Сонгогчдод таалагдахын тулд биш, тэвчиж болох зардлуудаа хассан төсөв батлах хэрэгтэй гэдэгтэй “Монгол Улсын 2019 оны төсвийн зарлагын төлөвлөлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон төлөөллүүд санал нэгдэж байна. Нээлттэй Нийгэм Форумаас “Монгол Улсын 2019 оны төсвийн төлөвлөлт” сэдэвт цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж буй. Өнөөдөр төсвийн ЗАРЛАГА-ын төлөвлөлтийг онцолж хөндсөн юм. Төсвийн орлого төлөвлөлтөд тодорхой хэмжээний эрсдэлүүд байгаа учраас зарлагаа төлөвлөхдөө улстөржиж бус нэмүү өртөг дагуулсан үйл ажиллагаануудыг санхүүжүүлэх нь чухал байгааг судлаачид хэлж байна. Өнөө маргаашдаа өрийн дарамт гайгүй байж болох ч, 2020 оноос хойш бол бид хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн байдалтай байж таарах гээд буй. Тэгэхээр өр шир төлөхийн өмнө нэг хоёр жилд тэвчиж болох зардлуудаа тэвч гэж зөвлөх шинжээчид байхад, хөрөнгө оруулалт шаардсан ажлуудаа энэ л хугацаанд хийж амжуулахгүй бол хорин оноос хойш бол бид юу ч бүтээн байгуулж чадахгүй гэх байр суурийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа илэрхийлж суугааг бас дурдах хэрэгтэй байх.
Улсын төсвийн санхүүжилтээр 2019 онд шинээр эхлэх хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн мэдээллээс хүргэе.
Ирэх онд нийт 2,546.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 877 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг санхүүжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнээс 1297.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 515 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 2019 онд шинээр эхлүүлнэ. 515 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид зарцуулагдах мөнгөний хэмжээ 752.2 тэрбум төгрөг бол 362 төсөл, арга хэмжээ, барилга байгууламж өмнөх онуудаас шилжиж ирсэн бөгөөд 465.2 тэрбум төгрөг шаардлагатай. Шинээр эхлүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нийт төсөвт өртгийн 32.3 хувь буюу 419.5 тэрбум төгрөгийн 279 төсөл, арга хэмжээ, барилга байгууламж ирэх онд багтаж дуусах бол бусад нь он дамжихаар байгаа юм.
Ирэх онд шинээр эхлэх хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн дийлэнх хувь нь БСШУС-ын сайд /30.7 хувь/, Зам тээврийн хөгжлийн сайд /24.5 хувь/, Сангийн сайд /12.9 хувь/, Эрчим хүчний сайд /6.4 хувь/, Барилга, хот байгуулалтын сайд /6.3 хувь/ Эрүүл мэндийн сайд /5.5 хувь/, бусад сайд нарт /13.9 хувь/ ноогдож байна.
Хөрөнгө оруулалтын зардлын дийлэнх буюу 85.3 хувийг барилга байгууламж эзлэж буй бол их засвар 6.5 хувь, тоног төхөөрөмж 17.9 хувь, ТЭЗҮ 0.3 хувийг тус тус эзлэх нь.
Шинээр олон сургууль, цэцэрлэгийн барилга эхлүүлэх боловч шинэ нэгдсэн эмнэлэг ба хүүхдийн эмнэлгийн барилга харьцангуй бага төлөвлөгдсөн байна гэж судлаачид хэлж байна.
Ойролцоо хүчин чадалтай барилга, байгууламжуудын төсөвт өртөг харьцангуй зөрүүтэй байгаад шүүмжлэл дагадаг. Тэгвэл дараах хүснэгтээс мөнгөн дүнгийн зөрүүг харж болох юм.
Ирэх онд 84.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 75 их засварын ажлыг шинээр эхлүүлнэ. Нийт зардлын 93 хувь буюу 79 тэрбум төгрөгийг 2019 онд санхүүжүүлнэ. Шинээр эхлүүлэх их засварын ажлын зардлын дийлэнх хувь нь зам тээврийн салбарт хийгдэх төлөвтэй байна.Төсөвт өртөг өндөртэй их засварын ажлуудын жагсаалтыг харна уу.
Төсөвт өртөг өндөртэй тоног төхөөрөмжүүдийн жагсаалт
Тэгвэл шаардагдах төсөв нь өндөр ч 2019 онд санхүүжих дүн нь бага төслүүдийн мэдээлэл энд байна.
Э.Болор
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )