"50 ЧУХАЛ ХҮН" номонд нийтлэгдсэн ярилцлага, нийтлэл, хөрөг тэмдэглэлээс цувралаар хүргэж байна.
Он онд өөрчлөгдөж буй нийслэл Улаанбаатарт Төв шуудангийн урдхан талд эрт баригдсан янзаараа дүнсийх хэдэн намхан байшин бий. Дунд эгнээнд “Цолмон трэвел” хэмээх хэдийнэ дасал болсон хаяг үзэгдэнэ. Аялал жуулчлалын “Цолмон трэвел” ХХК-г үүсгэн байгуулагчийн нэг М.Навчаагийн төрсөн гэрийн буурь нь ч энэ хэсэгт хамаарна. Хотын номын сангийн буурин дээр тухайн үеийн сэхээтэн болох ХАА-н эдийн засагч, ШУ-ны академийн ажилтан аав Мягмаржав, Улсын багшийн Дээд Сургуулийн оюутан /дунд сургуулийн багш, хичээлийн эрхлэгч ээж/ Цэрэннадмид нарын хамт амьдарч байсан газар. Төрж өсөж, тоглож наадаж явсан буурин дээрээ ажил, амьдралаа үргэлжлүүлж явна гэдэг бас л сонин хувь тохиол. Улаанбаатарын ихэнх хуучин байрны суурин дээр одоо өндөр байшингууд баригдсан билээ. Өмнө нь энэ орчим тэр аяараа гэр хороолол, тэдгээрийн дунд Ханддоржийн өргөөний сүмийн орой холоос харагдана. Өргөө рүү багачууд орж тоглон өдрийн талыг бардаг байсан гэх. Гэнэн томоогүй насны гэгэлгэн сайхан дурсамжуудтай эн зэрэгцээд хэдийгээр зургаан настай байсан ч өдийг хүртэл сэтгэл эмзэглүүлж, зүрхэнд шарх үлдээсэн үйл явдал энд тохиолдсон юм. Навчаа тун ч сахилгагүй хүүхэд байж. Амьтнаас тухайлбал нохойноос ер айхгүй. Нэг өдөр айлын нохой дагуулаад иртэл зулай зулайгаа гишгэж төрсөн охин дүү нь жигтэйхэн айж, хашгирч уйлаад маргааш нь бие нь муудаж халуурлаа. Аав, ээж нь залуу хүмүүс учир ээжийнх нь эгч эмнэлэг бараадуулж, хоолойны өвчин нь зүрх, үе мөчиндөө орсон, нугасны ус авахгүй бол болохгүй гэж тухайн үед эмч нар оношилж, бүх арга хэмжээг авсан ч үүрээр балчирхан дүү нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Тийнхүү зургаан насандаа хагацал гэж юу байдгийг бяцхан зүрхэндээ мэдэрч, аав ээж улаан нялзрай эрэгтэй дүүтэйгээ үлдлээ.
Аав, ээж нь Навчааг насыг нь нэмж барьсан барилга олширч 19-р хороолол руу тэднийх нүүн, наймдугаар ангиасаа өрх тэлээд одоогийн 45, тухайн үеийн Нацагдоржийн нэрэмжит 6-р сургуульд суралцуулсан гэдэг. Тавдугаар ангид орох жил Гандан зүгт академийн ажилчдын 12 айлын орон сууц гэх анхны “гоё” байшин руу нүүв. Гэхдээ гэр хороолол шиг түлээ хагалж, ус авдаг ажилтай хэвээр. Ямбатны гэгдэх 40, 50 мянгатаас өөр орон сууц тэр үед нүдний гэм. Аажимдаа оросуудын усгаарлатлаа 18-р байранд амьдарчээ. Сургуульд байхаасаа зуны амралтаараа хөдөлмөр зуслан явж, төмс, хүнсний ногоо тарьж, хүүхдийн зусланд зөөгч хийн хилийн чанадаас ирж амарч буй хүүхдүүдтэй танилцан, Богд уулын аман дахь академийн лагерьтаа цэцэг жимс, ногоо тарьж ургуулах зэргээр ажилд суралцав. Сургууль, гэрийнхэн нь түүнийг юм юманд сонирхолтой, санаачлагатай болгон хүмүүжүүлсэн нь хожмын амьдралд ашиг тусаа өгсөн юм.
СААРАЛ ЕРТӨНЦӨӨС САЙНЫГ СУРАЛЦСАН НЬ
Аравдугаар ангиа онц сурсаар амжилттай төгслөө. Навчаа охин хатуу биеийн юм уу цөмийн физик, эсвэл зохиолч, сэтгүүлч мэргэжлийг илүү сонирхож ирсэн. Герман улсад суралцах оюутнуудын бэлтгэл анги нээгдэж, элсэлтийн шалгалт өгч тэнцлээ. Нэлээд дээгүүр жагссан тул 1977 онд Карл Марксийн их сургууль, одоогоор Лэйпцигийн их сургуулийн фото сэтгүүлчийн ангид суралцах боломж нээгдэх нь тэр.
