Гавьяат жүжигчин А.Даваахүү 25 жилийн хугацаанд чуулгын тайзнаа бүжиж, Монголын язгуур урлагийн гайхамшгийг сурталчилжээ. Түүний эрс шулуун хөдөлгөөн, төгс гүйцэтгэл, жүжиглэх чадвар, гал цогтой бүжих нь танхим дүүрэн үзэгчдийн зүрх сэтгэлийг догдлуулж чаддаг. Аавтайгаа хамт буюу өөрөө 37 настайдаа Монгол Улсын Гавьяат цолоор шагнагдаж, авьяасаа үнэлүүлсэн түүнтэй Үндэсний урлагийн их театрын талаар ярилцлаа.
-Үндэсний урлагийн их театр өвөл цагийн нээлтээ хийхээр бэлтгэж байна. Өвөл цагийн нээлтэд тоглогдох уран бүтээлүүдээс та танилцуулаач?
-Үндэсний урлагийн их театр жилийн жилд олон уран бүтээлүүдээр урын сангаа арвижуулдаг. Энэ жилийн хувьд ч эрэл хайгуул хийж, үзэгч олныхоо сонорт хүргэхээр бэлтгэлээ хангаад байна. Урлагийн үндэс язгуур, охь болсон үндэсний урлагийн их театр арваннэгдүгээр сарын 28, 29-нд “Наран тамгатай талын Монгол” бүжгэн жүжгээр өвөл цагийн нээлтээ хийх гэж буйд баяртай байгаа. Манай байгууллага зуны гурван сарын турш гадаадын олон орноос ирсэн жуулчдад ардын урлагаа таниулан, сурталчлах үүрэг хүлээдэг. Энэ тоглолт гурван сарын турш буюу 100 өдөр үргэлжилдэг. Ингээд дараагийн ажилдаа төлөвлөгөөний дагуу ороод явж байна. Энэ онд Үндэсний урлагийн их театрын “Монголын их хатад” бүжгэн жүжгийн таван жилийн ой тохиож байгаа. Бид арванхоёрдугаар сарын 1, 2-нд Соёлын төв өргөөнд “Монголын их хатад” бүжгэн жүжгийнхээ ойг тэмдэглэхээр бэлтгэж байна. Мөн үүний дараагаар “Уул усны шивнээ” хэмээх өвөрмөц онцлогтой тоглолт төлөвлөсөн.
-Яагаад “Уул усны шивнээ” гэж тэр тоглолтоо нэрлэх болсон юм бол?
-Эрт дээр үеэс монголчууд энэ сайхан язгуур урлаг, уламжлалыг бий болгож, бидэнд үлдээсэн. Монголчууд нүүдэллэж амьдрах явцдаа өөрсдийнхөө урлаг, өв соёлыг бий болгож ирсэн. Тиймээс бид залуу хойч үе, ирээдүй болсон хүүхдүүддээ Монголын сонин содон амьдралын хэв маягаас төрсөн дуу авиа, эгшиг аялгуу, яруу тансаг хөдөлгөөн бүгдийг шингээсэн бүрэн хэмжээний тоглолтыг толилуулах гэж байгаа юм. “Уул усны шивнээ” нэрийн цаана Монголын мартагдсан ардын аялгуу, хөгжмийн өв соёл, хөгжмийн зэмсгүүдийн сонин содон дуу авиа оршиж байгаа. Нүүдэлчин монголчууд малын арьс ширээр өмсгөл зүүсгэлээ бэлтгэж, эвэр туурайгаар нь хөгжмийн зэмсэг хийдэг байлаа. Үүгээрээ ая дан, эгшиг зохион, үеэс үед, амаас ам дамжин ирсэн ардын дууг бүтээсэн байдаг. Энэ бүгдийг сэргээн, таниулах хүслээр “Уул усны шивнээ” тоглолтыг хийх гэж байна. Тус тоглолтын үеэр Боржигон тойрон бүжиг, Буриад зон олны тойрон бүжиг, Цаатан дархдуудын тойрон бүжиг зэргийг сонирхуулна.
-"Монголын их хатад” бүжгэн жүжиг тавигдсан түүхээс сонирхуулаач?
-Эзэн Чингис хааны үеэс их хатад төрийн хүндэт чиглүүлэгчид байсан гэдэг. "Их хатад" бүжгэн жүжгийн гол онцлог нь хатдын түүчээ болсон Гуа марал, Бөртэ чоно, домогт Алунгоо эхийн сургаалаас эхлүүлэн Өүлэн эх, Бөртэ хатан ер нь зуун зуунаар дамжсан их хатдаа магтан дуулах явдал юм. Хатад эх орныхоо төлөө, их гүрнийхээ төлөө, их Монголынхоо төлөө оюун ухаанаа зарцуулж, нэгдэн нийлүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж буйг бүжгэн жүжиг хэлбэрээр амилуулъя гэсэн зорилготойгоор анх бүтээж байсан юм.
-Та Үндэсний урлагийн театртай амьдралаа холбосон түүхээсээ хуваалцаач?
-Тухайн үед Улсын ардын дуу, бүжгийн чуулга гэж байсан юм. 1992 оны үед миний бие энэ агуу урлагийн өргөөний хаалгыг татаж орсон. Түүнээс хойш тасралтгүй ажиллаж байна. Хамгийн анх уран сайханчаар энэ гэр бүлд нэгдэж байв. Урлагийн тогоондоо ахмад уран бүтээлчдийнхээ ариун ухаан, дуу хуур, бүжиг наадамд өөрийнхөө сэтгэл зүрхийг хөглөн байна. Бүжигчин гэх сайхан мэргэжлийг сонгон ажилласнаас хойш 24 жил болсон байна. Монгол Улсын Гавьяат жүжигчин Гунгаагийн Зоригт гэж эрхэм хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзаганд хүргэж, бүжигчин болох гарааг минь тавьсан. Миний аав мөн л энэ театрын, энэ чуулгын ахмад бүжигчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Цэгмидийн Алтангэрэл гэж хүн бий.
