С.Алтанчимэг: Усны хамгаалалтыг “30 метрийн гүн рүү цагтайгаа ор” гэж ойлгож болохгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Тэр дундаа монголын анхны бэлтгэгдсэн эмэгтэй мэргэжлийн цагчин байна гэдэг бахархмаар биш гэж үү. Тэртээх 1970-аас 1990 оныг хүртэл ЗХУ-ын Ярославль хотод манай улсаас мэргэжлийн цагчин бэлтгэх гурван жилийн сургалтыг 125 шижигнэсэн залуу төгсөж иржээ. Ерээд оны зах зээлийн шуурганд өртөх нь өртөж, цөөхөн хэд нь л одоо хүртэл 40 гаруй жил эзэмшсэн мэргэжлийнхээ үр шимийг хүртэн амьдарч байна. Тэдний нэг нь С.Оюунчимэг юм. Их дэлгүүрийн мастер цагчин гэвэл цаг хэрэглэдэг хүн бүхэн түүнийг андахгүй. С.Оюунчимэг эгчийн охин мэргэжлийн цагчин төдийгүй зээ хүү нь цагны инженерээр суралцдаг ажээ. Гэр бүлээрээ эмч, багш, цагдаа л гэж сонсож байснаас үе дамжсан цагчин гэж та өмнө нь сонсож байв уу. Үнэхээр сонирхолтой байгаа биз. Мөн С.Оюунчимэг эгчийн охид Швейцариас AEROWATCH, WEST END WATCH болон CLAUDE BERNARD брэндийн цэвэр ган, арьсан оосортой бүх төрлийн цагнуудыг оруулж ирээд жил гаруйн хугацаа өнгөрчээ. Мэргэжлийн цагчин хүний оруулж ирдэг цаг гэхээр бусдаас өөр байх нь дамжиггүй. Түүний охин С.Алтанчимэг Швейцарьт суралцаж, 12 жил амьдарчээ. Түүнээс цагны тухай сонирхолтой хэрнээ амьдралд хэрэгтэй маш олон зүйлсийг мэдэж авсан. Тиймээс уншигчдадаа ч мөн мэдлэг, мэдээлэл олгох үүднээс энэхүү ярилцлагыг хүргэж байгаадаа баяртай байна. “Цаг цагны дотроос Швейцарь цаг хамгийн шилдэг нь гэдэг дээ...”


- Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Мөн танай компанийн нэр тун сонирхолтой санагдлаа. Яагаад цаг оруулж ирдэг компанидаа “Шинэ цахлай” гэдэг нэр өгсөн юм бэ?

Намайг Сайнжаргалын Алтанчимэг гэдэг. Манай “Шинэ Цахлай” компани 2017 оны дөрөвдүгээр сард үүсгэн байгуулагдсан. Яагаад ийм сонин шувууны нэртэй вэ гэхээр, манай ээж 1973 онд ЗХУ-ын Ярославль хотод сургууль төгсөж байхдаа хамгийн анх Чайка гээд орос цаг засаж сурсан гэсэн. Чайка гэдэг үг маань монголоор цахлай гэсэн үг л дээ. Тэгээд цахлай гээд цаг засаж сурсан учраас компаниа ингэж нэрлэсэн юм.

-          Мэргэжлийн цагчин гэр бүл Швейцариас цаг оруулж ирж байна гэхээр хүмүүст хамгийн түрүүнд маш их итгэл төрөх нь дамжиггүй. Тэгэхээр танайх монголд байгаа маш олон Швейцарь цаг худалддаг газруудаас өөрөөр юугаараа онцлог бол?

Манай ээж цагчин, эгч маань цагчин, эгчийн хүү цагны инженер мэргэжлээр сурч байгаа. Тэгэхээр манайх нэгдүгээрт, мэргэжлийн хүн оруулж ирж байгаа цаг гэдэг нь бусдаас ялгарах хамгийн том онцлог гэж бодож байна. Тийм учраас бидэнд нэг удаагийн дотортой цаг байхгүй, засагддаггүй цаг байхгүй. Мөн манайх эргэх холбоо маш сайтай. Хүнд цагаа борлуулчихаад, зарчихсан юм чинь одоо болоо гэсэн байдлаар ханддаггүй. Худалдан авагч руу аль болох эргээд холбогдохыг хичээдэг. Зарим нь цагаа тааруулж чадахгүй, эсвэл автомат цагаа зогсчихоор нь яахаа мэдэхгүй цагаа тайлаад орхичихсон байдаг. Тиймээс манайхаас цаг худалдан авсан хэрэглэгчид рүүгээ чадвал сард нэг удаа, эсвэл улиралд нэг удаа утасдаж, Таны цаг ямар байна вэ? гэж асууж, анхаарал хандуулахыг хичээдэг. Мөн тухайн хүний маань цагийн зүү, түлхүүр, оосор зэрэг нь олдохгүй байвал бид эргээд Швейцарь луу холбоо бариад захиалдаг. Хоёр долоо хоногийн дотор тухайн цагны эд анги сериал дугаарынхаа дагуу манай дээр ирдэг. Нэг ёсондоо, бид цагаа үйлдвэрээс нь шууд авдаг учир бүх эд ангиа ч мөн үйлдвэрээс нь шууд захиалаад авчихдаг. Энэ бол маш том давуу тал гэж бодож байна.


