БНХАУ-ын дарга Ши Жиньпин Европын орнуудад айлчилж буй билээ. Тэрбээр энэ сарын 28-нд Испанийн Ерөнхий сайд Педро Санчез болон Мадрид дахь Хятад-Испанийн Бизнесийн зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзсан тухай Синьхуа агентлаг мэдээлсэн юм.
Тэгвэл Хятадын тэргүүн хатагтай Пэн Ли Юань өчигдөр /2018.11.30/ Мадрид хотын төв хэсэгт байрлах “Рояал” театраар зочилж, Испанийн хатан хаан Литициатай хамт “Турандот” дуурь үзсэн тухай Хятадын англи хэл дээрх сайт болох Globaltimes.cn мэдээлжээ.
Хотулун буюу Хотол цагаан гүнж нь Монголын эзэнт гүрний Хайду хааны охин, Чингис хааны тав дахь үеийн удам бөгөөд 1260 онд төрсөн гэдэг. Хубилай хаан Хятадын соёл бүхий тансаг амьдралыг илүүд үзэж байсан бол Хутулун гүнж суурин иргэншлийг тийм ч сайшаадаггүй байжээ. Хутулун гүнж эрүүл чийрэг, биерхүү байсан учир эрийн гурван наадмын төрөл болох бөх, хурдан морь, нум сум харвах тэмцээнд ч хүч бяраа үздэг байж. Үүнээс гадна баатар эрсийн морьт тулаан зэргийг ихээр сонирхдог байжээ.
Марко Поло болон лалын орны зарим түүхэнд Хутулун гүнжийн талаар дурсан бичсэн байдаг ч түүхийн манан буданд бараг мартагдан алга болжээ. Харин XVIII зуунаас эхлэн энгүй хүчтэй бөх гүнжийн тухай түүхэн яриа сэргэжээ. 1710 онд Францын эрдэмтэн Франсуа Питис де Ла Крой Монголын эзэнт гүрний удирдагч Чингис хааны тухай анхны намтар цадигийг хэвлэх үедээ Азийн утга зохиолын сэдэвтэй олон ном, домог яриа гаргасан байна. Түүний бүтээлийн хамгийн шилдгийн нэг нь Хутулун гүнжийн түүхээс үүдэлтэй зохиол юм. Тэрбээр зохиолдоо Хутулун гүнжийг Алтан хааны 19 настай Турандот буюу турк охины дүрээр дүрслэн гаргасан байна.
Энэ зохиолд Хутулун гүнжийн бөх барилдан эр нөхрөө сонгох хүсэлтийг нь гурван оньсого болгон өөрчилжээ. Үүнээс гадна Хутулунд унасан бөхчүүд мөрийнд тавьсан адуугаа алддаг байсан бол жүжгийн зохиолд Турандоттой суухыг хүссэн эрчүүд гурван оньсогыг тааж чадахгүй бол амиа өгдөг гэсэн байдаг аж. Зохиол гарснаас 50 жилийн дараа Италийн нэрт зохиолч Карло Гоззи мөн энэ зохиолоор уран бүтээл туурвин, Фредрих вон Шиллер тэрхүү зохиолыг герман хэлнээ хөрвүүлж, Хятадын гүнж Турандот жүжгийг 1802 онд Иоханн Вольфганг вон Гоете Германы Веймар хотын театрын тайзнаа найруулан тавьж, үзэгчдийн хүртээл болгож байжээ.
Үүнээс бараг нэг зууны дараа Италийн хөгжмийн зохиолч Гиасомо Пуччини Турандот дуурь дээр 1924 онд өөд болох хүртлээ ажиллажээ. Түүний зохиолд баатарлаг эмэгтэй бус хайртай хүнээ насан туршдаа хайсан эмэгтэйн тухай өгүүлдэг. Пуччинигийн найруулсан Турандот уг уран бүтээлчийн хамгийн шилдэг бүтээлийн нэг болсон бөгөөд энэ дуурьт өөрөөсөө дорд гаралтай эрэгтэйтэй суухаас татгалзаж буй эмэгтэйн түүхийг өгүүлсэн байна. Энэчлэн Өрнөдийн соёлд Хутулун гүнжийн домог бардам эмэгтэйн түүх болон үлджээ. Харин монголчуудын хувьд тэрбээр энгүй хүчтэй эмэгтэй бөх, эрэлхэг баатар эмэгтэй гэдгээрээ түүхэнд үлдсэн юм.
Г.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )