АЙЛЧЛАЛ: Монгол, Японы худалдаа 55 хувиар өсч, 496 сая ам.долларт хүрчээ

Н.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

Токио хотоос мэдээлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзогийн урилгаар тус улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Өнөөдөр /2018.12.13/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын /ЖЕТРО/ хамтран зохион байгуулж буй Монгол, Японы бизнес эрхлэгчдийн форумд оролцлоо. Тэрбээр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хоёр орны бизнес эрхлэгчдийн нягт хамтын ажиллагаа Монгол, Япон хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад чухал нөлөөтэйг тодотгоод, Монгол Улс хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бий болгохоор авч хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээг танилцуулав. Форумд мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар илтгэл тавьж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар оролцож байгаа юм.

Ерөнхий сайдын хэлсэн үгнээс түүвэрлэн хүргэж байна. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ:

-Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилтынхоо хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд бизнес эрхлэх эрх зүйн орчинг сайжруулахад анхаарал тавьж байна. Эдийн засгийн тогтвортой байдал, цаашдын өсөх хандлага дээр нэмээд засгийн газрын тууштай бодлого нь хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд ус, агаар мэт шаардлагатай нэн чухал хүчин зүйл гэдэгт Та бүхэн санал нэгдэх биз ээ.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувьтай байсан бол 2018 оны гуравдугаар улиралд 6.4 хувьд хүрлээ. “Стандарт энд Пүүрс” зэрэг олон улсын агентлагууд манай улсын зээлжих зэрэглэлийг эерэгээр дүгнэж, “B хасах” төлөвөөс “B тогтвортой” болгон нэмэгдүүллээ. Сүүлийн жилүүдэд тулгараад байсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг Монгол Улс амжилттай даван туулж байна.

Манай эдийн засгийн тогтворжилтод ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” чухал түлхэц үзүүлсэн. Үүнд Япон улсын дэмжлэг үнэтэй хувь нэмэр оруулсныг энд зориуд цохон тэмдэглэж байна. Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг банк санхүүгийн байгууллагууд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг ирэх онуудад 6-8 хувьд байна гэсэн таамаглал дэвшүүлж байна.

Эдийн засгийн өсөлтийг дагаад Монголын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ ч дорвитой өсөн нэмэгдэж байна. Гадаад худалдааны эргэлт энэ оны эхний арван сарын байдлаар 10.8 тэрбум ам.долларт хүрч, 24 хувиар өссөн. Үүнээс экспорт 15 хувиар, импорт 38 хувиар тус тус өсчээ. 2017 оны жилийн эцсийн дүнгээр Монгол-Японы худалдааны эргэлт 378 сая ам.долларт хүрч, өмнөх оноос 9.8 хувиар өссөн. Харин энэ онд худалдааны эргэлт улам өсч, аравдугаар сарын байдлаар 496 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад даруй 55 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Хоёр орны худалдааны хэмжээ ийнхүү өсөхөд Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ) зохих хувь нэмэр оруулсан гэж үзэж байна. Хэдийгээр худалдааны эргэлт нэмэгдэж байгаа ч Японы зах зээлд гаргах монгол барааны нэр төрөл, тоо хэмжээ ахиц муутай байгааг дурдах нь зүйтэй. Хоёр талын холбогдох байгууллагууд үүнд анхаарч ажиллах шаардлагатай байна. Мөн бизнес эрхлэгчид Та бүхний ажил хэрэгч, харилцан ашигтай хэлхээ холбоо, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэдгийг дахин тэмдэглэхийг хүсч байна. Энэ удаагийн бизнес форумын нэг зорилго нь тэрхүү хэлхээ холбоо, цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн тэлэх боломжийг нээхэд оршино.

Бид Японоос ихэвчлэн суудлын тэрэг, уул уурхайн болон бусад төрлийн тоног төхөөрөмж импортолж, харин ноолууран эдлэл, хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон эрдэс түүхий эд экспортолж байна. Бизнес эрхлэгч Та бүхний ажил хэрэгч яриа хэлцэл, идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд хоёр орны хооронд арилжаалагдаж буй бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдэж, худалдаа шинэлэг агуулгаар баяжина гэдэгт итгэлтэй байна.

 Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалан дэмжих, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг сэргээх зэрэг олон арга хэмжээ авч ажилласны үр дүнд Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2017 оноос хурдацтай нэмэгдэж байна. Тухайлбал, 2018 оны гуравдугаар улирлын байдлаар гадаадын хөрөнгө оруулалт 1.8 тэрбум ам. долларт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 орчим хувиар өсчээ.

Хөрөнгө оруулагчдын гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийг ЗГХЭГ-ын даргаар ахлуулан байгуулсан. Түүнчлэн Засгийн газрын дэргэд гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулж, үйл ажиллагааг нь ирэх оны 1 дүгээр сараас эхлүүлнэ. Энэхүү төв нь Монголд орох гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа Японы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Манай улсын хувьд хөрөнгө оруулалтын чухал эх үүсвэр нь Япон Улс билээ. 1990 оноос өнөөг хүртэлх хугацаанд Япон Улсаас худалдаа, нийтийн хоол болон уул уурхай, банк, санхүү, аялал жуулчлал, барилга, мэдээллийн технологийн салбарт нийт 716 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодит үр нөлөө үзүүлж байна. Цаашид ч бид Японы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Засгийн газрын тэргүүний хувьд миний бие энэ асуудалд анхаарал хандуулан ажиллах болно.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөтгөн хөгжүүлэх өргөн боломж бололцоо байгаа гэж би хувьдаа боддог. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Та бидний хамтын хүчин чармайлт чухал юм. Монгол Улсаас Япон Улсын зах зээлд гаргаж буй экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэх, ялангуяа хөнгөн үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн гаралтай, органик хүнсний бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг бид зорьж байна. Түүнчлэн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд японы хөрөнгө оруулалт, технологийг Монголд нутагшуулахыг бид сонирхож байгаа юм.

Монголын ЖДҮ-ийг хөгжүүлэхэд Японы дэмжлэг туслалцаа, хамтын ажиллаагаа чухал байна. ЖДҮ-ийг дэмжих хоёр үе шаттай иенийн зээлийн хамтын ажиллагааг хоёр тал амжилттай хэрэгжүүлж ирсэн сайн туршлага бий. Үүнийг үргэлжлүүлэх саналтай байна. Хоёр орны хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэх үлэмж нөөц бололцоо бий. Бид аялал жуулчлалын салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг эрмэлзэж байна. Жилдээ 3 сая зорчигчид үйлчлэх боломжтой шинэ нисэх онгоцны буудал удахгүй ашиглалтад орно.


Японы хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны үлгэр жишээ төсөл болох энэ буудлыг ашиглаж эхэлснээр шинээр нислэг хүлээж авах чадамж нэмэгдэж, Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит нислэг, ачаа тээвэрлэлт нэмэгдэх, нисэх буудлын орчимд шинээр дагуул хот болон тээвэр ложистикийн төв байгуулах боломж нээгдэх юм. Энэ боломжийг хоёр орны аялал жуулчлалын бизнес эрхлэгчид оновчтой ашиглаасай гэж хүсч байна. 

Мэдээллийн технологийн салбар манай хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаанд шинээр өнгө нэмж буй салбар билээ. Тус салбарыг бидний хоорондын хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэл гэж харж байна. Монголын математикчид, инженерүүдтэй хамтран хиймэл оюун ухааны салбарт үйл ажиллагаа явуулахаар Монголд салбараа нээж буй Дата Артист компаний жишээг энд дурдаж болно.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй орон гэдгийг Та бүхэн мэднэ. Бид Зүүн Хойд Азийн Эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах санал, санаачилгыг дэмжин ажиллаж байна. Мөн түүнчлэн Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд бизнес эрхлэх өргөн боломж байгаа гэдгийг энд онцлон хэлье.

Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд бизнес эрхлэгчид төдийгүй худалдааг дэмжих байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Японы гадаад худалдааг дэмжих байгууллага болон бусад бизнесийг дэмжих байгууллагуудын хамтын ажиллагаа цаашид идэвхжин өргөжнө гэдэгт гүнээ итгэлтэй байна.

