Ертөнцийн чимээг морин туурай, эр зоригоор хураасан Их эзэн Чингис хааны мэндэлсэн цаг мөчийг идэрхэн өвлийн тэргүүн сарын шинийн 1 хэмээн тогтож, улмаар “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэх болсоор найм дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Эрдэмтэн судлаачдын оюун билгээ шавхан судалсан нөр их хөдөлмөрийн үр дүн, шинжлэх ухаанд суурилж, Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигдан эл өдрийг тогтсон учраас эзэн Чингис хаан дэлхийг эзэгнэхээр өдгөөгөөс 856 жилийн өмнө мэндэлжээ хэмээн үзэхээс өөр аргагүй. Энэ нь ч зүй ёсны хэрэг. Ертөнцийн чихнээ өдгөө ч алдар суу алдар нь улам тодорсоор байгаа эзэн хааны үр сад хэзээ нэгэн цагт Их хааныхаа мэндэлсэн өдрийг “мэдэхгүй” хэмээн олон таамаг дэвшүүлж суувал дэлхийн нийтийн өмнө ичигэвтэр биз ээ. Тиймээс Төрийн тэргүүний энэ зарлиг бол түүхэн үйл явдал юм. Түүнээс бус эрдэмтэн судлаачдын асар олон таамаг байдаг ч энэ зарлиг нэг зүгт хандуулж, монголчууд бид өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Чингис хааны төрсөн өдөр гэдэгт өдгөө эргэлзэхээ больж байгаа нь сайн хэрэг. Түүнээс энэ маргаан өдгөө ч үргэлжилж бид гадны зочдын өмнө нүүр улайх хэрэг гарахаар байлаа.
Эзэн хааны түүхэн амьдралыг тодорхой өгүүлсэн түүх, соёлын үнэт сурвалж бичиг “Монголын нууц товчоо”-ны төгсгөлд “Их хуралдаан болж, хулгана жилийн (1240) хуран (долдугаар) сард Хэрлэний Хөдөө арлын Долоон болдог, Шилхинцэг хоёрын завсар хаан орд бууж байхад бичиж төгсгөв” хэмээн бичсэнийг үндэслэн 1990 онд хөдөө аралд уран зохиол, түүхийн үнэт сурвалжийнхаа 750 жилийн ойг тэмдэглэсэн нь тодорхой үйл явдал.
Харин монголчуудын гол чиг баримжаа болох “Монголын нууц товчоо”-ны 59 дүгээрт “Есүхэй баатар, татаарын Тэмүжин-үгэ. Хори-буха зэргийн татаар хүнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Өэлүн үжин, Ононы Дэлүүн бодог гэдэг газар Чингис хааныг төрүүлжээ. Чингис төрөхдөө баруун гарт шагайн чинээ нөж атган төржээ. Татаарын Тэмүжин-үгээг барьж ирэх цагт тохиолдож төрөв гэж Тэмүжин нэрийг өгчээ” гэснээр өөр тодорхой зүйл үгүй учир эрдэмтэн мэргэд олон талыг судалгааг үндэслэн таамаг дэвшүүлж байсан нь цагийн аясаар бүдгэрч “өвлийн тэргүүн сарын шинийн 1” хэмээн нэгэнт тогтох нь ойлгомжтой болжээ.
Тийм дээ ч “Монгол бахархалын өдөр” хэмээн нэршиж, монголчууд төдийгүй гадна дотны судлаачид энэ өдрийг өнгийж харах болсон нь сайшаалтай. Бахархалт өдрөөр есөн хөлт цагаан тугаа цэнгүүлж, Их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, чансаа өндөр бөхчүүдийн барилдааныг зохион байгуулдаг сайхан уламжлал өдгөө хэвшиж байна. Олон жилийн түүхтэй бөхийн барилдаан бол монголын уламжлалт соёлыг тээгч үндэсний спорт болон хөгжсөн төдийгүй их хааны байлдан дагуулалтын үед цэргийн эрдэмд сургадаг нэгэн төрөл ч байсан гэдгийг өгүүлсэн нь бий. Ямартай ч “Монголын нууц товчоо” хөлгөн их сударт “Бүри Бөх бол улсын нэртэй бөх билээ” хэмээснээс харвал Чингис хааны үед бөхчүүдийг аймаг, овог, улсын хэмээн ангилдаг байсан нь харагдана.
