Сүхбатын ХАЛИУН: Оюун ухаан хамгийн дээд цэгтээ хүрч ажиллахыг БӨӨЛӨХ, ОНГОД ОРОХ гэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 31

 Аравдугаар сарын 24-нд буюу намрын адаг сарын шинийн 15-нд “Хаант тэнгэрийн Самгалдай” төвөөс “ХӨХ ДӨЛ” галын их тахилгыг үйлдсэн билээ. Тэрхүү 162 өрхийн заяа буянг тэгшитгэх, тэнгэрт даатган мэдүүлэх үйлд оролцохоор ирсэн Монгол бөөгийн “Голомт” төвийн удам залгасан тэргүүн Сүхбатын Халиунтай цөөн хором ярилцлаа.


-“Хаант тэнгэрийн Самгалдай” төвийн галын их тахилга бороотой, цастай, шуургатай гээд ёстой л тэнгэрийн араншинг харуулсан өдөр болж байна. Та энэхүү үйлийг хэд дэх жилдээ дэмжиж оролцож байгаа вэ. Мөн манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

 

-Юуны өмнө дээд тэнгэр ивээж, дэргэдэх лус хүч чадлаа харуулсан өдрийн мэндийг танай сайтын нийт уншигчдад хүргэе. Намайг Азийн бөөгийн тив дэлхийн холбоо, Монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн Сүхбатын Халиун гэдэг. Миний аав энэхүү холбоо, төвийг байгуулаад 25 дахь жилдээ явж байна. Энэ аугаа их нүүдэлчдийн соёл, зан заншлыг, тэнгэр их шүтээн, шүтлэгийг олон түмэнд түгээх гэж энэ олон жил явлаа. Миний бие 2017 оны дөрөвдүгээр сарын 05-нд албан ёсоор ааваасаа төвийнхөө үйл ажиллагааг өвлөж авсан. “Хаант тэнгэрийн Самгалдай” төвийнхөө галын их тахилгын үйл ажиллагаанд ирсэндээ баяртай байна. Бид үйл ажиллагаагаа хамтарч явуулаад 5, 6 жил болж байна. Нүүдэлчдийн аугаа их соёлыг түгээн дэлгэрүүлж байгаа залуучууд, ялангуяа тус төвийн тэргүүн Наранцэцэг эгчдээ ажлын өндөр амжилт хүсье.

-Галын их тахилгын утга учир болоод бусад зан үйлийн тухай та манай уншигчдад ярьж өгөөч. Бөө мөргөлчдийн хувьд хамгийн том үйл нь “ГАЛЫН ИХ ТАХИЛГА” байдаг гэсэн?

-Энэ тахилга Монголын зон олныг, тэнгэр шүтлэгтэн болгоныг дээд тэнгэрт мэдүүлж, дэргэдэх лусад гал голомтоо даатгаж, эцэг өвгөдийн сүнсэнд залбирах зан үйл юм. Галын тахилга ихэвчлэн харуй бүрийд болдог. Самгалдай төвийнхөн дээд тэнгэрээсээ асууж, аравдугаар сарын 24-нд буюу лус ичдэг цагийг сонгосон байна. Эрт дээр үеэс аравдугаар сарын 22-нд тэнгэрийн үүд хаагддаг, дөрөвдүгээр сарын 05-нд лус гарч, ханш нээгддэг гэдэг. Энэ маань жилийн аргын улирал гэж явдаг. Түүнээс хойш буюу аравдугаар сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 05-ыг билгийн улирал гэдэг. Мөн сонирхуулж хэлэхэд, он тооллын хувьд яривал нүүдэлчид  ердөө л гурван өдөртэй байсан гэдэг. Түүхэн судалгаанууд дээр ч бий. Битүүн өнгөрөөд шинийн нэгнийг хөх лус өдөр буюу хөх өдөр, шинийн 2-ыг хар лус өдөр буюу хар өдөр, шинийн 3-ыг цагаан лус өдөр буюу цагаан өдөр гэж маш амархан гурван тооллоор л явдаг байжээ. Энэ бол нүүдэлчдийн аугаа соёл юм л даа. Галын тахилгаар хүн зоны сайн сайхны төлөө ариун гал голомтыг бадрааж, лус ичиж байгаа дээр бүх лусад даатгасан даатгалын үйл хийгдэж байна гэж ойлгож болно. Галын их тахилга бол үргэлж хүн зон, эх орон, эд эс нь болсон та бид бүгдийн төлөө хийж байгаа үйл. Мөн газар нутгаа хамгаалж буйн нэг илрэл. Тэнгэр шүтлэгтнүүд Монгол Улсынхаа төлөө, байгаль эх дэлхийнхээ төлөө явж байгаа л улс шүү дээ. Энэ уул усныхаа ундрагыг алдчихгүй юмсан, газрын гагнаасыг эвдүүлчихгүй юмсан гэж яваа хүмүүс. Энэ бол монгол хүн бүрийн, тэнгэр шүтлэгтэн хүн бүрийн дагаж мөрдөх, байгалиа уламжлалт ёсоор хайрлах ёс юм.

