ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ: Зэрэглэл нэмэгдэж, 34 хувийн эзнийг сануулсан 7 хоног

2018 оны 11 сарын 10

Энэ долоо хоногийн эдийн засгийн тойм онцлох сэдвүүдээ хүргэж байна. “Сентерра Гоулд” Монголоос гараад явсан ч, “Гацуурт” дахь төрийн эрх мэдэл хэвээрээ байх бат ноттой үндэслэлүүд бийг сануулснаа онцоллоо. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн мөнгийг угаадаг суваг нь Банк бус санхүүгийн байгууллага гэх байр суурь давамгайлж буй. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хороо үүнд ямар тайлбар хийснийг эргэн сануулж байна.

“Гацуурт” бидэнд хамаатай

Zindaa.mn сайт “Сентерра Гоулд” болон OZD ASIA PTE компанийн хооронд шидэгдсэн “Гацуурт” төсөлтэй холбоотой сэдвийг цувралаар хөндөж буй билээ. “Гацуурт”-ын орд УИХ-ын 2015 оны тогтоолын дагуу Стратегийн орд бөгөөд УИХ-ын 2016 оны тогтоолын дагуу төр 34 хувийнх нь эзэн юм. Тиймээс ч хоёр компанийн тохироогоор “хөрөнгө оруулагч” нь солигдчихоод буй энэ асуудалд төр засгийн холбогдох яам, газрууд ямар байр суурьтай байгаа нь чухал. Тэгвэл УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар,  АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нар “Гацуурт”-ын орд Стратегийн орд мөн эсэхэд, 34 хувь нь төрийн мэдэлд бий эсэхэд эргэлзэж, бичиг цаас нягталж үзье гэсэн байр суурийг манай сэтгүүлчид илэрхийлсэн юм. Д.Сумъяабазар сайд  “Сентерра Гоулд” компанитай холбоотой асуудлаар нарийн мэдэж байгаа зүйл алга гэж хэлээд байгаа юм. 66 хувийг хариуцагч тал  төслийг дур мэдэн зарсан энэ асуудлыг төр чимээгүй хүлээж авах нь ямар учир шалтгаантай байж болох вэ? Эрхээ хэрэгжүүлж, хариуцлагаа хүлээх ёстой төрийн байгууллагуудын санах ой АЖИЛЛАГААГҮЙ болсон тул УИХ-ын 2015, 2016 оны тогтоолуудыг ТӨР-д сануулснаа онцолж байна.


Дахин хэлье. Өнөөдрийн эрх баригчид “Гацуурт” төслийн 34 хувийн эзэн Монголын төр гэдгийг санахгүй байна. Үнэндээ АН ч тодотгон санах сонирхолгүй харагдаж буй юм. Санаатайгаар мартаад байгаа мэт харагдах Монгол төрийн 34 хувьтай холбоотой улс орны эрх ашгийг, Монгол төрийн ой санамжийг ХЭН сэргээх вэ? Эхлээд төрийн ой санамж сэргэчихвэл, ярих асуудлууд олон байна...

ӨР дагуулсан УТАА


Өнгөрсөн жилүүдэд агаарын бохирдол бууруулахад төсөвлөсөн хөрөнгө мөнгө үр дүнгүй үрэгдсэнийг гэрчлэх дүгнэлтийг Аудитын байгууллага хийж, УИХ ч хуулийн хугацаа ярин ирэх оны төсвийг батлахдаа утаа, бохирдлыг бууруулахаар анх төсөвлөж оруулж ирсэн,  147.9 тэрбум төгрөгийг 80 тэрбумаар танаж,  67.9 тэрбум болгоод буй. Бодлого, шийдвэр ярьж тэрбум тэрбумаар нь мөнгө төсөвлөсөн ч, агаарын бохирдлыг дорвитой буулгаж чадахгүй байгаа ТӨР утаанаас мөнгө харамласныг үл хэрэгсэх хандлага нийгэмд байна. Гэхдээ нэгэнтээ нийслэлийг бүрхсэн утаа, бохирдлыг бууруулахын тулд гар хоосон иргэд юу ч хийж чадахгүй. Зайлшгүй төрийн бодлого, зөв зохицуулалт, хариуцлагатай үйл ажиллагаа хэрэгтэй. Тэгэхээр үүнээс мөнгө харамлах нь зөв үйлдэл мөн үү. Нийслэлд амьдарч буй хэн бүхнийг хордуулж буй утаа бохирдлыг бууруулахад үнэн зүтгэл гаргадаггүй, төрийн нэр барьсан нөхдүүд мөнгө шамшигдуулах хувилбараа өөрчлөн утаанаас зугтаалгаж байна уу ч гэж харж болохоор байгаа юм. Гэтэл олон улсын байгууллагууд төрийн  өмнөөс гараа хөдөлгөж, утааг бууруулах 23  төсөл, хөтөлбөр энэ онд хэрэгжүүлнэ гэж байна. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр дэд бүтэц хөгжүүлэх, гэр хорооллыг хөгжүүлэх, орон сууцны барилгын чиглэлээр 23 төсөлд 204.03 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх аж. Харин энэ мөнгөний 186.94 тэрбум нь зээл, 17.09 тэрбум төгрөг нь буцалтгүй тусламж юм. Тэгэхээр улстөрчид утааны эсрэг мөнгө төсөвтөө суулгахаас харамлаж, 186.94 тэрбум төгрөгийн ӨР тавихыг зөв гэж үзэв.

“Стандарт энд Пүүрс” манай зэрэглэлийг өсгөв   

 Олон Улсын зээлжих зэрэглэл тогтоогч Стандарт энд Пүүрс  агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B- тогтвортой” төлвөөс “B тогтвортой” болгон нэмэгдүүлснийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр дуулгалаа. Манай улсын Зээлжих зэрэглэлийг нэмэхэд дараах хүчин зүйлсүүд голлон нөлөөлжээ.


• Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй төсөв, санхүүгийн сахилга батыг сайжруулах бодлого нь эдийн засгийг хурдтай өсөхөд нөлөөлсөн;

• Эдийн засгийн өсөлт 2018 оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувьд хүрсэн нь бусад ижил түвшний зээлжих зэрэглэлийн үнэлгээтэй улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт;

• ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй макро эдийн засгийн болон төсвийн бодлого нь олон улсад хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн зэрэг нөлөөлсөн гэж Сангийн сайд мэдэгдлээ.

Дашрамд өгүүлэхэд, манай улс  гадаад зах зээл дээр өөрсдийн нэр сүр, нүүр царайны толь болж үзэгдэх зээлжих зэрэглэлдээ анхаарч, ахиулах тал дээр идэвх гаргахаас өөр сонголтгүй. Аль ч улс орны төлбөрийн чадварыг зээлжих зэрэглэлээр төлөөлүүлэн авч үздэг жишиг дэлхийд мөрдөгдөж буй юм.

ЖДҮ-ийн мөнгө угаагдаагүй гэв


Жижиг, дунд үйлдвэрлэлийг /ЖДҮ/-ийг хөгжүүлэх ёстой мөнгө улстөрчдийн холбоо хамааралтай компаниудаар дамжин ББСБ-уудад байршиж, өндөр хүүтэйгээр иргэдийг шулж байна гэх асуудал яригдаж буй. Ийм байр суурийг нэр бүхий эдийн засагчид, судлаачид илэрхийлсэн. Энэ оны тухайд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн төслийн сонгон шалгаруулалт наймдугаар сард явагдаж дууссан. Тэгвэл СЗХ-ны мэдээллээр энэ оныаравдугаар сард 20 ББСБ-ын бүртгэлд өөрчлөлт оруулсны 11 нь хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлж, зургаа нь шинэ салбараа нээгээд байгаа. ББСБ-уудын хөрөнгө нэмэгдсэн, шинэ салбарууд нээгдсэн гэх мэдээлэлтэй зэрэгцэн ЖДҮ-ийн мөнгөний урсгалыг холбож харах хандлага байна. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооноос /СЗХ/ үүнийг үгүйсгэсэн байр суурь илэрхийллээ.  Хууль, журмын хүрээнд ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгөнд нарийн чанд хяналт шалгалт хийгдэж тусгай зөвшөөрөл олгогддог учраас ЖДҮ-ийн зээлийн хөрөнгө банк бус санхүүгийн салбар руу орох боломжгүй гэж СЗХ-ны удирдлагууд мэдэгдэв. Тус хорооноос энэ оны эхний гурван улиралд нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг бүхэлд нь хамруулсан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг шалгасан хяналт шалгалтын ажил, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдээс ирж буй өргөдөл гомдол, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж буй талаар  танилцуулсан гэж мэдэгдсэн юм.

