Хатуу шампунь, эко саван үйлдвэрлэгч “Гуа” брэндийг STARTUP булан онцолж, тус брэндийг үүсгэн байгуулагч П.Ууганбаярыг урьж, гарааны бизнес, шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл, онцлогийн талаар ярилцлаа.
-Та өөрийнхөө талаар болон үүсгэн байгуулсан “Гуа” брэндийнхээ талаар бидэнд эхлээд товч мэдээлэл өгөхгүй юу?
-Намайг П.Ууганбаяр гэдэг. Нягтлан бодогч мэргэжилтэй. Мэргэжлээрээ 29 жил ажилласан. Сүүлийн гурван жил өөрийн сонирхол, хоббидоо хөтлөгдөн, органик саван хийж эхэлсэн. Анх бол химийн ямар нэгэн хольцтой бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх гэсэн зорилгоор туршиж эхэлсэн юм л даа. Өөрийнхөө хэмжээнд өмнө нь хэрэглэдэг байсан бүх бүтээгдэхүүнээ сольж, ямар нэгэн химийн орц найрлагатай бүтээгдэхүүнээс татгалзаж, хэрэглээгээ өөрчилсөн. Өөрөө бүтээгдэхүүнээ хийж, тууштай хэрэглэдэг болоод ирсэн чинь гэр бүлийхэн, найз нөхөд, ойр дотныхон маань бас сонирхож эхэлсэн. Тэд бүр хэрэглэж заншаад дахиж хийж өгөөч гэсэн хүсэлт тавьдаг болсон. Ингээд яваандаа эрүүл мэнд чухал гэж бодсон миний зорилго бас сонирхол маань багахан хэмжээний бизнес болж өргөжсөн.
-Хамгийн анх саван хийж эхэлсэн гэсэн үг үү?
-Тэгсэн. Бидний хэрэглэж байгаа бүтээгдэхүүн хэрэгцээ хангахаас гадна эрүүл мэнд, байгальд ээлтэй байх нь чухал. Дэлгүүрийн лангуун дээр өөрөөстэй байгаа гоо сайхны бүтээгдэхүүний талаас илүү хувийг пластик савлагаатай, химийн өндөр найрлагатай зүйлс эзэлж байна. Үүнээс болж байгаль орчинд дахин ашиглах боломжгүй маш их хог хаягдал үүсдэг. Өдөр тутмын байнгын хэрэглээ болсон савангаа өөрчлөхөд л бид энэ асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж эхлэх боломжтой. Тийм учраас хатуу, органик саван хийж эхэлсэн. Хэрэглээ, санхүүгийн хувьд ч хэмнэлттэй, олон шаардлагыг зэрэг хангана. Жишээ нь, манай “Гуа” брэндийн эдийн саванг ашиглан бүх төрлийн ахуйн цэвэрлэгээ хийнэ. Аяга тавагнаас эхлээд хүүхдийн хувцас ч угааж болдгоороо давуу талтай. Энэ нь нэг ёсны минималист, байгаль орчинд ээлтэй, зөв хэрэглээ гэсэн үг. Бүтээгдэхүүн маань маш үр дүнтэй байсан учраас нэр төрөл, ач холбогдлыг нь улам олшруулахаар судалгаа, туршилт хийж эхэлсэн. Ингээд саван шиг хэлбэртэй буюу хатуу төлөвтэй шампунийг бид хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн. Энэ мэтээр нэр төрлөө нэмж, хамгийн гол нь эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бид анхаарч ажиллаж байгаа.
-Таны хийдэг савангуудыг харсан. Олон төрөлтэй, орц, найрлагын хувьд өөр өөр байгаа нь хэрэглэгчийн үүднээс надад их таалагдсан?
