь хараад явмаар байна. Монгол Улс алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах чиглэлээр олон судалгаа хийсэн байдаг ч тэр бүрт өөр, өөр дүн мэдээлэл гардаг. Олон улсын жишгээр жилд 20 тонноос дээш хэмжээний алт олборлож байгаа тохиолдолд цэвэршүүлэх үйлдвэр байгуулах нь зүйтэй гэж үздэг.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

-Засгийн газраас Монгол банкинд шатахуун түлш болон валютын ханшийг тогтвортой барьж байх чиглэл өгч болно. Валютын ханшийг тогтворжуулахад Монгол банкнаас интервенц хийх зэргээр арга хэмжээ авах байх. Харин шатахуун түлш импортлогчдод Монголбанк мөнгө өгөөд сууж байх уу. Тэгэхээр Монголбанкнаас “Роснефть” компанитай гэрээ хэлцэл хийх ямар арга байдаг юм бэ. Энэ тал дээр ямар нэгэн оролдлого хийв үү.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

-Сангийн яамнаас шатахуун түлшинд оногдуулсан албан татварыг тэглээд дуусч байгаа юм байна гэж тус яамны мэдээллээс сонслоо. Монголбанкнаас шатахуун импортлогчдод өгдөггүй юм гэхэд өөр арга замаар арга хэмжээ авах боломж байж таарна. Би С.Чинзориг сайдын “эдийн засгаа том зургаар нь харах” гэдэгтэй санал нийлж байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөрийг заавал Монгол банкаар дамжуулах хэрэггүй, Төрийн өөрийнх нь мэдлийн Төрийн болон Хөгжлийн банкаар дамжуулаад явж болно. .  

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан

-2012-2016 онд ”Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлсэн, үүний үр дүн болон бусад эх үүсвэрийг Монголбанкнаас судалж, ямар ч завгүй ажиллаж байна. Бидний хувьд хаана ямар боломж байна түүнийг судалж байгаа юм. Тэгэхээр хараахан судалгааны үр дүн гараагүй, энэ долоо хоногт багтаад гарчихна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

-Жил бүр л мөнгөний бодлогын тухай УИХ-аар хэлэлцэн, тогтоол гарган баталдаг ч Монголбанк хэрэгжүүлж байсан түүх байхгүй. Гишүүд хэлж байна, Засгийн газрын өөрийнх нь мэдэлд Төрийн банк болон Хөгжлийн банк байхад түүгээрээ дамжуулаад томоохон төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлээд явж болохгүй юу. Шалтгаан тоочоод суугаад байж болохгүй цаг үе шүү.

Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан

-Гишүүд ээ, хэрэгждэггүй тогтоол, Монголбанк хэрэгжүүлдэггүй гэж битгий хэлээрэй. Яагаад гэхээр би УИХ-д 16 жил суусан хүн, УИХ-ын гишүүдийн үг ард түмэнд ямар хүчтэй нөлөөлдгийг мэднэ. Монголбанкны 500 ажилтан валютын ханшийг тогтоон барих ямар арга чарга байна, дэлхий нийтийн хандлага гээд өдөр шөнөгүй ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй. Бид дэлхийн 170 оронд судалгаа явуулахад 141 улсад манайх шиг ханшийн савлагаа бий болчихжээ. Том гүрнүүдийн дунд үүссэн худалдааны маргаан богино хугацааны зүйл биш гэдгийг БНХАУ-ын Ардын банкнынхан мэдэгдлээ. Нөхцөл байдал, гадаад дотоод орчин туйлын хүнд байгаа шүү. ОУВС-гаас гэхэд танай мөнгөн тэмдэгтийг сайн байлгах гэж мөнгө өгөөгүй шүү, валютын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлээ барьж бай гэж өгч байгаа юм гэдгээ шууд хэлдэг болсон.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

-Ц.Баяртсайхан ерөнхийлөгч ганц манай улсад биш дэлхий нийтэд ийм савлагаа үүссэн гээд өөрийгөө өмөөрөөд байх юм. Одоо өөрсдийгөө өмгөөлж суух цаг биш, энэ ханшийн савлагаа, үнийн тогтворгүй байдлыг Монгол банк цэгцлэх үүрэгтэй.  


Үргэлжлэл бий.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(202.179.24.29) 2018 оны 10 сарын 30

энэ гомо мөнхөө гэж яг яаадаг хүнн байдийн мэдэх хүн амьтан байвал бичээч хө унший

0  |  0
Top