-          Монголчууд цагийг гангараанаас илүү хэрэглээ болгоод удаж байгаа. Тиймдээ ч манайд маш олон брэндийн цаг худалдаалагддаг шүү дээ. Мэргэжлийн хүний оруулж ирээд лангуун дээр тавьчихсан байгаа цаг, энгийн бизнесмэний оруулж ирж байгаа цаг хоёрт хэр ялгаа байгаа бол?

Нэг зүйл дээр жишээлж тайлбарлая л даа. Машины мотор ч хаана байдгийг мэддэггүй, зүгээр л машин барьдаг хүн гээд төсөөлөөд үз дээ. Тийм хүн Японоос машин их хэмжээгээр оруулж ирээд зарвал яах вэ. Яаж ийж байгаад л борлуулчихна, гэлээ гэхдээ зарж байгаа машиныхаа талаар юу ч мэдэхгүй байна гэдэг хэцүү биз дээ. Харин би бол юу борлуулж байгаагаа маш сайн мэднэ. Борлуулж байгаа цаг маань ямар үүх түүхтэй, яагаад бид энэ цагийг сонгож оруулж ирж байгаа вэ, бусад цагнуудаас юугаараа давуу талтай вэ гэх зэргээр бид юу борлуулж байгаа вэ гэдгээ маш сайн мэднэ. Тийм учраас бусад газраас ялгардаг. Цаг худалдаалдаг бусад газруудаа муу хэлж байгаа юм биш л дээ, гэхдээ энэ кварц цаг уу? Гэж асуухаар, манайд кварц цаг гэсэн мэдээлэл ирээгүй ээ гээд зогсож байдаг. Гэтэл кварц цаг гэж зүгээр л зайгаар явдаг энгийн цагийг хэлдэг шүү дээ. Иймхэн зүйл мэдэхгүй хэрнээ цаг борлуулаад зогсож байна гэдэг үнэхээр сонин л доо.

-          Бид урд хөрштэйгөө нэлээд ойрхон амьдардаг учир аливаа брэндийг үнэхээр жинхэнэ үү, хулхи уу гэдэг дээр эргэлзэж орхидог. Тэр тусмаа цагны тал дээр ялгах боломж хэр байдаг юм бол. Жишээлбэл, та худалдан авагч нартаа энэ тал дээр ямар зөвлөгөө өгдөг бол?

Цаг хайж байгаа, сонирхож байгаа хүмүүст би маш их зөвлөгөө өгдөг. Нэгдүгээрт, таны цаг олон улсын баталгаатай юу, эсвэл зүгээр баталгаатай юу. Хэдэн жилийн баталгаатай вэ. Хоёрдугаарт, таны цаг сафир кристал шилтэй юу, эсвэл зүгээр минерал шилтэй юу. Цагны нүүр зурагдах уу гэдгийг заавал асуух хэрэгтэй. Мэдэхгүй хүмүүст зурагддаггүй гэж хэлээд зарчихдаг, гэтэл өнөөх цагных нь нүүр коток шиг болчихсон байдаг. Тэгээд үүнийг өнгөлөх үү гээд явж байдаг. Гуравдугаарт, ган эсэхийг нь асуух хэрэгтэй. Хэрвээ та төмөр цаг авчихвал зэвэрнэ шүү дээ. Төмөр зэвэрнэ, хөлсөнд харлана, аллерги хөдөлгөнө. Мөн цэвэр ган уу, бүрмэл ган уу гэдгийг лавлаж асуух хэрэгтэй. Дээрээс нь зарим цагны ард “Stainless steel back” гээд биччихсэн байдаг. Энэ бол харахад битүү метал боловч зөвхөн хойд талынх нь таг нь л ган гэсэн утга. Бусад нь төмөр гэсэн үг. Мөн цагны ард тал дээр тухайн цагны бүх мэдээлэл бичээстэй байдаг. Жишээлбэл, “Swiss made” гэсэн энэ бичиг бол Швейцарьт 60-аас дээш хувь нь үйлдвэрлэгдсэн цаг ийм эрхийн бичиг авдаг. “Swiss mouvement” гэж бас байгаа. Тэр нь юу гэхээр, зөвхөн Швейцарь моторыг нь хэлж байгаа юм. Түүнээс биш өөр газар угсарсан гэсэн үг. “Stainless Steel” гэсэн бичиг байгаа. Үүнийг зэвэрдэггүй ган гэж ойлгож болно. Мөн “Sapphire Crystal” гэсэн бичиг байгаа. Энэ нь дотроо маш олон төрөл байдаг. Минерал кристал, Сафир Кристал, Топ кристал гээд олон янз бий. Яг “Сафир Кристал” гэсэн нь дээр үед болор хундага гэж байдаг байсан даа. Тэр болор эдлэл маш том бондгороороо байж байдаг. Түүнээс слайд хэлбэрээр хэрчиж аваад энэ цагнуудад хийдэг. Тийм учраас ийм үзүүртэй юмаар зурахад яах ч үгүй. Зүгээр шил бол шууд зүсэгддэг. Үүнийг л “Сафир кристал” гээд байгаа юм. Гэтэл хүмүүс ингэж зурж үзүүлэхгүй байж наадах чинь зурагддаггүй шилтэй гэж хэлээд явуулчихдаг. Үүнээс болоод хүмүүс бүр итгэхээ больчихсон байдаг. Ямар сайндаа, зурагдахгүй гэчихээд зурагдчихдаг л биздээ гэдэг. Тэгвэл би танд зурж үзүүлье гээд цагаа гаргаж ирээд зурж үзүүлдэг юм. Тухайн хүн маань Сафир кристал гэсэн бичиг байна уу, үгүй юу гэдгээ л шалгачихад болох байсан. Мөн зарим цагных ард талдаа байхгүй бол урд талдаа бичээстэй байдаг. Ардаа ч тэр, урдаа ч тэр ийм бичиг байхгүй бол зурагдана л гэсэн үг.


