Хүүхэд наснаасаа Монгол Улсын тухай сэтгэл хөдөлгөм түүх сонсч, зүрхэндээ шингээсэн Фредерик Лагранж. Монголд 17 жилийн турш ирж, очсон тэрбээр “Монгол” гэх нэртэй зургийн цомог гаргаад удаагүй байна. Фредерик Лангранж Vanity Fair, The New Yorker, GQ сэтгүүлд зураг нийлүүлдэг бөгөөд яг одоо Нью-Йорк хотод аж төрж буй. Анх 2001 онд Монголд ирэхдээ 185 зурагтай буцаж байсан гэдэг. Монгол Улсын тухай өөр өнцгөөс, элдэв чамирхалгүй гаднынханд хүргэсэн Фредерик Лагранжийн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэе.
-Монгол Улсаар аялах сэдэл танд чухам яаж төрсөн бэ?
-Би долоо юм уу, найман настай л байсан байх. Өвөө минь надад Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы хорих лагерьт хоригдож байх үеийн дурсамжаа хуучилсан юм. ЗХУ-ын тэргүүлсэн холбоотны арми хорих лагерь руу довтолж, улмаар бүх хоригдлыг суллаж л дээ. Хорих лагерь руу дайрсан батальон дунд монгол цэрэг байсан гэдэг. Чухам тэр монгол хүн өвөөтэй анх уулзаж, түүнийг лагериас гаргасан гэдэг юм. Хоригдож байсан цэргүүд америк, британи, франц гэлтгүй бүгдээрээ л баярлаж хөөрч байсан талаар нулимс цийлгэнүүлэн ярьж байсан даа, өвөө минь. Хүүхэд байсан болохоор энэ түүх надад маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Чухам энэ цагаас хойш л оюун ухаанд минь Монгол гэдэг үг тийм нандин болж үлдсэн юм. Хэзээ нэгэн цагт Монгол Улсад очно доо л гэж бодож ирсэн. Ингэж явсаар 2001 он наймдугаар сарын сүүлээр Монголд аялах боломж олдсон юм. Тухайн үед Монголын тухай мэдээлэл одоогийнх шиг биш байлаа л даа. Берлиний хана нураад дөнгөж 11 жил болсон, зөвлөлтийн үеийн тогтолцооноос салаад удаагүй, шинээр замнаж буй ардчиллын замдаа алгуур ч гэсэн эргэлт буцалтгүй орсон сонирхолтой цаг үе. Засаг захиргаа нь ч хөлөө олоогүй байлаа.
Ямар ч байсан надад Улаанбаатар хот зарим талаараа эзгүйрч байгаа мэт санагдаж байсан. Зөвлөлтийн үеийн барилгууд нь яг л тэр хэвээрээ байсан болохоор маш хачирхалтай мэдрэмж төрж байснаа нуухгүй.
Зөвхөн би ч биш гаднынхан бүгд л гайхдаг байсан. Үүнийг хараад надад улс төрийн замнал, чиг баримжаа ард түмэнд хэрхэн нөлөөлж болдгийг ухаарсан. Маш гайхалтай мэдрэмж.
-Таны төсөөлөл өөрчлөгдсөн үү?
-Маш хачирхалтай санагдаж байсан ч хотоос гараад ердөө хэдхэн км яваад л байгалийн үнэт бэлгийг олж харсан. Монгол нутгийн хөдөө тал нь Зөвлөлтийн үеийн дүнсгэр барилгатай хот тосгодын сөргөлдөх гэрэлтэй тал нь байлаа. Хотоос холдох бүр би яг л бодолдоо зурж байсан Монгол нутгийг олж харсан. Яг л Роткогийн зурагт гардаг шиг зүлэгт ногоон тал, уудам тал нутаг, хөх тэнгэрт тэмүүлсэн сүрлэг уул нурууд. Энэ бүгд нийлээд Монгол Улсыг энэ дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй улс болгож байсан юм. Монгол Улс үүгээрээ л үзэсгэлэнтэй. Өмнө нь хэзээ ч харж байгаагүй газар нутгаар аялж явахдаа би энэ улсыг бага, багаар нээж байлаа.
-Чухам яагаад ганцхан зургаас эхэлсэн энэ ажил амьдралынхаа туршид хэрэгжүүлэх зүйл болж хувирсан юм бэ?