Тэр үед социалист орнууд дундаа хамгийн өндөр хөгжилтэй нь БНАГУ байлаа. Германд очоод бусад хүүхдүүд шиг гэрээ санаж сүйд болох нь бага. Гагцхүү саарал байшин, саарал гудамж, үргэлжийн бүрхэг саарал тэнгэр уйтай санагдаж буйг дөрвөн мөрт хэлхэн тэмдэглэлдээ бичсэн байдаг. Олон орны оюутнуудыг анх харж, хэлний бэлтгэлд суулаа. Вьетнамууд хамгийн идэвх чармайлттай сурдаг гээд орон орны хүмүүсийн зан чанарын онцлог нь нүднээ ил. Монголчууд бол шалгалттай гэнгүүт 2,3 хоногийн өмнө бэлтгэх нь түгээмэл. Ихэнхдээ наргиж, цэнгэж дискодно. Жилийн дараа Германаар дөнгөж ойлголцохтой болов. Оюутны дотуур байр, хоол унд сайхан байсан. Хоол нь маш хямд, байрны үнэ боломжийн. Германд сурдаг оюутнууд бусдаас “баян” гэгддэг байв. Баруун германчууд Зүүн Герман руу өдрийн хугацаатай орж ирчихээд хугацаандаа гарч болдог, Зүүн Германчууд нь харин Баруун руу орж болдоггүй тийм нийгэмд оюутан цаг нь өнгөрөв. Баруун Германы охин түүний ангид сурдаг тул хаа нэг нууцаар барууны хатуу мөнгө сольж тухайн үеийн валютын дэлгүүрээс “барууны” хувцас авч өмсөж гангарна. Энд олон орны найз нөхөдтэй боллоо. Мөн түүнээс хоёр жилийн өмнө Германд суралцаж эхэлсэн Батдэлгэртэй танилцаж гэрлэснээр амьралынхаа шинэ хуудсыг нээлээ. Хотын танхи охин хөдөө гэгчийг огт үзээгүй явсан бол айлын бэр болж, зуныхаа амралтаар хадмуудтайгаа танилцахаар Архангай аймгийн Тариат сумын Хорго гэгч гайхамшигт газрыг үзэж нүд баяслаа. Тэр үеийн Хоргын байгалийн сайхныг одоогийнхтой харьцуулан бодоход аанай л харамсмаар.
Хоёр Герман нэгдэхэд Зүүн Германы хүмүүс ажилгүй болж, талхны мөнгөө яаж олох вэ гэж зовсон болохоор найз нөхдийн чанар ч танигдсан гэдэг. Үүнтэй давхцаад Монголд ардчилсан хөдөлгөөн өрнөж, өөрчлөлт шинэчлэлийн замд оров. Оюутан ахуйн найз германчуудаас зарим нь үүрд холбоотой хэвээр үлдэж, нэгийн зэрэг хүн шууд “За хоёулаа найзлахаа больё” гэжээ. Амьдралын шаардлагаар баруун зүүн Герман нийлэхээс өмнө баруун руу зугатаад, тэр чигтээ алга болсон нь ч бий. 35 жил сураг тасарсан ангийн найзтайгаа Берлинд энэ 2018 оны гуравдугаар сард очихдоо таарчээ. Эхнэр нь түүнийг таньчихаад нөхөртэйгөө холбож өгсөн гэдэг.
Хүн олон жилийн дараа харахад нүд нь хэвээрээ байдаг юм билээ. Гурван цаг хоёулхнаа ресторанд хоол идэж, гучин хэдэн жилийн түүхээ хуваалцаж “буу халсан” гэв.