-          Швейцарьт үйлдвэрлэгдсэн цагнууд өөрийн гэсэн сериал дугаартай байдаг гэсэн, үнэн үү. Мөн брэнд цаг худалдаж авсан хүмүүс юун дээр түлхүү анхаарах ёстой вэ?

Хүн болгон өөрийн нэртэй байдагтай адил Швейцарьт үйлдвэрлэгдсэн цаг бүр өөрийн сериал дугаартай байдаг. 100 ширхэг үйлдвэрлэгдсэн ч дугаар нь хэзээ ч давтагдахгүй долоон оронтой тоо бий. Цагны дээд талын таван оронтой тоо бол коллекцийн дугаар байдаг. Доор бичигдсэн нь сериал дугаар нь гэж ойлгож болно. Цагны сериал дугаарыг гүүгл дээр хийхэд шууд гарч ирнэ гэсэн үг. Жишээлбэл, хятадууд бол маш айхтар хүмүүс. Байду дээрээ сериал дугаарыг нь, брэндийнх нь нэртэй бичээд л шалгачихдаг. Хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн гээд тухайн цагны маань бүх мэдээлэл гарч ирэнгүүт, өө энэ швейцарь цаг байна, сайн цаг гээд худалдан авалт хийдэг. Мөн цагны логонууд энд тэндгүй бичээтэй байдаг. Оосор чинь үнэхээр ган бол оосрон дээрээ байх ёстой. Тэгээд нүүр, зүү гээд л энд тэндгүй лого байдаг. Брэнд цаг худалдан авсан хүмүүст өгөх олон зөвлөгөө бий л дээ. Жишээлбэл, шар өнгөтэй цагнуудыг юуны бүрмэл вэ гэж маш их асуудаг. Энэ нь дотроо шар алт, улаан алт /Rose gold/ гэж хоёр янз байдаг. Европууд үүнийг каратаар хэмждэг шүү дээ. Хуучин цагт оросууд цагийг алтны уусмалд дүрээд авдаг байсан. Тэгж алтан цаг гаргаж авдаг байжээ. Тухайн үед манай ээжээс хэрэггүй болчихсон шар оосрыг нь худалдаж авдаг байсан гэсэн. Үүгээр яадаг юм бэ гэхээр, хайлуулаад алтыг нь гаргаж авдаг гэдэг. Тийм зузаан алттай байж л дээ. Одоо технологи хөгжөөд яадаг болчихсон гэхээр, алтны тоосонцроор шүршдэг болчихсон. Тэгэхээр энэ шар өнгө арилахгүй, гэхдээ арилах цөөхөн хэдэн нөхцөл бий. Хэрвээ та химийн бодистой их харьцдаг бол урвалд ороод арилж магадгүй. Эсвэл өнгөлгөөнд оруулчихвал өнгө нь тэр хүчтэй өнгөлгөөнөөс болж арилна гэсэн үг. Тиймээс шар цагийг өнгөлгөөнд оруулж болдоггүй. Эсвэл он удаан жилийн дараа хэрэглээний бага зэргийн нимгэрэлтэнд өртөж болно. Бусдаар хэзээ ч дуураймал, муу цаг шиг нэг сар, гурван сар зүүгээд шар нь арилахгүй. Мөн машин жилд нэг удаа оношилгоонд ордог шиг брэнд цагнууд таван жилд нэг удаа оношилгоонд орох ёстой. Өөрөөр хэлбэл, таны цаг зогсоогүй ч гэсэн таван жилийн дараа худалдаж авсан газраа очоод үйлчилгээнд нь оруулъя гээд мөнгөө төлөөд үйлчилгээнд нь оруулах ёстой. Үйлчилгээнд оруулаад, задлаад бүх эд ангийг нь угаагаад, таван жил цугларсан тоос, тоосонцрыг нь цэвэрлээд, өнгөлөөд өгдөг.