-Эхний аяллыг би “Туршилтын аялал” байсан гэж хэлнэ. Бүх зүйл нүдний өмнө шинэ байсан болохоор аль болох л хурдан зураг дарахыг хичээдэг байлаа. Уулзсан хүн бүр шинэ сонин, гайхалтай хувь хүн байсан. Нүүдэлчдийн уламжлалт сууц гэрт үзэгдэх төдий ёлтойсон гэрэлд хөрөг зураг авах ямар гайхалтай гээч. Эхний аяллаасаа буцаад зургаа ялгаж суухдаа үзэсгэлэнт байгаль, гайхалтай ард түмнийг хамтад нь буулгах сэдэл төрсөн. Нью-Йоркод ирээд удаагүй байхдаа цөөн хэдэн найз, зургийн дарга нартай уулзаж, зургаа үзүүлсэн. Хэд, хэдэн сэтгүүлээс надтай холбогдож, ямар гайхалтай зураг дарсныг магтахад үнэхээр гайхсан. Үүнээс хойш л би Монгол нутаг бол миний амьдралынхаа турш таньж мэдэх, сэргээн нээх улс юм байна гэж бодсон.
Эхний аяллаасаа ердөө удалгүй 2002 оны өвөл нь би дахиад энэ нутгийн зүг жолоо залсан даа. Монголын өвөл цаг маш хахир хатуу, өвөл-зуны улирал нь эрс тэс. Зураг авахад маш хэцүү байсан ч энэ л миний хийх ажил гэж бодсон учраас хэрэгтэй зурагнуудаа авсаар л байсан. Монголын өвөл надад зургаан жил хийх ажил, хэрхэн зураг авах зэрэг бүх зүйлсийг тодорхой болгож өгсөн. Чухамдаа би ном бүтээх санаагаа тэр үед л олж авсан юм. Жилийн дөрвөн улирал, ард түмэн, ахуй байгаль зэргийг зургаан жилийн хугацаанд буулгах нь гаднынханд монголчуудыг таниулах нэг чухал зүйл юм байна гэж бодсон хэрэг.
-Энэ аялал монгол хүн, монголчуудын тухай таны бодолд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Өнгөрсөн хугацаанд монголчуудыг маш дуугүй хүмүүс гэдгийг ойлгосон. Энэ зан нь амьдралыг үзэх үзэл, өссөн орчин, нүүдэлчин удамтай нь холбоотой байх. Төв Азийн цээжинд аж төрж буй нүүдэлчдийн тухай би илүү ихийг мэдэж авсан. Ямар орчин нөхцөлд, яаж амьдарч байгааг нь би мэдэж авсан болохоор хөдөө буйдад явж байхдаа маш таатай байдаг.
Намайг анх удаа Монголд ирэхэд нэг монгол найз маань “Хэрэв та манай нутагт аялж байгаа бол тэдний ирэхийг ч, явахыг ч мэдэхгүй” гэж хэлж байсан юм. Энэ үг надад хүчтэй нөлөөлсөн. Монголоор аялсан, аялж байгаа минь надад маш том нөлөө үзүүлсэн. Огт танихгүй хүмүүс миний найз болж намайг дэмжиж, тусалж эхэлсэн. Би их зүйл сурч байгаа.
-Өнгөрсөн 17 жилийн хугацаанд Монгол Улсад аялсан хүний хувьд Монголыг хэрхэн хөгжиж байгаа гэж боддог вэ?
-Нийслэл Улаанбаатар хот бол Төв Азийн хамгийн хурдацтай хөгжиж байгаа хотуудын нэг. Нүдэн дээр л хувьсан өөрчлөгдөж байна. Хүмүүс цаг наргүй хөдөлмөрлөж, илүү ихийг мэдэх эрмэлзэлтэй болж, технологийн сүүлийн үеийн ололт амжилтыг ашиглаж байна. Намайг анх ирэхэд Улаанбаатараас тахианы мах, өндөг, жимс, хүнсний ногоо олоход бэрх, үнэтэй байлаа. Хятад-Оросоос л бүх зүйлээ худалдаж авч байсан цаг. Гэтэл одоо та Улаанбаатараас бүх төрлийн бүтээгдэхүүнийг хүссэн дэлгүүрээсээ авч болж байна.
-Монголчууд тантай хэрхэн харьцдаг вэ?
-Эхэндээ надаас хүмүүс янз бүрийн юм асууж, сонирхдог байлаа. Энэ нь надад нэг тийм хачирхалтай санагддаг байсан. Монгол Улсад ирж, очих болгондоо хүмүүстэй эргэн уулзаж байсан болохоор сайхан харилцаатай, найзууд олон болсон байдаг. Монгол бол өргөн уудам газар нутагтай улс. Хүн ард нь хөдөө талдаа тархан суурьшсан байдаг. Хүмүүсийн сэтгэлгээ нь яг тал шигээ уужим сэтгэлтэй, найрсаг ард түмэн. Тэд гадаад байна уу, дотоод байна уу бүгдэд л чин сэтгэлээсээ ханддаг.
-Та Монголд олон найзтай болсон байх. Ном бүтээнэ гэхэд чинь яаж хүлээж авсан бэ?
