Өнөөдөр /2018.11.30/ Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд нэгэн сонирхолтой үзэсгэлэн нээлтээ хийлээ. "Монголын сүүлчийн Эх хатан" нэртэй тус үзэсгэлэн нь
Түүх, археологийн хүрээлэнгээс үндсэн хоёр чиглэлээр явуулсан малтлага судалгааны явцад олдсон тоосго, цутгамал шавар бурхан, сац, цаасны хэсгүүд, цутгамал шавар хүний толгой, цутгамал шавар бурханы хэлтэрхий зэрэг эд өлгийн зүйлсийг олон нийтэд анх удаа дэлгэн үзүүлж, үнэ цэнэ, ач холбогдолыг нь танин мэдүүлэхэд чиглэгджээ.
Мөн Улсын эх дагина Дондогдуламын намтар үйлсийн тухай мэдээллийг баяжуулах, эх дагина төдийгүй Монгол төрийн түүхийн судалгааг тодруулж, хойч үеийхэнд таниулж, соёлын биет өвийг хайрлан хамгаалах үзлийг дэмжиж буйд гол зорилго, ач холбогдол нь оршино. Цаашид дурсгалт газарт иж бүрэн малтлага, судалгаа хийх, цэцэрлэгжүүлэх, тохижуулалт хийгдэх нь зүйтэй гэсэн саналыг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлж, ажлын зураг, даалгаврыг хийлгээд байгаа талаар энэ үеэр дуулгалаа.
Монголын сүүлчийн их хатан Дондогдулам нь Манжийн Бүрэн Засагч хааны сүүлчийн он буюу аргын тооллын 1874 онд Хөвчийн жонон бэйлийн хошууны Цэнд (Чогдон) хиагийн гэр бүлд мэндэлжээ. Түүнийг мэндэлсэн тэр өдөр Халхын шарын шашны тэргүүн Богд Жавзундамба хутагтын VIII дүрээр тодорсон Агваанлувсан таван настайдаа ээж дүү нарын хамт халхын төв их хүрээнд залагдан ирж байсан хэмээдэг. Энэ үеэс 1911 он хүртэл Богд нь ар Монголын шарын шашныг удирдан залж ирсэн түүхтэй.
Эх дагина Дондогдулам нь Хөвчийн жонон бэйл Цанлигдоржийн бага хатан байсан хэмээн зарим түүхэн сурвалжид тэмдэглэдэг. VIII Богд өөрийн анхдугаар дүр Өндөр гэгээн Занабазарт Манжийн эзэн хаанаас зориулан байгуулж өгсөн Амарбаясгалант хийгээд заларч "Өндөр богдын шарилд хүндэтгэн мөргөн" ёслол үйлдээд буцаж явахад буюу аргын тооллын 1896 онд Эх дагинатай танилцсан байна. Тухайн үед Богдын дотны нөхөр Цанлигдорж бэйл бага хатнаа түүнд өргөсөн гэдэг. Тухайн үед шашны тэргүүний хатанд шууд өргөмжлөгддөггүй ба ордны ёс журам, дэг жаяг, зан заншилд суралцах, ном эрдэм заалган зохих төвшинд хүрсэн нөхцөлд хатанд өргөмжлөгддөг эртний уламжлалын дагуу хэсэг хугацаа өнгөрсний дараагаар 1902 оны зун богд гэгээн Дондогдуламыг "Эх дагина"-д өргөмжлөх ёслол үйлдэж, түүнд "Ачлалт, ялгуун дагина, Эрх цагаан Дарь эх" цол өргөсөн байна.
Эх хатан төвд бичиг үсэгтэй байсан төдийгүй маш уран эмэгтэй байсан гэдэг. Дондогдулам хатныг Эрхэт цагаан дарь эхэд өргөмжлөгдсөнөөс хойш Богдын ногоон ордон, Хайстай лавиран хэмээх зуны ордууд нь үлэмж ихээр цэцэглэн хөгжсөн гэж үздэг. Мөн Эх дагина улааны шашны лүйжин хурдаг байсан мэдээ бий. Түүний уянгалаг сайхан хоолойгоор лүйжин тавьдаг тухай өвгөн лам нарын дурсамж ярианууд олон байдаг ажээ.
"Монголын сүүлчийн Эх хатан" үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 9-нийг хүртэл Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
MUNKHNAR EEJ ZALBIRAL UB PALAS
edgeer ed elegiin zyiliig sain hamgaalaj baih ni erdeniin tyyhiin yne orsino!!!!Mongolchyyd bidnii tyyh bol delhiid dabtagdahgyi saihan erdeniin soyol ter chigeeree yzesgelen bolj hybirdag saihan jisee enyynees ehleed bna daa!bid tyyhtei ard tymen!eneedriin gazar soroonii heryylees iluu!!!