-          Брэндүүд дотроо олон янз бий л дээ. Жишээлбэл, сайн цагийг таних хамгийн энгийн аргаас нэрлээч гэвэл?

Цаг зардаг болсноос хойш би энэ тал дээр илүү их анзаардаг болсон л доо. Цагны ард талд байгаа бичиг жижигхэн, олон байх тусмаа сайн цаг байдаг. Зарим цаг дээр ямар ч бичиг байдаггүй. Наад цагаа онгойлгоод үз дээ, нэг удаагийн дотортой байгаа даа гээд үзэхээр нээрээ л нэг удаагийн дотортой байдаг. Тэгэхээр энэ цагны ард тал ямар ч мэдээлэлгүй байна гэдэг нэргүй хүн, нэргүй хувцастай яг адилхан гэсэн үг. Ядаж л хаана үйлдвэрлэгдсэн, ямар материалаар хийгдсэн гээд бүгд байх ёстой. Гэхдээ маш өндөр үнэтэй зарим цагны ар тал ямар ч бичиггүй байдаг.

-          Цаган дээр маш олон чимэглэл, зүү, эд ангиуд байдаг л даа. Тийм чимэглэлгүй цагнууд ч байдаг. Хүмүүс бодохдоо их чимэглэлтэй, зүү нь олон байх тусмаа сайн цаг гэж ойлгоод байдаг?

Олон товчтой цагийг хронографтай цаг гэдэг юм л даа. Энэ цаг яадаг вэ гэхээр, дойл хэмжигчтэй байхгүй юу. Нэг ёсондоо секундын зүү хөдлөхөд энэ жижигхэн зүү давхар хөдөлж байх ёстой гэсэн үг. Тэгээд ирэхээр таны цагны зай таван жил явах байсан бол 2,5 жил яваад ч юм уу илүү хурдан дуусна гэсэн үг. Дойлын товчлуурыг нэг дарахад зогсчихно. Тэгээд нойллох хэрэгтэй. Гэтэл хүмүүс ганган, чаминг нь хараад ийм цаг аваад байдаг. Ойртоод яг сайн харвал энэ жижиг зүүнүүд нь зүгээр л цаас наачихсан байдаг шүү дээ. Мөн зүү хөдөлнө гэдэг маань энэ зүүг хөдөлгөж байгаа араа байгаа гэсэн үг. Тийм учраас цаг илүү зузаан болдог. Дээр нь гариг нэмэгдчихвэл бүр зузаан болчихдог. Зүү болгоныг тогтоож байгаа зүүний гол байдаг, тэгэхээр нүүрэн дээрх зүүгээ тоолоод таны цаг хэдэн араатай вэ гэдгээ мэдэж болно гэсэн үг. Хүмүүс болохоор гаригтай, секундын зүүтэй цаг сонирхоод байгаа хэрнээ нимгэхэн цаг нэхээд байдаг. Гэтэл энэ чинь боломжгүй шүү дээ. Олон зүйл багтаах тусмаа л цаг зузаарна.

-          Та цаган дээр бичигдсэн бичиг олон байх тусмаа сайн гэлээ. Тухайн бичгүүд чухам юу гэж байгаа талаар илүү дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юу?

“Swiss made” гэсэн бичиг байдаг. Харамсалтай нь манай урд хөрш бичигтэй, юутай хээтэй нь бүгдийг нь дуурайлгаж хийдэг болчихсон. Тэгэхээр энэ бичгийг хараад шууд Швейцарь цаг байна гэж хэлэх хэцүү болчихож байгаа юм. Ийм бичигтэй хэрнээ нэг удаагийн дотортой цаг ч байж л байгаа. Тэгэхээр та үнэхээр сайн цаг авъя гэж бодож байгаа бол худалдагчаасаа сайн асууж, тухайн худалдагч энэ цагны талаар мэдлэг, мэдэгдэхүүнтэй байна уу, үгүй юу гэдгийг сайн анзаарах ёстой. “Swiss made” гэсэн бичигтэй цагийг дуураймал уу, жинхэнэ үү гэдгийг мэргэжлийн хүн л хэлж чадна.


