Нарны алтан зурхайгаас шувууд уйтайхан зэллэж, бараа тасрах цагаар монгол яруу найргийн нэгэн сод хүү Лхамсүрэнжавын Ганзул анд маань “Хаан зүгийн нутагтаа” шувуудын цуваа сөрөн одлоо. Утга зохиолын хойморт шүлгээ зул болгож орхиод, амьдралын алтан хэвлийд ахан дүүсээ нулимс болгож орхиод, хайрын тэвэрт хань ижил, үр хүүхдээ уй болгож орхиод, инээд нулимсны мөнгөн аньсагт хэдэн муу андаа гуниг болгож орхиод одов. Цагийн салхинд дотно сэтгэл, хүн чанарын туйлаа гээсэн хүмүүс чамгүй маргааш руу гунигтайхан алхаж явна. Эвий дээ, анд минь айсуй оны хоёрдугаар сарын 10-ны өдөр дөнгөж 40 нас хүрэх байсан ч намрын өнгө арилж амжаагүй өвлийн эхэн сард тэнгэрт гарчихав. Хоёр зууны алтан завсарт, оюутан цагийн дурсамж оршоон, хайрын шүлэгт бялуурч явсан андыг минь юуны учир авч одов оо. Чамд авьяас билэггүй нэгнийг шүлгээрээ зодож, алдар хүндийн өөдөөс “гашуун” үг шидэж явсан өдөр бол бий. Харин хүний өөдөөс буруу зүгийн үг чулуудаж явсныг мэдэхгүй юм. Авьяас билгийн индэр, алдар хүндийн тайзнаа яарч ирсэн шигээ яараад л буцлаа. Тийм дээ ч анд минь хорь гаруйхан насандаа
“Нэгэн цагт би бүсгүй хүний нулимс болно
Нинжин сэтгэл аугаа хайрын эхлэл болно
Нэгэн цагт би тэнгэрт орших гэгээ болно
Нил гэрэлт ер бусын амьдрал болно” хэмээн бичиж байж дээ.
Бидэн хоёр эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аяны дөрөө харшуулж сэтгэлээ уудалсан байна. Бид амьдралын бараан өрөг дээр шүлгээ өрчихөөд итгэл хэмээх нүүдлээр гуниггүйхэн нүүж явжээ. Ахуйн аар саарханд огт санаа чилээдэггүй хэрнээ хорвоогийн шалтагт санаа зовж суусан өдрүүд олон байсныг би мэднэ ээ. Саяхан даа, “Найз нь 40 нас хүрлээ, төрсөн өдрөөрөө найзынхаа "40 нас" шүлгийг зээлнэ ээ. Би чинь Р.Чойном, О.Дашбалбар нартай нэг өдөр төрсөн юм шүү дээ” хэмээн инээж суусан анд минь одоо миний дэргэд алга. Өдгөөгөөс хориод оны өмнө шавилхан биетэй, “том” шүлэгтэй хүүтэй оюутны яруу найргийн тайзан дээр анх танилцаж билээ. Энэ хугацаанд амьдралын гуниг зовлонд хамт шаналж, баяр жаргалын магнайд хамт дуулж, хамт ажиллаж гээд хоромхон зуур ч сэтгэл салгаж явсангүй ээ. Нэгнээ тэмүүлсэн он цагийг л ардаа орхиж.
Олоон жилийн өмнө найрагч анд В.Нэргүй бидэн гурав хамтдаа номын баяраа тэмдэглэж, уншигчдын хүртээл болгосон номоороо гурвуулаа Зохиолчдын эвлэлийн шагнал хүртэж, найргийн наадамд дараалан шалгарч, нэгэн онд хүүтэй болцгоож гээд нэгэн дээвэр дор магнай тэнийж явсан өдрүүд олон бий. Тэгвэл цагийн жалганд нэгнээ гээж, алтан шарил дээр нь бөхийж, дотно хүмүүсээ өвчин зовлонгийн хормойд үдэж гээд гуниж гудайж явсан өдөр ч бас бий. Харин амьдралын эрээн бараан энэ өдрүүдэд хүн чанар, авьяас билэгээ нэг ч удаа гээж гандааж яваагүйг нь сайн мэдэх юм. Анд минь өдгөөгөөс 39 жилийн өмнө анхдагчдын өлгий нутаг Булган аймгийн Баян-Агт суманд төрж, сумынхаа дунд сургууль, аймгийнхаа 10 жилийн сургуулийг дүүргээд, олон авьяастныг өсгөж өндийлгөсөн “Утга зохиол, нийгмийн ажилтны сургууль”-ийг төгсгөсөн. Оюутан ахуй цагаасаа “Болор цом”-ын тайзан дээрээс үзэгчдийн суудлыг өндөлзүүлсэн олон шүлэг уншиж, “Цагаан-Уул”, “Алтан цом”, “Ган үзэг” тэргүүтэн 20 гаруй наадмын түрүүг хүртсэн ховорхон амжилттай найрагч бол анд минь. Бидний оюутан ахуй цагт энд тэнд яруу найргийн наадам байнга зохион байгуулагдана, энэ наадмуудад андын минь өмнө гишгиж байсан оюутан залуус үгүй байсан даа. Уг нь анд минь “Алтан дальтай шонхорын жигүүр надад байлаа ч аугаа ихийн дээгүүр нисэж үл зүрхэлнэ” гэж бичиж байсан сан. Гэтэл өнөөдөр тэр маань аугаа ихийн дээгүүр зүрхлэн нисчихлээ. Ижил хэдэн нөхөд чинь ижийдээ, аавдаа үнсүүлэхээр яаран явлаа даа хэмээн тайтгарал эрж сууна.