***

-МОНГОЛТОЙ ХАМГИЙН АНХНЫ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР
БАЙГУУЛСАН УЛС БОЛ ЯПОН-

Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын 130 дахь гишүүнээр 1997 онд элсэн орсон боловч аливаа нэгэн бүс нутгийн болон чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдээгүй цорын ганц орон байсан юм. Иймд манай улс Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг Япон Улстай байгуулснаар бүс нутгийн эдийн засгийн интерацид нэгдсэн орох анхны алхмаа хийсэн байдаг. “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр” болон түүнийг хэрэгжүүлэх хэлэлцээрт Монгол Улсын Ерөнхий сайд 2015.02.10-ны өдөр Токио хотноо гарын үсэг зурсан бөгөөд хоёр орны Засгийн газрын төлөөлөл оролцсон хамтарсан хорооны анхдугаар хурлыг 2016.06.07-нд Улаанбаатар хотноо зохион байгуулснаар эл өдрөөс эхлэн хэлэлцээр албан ёсоор хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн юм.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах бэлтгэл ажлыг 2010 онд хоёр талын хамтарсан судалгааны баг байгуулагдан ажиллаж, хоёр талын сонирхол, харьцангуй давуу тал болон хэлэлцээрийн хамрах хүрээ, салбаруудыг тодорхойлж, 2012 оноос эхлэн 3 жил орчим хугацаанд 7 үе шатны хэлэлцээг Японы талтай хэлэлцээрийн асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэн байна. Түүнчлэн хэлэлцээрийн хэрэгжилтийг хариуцан ажиллах хамтарсан хорооны Монголын хэсгийн бүрэлдэхүүн, түүний дэргэд 13 дэд хороог Гадаад харилцааны сайдын 2016 оны А/25 дугаар тушаалаар байгуулжээ. Энэ нь хоёр улсын худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх байнгын зөвлөлдөх механизм болсон байна.

Япон Улс нь өндөр хөгжилтэй орнуудын дотроос газарзүйн байршлын хувьд манай улстай хамгийн ойр төдийгүй дэлхийн зах зээл дээр зэс, кокс зэрэг бүтээгдэхүүнийг худалдан авагч гол орнуудын нэг тул энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын хувьд худалдааны саад тотгорыг бууруулах, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гаалийн үйл ажиллагааг хялбарчлах төдийгүй манай улсын экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, экспортыг төрөлжүүлэхэд ихээхэн дэмжлэг болох юм.

Монгол-Япон Улсын Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хүрээнд Монголын 5700 орчим төрлийн бараа, Японы 9300 орчим төрлийн барааны импортын гаалийг тарифыг шууд чөлөөлөх болон үе шаттайгаар бууруулахаар тохиролцсон бөгөөд манай улс эдгээр барааны 59 хувийг /3429 бараа/, харин Японы тал 86 хувийг /8000 барааг/ чөлөөлөхөөр тохиролцсон байдаг. Бусад импортын барааны хувьд тодорхой хугацааны дараа гаалийн тарифыг бууруулж, улмаар тэглэхээр тохиролцсон юм.

Хоёр орны худалдааны эргэлт 2017 оны жилийн эцсийн байдлаар 378 сая ам.долларт хүрч, өмнөх онтой харьцуулахад 9.6 хувиар өссөн. Харин 2018 оны аравдугаар сарын байдлаар хоёр орны худалдааны эргэлт 496 сая ам.долларт хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад 55 хувиар нэмэгдсэн дүн юм. Гэхдээ хоёр орны худалдаанд Японы экспорт дийлэнх хувийг эзэлсэн хэвээр байгаа бөгөөд цаашид Монголоос гаргах экспортыг нэмэгдүүлэх, төрөл зүйлийг өсгөх шаардлагатай байгаа юм.

Манай улсад Япон Улсаас 1990 оноос 2018 оны гуравдугаар улирал гэхэд 716 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Н.ГАНТУЯА

 Гэрэл зураг Г.Ган-Өлзий

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
He he (203.91.115.43) 2018 оны 12 сарын 13

Yag sain oilogsongui! Odoo bol ingej ingej demjine iim tuslamj manaid heregtei tanaid manaihaas yu heregtei bn huu bagatai hugatsaa urttai 10terbum orchim dollariin zeel meel ged todorhoi heltsel hiih gj yavaagui yumu? Yahavde nuguu I ulig boltson ug helleg medee bnda joohon ajil heregch bish bnu da?

0  |  0
Top