-          Та ээжийнхээ талаар танилцуулаач. Манай улсад байдаг цөөхөн мэргэжлийн цагчдын нэг гэж сонссон. Тэгэхээр эмэгтэй тэр тусмаа мэргэжлийн цагчны тухай манай уншигчид мэдэхийг хүсэх байх?

Монгол Улсад 1973 оноос хойш 125 мэргэжлийн цагчин төгсөж ирсэн. Манай ээж хамгийн анхны хойшоо сургуульд явсан мэргэжлийн цагчдын нэг, мастер цагчин Самбуугийн Оюунчимэг гэж хүн байдаг. Ээж маань их дэлгүүр дотор 20 жил цаг засаж байна. Мэргэжлээрээ 43 жил ажилласан хүн. Тэр мэргэжлийн 125 цагчнаас 1990 оны зах зээлийн шуурганаар үлдэж, яг мэргэжлээрээ ажиллаж байгаа нь ердөө 20 хүрэхтэй, үгүйтэй л байгаа. Тэр хүмүүс их дэлгүүр дотор, их дэлгүүрийн зүүн талд, Наран их дэлгүүр, Максмолл, Шангрилла, нэгдүгээр хороолол, 3,4 дүгээр хорооллын зарим газрууд гээд ердөө цөөхөн хэдэн газар л байгаа.  Тиймээс хэрэглэгчдэдээ хандаж нэг зүйл хэлмээр байгаа юм. Энд цагны зай, оосор хэн ч өрөөд сууж чадна. Гэхдээ цагаа засуулах гэж байгаа бол, Та мэргэжлийн хүн мөн үү? Гэж заавал асуух ёстой. Азаар манайх мэргэжлийн цагчинтай. Ер нь бол хүмүүс хэзээ ч асуудаггүй. Мэргэжлийн биш цагчин дээр очоод маш олон хүмүүс цагныхаа хамаг юмыг ухуулаад, эвдүүлээд ирдэг. Жишээлбэл, зайг нь солихдоо цаган дотор байдаг уснаас хамгаалах резинийг нь аваад хаячихдаг. Дараа нь нөгөө хүн цагтайгаа гараа угаагаад цаг нь эвдэрчихэж байгаа юм. Тэгэхээр хэрэглэгчид өөрсдөө наад захын мэдлэгтэй байх ёстой. Цагчин гэдэг мэргэжилтэй хүн одоо хамгийн залуудаа 40 хүрсэн хүн байгаа. Дөчөөс доош насны мэргэжлийн цагчин гэж бараг л байхгүй. Гэхдээ зарим нэг цагчин хүмүүс хүүхдүүдээ, охидуудаа дагалдуулаад сайн цагчин болгочихсон байдаг. Урт цагаан хавиар л гэхэд дагалдаад цаг засаад сурчихсан хэдэн хүмүүс бий. Манай улсад мэргэжлийн цагчин бэлтгэдэггүй учраас үзүүлэх диплом, сертификат байхгүй л дээ.

-          Цагны тухайд хамгийн чухал нь доторх эд анги, үзэмжээс гадна оосор маш чухал байдаг шүү дээ. Энэ тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ. Танайхыг цагны оосор, зай гээд бүгдийг нь Швейцариасаа шууд оруулж ирдэг гэж сонссон?  

