Сар шинийн баяр дөхөж буйтай холбоотойгоор Zindaa.mn уншигчдадаа зориулан Улаанбаатар хотын томоохон зах, худалдааны төвүүдийн өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ, өртөгийн талаар "Цагаан сар ба төсөв" сурвалжлагыг бэлтгэн хүргэсэн билээ. Энэ удаа Статистикийн хорооноос энэ сарын 9-ний байдлаар гаргасан 21 аймгийн зах, худалдааны төвийн өргөн хэрэглээний зарим барааны дундаж үнийн талаарх мэдээллийг багцлан танилцуулж байна. Бид мөн орон нутаг дахь эх сурвалжуудтай холбогдон, аймгийн төвүүдэд хүнсний үнэ ямар байгааг тодрууллаа.
Орхонд хонины мах 9300, Төв аймагт үхрийн мах 10000 хүрчээ
Улаанбаатар, Төв аймгийн төвд худалдаалагдаж буй махны үнээс аймгуудын зах, худалдааны төвд зарагдаж буй махны үнэ хямд үнэтэй байна. Аймгуудын төвд зарагдаж буй махны үнэ харилцан адилгүй байгаа юм. Улаанбаатар хотын зах, худалдааны төвд зарагдаж буй үхрийн цул мах кг нь 9000-11000 төгрөгийн үнэтэй байгаа бол Төв аймгаас бусад аймгуудад 7000-9500 төгрөгийн үнэтэй байна. Төв аймгийн худалдааны төвд 1 кг үхрийн цул мах 10000 төгрөгийн үнэ хүрчээ. Хэнтий аймагт үхрийн цул мах кг нь 9500, Дорноговь аймагт 9300, Архангай, Хөвсгөл аймагт 9000 төгрөгийн үнэтэй байгаа аж. Увс аймагт хамгийн хямд буюу 6800 төгрөгөөр зарагдаж байна.
Харин хонины цул мах Улаанбаатар хотод 7500-8800 төгрөг, Орхон аймагт 9300, Төв аймагт 9000, Булган, Дархан-Уул, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад 7500 төгрөгийн үнэтэй байна. Бусад аймгуудад 5000-7000 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Говь-Алтай аймагт хамгийн хямд буюу 4800, Говьсүмбэр аймагт 5000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм. Эндээс харахад хүн ам төвлөрсөн, томоохон хотуудад махны үнэ өндөр байгаа ажээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос гадна Орхон, Дархан-Уул, Төв аймгуудад махны үнэ бусад аймгуудтай харьцуулахад өндөр үнэтэй байгаа ажээ. Ямааны мах орон нутагт 4500-7000 төгрөгөөр зарагдаж байна. Он гарсаар ямааны мах дунджаар 9 хувь өсчээ.
Төв аймгийн худалдааны төвийн махны худалдагч Н.Болдбаатар “Улаанбаатар хоттой ойр учраас малчид хот руу оруулж махаа худалдаалдаг. Тийм учраас махны нийлүүлэлт бага байдаг. Их хэмжээгээр мах орж ирэх нь багассан. Нөгөөтэйгүүр үнэ ханшийн хувьд хотын зах, худалдааны төвүүдтэй харьцуулахад ижил түвшинд байгаа” гэлээ.
Махны үнэ, ханш
Аймгуудын статистикийн хорооны мэдээгээр 2019 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар хонь, үхэр, ямааны махны жижиглэнгийн үнэ дараах байдалтай байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр махны дундаж үнэ 2019 оны 1-р сарын 9-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 4.3, үхрийн ястай махны үнэ 5.4 хувь, үхрийн цул махны үнэ 3.9 хувь, ямааны ястай махны үнэ 9.0 хувь, адууны ястай махны үнэ 5.8 хувиар өсчээ.
Өмнөговьд сүү 4000, Сэлэнгэд 1600 төгрөгийн үнэтэй байна
Аймгийн төвүүдэд худалдаалагдаж буй гурил, будаа, сүү, элсэн чихрийн дундаж үнийн судалгааг хүргэе. Нэг кг 1-р гурилын үнэ орон нутагт 1080-1500 төгрөгийн үнэтэй байна. Дундаж үнэ нь 1200 төгрөг. Нэг кг гурил Булган аймагт 1500, Ховдод 1400 төгрөгөөр зарагдаж байгаа ажээ. Цагаан будаа кг нь 2200 - 2500 төгрөгөөр зарагдаж байна. Үнийн хувьд аймгууд ижил түвшинд байна.
Сүүний хувьд аймгуудад харилцан адилгүй байна. Өмнөговь аймагт сүү литр нь 4000 төгрөгөөр зарагдаж байгаа бол Сэлэнгэ аймагт 1600, Дархан-Уул, Төв аймгуудад 1800 төгрөгийн үнэтэй байна. Дундаж үнэ 2300-3000 төгрөгийн үнэтэй байгаа ажээ. Өмнөговь аймагт сүүний олдоц ховор байгаа учраас үнэ нь өсчээ. Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын хувьд үхрийн сүүний нийлүүлэлт элбэг учраас үнэ тогтвортой байдаг байна.
Гурил, будаа, сүү, элсэн чихэр
Аймгуудын статистикийн хорооны мэдээгээр 2019 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар гурил, будаа, сүү, элсэн чихрийн кг-ийн үнэ дараах байдалтай байна.
2019 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар савласан дээд гурилын үнэ өмнөх сараас 1.4 хувиар өссөн бол оны эхний 7 хоногоос гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Будаа, элсэн чихрийн дундаж үнэ 2019 оны 1-р сарын 9-ний байдлаар өмнөх сар болон өмнөх 7 хоногоос 0.3 хувиар өссөн байна.
Сэтгэгдэл ( 0 )