“Маркетеруудын өдөр”-ийн зочид болоод зохион байгуулагчид дотор сонирхолтой, үеийнхнээ манлайлсан олон залуус байсны нэг нь Санхүү Эдийн Засгийн Дээд сургууль /СЭЗДС/ - ийн гуравдугаар курсын оюутан Х.Анар-Эрдэнэ байлаа. Түүнтэй ярилцаж суухад “Хэрвээ бидний хойч үе яг энэ залуу хүү шиг үзэл бодолтой байдаг бол бидэнд санаа зовох зүйл алга” гэж бодогдож байсан шүү. Ингээд түүнтэй ярилцсан цөөн хормоо тантай хуваалцъя.
- “Маркетеруудын өдөр”-т хэзээнээс өөрийн сонирхлоор туслаж ажиллаж байгаа вэ. Мөн манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Х.Анар-Эрдэнэ гэдэг. СЭЗДС-ийн Бизнесийн удирдлагын гуравдугаар курсэд сурдаг. Би өөрт олдсон цаг заваараа нийгэмд өөрчлөгдөж буй шинэлэг зүйлсүүдтэй танилцаж, оролдож үзэх дуртай. Маркетеруудын өдөр бол тэдгээр зүйлсийн маань нэг. Өдөрлөг маань зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн хамгийн гол онцлог нь аравдугаар сарын 20-ны өдрийг “Маркетеруудын өдөр” болгон албан ёсоор тэмдэглэхээр болсонд байгаа юм. Ерөнхийдөө маш том хүлээлт үүсгэж ирсэн арга хэмжээ байгаа. Мөн энэ жилийн хувьд шинэлэг илүү сонирхолтой залуу үе рүүгээ хандсан зүйл болж байгаа юм болов уу гэж бодож байна даа.
- Маркетерууд сүүлийн хэдэн жил хуралдаж, баяраа тэмдэглэснээр үндэсний өдөртэй боллоо. Энэ нь сүүлийн зургаан жил тасралтгүй чуулсны үр дүн юм болов уу гэж харж байна. Чиний хувьд бизнесийн удирдлагаар сурдаг гэсэн. Тэгэхээр бизнесийн удирдлага, маркетинг гэж чиний бодлоор юу вэ?
Миний бодлоор удирдагч хүн манлайлагч хүн гэдэг дан ганц ажлаа хийхээс гадна хүмүүс рүүгээ чиглэсэн сайн бодлого төлөвлөж, маш сайн ёс суртахуунтай байснаар илүү амжилтад хүрдэг юм болов уу гэж боддог. Сүүлийн үед хүмүүс нийгэмд эерэг сэтгэгдэл, эерэг хандлага төрүүлэхийг хичээх болсон байна. Нийгэмд эерэгээс гадна өөрийгөө түлхүү хөгжүүлсэн, ёс суртахуунлаг, нийгмийг сайн сайхан зүйлд уриалсан хүмүүс их болсон. Маркетер хүн, маркетинг гэж минийхээр нийгэмд, хүүхэд хөгшид, залууст нас харгалзахгүйгээр бүх хүнд ямар нэгэн мэдээллийг хүргэх, шинэ зүйлийг таниулах, мэдээ мэдээллээр хангах, тархийг нь шинэ зүйлсээр цэнэглэх гэж ойлгодог. Ялангуяа сүүлийн хэдэн жил фэйсбүүк маш хүчтэй гарч ирсэн болохоор хамгийн их маркетинг явж байгаа зүйл сошиал орчин юм болов уу гэж бодож байна. Хүмүүс үүнээс янз бүрийн мэдээлэл авч байна. Сайны хажуугаар саар гэгчээр фэйсбүүкээр сөрөг зүйлс ч маш хурдан тархаж байна. Насанд хүрээгүй хүүхдүүд муу зүйлийг үлгэрлэн дуурайхдаа амархан байдаг. Үүний эсрэг эерэг зүйл түгээж чадах нь маркетерууд юм болов уу даа гэж бодож байна.
- Жишээлбэл, чиний үеийн залуус сошиал орчинг хэрхэн ашиглаж, мэдээллийг ямар хандлагаар хүлээж авдаг вэ?
Манай үеийнхэн мэдээллийг шүүж, тунгаадаг үе дээрээ байгаа юм болов уу гэж бодож байна. Бид авч байгаа мэдээлэлдээ шууд итгэх биш, их дээд сургуулиудын оюутан, дээд боловсрол эзэмшиж байгаа хүмүүсийн хувьд аль болох мэдээллийн үнэн зөвийг нягтлахыг хичээдэг. Хичээл маань онлайнаар явдаг болж байгаа болохоор дийлэнх цагаа бие даалт, хичээл хийх зэргээр сошиал орчинд өнгөрөөж байгаа гэхэд хилсдэхгүй. Бусдад эерэг хандлага түгээх, чин сэтгэлээсээ туслаж, дэмжье гээд сайн үйлсийн аян өрнүүлж байгаа хүмүүс ихэнхдээ оюутнууд харагддаг. Энэ нь надад их сайхан мэдрэмж төрүүлдэг.
- Дийлэнх хүмүүс одоогийн залуучууд, оюутнууд, хүүхдүүд ийм байна, тийм байна гэж ярьдаг. Яагаад ийм хандлагатай болсон юм шиг санагддаг вэ?
