ИХ-20: АНУ, БНХАУ худалдааны дайны ”гал”-аа 90 хоног зогсооно

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 03

 

Дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 орны удирдагчид арваннэгдүгээр сарын 30 болон арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Аргентины нийслэл Буэнос Айрес хотноо дээд хэмжээний уулзалтад оролцож, чууллаа.

Дэлхийн худалдааны байгууллага

"Их 20"-ийн бүх удирдагчид Дэлхийн худалдааны байгууллагыг шинэчлэхийг уриалж, эл асуудлыг ирэх оны зургадугаар сард Японы Осакад болох "Их 20"-ийн бүлгийн дараагийн дээд хэмжээний уулзалтаар нарийвчлан ярилцахаар тохиролцов.

АНУ-Хятадын худалдааны дайн

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар 90 хоног худалдааны дайны “гал”-ыг түр зогсоох тохиролцоонд хүрлээ. Энэ хугацаанд Трамп ирэх оны 1-нээс төлөвлөж байсан Хятадын 200 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулах импортын тарифыг нэмэгдүүлэхгүй бол Ши Жиньпин тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүн АНУ-аас худалдан авах замаар хоёр улсын хооронд үүсэн худалдааны алдагдлыг бууруулахаар тохирчээ.


Хунтайжид шахалт үзүүлэв

Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн үхэлд холбоотой хэмээн буруутгагдаж буй Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мухаммед бин Сальман "Их 20"-ийн уулзалтад оролцсон төрийн тэргүүн нартай уулзлаа. Британийн Ерөнхий сайд Тереза Мэй түүнд шахалт үзүүлсэн хэмээсэн бол Туркийн ерөнхийлөгч Режеп Эрдоган Саудын эрх баригчид хамтран ажиллахгүй байгаа хэмээн буруутгасан аж.

Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, зэрэгцэн суусан бөгөөд нэлээн хөгжилтэй яриа өрнүүлж байгаа нь гэрэл зурагчдын дуранд өртжээ.


Украины мөргөлдөөн

Барууны удирдагчид Украины цэргийн усан онгоцнуудыг багийн хамтаар саатуулсанд ОХУ-ыг буруутгаж, дипломат замаар шахалт үзүүлэх оролдлого хийсэн ч асуудлыг шийдэж чадсангүй. Талууд өөр өөрийн байр сууринд баттай зогсож байв.

Уур амьсгалын өөрчлөлт  

Төгсгөлийн баримт бичигт 20 улсын төрийн тэргүүн нар бүгд гарын үсэг зурсан ч 19 нь Парисын гэрээг хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа нотолжээ. Сөрж зогссон нь тус гэрээнээс гарсан АНУ.

НАФТА буюу Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээ  

Хоёр жил хэлэлцсэний эцэст, АНУ, Мексик, Канад гурав гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ тус гурван улсын парламентаар батлагдсан тохиолдолд хүчин төгөлдөр болох юм. Тус гэрээний хувь заяа Төлөөлөгчдийн танхимд олонхийн суудал авсан Ардчилсан намаас шалтгаалах болоод байгаа бөгөөд ардчилсан намынхан гэрээнд өөрчлөлт хийхийг шаардаж байгаа билээ.

Бага хүлээлт, бага үр дүн

"Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтаас хамтарсан тунхаг бичиг гарна гэдэгт олон улс орон, тэр дундаа уулзалтыг зохион байгуулагч орон хүртэл эргэлзэж байв. Энэ эргэлзээг тайлж, уулзалтаар төгсгөлийн баримт бичиг гарсан хэдий ч шинжээчдийн дүгнэж буйгаар тус хамтарсан мэдэгдэл дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын хооронд ноцтой маргаантай асуудал буйг илтгэж байна.

Тунхаг бичигт талууд ажлын байр нэмэгдүүлэх, дүрвэгсдийн хямралд нөлөөлж буй хүчин зүйлийг шийдвэрлэх тал дээр анхаарлаа хандуулах, мөн Дэлхийн худалдааны байгууллагыг шинэчлэх асуудлыг тусгажээ.

Гэхдээ, тус баримт бичигт протекционист буюу хамгаалах худалдааны бодлогыг авч хэлэлцэх талаар дурдаагүй ба олон талт худалдааны гэрээний асуудалд бага анхаарал хандуулсан байна.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top