-Саван нь тос буюу шүлтээс бүрддэг. Манай савангаа үйлдвэрлэхдээ сүүлний тос, тэмээний чөмөгний тос зэрэг хамгийн сайн чанарын монгол чанарт тосыг кокосын тос, кастерын тос, алмонд, олив зэрэг олон төрлийн, сайн чанарын бүтээгдэхүүнтэй нэгтгэн ашигладаг. Таны хэлснээр эдгээр тосны орц, найрлагыг харгалзан үйлчлүүлэгч өөрт таатай бүтээгдэхүүнийг сонгох өргөн боломжтой. Нийт 11 төрлийн саван байгаа учир хэрэглээний зориулалтын хувьд сонголт сайтай. Нярай хүүхдийн, үрчлээний эсрэг гэхчлэн бүх төрлийн насныханд зориулсан, чиглэсэн үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд ч байна.
-“Гуа” брэндийн байнгын үйлчлүүлэгчдээс өөр төрлийн саван хэрэглэхээ больсон гэсэн үгийг цөөнгүй харсан. Танайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн сэтгэгдлийг интернетээс уншсан юм л даа?
-Байнгын хэрэглэгчид маань олон болжээ. Тэдэндээ их баярлалаа. Органик бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүс сүүлийн үед маш олон болсон нь сайн зүйл юм. Манай үйлчлүүлэгчид холоос ч хамаагүй зорьж ирээд саван, шампунь, хэрэгцээт бүтээгдэхүүнээ авдаг. Зөвхөн “Гуа” брэндийг сонгон хэрэглэдэг гээд үнэнч тууштай хэрэглэгчид олон бий.
-Органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг брэндүүд Монголд хэд хэд байна. “Гуа” брэндийн бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгарах гол онцлог нь юу вэ?
-Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон газар байгаа нь сайн хандлага юм. Бусад гоо сайхны компаниуд гоо сайхны бүтээгдэхүүн тал руугаа илүүтэй үйлдвэрлэл явуулдаг бол манайх олон төрлийн орц, найрлагаас татгалзсан органик бүтээгдэхүүнээр дагнадгаараа онцлог. “Гуа” брэндийн саван гэхэд 100 хувь органик, ямар нэгэн химийн найрлага байхгүй. Бүтээгдэхүүн бүрээ гар аргаар хийдэг нь манай бас нэг ялгаа. Үйлдвэрлэлийн процесс явагдаад ирэхээр бүтээгдэхүүн органик байдлаа алдаж эхэлдэг. Тиймээс бүх бүтээгдэхүүнээ би өөрийн гараар хийдэг. Энэ онцлогоо цаашид ч хадгалж үлдэнэ гэж зорьдог.
-Хатуу шампунийн талаар та бидэнд нэмж тайлбарлаж өгөөч. Худалдаанд тэр бүр байдаггүй ч сүүлийн үед бүсгүйчүүд ялангуяа энэ бүтээгдэхүүнийг ихэд сонирхдог болсон нь анзаарагддаг. Үсний эмчилгээ тал дээр та бүхний нэвтрүүлсэн энэ бүтээгдэхүүн эрэлт өндөртэй байгаа бололтой?
-Гадуур ихэвчлэн савлагаатай, шингэн, химийн хольцтой шампунь зарагддаг. Шингэн шампунь хэрэглэхэд хялбар, хэрэглэж дадсан бүтээгдэхүүн ч гэлээ үс гялалзуулах, хөвсийлгөх үйлчилгээг дэмжсэн химийн орц ямар нэгэн байдлаар орсон байдаг. Савангийн хувьд эко саван харьцангуй сонголт сайтай болчихлоо. Тэгвэл үсэнд зориулсан бүтээгдэхүүнийг яаж шийдэх вэ гэсэн асуулт их байдаг. Үүнд бид органик, хатуу шампунь тусалж, үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байдаг. Хүмүүс хатуу шампунийн талаар төдийлөн мэдээлэлгүй байдаг.
Орчин үед дэлхий нийтийн хэрэглээ, чиг хандлага пластик сав баглаатай бүтээгдэхүүнээс татгалзаж, хатуу төлөвтэй, органик бүтээгдэхүүний сонголтыг илүүд үзэж байна. Хатуу шампунь яг энэ хандлагад нийцсэн, хамгийн чухал бүтээгдэхүүний нэг. Мөн л химийн хольцгүй. Үсийг эрүүл болгож эмчлэн, ургалтыг дэмжинэ. Хагны эсрэг үйлчилгээтэй гэхчлэн үйлчилгээний зорилгын бүх үзүүлэлт нь эерэг, эко бүтээгдэхүүн байгаа юм.
Анх энэ бүтээгдэхүүнийг хийх санаа төрсөн нь мөн л өөрт маань тохиолдсон бодит бэрхшээлээс үүдэлтэй. Миний үсэнд шампунь тохирохоо болж, эмчилгээ хийлгээд ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байсан. Учир нь би өмнө нь үсэндээ маш олон төрлийн бүтээгдэхүүнийг эрсдлийг тооцололгүй хэрэглэж, олон будаж байснаараа үсээ маш их гэмтээсэн байсан. Бүх л төрлийн шампунийг, тэр тусмаа үнэтэй, чанартай гэсэн бүхнийг хэрэглэж үзсэн. Харамсалтай нь, юу ч хэрэглээд нэмэр тус болоогүй. Ингээд хатуу савангийн талаар нэлээд сайн судалгаа хийж, бас л өөрөө туршиж үзсээр органик шампуниа гаргаж авсан. Энэ бүтээгдэхүүн маань олон бүсгүйчүүдийн сонголт болсонд баяртай байдаг. Бүсгүйчүүд бидэнд хүүхэд төрүүлсний дараах үед, сэтгэл санаа, ажлын ачааллын улмаас, одоо сүүлийн үед агаарын бохирдлоос хүртэл шалтгаалаад үс унах, гэмтэх асуудал үргэлж тохиолдож байдаг. Хатуу шампунийн тогтмол хэрэглээ энэ бэрхшээлээс гаргаж чадна. Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл, хэрэглээний туршилтууд үүнийг нотолж ирсэн тул бүтээгдэхүүнээ бид аль болох олон хүн хэрэглэж, органик бүтээгдэхүүнээр арьс, үсээ эмчилж, эрүүл хэрэглээтэй болоосой гэж боддог.
-Монголд яг том хэмжээний савангийн үйлдвэрлэл гэж байхгүй. Гэхдээ яг та бүхэн шиг эко саван, шампунь үйлдвэрлэгчид цөөнгүй байна. Хэрэглэгчдийн хэрэглээг хангах хэмжээний үйлдвэрлэл явуулахын тулд та бүхэнд тулгардаг асуудал юу байдаг вэ? Эко үйлдвэрлэл, эко бүтээгдэхүүнийг дэмжих нь уг нь эрүүл мэнд, байгаль экологийн хамгаалал талаасаа алсын хараатай чухал ажил юм шиг санагддаг.
-Манайд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих маш оновчтой хандлага, чиглэл дутагдалтай байдаг гэж хардаг. Үйлдвэрлэлийн байртай болохоос эхлээд бидэнд алхам тутамд асуудал тулгарч байдаг. Бид гэхэд гэрийн нөхцөлд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Үйлдвэрийн байртай болъё гэхээр түрээс маш өндөр. Үндэсний үйлдвэрлэгчдийн холбоо гэж байдаг ч яг жижиг үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүстээ хандсан ажил ховор юм шиг санагдсан. Миний хувьд бүтээгдэхүүнийхээ чанар, өнгө үзэмжид гол анхаарлаа төвлөрүүлж ажилладаг. Реклам, сурталчилгаа, маркетингдаа анхаарч, нэр хүндээ өсгөх ажлууд огт хийж амждаггүй. Өөрөө үйлдвэрлэнэ, өөрөө борлуулна, худалдааны эргэх холбоо, хэрэглэгчдийн хэлхээгээ өөрөө удирдана. Яг нэг хүний компани учир цаг наргүй ажиллаж байж төлөвлөсөн хугацаандаа бүтээгдэхүүнээ гаргадаг. Энэ хэмнэлээр ажиллавал мэдээж бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэх, тоог олшруулах тал дээр хугацаа хэрэгтэй болж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж улам л холдох талтай болно. Бүтээгдэхүүн худалдан авах хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр аль болох хурдан, олон бүтээгдэхүүн гаргах шаардлага бол өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа.
