Улстөрчдийн рейтэнгийг У.Хүрэлсүх тэргүүлж, Л.Оюун-Эрдэнэ гишүүн удаалав
Сүүлийн үед нийгэм улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалд бодитоор дүн судалгаа хийсэн нь үгүй, өөр өөрийн зүгээс дур зоргоороо тайлбарлан мэдээллийн төөрөгдөлд орж байна. Харин ийм мэдээллийн төөрөгдөлд орсон үед “MMCG” судалгааны агентлагаас цаг үеийн нөхцөл байдалд бодит үнэлгээ өгөх үүднээс тал талын судалгаа явуулжээ. Тус судалгааны ажлыг 2019 оны нэгдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд тоон болон чанарын гэсэн хоёр чиглэлээр зохион байгуулсан байна. Тоон судалгаанд нийслэлийн есөн дүүрэг болон долоон аймгийн 1208 иргэн хамрагдсан гэдгийг тэд хэлсэн. Ингэхдээ нийслэлийн өрх айлаар зочилж, нүүр тулсан ярилцлага хийж, орон нутгийн иргэдтэй утсаар холбогдон мэдээллээ цуглуулжээ. Харин чанарын судалгаанд Улаанбаатар хотын зургаан дүүргийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд чанарын судалгааны мэдээллийг цуглуулахдаа фокус бүлгийн ярилцлагын арга ашиглаж, нийт 14 иргэний дунд хоёр удаагийн ярилцлага зохион байгуулсан аж.
Иргэдийн 68 хувь нь улс төр тогтворгүй байна гэлээ
Ийнхүү Монгол Улсын хөгжил дэвшил ямар замаар явж байгаа талаар судалгаа явуулж, судалгаанд оролцсон 10 хүн тутмын найм нь Монгол Улсын хөгжил дэвшил буруу замаар явж байна гэсэн бол өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг судалгаанд оролцогчдын 10 хувь нь хурцадмал байдалтай, 68 хувь нь тогтвогүй байдалтай байна гэж үнэлсэнийг хэллээ.
Асгат, Салхитыг авах нь зөв гэдгийг 10 хүн тутмын найм нь зөв гэлээ
Мөнхүү судалгаагаар улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, Засгийн газрын 1993 оны 25 дугаар тогтоолоор “Монголросцветмет” нэгдэлд ашиглуулахаар шийдвэрлэснээс хойш хөдлөөгүй Асгатын мөнгөний ордыг төр мэдэлдээ авахаар шийдвэрлэснийг судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 78 хувь нь зөв хэмээн дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, иргэд “оросууд хөрөнгө оруулалт хийж ашиглаж чадахгүй байгаа бол чаддаг хүнд нь шилжүүлэх хэрэгтэй. Буцаан авсан нь зөв болжээ” хэмээн санал нэгдсэн гэдгийг дурджээ. Түүнчлэн Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Салхитын ордыг 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан. Энэхүү ажиллагаа, шийдвэрийг зөв үү, буруу юу хэмээхэд судалгаанд оролцсон 10 хүн тутмын найм нь маш зөв шийдвэр гэсэн байна.
Улстөрчдийн рейтэнгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлжээ
Мөнхүү судалгаанд улстөрчдийн рейтингийг тогтоов. Ингэхэд улстөрчдийн судалгааны рейтэнгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлж, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаарт, Ерөнхийлөгч Х.Баттулга гуравдугаарт, УИХ-ын гишүүн С.Жавхлан, Ж.Батзандан нар айргийн тавд багтжээ. Харин рейтэнгийн эхний аравт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Т.Аюурсайхан нар багтсан байна.
УИХ-ын дарга М.Энхболдод итгэх иргэдийн итгэл тогтмол буурчээ
“MMCG” судалгааны агентлагаас улстөрийн өндөр албан тушаалтнуудад итгэх итгэл, үйл ажиллагааны индексийг гаргасан. Энэхүү судалгаагаар Төрийн гурван өндөрлөгт итгэх итгэлийн индексийг сүүлийн саруудад хийсэн судалгааны дүнгээр харьцуулан харахад Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэх итгэлийн индекс өнгөрсөн оны наймдугаар сараас хойш тогтмол буурсаар байсан бол энэ сард харьцангуй өссөн дүн гарчээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд итгэх итгэлийн индекс тогтмол өсөлттэй байгаа бол УИХ-ын М.Энхболдод итгэх индекс энэ сард буурч, 10 онооноос 2,1 буюу олон нийт огт итгэдэггүй гэсэн үнэлгээ гарсан байна.
МАНАН-гийн эсрэг тэмцэл зөвхөн М.Энхболдоор хязгаарлагдахгүй
Мөнхүү энэ үеэр ид өрнөж байгаа МАНАН дэглэмийг устгах жагсаалыг зөв үү буруу юу гэсэн хэсэгт иргэдийн дунд санал асуулга явуулжээ. Харин судалгаанд оролцогчдын 83 хувь нь МАНАН дэглэмийн эсрэг жагсаалыг зөвтгөж, үүгээр зөвхөн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулснаар дуусах ёсгүй, энэ тэмцэл цаашид үргэлжлэх хэрэгтэй хэмээсэн юм.
Цалин тэтгэврийн нэмэгдэл ирэх сараас нөлөөлөл үзүүлнэ
Тус судалгааны агентлагаас нэгэн сонирхолтой гэмээр судалгааг явуулжээ. Энэ нь сүүлийн гурван жилд Монгол Улсын эдийн засагт ямар үр дүн гарав гэсэн асуулга юм. Харин судалгаанд оролцогчид эдийн засгийг сүүлийн гурван жилд сайжирсан гэж үнэлсэн байдал нь таван хувиар, 2019 оны сүүлийн хагаст эдийн засаг сайжирна гэж үнэлсэн нь 11 хувиар тус тус өсчээ. Гэхдээ судалгааны эерэг өөрчлөлт нь орон нутаг, малчин өрхөд илүү их ажиглагдаж байгааг дурдсан байна. Учир нь сүүлийн үед махны үнэ өссөнтэй шууд холбон ойлгож болно. Харин орон нутаг, малчдын давуу тал болж байгаа энэ үзүүлэлт нь Улаанбаатар хотын иргэдэд эсрэгээрээ дарамт болж байгаа юм. Нөгөө талаар төр засгаас эдийн засгийн өсөлтийг иргэдийнхээ амьдралд бодитоор нөлөөлүүлэхийн тулд цалин, тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн гэж үзэж болно. Гэвч судалгаагаар өрхийн орлого нэмэгдэж амьдрал сайжирсан тухайд санал асуулга явуулахад “сайжирсан” гэх үнэлгээ нэгхэн хувиар л өссөн байна. Гэхдээ цалин тэтгэврийн энэхүү нэмэгдэл нь ирэх сарын судалгааны үр дүнд илүү нөлөөлөх нь дамжиггүй юм.
Сэтгэгдэл ( 0 )