Оосор бол хэрэглэгчдийн хамгийн их анхаарах зүйлсийн нэг л дээ. Оосрыг хэчнээн цэвэрхэн зүүсэн ч гэсэн гурван жил, цаашлаад таван жил зүүгээд л солих хэрэг гардаг. Нөгөө оосроо солих гэхээр олддоггүй. Яагаад гэхээр, тэр бол тухайн брэндийн өөрийнх нь бодлого байдаг. Өөрийнхөө цагийг авахуулаад, буцаад оосроо ч бас өөрөөсөө худалдаж авахыг санал болгодог. Манайх Швейцариас оосор оруулж ирдэг. Энэ оосорнууд маань энгийн, жирийн л хэрэглээнийх байдаг. Манай оосрыг өнгөө, размериа, юуны арьс вэ гэдгээ харж байгаад захиалж болдог. Жишээлбэл, гүрвэл, гахайн шир, тугал, үнээ, тэмээн хяруул гээд маш олон төрлийн арьсан оосрууд бий. Мөн эдгээр оосрууд дотор маань харшилтай хүмүүст зориулсан үйсэн дотортой ч бий. Мөн их хөлөрдөг хүмүүст зориулсан каучукан оосор байна. Их хөлөрдөг, гараа их норгодог хүмүүсийн цагны оосорных нь дотор илжрээд, ойртохоор өмхий үнэртдэг. Аргагүй шүү дээ, арьс юм чинь их ус хүргээд, хөлрөөд байвал илжирнэ. Тийм хүмүүст зориулсан оосор байна. Манайх албан ёсны эрхтэйгээр Швейцариас оосор оруулж ирж байгаа мөн л бусдаас ялгарах онцлог. Мөн бүх төрлийн размертай, бүх төрлийн цагны зай оруулж ирдэг. 1,5, 3 вольттой зайнууд бий. Манай зайнууд машины удирдлага, сонсголын аппарат, халууны шил, жингийн зай, цагны зай гээд олон төрлөөр худалдаалагдаж байгаа. Хуруу зайнаас бусад нь л байна. Тэгээд зай маань ердөө 15,000 төгрөгийн үнэтэй. Энэ зайндаа бид 2 жилийн баталгаа өгнө. Мөн цаг сольсон он сараа, өөрийнхөө дугаартай бичээд өгнө. Хоёр жилийн дотор таны цаг зогсчихвол та буцаж ирээд зайгаа үнэгүй солиулж болно. Тэгэхдээ бид эхлээд хэмжиж үзнэ. Тухайн зай маань 1,5 вольт, 3 вольтдоо хүрж байна уу, үгүй юу гэдгээ хэмжиж үзээд зай зүгээр байвал таны цаганд асуудал байна аа гэсэн үг. Энэ баталгаа монголд ердөө гуравхан газар л /Их дэлгүүр, Шангрилла, Максмолл/ үйлчилж байгаа. Үүнээс өөр зайнд баталгаа өгдөг газар байхгүй л дээ. Тэгж байж бид бусдаас ялгарч чадаж байна. Энэ зайнуудын хамгийн чухал нь хүүхэд амандаа хийсэн ч ямар ч хоргүй гэж явдаг. Манайх Швейцариас цаг, зай, оосор оруулж ирж байна. Тэгээд хажуудаа цаг засварчинтай. Өөрөөр хэлбэл, бид цагтай холбоотой бүхий л үйлчилгээг үзүүлэхийг зорьж байна гэсэн үг. Нэг зүйл сонирхуулахад, 2012, 2013 оны үед Сентрал тауэр, Блү Скай зэрэгт маш үнэтэй, бараг зуун хэдэн саяын үнэтэй цаг зарж байжээ. Тухайн үед манай эдийн засаг ч сайн, хүмүүсийн худалдан авах чадвар ч өндөр байж. Тийм учраас үнэтэй маш олон цаг зарагдсан гэсэн. Саяхан тэр цагийг зарж байсан худалдагч манайхаар ирээд, одоо яг тэр цагийг худалдаж авсан хүмүүс танай дээр ирж үйлчилгээгээ хийлгэх болж байгаа юм байна даа гэж хэлж байсан. Тиймээс үнэтэй брэндийн цаг худалдаж авсан хүмүүст хандаж хэлэхэд, заавал Европ явалгүйгээр манайд ирээд үйлчилгээгээ хийлгэх бүрэн боломжтой гэдгийг дуулгамаар байна.


-          Хэрэглэгч өөрсдөө цагны тухай наад захын мэдлэгтэй байх ёстой гэж та хэлсэн. Үүн дээр танд нэмж хэлэх зөвлөгөө байгаа болов уу?

Цаг худалдаж авахдаа зөвхөн худалдагчид найдна гэдэг жаахан өрөөсгөл ойлголт л доо. Худалдан авагч маань өөрөө цагаа эргүүлж, тойруулж сайн үзэж, наад захын мэдлэгээ олж авсан байх ёстой болдог. Зарим цаган дээр “Japan mouvement, Cased in China” гээд биччихсэн байдаг. Энэ бол япон дотортой, хятдад угсарсан цаг гэсэн үг л дээ. Гэтэл тийм хүмүүс энэ швейцарь цаг, зайг нь солиод өг гээд байдаг. Жишээлбэл, манай ээж шиг мэргэжлийн цагчид ямар ч цагны дотрыг хараад энэ Сейко цагных, энэ Рондо дотор гээд шууд хэлдэг. Бид нэгэнт тэгж чадахгүйгээс хойш, цагны ард, урд талд бичсэн үгнүүдийг сайн уншиж, ямар утгатайг нь мэддэг байх хэрэгтэй л дээ. Швейцарь цагны нэр хүнд яагаад одоо болтол ийм өндөрт байдаг вэ гэхээр, загварын хувьд бүх төрлийн хувцсан дээр зохицдог. Тиймээс үндсэн цагны загвараа хэзээ ч алддаггүй. 500 жил яг энэ цагаа л хийж байна. Манай брэнд 1616 онд үүсгэн байгуулагдсан. Тэгэхээр энэ байгууллага цагны тал дээр төгсөрчихсөн гэсэн үг шүү дээ.