Мөнхүү бахархалт өдрөөр эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай ч болсон.
Харамсалтай нь, дэлхийн дайдад “Чингисийн Монгол” хэмээн олон олон билиг авьяастнууд улсынхаа нэрийг өргөж байхад Ерөнхийлөгчийн тамгын газраас “Энэ жил Чингис хаан одон гардуулахгүй, учир нь шаардлага хангах хүн байхгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн нь “Бахархалт өдөр”-ийн баярыг эс бүдгэрүүлэх ч сэтгэл дундуурхан нэгэн агаар бүрдүүлж байх шиг. Монгол уран зохиолч буурал европыг байлдан дагуулахад “Чингисийн үр сад” гэж хэлнэ, монгол дуучин дэлхийн олон сонсогчдын чихийг дэлдийлгэж самсааг шахируулахад “Чингсийн Монголын дуучин” л гэнэ. Монгол бөхчүүд дэлхийн татами дээр ертөнцийн хүчтнүүдийг сөхрүүлэхэд “Чингисийн монголчууд” гэж таарна. Ерөнцийн гоц оюутнууд цуглардаг оюун ухааны спортод олноор онцгойрход “Чингисийн монголчууд” гэж хэлнэ. Бидэнд ийм л орон зай, ийм л гүрэн улсыг орхисон, монголын авьяас билигт залуус энэ улсын нэрийг дэлхийн дайдад унагаагүй, мандуулсан.
“Монгол бахархлын өдөр” монголчууд бид Чингис хаанаараа, алтан ургийн хаадаараа бахархахгүй бол өөр хэн бахархах билээ. Өдгөө бид өөрсдөөрөө бахархаж, өөрдсийгөө өндийлөх цаг болжээ. Монголчууд бид дэлхийн дайдад бахархах түүхтэй, бардамнах омогтой улс.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 7 )
Бахархах түүхтэй Монголыг өнөөгийн улс төрч хэмээх мануухайнууд харамсах түүхтэй болгож буй нь харамсалтай.
Олон зууны тэртээх түүхээс өөр бахархах зүйл өнөөгийн бидэнд даанч алга даа. Харамсалтай!
uhsen huureeree baharhah yum booj uhej bor shidmeseer hooloigoo booh l dutuu bna sda
Түүх бол түүх. үлдэж өнгөрсөн зам. Өнөөдөр Монголчуудад бахархах юм хэр их байна, түүгээрээ амьдарч байна уу гэдэг л чухалсан. Түүхээсээ сургамж авч чадаж байна уу? Үгүй шүү дээ. Хоосон хийрхэл хоол болохгүй.
Onoodor ongorson hargis hertsgii tuuheehee baharhaj bidniigee huurah gej orolddog baijee. Ireeduid ta nariig bas sain hulgaich, luivarchid baisan geed hoich ue tani sushiglen zalbirah bolj baina uu?!Ingeed mongol hun ue ueiin hargislal, hulgaigaa hoich ue ni baharhan temdegle gesen ug uu
Onoodor ongorson hargis hertsgii tuuheehee baharhaj bidniigee huurah gej orolddog baijee. Ireeduid ta nariig bas sain hulgaich, luivarchid baisan geed hoich ue tani sushiglen zalbirah bolj baina uu?!Ingeed mongol hun ue ueiin hargislal, hulgaigaa hoich ue ni baharhan temdegle gesen ug uu
uls orondoo yum khiie , amidralaa uud ni tatiya gekheer turiin tusheed ni ard olnykhoo khurungunuus khulgaylaad baykhaar yaji udlukh we dee