ТОЙМ 2018 | Монголын нийгмийн салбарын ОНЦЛОХ НАЙМ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 30
  • 2018 онд өрнөсөн онцлох үйл явдлын ТОЙМ-ыг Zindaa.mn багцлан хүргэж байна. "2018 ОНЫ ОНЦЛОХ НАЙМ" тоймыг Монголын боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарын онцлох үйл явдлаар үргэлжлүүлж байгааг хүлээн авна уу! 

1.УЛААНБААТАРЫН УТАА НҮБ-ЫН АНХААРЛЫН ТӨВД ОРЛОО


Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд эхний хоёрт жагсаж байна. Мөн нийслэлийн иргэд гурав дахин хортой агаараар амьсгалж буй тухай судлаачид мэдээлсээр байгаа юм.

Нийслэлийн нийт өрхийн 60 орчим хувь нь амьдардаг гэр хороололд утаанаас гадна  хөрс, ус гээд орчныг бохирдуулдаг олон зүйл бий.  Гэхдээ хамгийн их аюулын харанга дэгдээсэн утааны голомтод нийслэлийн 198 мянга 337 өрх амьдарч байна.

Утааны нэгдүгээр голомтод Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 19, 23, 24, 25, 26, 27, 28, 30, 31, Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 9, 17, 19, 20, 21, 22, 24, 27, Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 гэсэн 55 хорооны 130 мянга 706 өрх хамрагддаг. Харин хоёрдугаар голомтод Сонгинохайрхан дүүргийн 1, 20, 21, 22, 32, Баянзүрх дүүргийн 8, 10, 11, 12, 13, 14, 16, 23, 28, Баянгол дүүргийн 9, 10, 11, 20, 21, 22, 23, Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16 гэсэн 33 хорооны 65,976 айл өрх хамрагддаг гэж тооцсон бол гуравдугаар голомтод Баянгол дүүргийн 16 дугаар хорооны 1655 өрх багтаж байна.

Утааны голомтыг дугаарлан тогтоохдоо 2015-2017 оны хооронд  өвлийн улиралд агаарын бохирдолыг хэмжихээр Баянхошуу, Толгойт МҮОНРТ, Зуун айл, Баруун дөрвөн замд  байрлуулсан автомат суурин харуулуудын ажиглалтын 50 хувьд утаа стандартаас давсан байжээ. Мөн агаар дахь хүхрийн давхар исэл нэгдүгээр голомтод 10-30 дахин давсан тохиолдол удаа дараа бүртгэгдсэн байна. Ийм байдал мөн утааны хоёр, гуравдугаар дугаар голомтод 2,5-8 дахин их гэж тэмдэглэгдсэн байжээ.

Иргэд өнгөрсөн долоо хоногт нийслэл Улаанбаатар хотод үүсээд буй хүнд нөхцөл байдалд НҮБ-ыг анхаарлаа хандуулж, туслалцаа үзүүлэхийг хүссэн аяныг өрнүүлсэн билээ. Тус аян өрнөж эхлээд хэдхэн хоносон ч манай улсын 56 орчим мянган иргэн нэгдэж, гарын үсгээ зураад байна. Үүнтэй холбогдуулан НҮБ-аас албан ёсны мэдэгдэл гаргаж, анхааралдаа авч буйгаа илэрхийлжээ.

2. ОНЦЛОХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ: ГУЧИН САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРТӨГТЭЙ,
ЖАРАН ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ, ЗУРГААН ЭГНЭЭ ГҮҮР


2018 онд нийслэл хотод ашиглалтад орсон томоохон бүтээн байгуулалтын нэг нь "Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах" төслийн хүрээнд баригдсан нийт дөрвөн эгнээ шинэ гүүр, хоёр эгнээ хуучин гүүр, нүхэн гарц, рамп гүүр, авто зам бүхий замын байгууламж байв.

Яармагийн шинэ гүүр нь 250.2 м урт, 20.5 м өргөн, хуучин гүүртэйгээ нийлээд, зургаан эгнээтэй, доогуураа 50 метрийн өргөнтэй нүхэн гарцтайгаар баригджээ. Шинэ гүүрийн шавыг 2017 оны тавдугаар сард тавьж байсан бөгөөд БНХАУ-ын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төсөв өртгөөр "Хятадын төмөр замын хоёрдугаар групп товчоо" ТӨК ажлыг гүйцэтгэж, Монгол, Германы хамтарсан зөвлөх компани хамтран ажиллаж, ашиглалтад оруулсан юм.

Өнгөрөгч долдугаар сарын 09-ний өдөр шинэ гүүрний зорчих хэсгийг нээж, хуучин гүүрийг хаасан бол арваннэгдүгээр сарын 02-нд төслийн барилгын ажил дуусч, ашиглалтанд орсон билээ.