Германд цаг барьж сурсан нь аяллын бизнес эрхлэх гол суурь нь болно гэж хэн мэдэх билээ. Оюутнууд багшаа таван минут хүлээгээд ирэхгүй бол ширээгээ нүднэ. Доктор, профессор өндөр цолтой багш нарыг 15 минут хүлээдэг, хүлээгээд ирэхгүй бол бүгд гараад явчихна. Багштайгаа таарсан ч хажуугаар нь жишимгүй зөрнө. Аяллын бизнес гэдэг цаг төлөвлөлт, маршрутын дагуу явагддаг. Олон хүний амьдралын дурсамжийг зураглаж, ая тухыг хангах нь ерөөсөө л нарийн зохион байгуулалт шаардана.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБОО ӨӨРЧЛӨГДЛӨӨ
Фото сэтгүүлчээр суралцсан 23-тай жаахан бүсгүй туршлагатай сэтгүүлч, зохиолчдын их өргөөнд томилогдов. 1984 онд охиноо төрүүллээ. Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн харьяа “Ажилчин ангийн яруу алдар бадартугай” хэмээх уриатай “Хөдөлмөр” сонины редакцийн ерөнхий эрхлэгчийн өрөөнд ороод “Мал төллөлт, газар тариалангийн бэлтгэл ажлыг сурвалжлах ажлыг хамтдаа зохион байгуулна” гэхэд дарга дээрээс доош нь хараад үл тоосон харцаар ажиж “Чи хэн юм” гэхэд “Монголын сэтгүүлчдийн холбоонд шинээр ирсэн сэтгүүлч, референт Навчаа байна” гэтэл “Үржинбадам хэзээ ийм цэрэгтэй болчихсон юм” гэж егөөдсөн гэдэг. Монголын сэтгүүлчдийн холбооны дарга, зохиолч, “Үнэн“ сонины ерөнхий эрхлэгч Ц.Намсрай гуай болон Төрийн шагналт зохиолч Лодонгийн Түдэв гуай нарын удирдлага дор ажиллахдаа Сэтгүүлчдийн холбооны анхан шатны байгууллагууд, нийт гишүүдээ мэргэжлийн удирдлагаар хангах, нийтлэл, нэвтрүүлэгт мэргэжлийн талаас нь үнэлж дүгнэн, судалгаа хийх, сургалт зөвлөлгөөн зохион байгуулах зэрэг хариуцлагатай ажлыг хариуцаж байв. Түүнчлэн Германд төгссөн анхны сэтгүүлчээ салбарынханд зориулсан “Сэтгүүлч” сэтгүүлд хариуцлагатай нарийн бичгийн даргаар томиллоо.
1990-ээд онд ажлын шугамаар, төрийн сонин хэвлэлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга нартай Оросын Новосибирскийн Намын дээд сургуулийн мэргэжил дээшлүүлэх курст группийг ахалж явлаа. Тэнд “Утга зохиол, урлаг” сонин, “Цог” сэтгүүл, “Залуучуудын үнэн“ сонин зэрэг төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хариуцлагатай нарийн бичгийн дарга нар бүгд багтсан. Новосибирскт төгсөөд иртэл Сэтгүүлчдийн холбооны бага хурлыг татан буулгаж, үргэлжлээд “Намын төв хороог огцор” хэмээн орилолдон гадаа талбайд жагсаал цуглаан хийж, өлсгөлөн зарлаад эхэлсэн байв. Анхны босогчдын дийлэнх нь сэтгүүлчид. Сэтгүүлчдийн холбооны хуучин удирдлага, бүгд хурлын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ солигдож, Навчаад “шинэ хүмүүсээ аваад танилцуултал байж бай” гэдэг үүрэг өглөө.
Хүлээлтийн байдалтай хэсэг хугацаанд дараагийн ажлаа төлөвлөлөө. Түүний хобби хувцас оёх учир дизайнерын студи байгуулах санаа төрөв. Ээж нь бас мундаг уран хүн байж. Ийн төлөвлөж байтал “Японы элчинтэй хамтраад “Сакура” нэртэй анхны чөлөөт хэвлэл, сэтгүүл гаргая. Сэтгүүл зүйн талаас нь хянах хүн алга тул Хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаач гэсэн санал ирэхээр нь зөвшөөрлөө. Төв шуудангийн өмнө сэтгүүлээ барьж зогсоод зарсан анхны сэтгүүл байх аа. Сэтгүүл, сонин яг л талх шиг зарагдаж байсан” гэж тэрбээр ярив. Сэтгүүлчдийн холбооны ажлаасаа ч чөлөөлөгдөв.
ЭРГЭЛЗЭЭ-СУРСАН ЭРДЭМ СУУРЬ БОЛОВ
Нөхөр Батдэлгэр нь мөн Лейпцигийн Их сургуулийг математикаар төгсөн, эх орондоо ирээд ШУ-ны академид математикчаар ажиллаж байв. Германд доктороо хамгаалах гээд очтол хоёр Герман нэгдээд, дуусгаж чадсангүй. Эхнэр нь сэтгүүлчидтэй Новосибиркт явах үе үүнтэй давхцав. Тэд утсаар хоёр Герман нэгдсэн тул Баруун Берлинийг үзэх тухай ярилцаад өнгөрсөн аж.