-          Швейцарийн 500 жилийн түүхтэй брэндийн цаг оруулж ирээд ердөө жил гаруйхан хугацаа өнгөрсөн байна. Хэдийн өөрийн гэсэн хэрэглэгчтэй болсон байх. Манай уншигчдад цагнуудынхаа талаар нэмэлт мэдээлэл өгөхгүй юу?

Манай энэ цагнууд хэдэн зуугаараа үйлдвэр дээр бэлэн байж байдаг зүйл биш л дээ. Тоог нь өөр хүн, нүүрийг нь өөр хүн, зүүг нь өөр хүн гээд бүгдийг нь тус бүрд нь хийж дараа нь угсардаг “Hand Assembled” цагнууд байгаа юм. Жишээлбэл, энэ цагнаас арван ширхэгийг авъя гэвэл манай дээр байхгүй. Бид цаашаа захиална, тэгээд DHL-ээр хоёр долоо хоногийн дотор орж ирнэ. Мөн тухайн үйлдвэрт маань ч 10 ширхэгээрээ бэлэн байхгүй. Бидний захиалгын дагуу нэг бүрчлэн угсардаг. Мөн цаг гарт эвтэйхэн, эвгүй гэж байдаг. Таалагдаад байгаа хэрнээ яг зүүгээд үзэхээр гарт нь эвгүй байдаг. Тэгээд олон цаг зүүж үзээд хамгийн эвтэйхнийгээ л сонгодог. Тиймээс энэ тал дээр хэрэглэгчдэдээ хандаж хэлэхэд, манай залуучууд хүнд цаг их сонирхох болсон байна. Ер нь бол цагны стандарт хэмжээ эрэгтэй цаг бол 39-44 мм-тэй байдаг. Гэтэл манай монголчууд 50 мм-тэй Америк цагнууд зүүгээд байдаг. Тэр том цагны хэмжээгээр их ган, их метал орж байгаа шүү дээ. Тэгээд юунаас болоод өвдөөд байгаа нь тодорхойгүй өрөөсөн тал нь хөндүүр яваад байдаг. Гэтэл тэр хүнд цагийг байнга зүүж байгаа юм чинь аргагүй шүү дээ. Цагтайгаа унтчихдаг хүмүүс ч байдаг. Тэрийг мэддэг учир Швейцарьт байх ёстой хэмжээнээс хэтэрсэн хүнд цаг ер нь л байдаггүй. Мэдээж захиалгын дагуу хийх тохиолдол гардаг л даа.


-          Цагны хамгийн чухал үзүүлэлт бол усны хамгаалалт. Харамсалтай нь хэрэглэгчдэд үнэхээр таалагдсан усны хамгаалалттай цаг ховор байдаг. Учир нь хэрэглэгчид хэчнээн үнэтэй цаг авсан ч ус орчихдог гэдэг шүү дээ. Энэ тал дээр мэргэжлийн цагчин ямар зөвлөгөө өгөх бол?

Цагны ард талд усны хамгаалалтын хэмжээ байдаг. “Water Resistant” гээд биччихсэн байгаа. 30 метр, 3 атмосфер гэсэн бичиг байдаг. Атмосфер гэхээр даралтаар хэмжчихэж байгаа юм. Харин 30 метр гэдэг нь гурван атмосферийн усны даралт нөлөөлнө гэсэн үг. Тэр хэмжээний усыг таны цаг нэвтрүүлэхгүй гэсэн үг. Түүнээс биш таныг 30 метрийн гүн рүү цагтайгаа сэлж ор гэсэн үг ерөөсөө биш шүү. 30 метр гэдэг бол цагны хамгийн бага усны хамгаалалт. Та ийм хамгаалалттай цагтай бол, гараа угааж болно, таны гар ил үед бороонд норж болно. Ердөө ийм хоёрхон үйлдлийг зөвшөөрдөг. Дараа нь 50 метр, 5 атмосфер гэж байгаа. Энэ бол, гараа угаах, бороонд норох дээр нэмэгдээд шүршүүрт орж болно гэсэн үг. Нэг ёсондоо шүршүүрээс гоожиж байгаа ус 50 метрийн гүнд байгаа усны даралттай адилхан байдаг гэсэн үг. Дараа нь 100 метр гэж байгаа. Тэр нь бассейнд орж болдог. 200 метрийнхд болохоор далайн усны бүх төрлийн спорт нэмэгддэг. Хэрвээ та арьсан оосортой цагтай бол болж өгвөл гараа бүү норго. Усны хамгаалалттай юм чинь гээд арьсан оосроо үргэлж усанд хүргээд, норгоод байвал оосор чинь маш хурдан муудна. Ган оосор бол ямар ч асуудалгүй.