Яармагийн гүүр ашиглалтад орсноор тухайн газар орчмын олон замын уулзварт зам, Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, “Буянт-Ухаа-1, 2“ хороолол зэргийг хотын төвтэй холбох гол гарц болж байна. Гүүрээр өдөрт 20-30 мянган машин нэвтрэх тул хуучин гүүрнээс гурав дахин их ачааллыг даах чадвартай. Мөн замын түгжрэл 50-60 хувь буурах боломжтой гэж албаны хүмүүс үзэж байна. Яармагийн хуучин гүүр нь 1960 оноос хойш шинэчлэгдээгүй бөгөөд байгууламжийг бүтнээр нь 2019 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

3. САЙНШАНДЫН ГАЛТ ТЭРЭГНИЙ ОСОЛ


Өнгөрөгч наймдугаар сарын 12-нд Улаанбаатар-Сайншандын чиглэлд хөдөлсөн суудлын галт тэрэг хотоос 300 км-ын зайд Дорноговь аймгийн Айраг сумын нутагт осолдсон билээ.

Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286 дугаар галт тэрэг замаас гарч, улмаар галт тэрэгний зүтгүүр унаж, дөрвөн вагон замаас гарсан юм.

Осолдсон галт тэргэнд нийт 328 зорчигч явснаас 146 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, гэмтэл бэртэл авсан 56 хүнээс хүнд гэмтэлтэй хоёр, хүндэвтэр гэмтэлтэй гурван хүнийг эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Тухайн үед галт тэрэг саатахаас 20 минутын өмнө Замын Үүд-Улаанбаатарын чиглэлийн олон улсын 33-р галт тэрэг хэвийн явж өнгөрчээ.

Ослын улмаас зургаан том хүн, гурван хүүхэд гэмтсэнийг Айраг сумын эмнэлэгт эмчлүүлсэн бөгөөд бусад зорчигчийг Говьсүмбэр аймаг руу авч явсан юм. Хүний амь нас эрсдээгүй. Галт тэрэг осолдсон шалтгааныг говийн нутагт их хэмжээний бороо орсноос үүдэлтэй гэж албаны эх сурвалж мэдээлсэн билээ.

Сэргээн босголтын ажилд 200 гаруй төмөр замчин болон Оросын сэргээн босголтын галт тэрэг оролцож, гол замыг осол гарснаас гурав хоногийн дараа буюу наймдугаар сарын 14-нд нээсэн байна.

4. ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ АНХНЫ МЭС ЗАСАЛ АМЖИЛТТАЙ БОЛОВ


Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар 2018 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийсэн түүхэн үйл явдал тохиолоо. Энэ өдөр Халдвар судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн, Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Э.Тайванбаатар нараар ахлуулсан 42 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийсэн юм. Мэс засал долоон цагийн турш үргэлжилж, Өмнөд Солонгосын “Самсунг” эмнэлгийн эмч нарын хянагч, зөвлөхөөр ажилласан юм. 

Элэг шилжүүлэн суулгах мэс заслын донор 20 настай залуу байсан юм. Өвчтөний хувьд элэгний хорт хавдраар өвчилсөн байсан бөгөөд одоо өвчтөн, донор хоёрын биеийн байдал хэвийн байгаа аж. Элэгний вирусын халдвар авахаас сэргийлэхийн тулд найдвартай, чанартай тусламж үзүүлдэг эмнэлгийг сонгож, элэгний В вирусын вакцинжуулалтад заавал хамрагдах хэрэгтэй. Учир нь элэгний хавдар нь зөвхөн мэс заслын аргаар эмчлэгддэг. Хэрвээ элэгний вирусын халдвар авсан бол вирус устгах эмчилгээнд хамрагдаж, таргалалт болон архины зохисгүй хэрэглээнээс зайлсхийх хэрэгтэй байдаг. Монгол Улсад анх удаа хийгдсэн энэхүү хагалгаа нь манай улсын эрүүл мэндийн салбарын үйлчилгээг нэг шатаар ахиулсан чухал үйл явдал болсон билээ.

5. БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТ ба ЦАЛИНГАА НЭМҮҮЛСЭН ТЭМЦЭЛ


2018 оны онцлох үйл явдлын нэг НЬ багш нар цалингаа нэмүүлэхээр тэмцэж эхэлсэн явдал байлаа. Багш нар 2017 оны есдүгээр сараас эхлэн цалингаа нэмүүлэхээр эрчимтэй тэмцэж эхэлсэн нь эцэстээ үр дүнд хүрсэн байдаг. Тодруулбал, багш нар “Багшийн цалин нэмүүлэх түр хороо” хүртэл байгуулж, зохион байгуулалттайгаар удаа дараа жагсаал цуглаан, ажил хаялт, хэвлэлийн бага хурал хийж ирсэн юм. Ажил хаялтад Нийслэлийн ерөнхий боловсролын 105 сургууль, шинжлэх ухааны 11 байгууллага, 161 цэцэрлэгийн багш, ажилчид нэгдсэн ба хөдөө, орон нутгийн Ерөнхий боловсролын 72 сургууль, 56 цэцэрлэгийн баг нар мөн дэмжиж оролцсон байдаг. Ийнхүү орон даяар багш нар сарын цалингаа 1,6 сая төгрөг болгохоор өргөн хүрээг хамарсан тэмцэл хийсэн юм.