СЗХ  үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, байгууллагуудыг чадавхжуулах, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, цаашлаад зээлийн хүүг бууруулах нөхцөлийг бий болгох бодлогын хүрээнд ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийг үе шаттай нэмэгдүүлэх зохицуулалт явуулж байгаа гэж мэдэгдлээ.

 

Банкнаас бусад санхүүгийн салбарын тойм


Үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарын энэ оны гуравдугаар улирлын статистик үзүүлэлтүүд болон үйл ажиллагааны тоймыг Санхүүгийн зохицуулах хорооноос /СЗХ/ танилцууллаа. Манай улсын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ энэ оны гуравдугаар улиралд 12.8 хувиар өсч 2.35 их наяд төгрөгт  хүрчээ.  304 хувьцаат компани, 54 үнэт цаасны компани тус зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ТОП-20 индекс өмнөх оны мөн үеээс 10.5 хувиар өссөн үзүүлэлтийг дуулгалаа. Тэгвэл даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ 16 хувиар өсч, 327.6 тэрбум төгрөгт хүрснээс 76.4 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 21 хувийг давхар даатгалын компани, 2.7 хувийг урт хугацааны даатгалын компаниуд бүрдүүлжээ. Даатгалын компаниудын нийт нөхөн төлбөрийн зардал 42.2 тэрбум төгрөгт хүрч, нийт хураамжийн орлогын 34.4 хувийг эзэлж байгаагаас ердийн даатгалын компаниудын нөхөн төлбөр 98.9 хувийг бүрдүүлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 30.3 хувиар өссөн үзүүлэлт юм.

Банк бус санхүүгийн салбарт энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 540  ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагийн дийлэнх буюу 90.9 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Нийт хөрөнгийн хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 32.7 хувиар өссөн ба 2018 оны эхний гурван улирлын туршид гучаас дээш хувийн өсөлтийг үзүүллээ. Хөрөнгийн өсөлтийн 74.1 хувь нь зээлийн өсөлтөөс бүрджээ. Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оноос 2.1 дахин нэмэгдэж, 217 мянга, харилцагчдын тоо 1.5 саяд хүрсэн дүнтэй байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн уг өндөр өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин гуравдугаар улиралд 3.3 хувьтай байгаа бөгөөд хүүгийн түвшин өмнөх улирлын түвшнээс өөрчлөгдөөгүй байна. Нийт орлогын хувьд өмнөх оноос 32.7 хувиар өсч, 183.9 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт ашиг 68.3 хувиар өсөж, 73.5 тэрбум төгрөгт хүрчээ.

Хадгаламж, зээлийн хоршооны салбарт нийт 288 хоршоо гуравдугаар улиралд үйл ажиллагаа явуулсан бол Хоршоодын гишүүдийн тоо 61,881-д хүрсэн байна. Хөрөнгийн хэмжээ 192.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 34.8 хувиар өссөн байна. Салбарын нийт цэвэр ашиг 4.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 14.1 хувиар өссөн байгаа бол нийт орлого 33.9 хувиар өсөж 29.8 тэрбум төгрөгт хүрчээ.  Мөн салбарын нийт зээл өнгөрсөн оноос 32 хувиар өсөж 142.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 4.4 хувь буюу 6.2 тэрбум төгрөг болжээ. Нийт ХЗХ-дын 89.2 хувь буюу 257 ХЗХ нь  134.5 тэрбум төгрөгийн хадгаламж төвлөрүүлсэн бол үлдсэн 10.8 хувь буюу 31 ХЗХ нь хадгаламж татаагүй байна. Нийт хадгаламжийн 98.3 хувийг хугацаатай хадгаламж, бусад 1.7 хувийг хугацаагүй хадгаламж эзэлж байна.

Э.Болорхажид

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.43.138) 2018 оны 11 сарын 12

Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо

0  |  0
Top