-Тэд маш сайхан хүлээж авсан. Монголчуудын тухай хийж байгаа чиний үйл хэргийг үнэхээр бахархаж байна гэж хэлэхэд сайхан байдаг шүү. Дэлхий даяар тархан суурьшсан олон монголчууд над руу талархсан сэтгэлээ илэрхийлж, хаанаас яаж, авах вэ гэж асуусан цахим шуудан их илгээж байна.
-Монголоор аялж байхдаа үлдсэн, санаанаас чинь гардаггүй дурсамжаасаа хуваалцаач...?
-Монголд ирэх болгондоо би Энхдөл гэдэг хөтөчтэй хамт явдаг. Би түүнтэй 2005 онд танилцсан. Түүнээс хойш миний бүх аялалд хамт явж байна. Бид хамт маш гайхалтай адал явдал туулжээ. Монгол Улсын баруун хэсэгт байдаг Хөвсгөл нуурын мөсөн дээр аялж байсан нь хэзээ ч миний санаанаас гардаггүй. Өвлийн цагт Хөвсгөл нуур зургаан фут мөсөөр хучигддаг. Нутгийн иргэд ачааны, унааны машинаар өвлийн цагт зорчдог. 2005 оны хоёрдугаар сард биднийг явж байхад нэг машин мөсөнд цөмөрч унасан байлаа. Тэнд зорчиж байсан бүх машины жолооч нар бууж машинаас хүмүүсийг гаргасан юм. Гэвч машиныг гаргаж чадаагүй. Хэдэн арван метрийн гүн рүү тэр ачааны машин алгуураар живж байхыг харсан. Зорчиж байсан гурван хүн золоор эсэн мэнд гарсан. Мөс цуурч, цөмөрч байгаа нь их аймшигтай сонсогддог юм билээ. Нутгийнхан нуурын мөсөн дээгүүр жил бүр зорчдог учраас хаагуур зорчвол аюул багатай вэ гэдгээ мэддэг. Гэхдээ нуураар зорчиж байхад нэг л тийм сонин мэдрэмж төрдөг юм. Бид машинаасаа түр буугаад нуурын мөсөн дээр явж үзсэн л дээ. Хагас цаг орчим болсон байх. Энд тэндгүй цуурсан байсан. Дор “чап-пад” гэж дуугараад л. Тээр тэнд мөс мөргөлдөх чимээ хүчтэй сонсогдож ч байх шиг. Нуурын нөгөө эрэг дээр гараад л нэг их гүнзгий амьсгаа авч билээ.
Энхдөл найз маань надад "Би нутагтаа байгаа мөртлөө ингэж аялж үзээгүй. Чамтай хамт яваад, эх нутгаа өөрөөр нээж, гайхалтай аяллын гэрч боллоо шүү дээ" гэж нэгэн удаа хэлж байсан юм.
-Мэдээж авсан зурагнуудаа эрэмбэлэх утгагүй л дээ. Гэхдээ өгүүлэмж, хувь хүний байгаа байдлаас танд хүчтэй нөлөөлөх зураг сонго гэвэл аль зургаа сонгох вэ?
-“Мөсөн дээрх эрс”-ийг нэрлэнэ. Нуурын мөсөн хэвтэж байгаа залуусыг дээрээс нь авсан. Ихэнх зурагчдын авдаг өнцгөөс эрс өөрөөр авсан зураг. Зургийг нь дарчихъя гэхээр тэд ичиж, нэрэлхээд нэлээн юм болсон. Олон зураг авсны эцэст одоо та бүхний харж байгаа зураг гарсан юм.
-Монголд зураг дарж, аялсан нь таны зурагчны ур чадварт хэрхэн нөлөөлсөн бэ?
-Өнгөрсөн хугацаанд би зурагчны ур чадвар, субъектээ сонгох байдал, хаанаас авбал үзэгчдэд хэрхэн нөлөөлж чадах вэ гэдгээ бодох болсон. Чухамдаа Монголд аялсан хугацаандаа л энэ бүгдээ дээшлүүлсэн юм шүү дээ. Монголд аялж байхдаа байнга онож байгаагүй, алдаж ч байсан. Гэхдээ би алдаанаасаа суралцаад, дахиад хөгжүүлж ирсэн юм. Олон жил, хугацаа, мөнгө, эрч хүч зарцуулсны эцэст би энэ бүгдийг олж авсан. Түүнийгээ номондоо багтаасан.
-Та Монгол Улсад дахин зочлох уу?
-Мэдээж, тэгэлгүй яахав. Би энэ ажлаа зогсоохгүй. Яг үүнтэй ижил ажлыг Индонезид эхлүүлэхээр зорьж байна. Бас олон жилийн дараа ном болгох зорилготой.
Б.АЗЗАЯА
Сэтгэгдэл ( 0 )