-Яагаад ч юм бөө нарыг нэгдэж чаддаггүй гэж ярьдаг. Гэсэн хэдий ч үргэлж л эх орон, ард түмнийхээ төлөө, ирээдүй хойчоо сайн сайхан амьдруулахын төлөө бие, сэтгэл бүхнээ зориулж явдаг хүмүүс. Бөө мөргөлийн олон төвүүд ч байдаг юм билээ л дээ?

-Энэ сайхан үйлийг түгээн дэлгэрүүлж яваа олон төв бий. Тэдгээр төвүүдээ нэгтгэн “Дэлхийн тэнгэр шүтлэгтний холбоо”-г байгуулсан. Энэхүү холбооны зорилго бол, одоо бид нэгийгээ мөн биш, буруу зөв гэж ярих цаг өнгөрсөн. Онгодтой, онгодгүй гэдэг цаг өнгөрсөн. Одоо бид уух ус, гишгэх газрынхаа төлөө явах цаг болсон. Энэ бол Монголын ард түмэнд өгч байгаа сануулга юм. Эхнээсээ зарим газар галав юүлж, их олон газар булаг шандын ундаргууд ширгэж, татарч байна. Энэ бол байгальтайгаа маш буруу харьцсаны гайгаар ирж байгаа зүйл. Тиймээс бид үүний төлөө тэмцэх хэрэгтэй. Одоо жалга довны үзлээ больж, эх орныхоо төлөө байя. Энэ төр засагт гарчихаад өнөөдөр биднийг сөгдүүлж амьдруулж байгаа нөхдүүдтэй ард түмнийхээ өмнөөс тэмцье, зүтгэе гэсэн урианд дор “Дэлхийн тэнгэр шүтлэгтний холбоо”-г байгуулсан. Энэ холбооны төлөөлөл Самгалдай төвийнхөө үйл ажиллагааг дэмжиж оролцож байгаа нь биднийг нэгдэж чаддаг гэдгийг бага ч атугаа харуулж буй биз ээ.

-Энд ирсэн бүх тэнгэр шүтлэгтнүүд нэгэн зорилгын төлөө явж байгаа гэж ойлгож болох байх. Тэнгэрээ шүт гэхээр бид ердөө дээр харагдаж байгаа тэнгэрийн тухай л төсөөлдөг. Та бүхний тэнгэрийн тухай ойлголт ямар байдаг бол?