-Гэрийн нөхцөлд савангаа бэлтгэхэд танд ямар хугацаа шаардлагатай байдаг вэ?
-Нялх хүүхэд, гадны хүн, тэжээвэр амьтан оруулж болохгүй учир яг ганцаараа байх орчин бүрдүүлж савангаа хийдэг. Савангийнхаа орц, найрлага, жороо боловсруулахын тулд олон судалгаа, шинжилгээ хийнэ. Янз бүрээр туршиж үзнэ. Шууд хараад л хийчихнэ гэж байхгүй. Их цаг зарцуулдаг. Долоо хоногийн зургаан өдөрт нь савангаа үйлдвэрлэнэ. Үлдсэн нэг өдөрт нь гадуур ажлаа амжуулна. Орой ажлын дараа саван хийх орц найрлагуудаа бэлтгэж, бэлэн болгоно. Өглөө маш эрт босч, савангаа хийж эхэлнэ. Ганцаараа учир өдөр бүр хийхгүй бол бүтээгдэхүүнийхээ хангалтыг гүйцэж дийлдэггүй. Нэг удаагийн үйлдвэрлэл явуулахдаа 3-4 цаг зарцуулдаг. Саван, шампунь хийхдээ ашигладаг, гадаадаас ирж байгаа тоснуудыг бол шууд хэрэглэх боломжтой. Харин сүүлний тос, тэмээний чөмөгний тос зэргийг бүгдийг нь өөрөө гардаж боловсруулдаг. Үүний тулд багагүй хугацаа орно гэх мэтчилэн тасралтгүй л ажил буцалж байдаг даа. Зориулалтын үйлдвэрлэлийн байртай болчихвол хүн хүч нэмж, бүтээгдэхүүнээ илүү олон хувиар худалдаанд гаргах бүрэн боломж нээгдэх юм даа. Борлуулалтын тал дээр санаа зовох зүйл бага, хэрэгцээ, захиалга хангалттай байдаг учир хүчин чадал, хүний нөөц, орчноо л аль болох хурдан сайжруулахыг хүсдэг.
-“Гуа” брэнд шинэ онтой зэрэгцэн бас нэгэн шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа юм байна. Энэ ямар бүтээгдэхүүн байх нь хэрэглэгчдэд сонирхолтой мэдээлэл байх болов уу?
-Шинэ бүтээгдэхүүнээ бид дөнгөж өлгийдөж аваад байна. Монгол гэрийн хэлбэртэй, үндэсний хэв маяг агуулсан, бэлгэнд өгөхөд тохиромжтой саванг бид шинээр худалдаанд гаргахад бэлэн боллоо. Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Тийм учраас бэлгэнд өгөхөд тохиромжтой байдлыг бодолцож сав баглаа, өнгө үзэмж, хэлбэрийн хувьд анхаарал хандуулсан. Гадаад зочин гийчинд санал болгоход, жуулчны бааз, зочид буудал, үйлчилгээний газруудад хэрэглэхэд нэг талаар монгол ахуй, онцлогоо сурталчилсан, нөгөө талаар эрүүл, эко хандлагад нийцсэн, чанартай бүтээгдэхүүн байх болно.
-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
-Баярлалаа. Шинэ бүтээгдэхүүн, хөдөлмөр, сэтгэлээ зориулж байгаа бизнесийг маань дэмжиж, олон нийтэд танилцуулсанд баярлалаа.
Сэтгэгдэл ( 0 )