Төрийн албан хаагчдын үндсэн цалинг 2014 онд нэмэгдүүлснээс хойш өөрчлөлт ороогүй байв. Иймд багш нарын тэмцэл эцэстээ тулж, 2018 оны есдүгээр сарын 01-ний өдөр буюу хичээлийн шинэ жилийн өдрөөс эхлүүлэн ажил хаялт зарласан юм. Үүний эцэст Засгийн газраас багш нарын тэмцэлд бодит шийдвэр гаргаж, ирэх онд төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх, багш нарын албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэх замаар цалинг үе шаттайгаар нэмэгдүүлснээр 2020 он гэхэд үндсэндээ 50 орчим хувиар цалин өсгөх шийдвэр гаргасан.

 

6. “ЦАЛИНТАЙ ЭЭЖ" ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ


  

Засгийн газраас жирэмсэн болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журмыг батлав. Ингэхдээ жирэмсэн эхийн тэтгэмжийг жирэмсний таван сартайгаас төрөх хүртэлх хугацаанд сар бүр 40 мянга, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг сар бүр 50 мянга байхаар тогтоолоо. Анх удаа мөрдөж эхэлсэн уг тэтгэмжийн хүрээнд мөн ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, гурав ба түүнээс дээш ихэр хүүхдэд нэг удаа хүүхэд тус бүрт гурван сая төгрөг олгож байхаар зохицуулсан юм. Хуулиар гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг улиралд 240 мянган төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгохоор болсон юм.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гурав хүртэлх настай хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын хуулийг батлан хэрэгжүүлэхээр болсон. УИХ-аас баталсан Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхэлсэн билээ.

 

7. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ НЭМЭГДЭВ


2018 оны нэгдүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн хэд хэдэн  хууль, журам иргэдийн амьдралтай салшгүй холбоотой байв. Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн шаардлагаар зарим төрлийн татварыг нэмэгдүүлж, нийгмийн халамжийг тодорхой хэмжээнд танах шаардлагатай байсан билээ.

Сард 1,5 сая төгрөг хүртэлх цалин авдаг ажилтнаас суутгах татварт өөрчлөлт орохгүй бөгөөд хуучнаар буюу 10 хувь тооцож байв.

  • 1.5 сая төгрөг эсвэл түүнээс бага бол 10 хувь,
  • 1.5-2.5 сая төгрөгийн хооронд бол 15 хувь,
  • 2.5-3.5 сая төгрөгийн хооронд бол 20 хувь,
  • 3.5 сая төгрөг эсвэл түүнээс дээш бол 25 хувийн татвар төлнө.

Монгол Улсаас орлого олж буй гадаадын иргэдээс авдаг хувь хүний орлогын албан татвар хуучин 10 хувь байсныг 20 хувь болж нэмэгдүүлсэн.

 

8. МАЛЧДЫН ТЭТГЭВРИЙН НАСЫГ ТАВАН ЖИЛЭЭР УРАГШЛУУЛАВ


Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар ажилтнаас нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг хувь хэмжээг нэг хувь нэмэгдүүлж 11 хувь болгосон. Энэ хувь 2019 онд 11,5 хувь, 2020 онд 12,5 хувь болж өсөх юм.  Мөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагчийн цалингаас нэг хувиар нэмэгдүүлж  найман хувь болгосон. Шимтгэлийн хувь долоо байсан бол 2018 онд тус бүр 8 хувь, 2019 онд тус бүр 8,5 хувь, 2020 онд тус бүр 9,5 хувьтай байхаар хуульчилжээ. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2018 онд 11 хувиас, 2019 онд 11,5 хувиас, 2020 онд 12,5 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулсан байна.  Иргэдийн зүгээс талархал хүлээсэн зүйл нь Малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулсан юм.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулахаар заасан. Уг хуульд, улсад 20 жил ажилласнаас 15 жилд нь малчнаар ажилласан 55 нас хүрсэн эрэгтэй, улсад 15 жил ажилласнаас 12,6 жилд нь  малчнаар ажилласан 50 нас хүрсэн эмэгтэйд тэтгэвэр тогтоох эрхзүйн орчин бүрдэж байна. Хуулийг хэрэгжүүлэхэд Улсын төсөвт 44.6 тэрбум төгрөг тусгажээ.

"БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН АЛБА"

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонин юм(182.160.37.102) 2018 оны 12 сарын 21

элэг шилжүүлэн суулгаад манай 10 гаруй жил болжээ дээ

0  |  0
simon(41.138.91.180) 2018 оны 12 сарын 21

Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177

0  |  0
Top