-Мөнх тэнгэр гэдэг аугаа юм. Өнгөө хувиргадаггүй, биднийг дээрээс үргэлж харж байдаг, 22 мянган гэрлийн жилийн цаана байдаг зүйлийг МӨНХ ХӨХ ТЭНГЭР гээд байгаа юм шүү дээ. Мөн барууны 55 цагаан тэнгэр, зүүний 44 хар тэнгэр гэж ярьдаг. Эд маань нийлээд 99 этүгэн тэнгэр болдог. Энэ бол өнгө, гэрлийн холбоос юм. 44 хар тэнгэрээс их олон өнгө ялгардаг бол 55 цагаан тэнгэрээс их олон гэрэл цацардаг гэдэг. Ийм учраас өнгө гэрлийн хорвоо гэж ярьдаг шүү дээ. Галын их тахилгын тэргүүн зайран, удганууд Заяач их их таван тэнгэрт залбирч байна. Зарим нь Атаа таван тэнгэр ч гэж ярьдаг. Шарын шашинд Лха таван тэнгэр гэж нэрлэдэг. Энэ таван тэнгэрийг дуудаж залбирдаг. Хүн болгонд бий, энэ таван тэнгэр. Ойлгомжтойгоор хэлбэл, мэдрэхүйн их тэнгэр, дуулахуйн их тэнгэр, сонсохуйн их тэнгэр, харахуйн их тэнгэр, хүрэлцэхүйн их тэнгэр гэсэн таван тэнгэрийг хэлээд байгаа юм. Эртний монголчууд таван өнгөд их бэлэгшээдэг байсан шүү дээ. Тиймээс галын их тахилгад хөх ямааны өвчүүгээр даллан байж дуудъя гэх зэргээр бөө нар дуудлагаа хэлдэг. Өнөөдөр энд чин сэтгэлээсээ ирж, дотроосоо галаа асаан залбирч байгаа бүх хүнд үнэхээр их талархаж байна. Дээд тэнгэр биднийг ивээж, дэргэдэх лус харж байгаасай. Миний монголын зон олон, эх орны минь үр сад хишгэх газар, уух устайгаа, нүүдэлчдийн аугаа их соёлтойгоо үлдээсэй гэж залбирч байна. Энэ бол соёлын аугаа их зүйл.

-Бөө мөргөлийг их эрт цагт үүссэн гэж ярьдаг. Тэгэхээр одоо цагт бөөлнө, онгод зална гэдгийг энгийн хүмүүст юу гэж ойлгуулбал зүгээр вэ?

-Бөө гэх зүйл дотор нүүдэлчдийн бүх соёл шингээстэй бий. Таван хошуу мал дээр жишээлбэл, мал сэтэрлэнэ гэж ярьдаг. Энэ бол нүүдэлчдийн соёл. Соёл дотроо бөө хийдэг зүйл. Бөөгийн бүжиг бий, дуудлага, тамлага маань тэр тууж, туульс, уртын дуу, ардын дуу гээд бүгдийг цогцлоосон. Бөөлнө гэдгийг бид их буруугаар ойлгодог. Үхсэн хүний сүнс орж ирээд биеийг нь эзэмдээд гэж ойлгоод байдаг. Тийм биш. Оюун ухаан хамгийн дээд цэгтээ хүрч ажиллахыг бөөлөх, онгод орох гэж байгаа юм. Аугаа их Тувааны Балжир удган нэгэнтээ онгодыг асар том хуй салхи, асар том аянга цахилгаантай зүйрлэж хэлсэн байдаг. Бөө мөргөл МЭӨ олон мянган жилийн тэртээ гал үүсэх үеэс эхтэй. Эрдэмтэн Альберт Эйнштейн нэг удаа  “Хүн төрөлхтний тахиж шүтэх хамгийн эцсийн зан үйл бол тэнгэр, сансар огторгуй юм” гэж хэлсэн байдаг. Энэ сансар огторгуйтай бөө нар харьцдаг. Гэхдээ бусдыг хэзээ ч үгүйсгэж болохгүй. Хажууд байгаа, хийх гэж байгаа нэгнийгээ урам зоригоор мохоож болохгүй. Нэгийгээ маш сайхан дэмжиж яваасай гэсэндээ бөө нарын дунд үеийн төлөөлөл гэж бид явж байна. Мөн эртний сайхан удгад, зайрангууд бий. Нисдэг Дамдин зайран, миний аав болох Монгол Улсын зан заншил судлаач, доктор, профессор Ш.Сүхбат гэж хүн бий. Миний аав Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат хүн. Аавынхаа буянд маш олон чадалтай удган, зайрангуудтай уулзаж байлаа. Тувааны Балжир удган, Завханы Пагма удган, Цэгмэд, Надмид гээд энэ сайхан хүмүүс бол бидний дээд үе юм. Дээд үеийнхээ бидэнд өвлүүлж үлдээсэн соёлыг, энэ сайхан хүмүүсээ битгий мартаасай, ирээдүйд удган, зайран болж байгаа, тэнгэр шүтлэгтэн болж тэнгэрийн зам дээр гарч байгаа залуучууд маань би гэж цээжээ битгий дэлдээсэй, үргэлж суралцаж, түүхээ харж, уншиж, судалж байгаасай гэж боддог юм.

-Аливаа зүйл уламжлан, өвлөн үлдээх хойч үегүй бол ирээдүйд ямар байх нь тийм ч тодорхой бус. Тэгэхээр одоо улаач болчихоод дээдэс, онгод залж яваа залуу үедээ мэддэг, чаддаг бүхнээ зааж, өвлүүлэн үлдээх гэдэг та бүхний хамгийн том зорилго байх?

-Би нэг зүйл дээр их эмзэглэж явдаг юм. Одоогийн манай залуучууд бие хүн болж төлөвшөөгүй байж онгод тэнгэртэй уулзаж учраад, золгоод явахаараа хийрхэж эхэлдэг. Хаа сайгүй л би удган, зайран, чи яадаг юм гэсэн учраа мэдэхгүй хүүхдүүд байна. Аргагүй шүү дээ, юу ч мэдэхгүй, сурахгүй, боловсрохгүй, түүхээ уншихгүй. Онгодын үг хэллэгийг түүхтэйгээ уялдуулж бодохгүй учраас би удган, зайран, чамайг хараана энээ тэрээ гэнэ. Бөө гэхээр л хараал хийдэг гэдэг буруу ойлголт нэг үеэ бодвол цэгцэрсэн байна. Анх 1994 онд миний аав бөө судалж эхлэх үед Улаанбаатар хотод нэг ч бөө байдаггүй байсан гэдэг. Тэгэхэд аав Төмөр, Баасанжав зэрэг зайрангуудтай уулзаж, “Голомт” төвийг үүсгэн байгуулж байсан юм. Тухайн үед нийгмийн, зах зээлийн үеийн маш том цохилтод орж байсан гэдэг. Бөө нар хараал жатга хийдэг гээд дээр дороос нь хатгаад л янз бүр болно. Тэр болгоныг сөрж, давж энэ хүрсэн. Буддимзмд тэр олон жил дарлуулчихаад яагаад өдий хүртэл энэ их соёл байгаад байна, түүний үзүүрт асар их хүч байна гэдгийг олж харсан хэрэг. Бидний энэ их үйлсэд “Голомт” төвийг хамт босголцсон Энхжаргал гээд их удган хамт байсан, мөн Бат-Эрдэнэ зайран бий. Тэр их үйлсийн төлөө эдгээр хүмүүс эцсийнхээ амьсгалыг хүртэл явсанд бид үнэхээр их баярладаг. Одоо бол нас тогтсон зайрангуудтайгаа хамтарч ажиллаж байна. Эд нарынхаа гүүр, нэг эд эс нь болж бидний үр хүүхэд нүүдэлчдийн соёлыг маш өндөр хүлээж аваасай гэж боддог. Бид соёлын маш том довтолгоонд орж байна. Үүнд л бэлэн байх юмсан гэж боддог доо.

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Top