Аав минь нэг ёсондоо миний зөвлөгч багш. Г.Зоригт багш яг л намайг бие даан хөгжүүлж, ардын сайхан бүжгийн ухааныг сургасан хүн. Бүжиг дэглэх ур ухаанд сургасан багш маань бол Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, нэрт бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар билээ. Монгол зон олны аж байдлыг, сурталчилан таниулж, жинхэнэ бүжиг дэглэх ур ухаанд сургасан хүн С.Сүхбаатар багш. Нэг ёсондоо би уран сайханчаас бүжигчин, бүжигчнээс бүжиг дэглээч, бүжиг дэглээчээс ерөнхий найруулагч болж, эрхэм хүндтэй энэ албыг зургаан сарын хугацаанд хашиж байна. Чуулга маань миний амьдрал, хүсэл зоргийн салшгүй амин хэлхээ болжээ. Аливаа зүйлийг шинэлэг нүдээр харж, шинэлэг бүтээл туурвихыг эрмэлзэн зургаан сарыг үдлээ. Язгуур урлаг, уламжлалаа үеийн үед чуулгын маань үндэс байгаасаа гэж дотроо бодож явдаг даа.
-Үндэсний урлагийн их театрын бусад театраас ялгарах гол онцлогийг та юу гэж тодорхойлох вэ?
-Үндэсний урлагийн их театр өөрөө гайхамшиг, Монголын бүх урлагийн салбаруудын үндэс язгуур. Энэ газраас улбаалж гарсан ахмадууд, алдартнууд тухайн салбар чиглэлдээ урлагийг хөгжүүлсэн. Манай театраас төрсөн алдартнууд очсон газар бүрээ цэцэглүүлж явдаг юм. Тэгэхээр энэ газар цөм нь, нар нь юм. Бусад урлагийн байгууллагууд цацраг нь юм. Их театраараа би их бахархаж явдаг. Соёл урлагийн нар хаанаас мандаж байна гэвэл Үндэсний урлагийн их театраас мандана гэж би хэлнэ. Энэ чуулгын тогооноос маш олон алдартнууд төрж гарсан. Хөгжмийн зохиолч Мөрдорж, Лувсаншарав нарын алдартнууд театрт маань ажиллаж явсан цаг саяхан. Монголын алдартай дуучид олон төрснийг та бүхэн мэднэ. Агуу Норовбанзад, Түмэндэмбэрэл, Банзрагч, Оросоо, Хоролсүрэн нар энэ л чуулгын бахархлууд билээ. Сэвжид хэмээх агуу бүжиг дэглээчийг гайхамшигтай өвгөн багш гэж би дотроо хүндэтгэн биширч, дээдэлж явдаг.
-Ерөнхий найруулагчаар ажиллах зургаан сарын хугацааг та ямар үр бүтээлтэйгээр үдэж байна вэ?
-Энэ хугацаанд жуулчны тоглолтдоо голлон анхаарлаа. Жуулчны тоглолтыг зөвхөн гадаадынхан гэлтгүй монголчууд маань өөрсдөө ч их сонирхдог. Энд 26 жил ажиллахдаа энэ сайхан багш нараасаа үлгэрлэж, найруулга хийж байгаа хүмүүсээс суралцаж, уран бүтээлчдийнхээ туурвих арга барилыг эзэмшихийг хичээж ирсэн. Би өөрөө энэ тогоонд оролцож, хөдөлж, бүжиглэж явсан хүн учраас надад найруулга зүйн тал илүү дөхөмтэй байдаг. Яагаад гэвэл хамт олноо таньдаг, уран бүтээл хэрхэн бүтдэгийг мэдэх учраас. Одоо бид бие даасан бүтээл болох “Уул усны шивнээ” тоглолтоо хийх гэж байна. Тоглолтдоо бэлтгэхийн тулд өөрөө судалж, түүхийн улбаа талаас нь нэлээд судалгаа хийж, эрдэмтэн мэргэдүүдтэй уулзаж байж сэдэв, санаагаа өргөжүүлсэн.
-Жуулчдад зориулсан тоглолтын талаар уншигчдад маань илүү тодруулан ярихгүй юу?
-Улсын тусгаар тогтнол гэдэг урлагаар баталгааждаг. Урлагаар дамжуулж Монгол Улсын тусгаар тогтнолыг илэрхийлж болно. Биднийг гадаад, дотоодын олон оронд явж байхад үргэлж хэлдэг. "Урлагаар дамжуулж Монголын аж амьдрал, зан үйл, соёл, түүхийг таньж мэдлээ. Очиж үзмээр санагдаж байна" гэдгээ ярьдаг. Ардын урлагийн тоглолтыг үзсэн жуулчдаас судалгаа авахад, Монголын уртын дуу, морин хуур, үндэсний их найрал хөгжим, зан үйлийг илэрхийлсэн бүжгийн хэлбэр, ардын дуунаас уламжлагдсан өвөрмөц дуу авиатай дуу хуурыг ихэд сонирхон үзсэн байдаг. Манай үндэсний урлагийн их театр ийм гайхамшигтай уран бүтээлүүдтэй. Жуулчид бидний тоглолтоос уйддаггүй, дахин дахин үзэхдээ ч дуртай байдаг.
Б.АМИРДАА
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )