СУРВАЛЖЛАГА: “Touch”-тай утаснаас ТОВЧЛУУРТАЙ УТАС руу шилжжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 30

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Дэлхийн банктай хамтран 2017 онд явуулсан судалгаагаар хот болон орон нутгийн 14 Ерөнхий боловсролын сургуулийн 8-17 насны 1278 сурагчийн 71.8 хувь нь өөрийн гар утастай бөгөөд тэдний 54.6 хувь нь цахим орчинд аялах боломжтой ухаалаг гар утас хэрэглэдэг гэдэг нь харагджээ. Өдөр тутам ухаалаг гар утас хэрэглэх нь хүүхдийн сурах арга барилд сөргөөр нөлөөлөх, бусаддаа төвөг учруулах, амьд харилцааг хязгаарлах гээд наад захын ухаанаар бодоход сөрөг асуудал олныг үүсгэнэ. Тийм ч учраас Засгийн газар энэ оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сургуулийн ойр орчимд ухаалаг гар утас хэрэглэхийг хязгаарласан тогтоол гаргасан бөгөөд энэ нь хүүхдүүдийг цахим гадуурхал, халдлага, донтолтоос сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлнэ гэж үзсэн юм.

Тэгвэл хэрэгжиж эхэлснээсээ хойш яг хоёр сарын хугацааг туулж байгаа Ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах тогтоол, шийдвэр Ерөнхий боловсролын сургуулиудад хэрхэн мөрдөгдөж байгаа талаар Zindaa.mn эргэн сурвалжиллаа. Та энэхүү мэдээллийг хүүхдүүддээ мөн уншиж өгөн, тэдэнд ухаалаг утасны хэрэглээнээс татгалзаж байгаа сайн жишээг танилцуулаарай!


АНГИ БҮР УТАС ХАДГАЛАХ ХАЙРЦАГТАЙ БОЛСОН

Бид эхлээд Ерөнхий боловсролын III сургуульд очлоо. Тус сургуулийн биологийн багш Д.Батмягмартай уулзаж, сурагчид сургууль дээрээ ухаалаг утас хэрэглэж байгаа эсэх, эцэг эхчүүд нь үүнд анхаарал тавих хандлага хэр байгаа талаар тодрууллаа. 

-Аравдугаар сарын 1-ний өдрөөс сургуулийн ойр орчимд гар утас хэрэглэхийг хориглосон заалт хэрэгжиж эхэлсэн. Үүнийг танай сургуулийн сурагчид хэр үр дүнтэй мөрдөж байна вэ?

-Манай сургуулийн хүрээнд өглөө, өдрийн ээлжинд хичээллэж байгаа ангийн сурагч бүр ухаалаг утсаа хураалгаж хичээлдээ ордог. Анги бүр дотроо утас хадгалах хайрцагтай болсон. Анги удирдсан багш нь эсвэл ангийн дарга нь нэгдсэн журмаар сурагчдын ухаалаг утсыг хураан авч, цоожтой хайрцагт хийдэг. Ингээд хичээл тарсны дараагаар утсыг нь буцааж тараадаг. Нэг үгээр бол шаардлагыг хүүхэд бүр сайн хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн Эцэг, эхийн зөвлөлөөс хүүхэд бүрийн ухаалаг утсыг товчлууртай утас болгон өөрчлөх санал гаргаж, энэ хэрэглээнд нэгдэхийг бусдадаа уриалсан. Үүний үндсэн дээрээс манай сургууль хүүхдүүддээ товчлууртай утас хэрэглэхийг санал болгож эхлээд байна.

-Тэр саналыг хүүхдүүд хэр дуртай хүлээж авч байгаа бол? /Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!/

-Өнөө цагт ерөнхий боловсролын хүүхдүүд зайлшгүй утастай байх шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Ухаалаг утас хэрэглэдэг хүүхдүүд хичээлийн бус цагаар ч гэсэн элдэв апплейкшн хэрэглэх, тоглоом тоглох зэрэг сул талтай. Хэдийгээр хичээлийн үеэр гар дээрээ утасгүй байгаа ч анхаарал нь утсандаа татагдах тохиолдол хүүхдүүдэд ажиглагддаг. Товчлууртай утас хэрэглээд хэвшчихвэл зөвхөн гэр бүлийнхэнтэйгээ ярих, мессеж бичих зэрэг хэрэгцээгээ бүрэн хангачихна. Утсанд ач холбогдол өгч, сатаарахгүй. Энэ нь хүүхэд хичээлийн үеэр анхаарал нь сарнихгүй байх давуу талтай.

Харин тус сургуулийн 10В ангийн сурагч А.Азжаргал утасны хэрэглээний талаар "Сургуулийн ойр орчимд утас хэрэглэх нь багасч байгаа. Гэхдээ шууд утсаа хэрэглэхгүй байна гэдэг ахлах ангийн хүүхдүүдэд хэцүү санагддаг. Дугуйлан, секцэнд явахад оройтож тардаг учраас утсаа ашиглах шаардлага гардаг. Өмнө нь бид нар багш даалгавар өгөхөд тэмдэглэж авдаггүй, гар утсаараа зургийг нь дараад, нэг нэгэн рүүгээ явуулдаг байсан. Харин одоо бол хичээлдээ илүү их анхаарлаа хандуулж, багштайгаа илүү ойр болсон. Ийм сайн тал харагдаж байгаа. Зарим хүүхэд багш утас шалгах үеэр утсаа нуух тохиолдол гарч байгаа ч гэсэн харьцангуй багассан гэж бодож байна" гэв.

Мөн III сургуулийн 10А ангийн сурагч Г.Онон бидэнтэй сургууль дээрээ ухаалаг утас хэрэглэх нь зөв, буруу эсэх талаар өөрийн байр сууриа ингэж хуваалцав. Түүний яриаг ВИДЕО хэсгээс үзнэ үү!


ЗАВСАРЛАГААНЫ ҮЕЭР СУРАГЧДААР ШОО ЭВЛҮҮЛҮҮЛДЭГ БОЛЖЭЭ

Нийслэлийн III сургуульд очсоныхоо дараа бид “Монгени” лаборатори сургуульд очлоо. Ерөнхий боловсролын сургуулиуд харилцан адилгүй буюу дор бүрнээ журам, хөтөлбөр боловсруулан ухаалаг гар утасны хэрэглээг багасгахаар ажиллаж байгаа аж. Тэдэн дундаас онцлох нэг сургууль байсан нь “Монгени” лаборатори сургууль юм.

Тухайлбал, тус сургууль ухаалаг гар утасны хэрэглээний оронд эвлүүлдэг шоогоор тоглохыг сурагчдадаа санал болгож эхэлжээ. Хүүхэд бүр нэг шоотой бөгөөд хичээлийн завсарлагаанаар хүүхдүүд утсаар тоглохын оронд шоогоо эвлүүлдэг аж. Ингэснээр хүүхдийн оюун ухаан сэргэж, сэтгэн бодох чадвар  нэмэгдэн, тархины хөгжилд сайнаар нөлөөлөх давуу талтайг сурагчид ч, багш нар ч ярьж байлаа. Мөн тэд энэ мэтчилэн хүүхдэд өсч дэвжих боломж олгохыг бусад Ерөнхий боловсролын сургуулиудад уриаллаа.

БАГШ НАР ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ДЭРГЭД УТСААР ЯРИХААС ТАТГАЛЗАЖ БАЙГАА

 “Монгени” лаборатори сургуулийн англи хэлний багш А.Ариунзаяатай уулзаж, мөн л хүүхдүүд ухаалаг гар утаснаас татгалзахдаа цааргалж байгаа эсэх, шинэ журмын хэрэгжилт хэр байгаа эсэхийг тодрууллаа. Тэрбээр "Багш нарын хувьд сургууль дээр утас хэрэглэх шаардлага мэдээж гарч байгаа. Гэхдээ хүүхдүүдийнхээ дэргэд болон анги танхимд утсаа хэрэглэхгүй байх тал дээр анхаардаг болсон. Мөн манай сургууль интернет орчинд ажиллах боломж бүрдүүлсэн ч фэйсбүүк хэрэглэхийг бүрмөсөн хориглосон. Хүүхдүүдийн утсыг хурааж авдаг болсны дараагаас мэр сэр утас алга болох дутагдалтай тал гарсан. Ухаалаг утас хэрэглэж болохгүй гэсэн болохоор хүүхдүүд сүүлийн үед NOKIA 3310 загварын утас хэрэглэглэх нь нэмэгдсэн /инээв/. Гэрийн даалгавраа бичиж тэмдэглэж авалгүй, утсан дээрээ зургийг нь дараад явчихдаг байсан хүүхдүүд одоо уралдаад бичдэг болсон. Энэ хамгийн гол үр дүнтэй талын нэг байна" гэв. (Дэлгэрэнгүйг ВИДЕО хэсгээс үзнэ үү!)

 

"Монгени" лаборатори сургуулийн сурагч Ц.Идэртэй товч ярилцлаа. Тэр ухаалаг утасны хэрэглээнээс бүр мөсөн татгалзаж чадсан төдийгүй эвлүүлдэг шоотой үргэлж найзлан, шоо эвлүүлэхдээ сурамгай болжээ. 


-Ц.Идэр ээ, чи ухаалаг утас хэрэглэдэг үү?

-Хэрэглэдэггүй.

-Огт хэрэглэдэггүй байсан уу, эсвэл хэрэглэж байгаад больсон уу?

-Хэрэглэж байгаад больсон. Надад уг нь нэг хуучин утас байсан юм.

-Ухаалаг утас хэрэглэхээ болихыг хэн зөвлөсөн бэ?

-Багш анхааруулсан. Ухаалаг утас хэрэглэхээ болиорой гэсэн. Хэрвээ хэрэглэж харагдах юм бол нэг сар хурааж авна гэсэн.

-Ухаалаг утас хэрэглэх дуртай байсан уу. Фэйсбүүк хаягтай юу?

-Надад ямар ч фэйсбүүкийн хаяг байхгүй. Ухаалаг утастай байхдаа ихэвчлэн уйдахаараа тоглоом тоглодог байсан.


ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА

 


 

“School Police” эцэг, эхийн төлөөлөл Б.Оюун

-Гэртээ бол ухаалаг утасны хэрэглээг багасгаж, гэрийн даалгавар хийхэд нь тусалж, хамтарч ярилцах цаг зав илүү нэмэгдсэн. “School Police” хийх хугацаандаа анзаарч байхад хүүхдүүдийн утасны хэрэглээ өмнөх жилүүдийг бодвол багассан юм шиг санагдсан. Өмнө нь бол утсаа оролдонгоо л зам гарч байгаа тохиолдол их ажиглагдаж байсан. Эцэг, эхчүүд сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэхийг хориглосон энэ журамд, журмын хэрэгжилтэд сэтгэл хангалуун байна гэж харж байна.

Ээж Ч.Төгс /Түүний хүү II ангид сурдаг/

-Би бага насны хүүхэдтэй. Тэдэндээ аль болох ухаалаг утас хэрэглүүлэхгүй байхыг илүүд үздэг. Учир нь ухаалаг утас хэрэглээгүй байснаар хүүхэд хичээлдээ түлхүү анхаарал хандуулна. Гэхдээ огт утас хэрэглэхгүй байхыг нь хориглож болохгүй. Яагаад гэвэл ар гэрт нь асуудал гарна, гэнэтийн ямар нэг зүйл тохиолдоно, энэ бүгдэд утас зайлшгүй хэрэгтэй гэж бодож байна. Наад зах нь эцэг, эхдээ хэл дуулгах хэрэгтэй болно шүү дээ. 

Бэлтгэсэн Б.АМИРДАА, Д.АТАРЦЭЦЭГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top