-            Цагны тухай би өөрийгөө олон зүйл мэддэг гэж боддог байсан. Харин таны яриаг сонсоод үнэхээр юу ч мэддэггүй байснаа ойлголоо. Тэгэхээр яг надтай адил өөрт хэрэгтэй зөвлөгөө, мэдээлэл авсан уншигчдынхаа өмнөөс баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх. Мөн энэхүү ярилцлагыг уншаад танай дэлгүүрээс цаг авахыг хүссэн, зөвлөгөө авахыг хүсч байгаа уншигчдадаа зориулаад өөрийн дэлгүүрийн салбар, байршлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Манай дэлгүүр хоёр салбартай. Shangrilla Mall, Max Mall худалдааны төвүүдийн нэг давхарт байрлаж байгаа. Мөн бид манайхыг зорьж ирсэн хүн бүрт цагны тухай өөрсдийн чаддаг, мэддэг бүх төрлийн зөвлөгөө өгөхөд үргэлж таатай байх болно гэдгээ хэлмээр байна.

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би цагтай болохыг хү(122.201.22.229) 2020 оны 10 сарын 21

Үүнана үүдада\n

0  |  0
B.battulga(150.129.142.11) 2019 оны 01 сарын 19

Swiiss tsag ar n ongoixgvi yaj zasax we

0  |  0
Zochin(66.181.161.11) 2018 оны 12 сарын 29

Tsag hudaldaj avmaar bna haanaas avah uu?

0  |  0
Би(203.91.115.38) 2018 оны 12 сарын 28

Сайн байна уу? Thomas Sabo-гийн цагний оосор засах уу ? Хэр цаг вэ ? Тасралтгүй 3н жил зүүж байгаа юмаа өнгөлж цэвэрлэгээ хийлгэх шаардлагатай юу ?

0  |  0
ТЖТ(66.181.167.30) 2018 оны 12 сарын 27

ийм сайхан хүмүүсийн бизнес цэцэглэнэ ээ, яриа нь маш их таалагдлаа, ажилдаа дуртай, ажилдаа сэтгэлтэй, мэдлэгтэй хүн гэдэг чинь ийм гоё, цаг үнэхээр бас хүниий чимэг шүү, амжилт хүсье

0  |  0
Хобби(66.181.169.114) 2018 оны 12 сарын 18

Би цаг зүүх дуртай. 6 цаг байгаа. Спорт, албан, чөлөөт цаг гээд тус тусад нь зүүдэг. Сайхан цаг эр хүнийг их чимдэг шүү.

0  |  0
БИ(66.181.169.114) 2018 оны 12 сарын 18

Sekonda Rose Chronograph Watch 3847 энэ хэр цаг вэ?

0  |  0
Эрдэнэ(202.55.188.41) 2018 оны 12 сарын 15

Гар утасны цагаа хардаг болсноор цаг зүүхээ больсон. Зөвхөн хөдөө гадаа, уул хадаар явахдаа олон мэдрэгчтэй спорт цагаа зүүдэг. Машинаас үнэтэй цаг үнэхээр л мөнгөтэй хүний хэрэглээ байх даа.

0  |  0
Zochin(202.126.89.114) 2018 оны 12 сарын 15

Saihan medeelel bna. Tanai tsagnuud hedees hediin hoorond unetei bdag ve.

0  |  0
а(66.181.177.67) 2018 оны 12 сарын 15

цаг баримталдаггүй хүмүүс цагаар яадаг юм болоо ганган хүнд гархи нэмэр л гж энэ бх

0  |  0
Энхтайван(112.72.11.121) 2018 оны 12 сарын 14

Танайхаас хос цаг худалдан авсан. Маш их сэтгэл ханамжтай бгаа. Манай эхнэр урьд нь цаг зүүхээр харшил өгдөг бсан нь больсон. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

0  |  0
Болд(64.119.24.157) 2018 оны 12 сарын 11

Хаяг хаана вэ ,

0  |  0
zochin(103.57.92.80) 2018 оны 12 сарын 11

hyatad tsagiig

0  |  0
ИРГЭН(202.179.26.100) 2018 оны 12 сарын 11

САЙХАН ЗӨВЛӨГӨӨ БАЙНА.ХАРИН ГАНЦХАН 30 МЕТР ГЭСНИЙГ 30 МЕТРТ ОРЖ БОЛОХГҮЙ ГЭЧИХЭЭД 50.100.200 МЕТРИЙНХ БОЛОХООР ТИЙМ ГҮНД ОРЖ БОЛНО ГЭСЭН ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ.ЭЭЖ НЬ ИЛҮҮ МЭДЛЭГТЭЙ ЮМ БИШ ҮҮ.

0  |  0
б(202.131.243.190) 2018 оны 12 сарын 11

сайхан зөвөлгөө

0  |  0
Top