Тэгж хэлэгддэгийн гол шалтгаан нь автобусанд манай үеийнхэн хөгшин настай хүмүүст суудал тавьж өгдөггүй гэдгээс эхэлдэг байх. Ахмад настай хүний үгийг сонсох нь зөв, түүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ зарим талаас нь хараад үзэх юм бол хэтэрхий өрөөсгөл ойлголт байж магадгүй. Залуу хүн гэхээрээ л өлсөхгүй, ядрахгүй байдаг юм шиг санадаг. Гэтэл бид чинь ялгаагүй л хүн, өөрийнхөө сургалтын төлбөрийг хийгээд, давхар ажил хийгээд явж байгаа, ар гэрээ тэжээж байгаа олон залуус бий шүү дээ.
- Чиний хүрэхээр төлөвлөж буй цэг юу вэ?
Бизнесийн удирдлагаар сурч байгаа маань ямар нэгэн зорилгод харьяалагдахгүй өөрийн хүссэн зүйлээ хийж, зөвхөн өөрийнхөөрөө хүссэн амьдралдаа хүрэх гол зорилготой. Бид өөрсдийнхөө шинэ бизнесийг эхлүүлж болно бүх юм чөлөөтэй, бид ямар нэгэн зүйлд харьяалагдахгүй. Нягтлан бодох хүний хувьд зөвхөн ня-богоо л хийнэ, дансаа барина. Бидний хувьд тийм зүйл байхгүй, бид чөлөөтэй сэтгэнэ, задгай байна, бизнесээ эхлүүлж чадвал нийгэмдээ илүү сайхныг түгээж чадах байх.
- Та нарын сурч боловсрох, эрүүл, аюулгүй нийгмийг томчууд бүтээж чадаж байна гэж боддог уу?
Өмнөх үеэ бодвол хамаагүй дээр болж байгаа гэж боддог. Багш нар маань аль болох цаасны хэрэглээг багасгах зорилгоор мэйлээр харилцах гээд тиймэрхүү зүйл рүү шилжиж байгаа нь таалагдаж байгаа. Гадны оронд 24 цаг ажилладаг номын сан, кафе гээд маш олон газрууд байдаг. Бидний хувьд 24 цагийн номын сан гэх юм бол ганцхан МУИС-ийн л номын сан байна. Шөнө, орой хичээл хийж суух гэхээр тухтай орчин байдаггүй, сургууль дээрээ 10 хүртэл суухад сургуулиас гаргадаг. Саяхан л 24 цагийн сүлжээ дэлгүүрээд орж ирж байна. Хичээл хийж, өөрсдийгөө маш сайн хөгжүүлье гэхээр орчин нь их ховор л доо. Магадгүй ингэж хэлэхээр та нарт сошиал орчин, фэйсбүүк байгаа биз дээ, тэгээд хийчихэж болдоггүй юм уу гэх байх. Гэхдээ тэр 100 хувь зөв зүйл мөн үү. Багийн ажил гэдэг хоорондоо харилцахаас эхлээд олон зүйлсийг бид нэг нэгнээсээ сурч авдаг.
Г.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 10 )
ИЙМЭРХҮҮ ЗАЛУУС ДАРГА БОЛНО ГЭЖ ОНОЛДОХООС ӨӨРИЙГ Ч НЭГ ИХ СУРААГҮЙ НЬ ИЛТ ХАРАГДАЖ БНА.ХИЧНЭЭН ЯДАРСАН Ч ӨӨРИЙН ӨВӨӨ ЭМЭЭ ААВ ЭЭЖДЭЭ БОЛ СУУДАЛ ТАВЬЖ ӨГӨХ ГЭЖ ЯАЖ УЛАЙРАХ БОЛ ДОО. ИЙМ АЙМХАЙ ХУЛЧГАР БЭРТЭГЧИН ТЭВЧЭЭР ТЭСВЭРГҮЙ ЗАЛУУСААС БОЛЖ ЭХ ОРОН ХУЛГАЙЧУУД УРВАГЧДЫН ИДЭШ БОЛЖ БГАА ЮМ ДАА.ЭДНЭЭС ТИЙМ ХҮМҮҮС ТӨРӨХӨД ЭРГЭЛЗЭХ ЗҮЙЛГҮЙ.ЭР ХҮН ШИГ ХАТУУЖИЛГҮЙ ШАЛЧГАР ЧАЦАГА ЦАРАЙЛСАН ЗАЛУУС ИХ БОЛСОН НЬ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ.ЭД НАР ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙ ХАРИН ҮГЭЭРЭЭ ЧАВГАНЦАЛЖ ЧАДНА.
Mundag huud iluu undur amjilt husie.
Хүн ядраад нүд анилдаад суугаагаараа унтаж бхад боссонгүй гээд их дээрэлхүү шд ээ
Залуу хүн гэхээр бэлэн гоймон идээд өвдсөн ч өвдөөгүй царайлаад ядрахгүй төмөр биетэй юмуу хөгшрөөд өвчний үүр л болно
Зөв үзэл бодолтой хүү байна. Тийм шүү автобусанд харж ажиглаж байхад зарим хүмүүс хүүхэд залуусыг албатай юм шиг босгоод л бүр баярлалаа ч байхгүй их л дээрэнгүй бүдүүлэг байгаа нь харагддаг. Мэдээж бүр их өндөр настай, таягтай, хүүхэд тэвэрсэн хүмүүст бол суудал тавьж өгөлгүй яахав. Насаараа автобусанд суугаад явах биш залуу хөгшин гэлтгүй зохицоод эвтэй найртай суугаад буугаад явчих хэрэгтэй гэдгийг ч бас бодолцох од зүгээрээ. Энэ хүүгийн зөвөө хүүхэд, залуус гэхээрээ өлсөхгүй, ядрахгүй биш, балар эртний дээрэнгүй үзэл одоо хэрэггүй
Hutcna biz batcaan min zaluu bhad ulsuh yadrahiig medehgui sh uu