Монголын уран зохиол, түүний доторхи яруу найргийн ай савд “Нэгэн цагийн галбир” яруу найргийн түүврээ өргөн барьсан нь тухайн цагийн оюутан залуусын ширээний ном болж байв. Сүүлд 2012 онд уншигчдын хүртээл болгож байсан “Сэтгэл бүрдийн тойром” ном нь яруу найргийн хорхойтнууд төдийгүй найрагчид, утга зохиол судлаачдын анхааралд зүй ёсоор орж ирсэн нь нь түүнийг эрийн цээнд хүрснийг илтгэсэн хэрэг байв. Харин 2015 онд хэвлүүлсэн “Улирлын гүн” түүвэр бол түүнийг хэдийнэ өөрийн гэсэн уншигч, шүтэн бишрэгчтэй болсныг илтгэсэн юм. Өдгөө хэвлүүлж амжаагүй шүлгийн түүвэр нь эзэнгүй үлдсэн ч уншигчдын хүсэн хүлээсэн бүтээл байх нь дамжиггүй юм. Түүнд аян замын уртыг аялаад барчихмаар “Төгөлдөр гоо”, “Жиндээх салхигүй хорвоо”, “Марал буусан шөнө”, “Хайр” тэргүүтэй хэдэн сайхан дуу өдгөө ард түмний дунд мөнхрөөд үлдэв.
Алдар хүндийн өөд мацаж шунаад байгаагүй ч түүний уран бүтээл, авьяас билгийг үнэлж, Хөдөлмөрийн хүндэт медаль, Г.Сэр-Одын болон Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, сэтгүүл зүйн салбарт ажилласан хөдөлмөрийг үнэлж, МСНЭ-ийн “Ган үзэгтэн”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж байлаа. Сэтгүүл зүйн салбар гэснээс анд минь сургуулиа дүүргэсэн даруйд ажлынхаа гарааг “Улаанбаатар таймс” сониноор эхэлж, “Ган зам”, “Шинэ Монгол” радио”, ”Монголын үндэсний олон нийтийн радио”, “Зиндаа.мн” сайт, “Зиндаа” сэтгүүлд сэтгүүлч, тоймчоор ажиллаж байв. Богинохон амьдарсан ч энэ л хугацаанд анд минь нэр төртэй, хүндлүүлэх авьяас билэгтэй, хамт олонтой, анд нөхөдтэй, амраг ханьтай, алиа хонгор үрстэй гээд юугаар ч дутаж амьдарсангүй. Нэр төртэй л амьдарч хэмээн тайтгарах гэж оролдож байна.
Анд минь “Нэгэн цагт би бүсгүй хүний нулимс болно” хэмээн бичсэн шигээ олон бүсгүйн нүдэнд нулимс болон шингэлээ. Анд минь “Нинжин сэтгэл аугаа хайрын эхлэл болно” хэмээсэн шигээ ирээдүйн өөд хэн нэгний эхлэл болохоор явчихлаа. Анд минь “Нэгэн цагт би тэнгэрт орших гэгээ болно” гэж зөгнөсөн шигээ алс тэнгэрийн тэртээ тодоос тод гэрэл болохоор харвачихлаа. Анд минь “Нил гэрэлт ер бусын амьдрал болно” гэсэн шигээ ер бусын авьяас билэг болохоор яарчихлаа. Учрал хагацал сугадалцаад алхах хорвоогийн энэхэн зайд сайн төрлийг олох болтугай анд минь.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 15 )
Хүний сайн нь шилдэг нь явчихдаг хорвоо юм даа. Арай л эрт явчихлаа.
Ум ма ни бад мэ хум.
Хэдхэн жилийн өмнө миний шавь ”Болор цом”-ын эзэн Н.Гантулгын номын баярыг Хишиг-Өндөр суманд тэмдэглэхэд танилцаж утга яруу уран шүлгүүдээс сонсож байхдаа их зөв хүүхэд байна даа гэж бодож билээ. Түүнээс хойш хэдэн хэдэн удаа уулзаж явлаа. Мөнхийн инээмсэглэлтэй, гялганасан бор нүдтэй дүү минь бурхан орондоо тайван нойрсдоо. ”Сэтгэл бүрдийн тойром”-д утга зохиолын андууд чинь тойрон суух болно.
Um sain amgalan boltugai
юугаар ч гоёлтгүй,үнэлэлтгүй, магталтгүй ,энгийн бардам намхан андыг минь одход нэгэн улс маань ханхайх шиг санагдана.Яруу найрагчийн зиндаа тэнгэрт хүрэх шат мэт
Ум сайн амгалан болтугай
Sain ch zaluu,saihan ch yaruu nairagch baisan daa.Yaalt ch ugui 2000-glad onii Mongoliin uran zohioliin gol toloologchiin neg.
Үнэхээр сайхан хүн байж билээ ...Ум сайн амгалан болтугай...
Мөнхөд чамайгаа дурсаж явах болно оо. уурхайн хотхонд нарыг хамтдаа тосож инээсэн тэртээх хаврын дурьтгал одоо ч сэтгэлд тодхон байна.
Um sain amgalan biltugai
Гүнээ эмгэнэж байна
Дээд төрлийг олох болтугай.
Анд тайван нойрсдоо ум сайн амгалан болтугай
Burhan hutag olj munh amgalan orshtugai
Анд минь, ум сайн амгалан болтугай даа.