Навчаа “Герман яваад ирье. Манайд ардчилал үүслээ. Нэг сар нөхөртэйгээ амарна” гэхдээ “За, цаашид тэдэн сарын тэдний өдөр төдөн цагт ажил дээрээ гозойж байвал цаашид ажиллах юм байна гэж ойлго, үгүй бол намайг үүрд мартаарай” гэж хэлээд явлаа. Германд очтол нөхөр нь ажилгүй болчихсон, академийн том байранд амьдардаг байтал орох оронгүй, монгол оюутнуудын дотуур байранд байр хөлслөөд суучихаж. Хэлэлгүй, унтаж байхад нь гэнэт орж цочоосон гэдэг. Зүүн Германы академийн мундаг эрдэмтэд өөрсдөө ажилгүй болсон болохоор гадаадын ганц хүн аргагүй биз ээ. Америкаас таван жил хамтран ажиллах санал ирсэн ч хүлээж авсангүй.
Нөхрийнх нь шинэ герман найзууд “Монголд ардчилал өрнөчихлөө, жуулчны компанийнхаа анхны салбарыг нээмээр байна” гэсэн санал тавихад цаадах нь “Би аялал жуулчлал мэдэхгүй, математик мэднэ” гээд эхнэртэйгээ танилцууллаа.
Навчаагийн хувьд Германд эргэн ирснийх бодсоноо хэрэгжүүлэхийн тулд дизайнеруудын студиэр явж судалж, оёдлын машин худалдан авч эхлэв. Singer бол автомашинтай харьцуулбал бенз л гэсэн үг. Аялал жуулчлал руу орох уу, хувийн аж ахуй эрхлэх үү гэдэг эргэлзээнд автав. Бодохнээ, түүнд аялал жуулчлал хөндий санагдсангүй. 10 жил Сэтгүүлчдийн холбоонд ажиллахдаа Намын төв хорооны болон Сэтгүүлчдийн холбооны шугамаар Германаас ирсэн зочид төлөөлөгчдийг хөдөөгүүр аялалд авч явах, хэлмэрчлэх ажлыг зохион байгуулдаг байв. Одоо бодоход аяллын дадлага болжээ.
Социализмийн үед “Жуулчин” гэх аяллын ганцхан байгууллага байв. Хархорин, Өмнөговь, Тэрэлж гээд гуравхан жуулчны баазтай. Өөрөө аяллын хөтөлбөрөө зохиогоод, замдаа орчуулж явна. Ийнхүү Монголтойгоо танилцаж амжсан нь давуу тал болов. Хоргоос өөр юу ч үзээгүй байсан хотын бүсгүй 10 жилийн хугацаанд 15 аймагтай бүрэн танилцжээ. Санаанд нь багтсан учир Баруун Берлиний оффист дадлага хийж, аялал жуулчлалын үйлдвэрлэлд суралцав. Энэ хугацаанд цалингүй дадлага хийж байгаа тул загвар зохион бүтээгч Аргентин бүсгүйн салонд загварын хувцас оёж өөрсдийгөө тэжээж байв. Маш сайн оёдог тул цалин хангалттай. Байрны түрээс, хоолны мөнгөө олчихдог тул дадлага хийхэд татлаа үгүй.
Ирээд Германы “Лерниде Райзен” компанийн Монгол дахь салбарын албан ёсны компанийг Хууль зүйн яаманд бүртгүүлээд нээлээ. Анхны гадаадын компанийн төлөөлөгчийн газар нээх гэтэл түрээслэх байр олддоггүй. “Жуулчин” компани Баянголын ард талын жигүүрт байрлана. Тэнд өрөө түрээслэв. Германы Лерниде Райзен гээд жижигхээн А4-ийн хэмжээтэй хаяг байршуулав. Зун цагт 500 доллар, өвөл 300 доллар төлөх нь тухайнд үед хамгийн өндөр ханштайд тооцогдоно. Германы компанийг нээснээс жил орчмын дараа “Цолмон трэвел” компаниа бүрэн бус хариуцлагатай компани байгуулж, нөхрөө сайн ятгаж ойлгуулсны хүчээр математкийг нь орхиулж хувийн хэвшилдээ анхаарахаар сэтгэл шулуудлаа.
Тэрбээр Германаас оруулж ирж буй жуулчдаа заримыг нь нөхрийнхөө компанид, заримыг нь “Жуулчин” компанид өгч үйлчлүүлж байв. “Жуулчин”-гаас олон компани салбарлаж эхэлсэн үе. “Жуулчин”-гаас туршлагажсан боловсон хүчнүүд ихэд айж эмээсэн байдалтай, ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гэх мэтээр Навчаагаас зөвлөгөө авна.
“Цолмон трэвел” 1992 оны зунаас анхны жуулчдаа авч эхлэхдээ 50 жуулчинд үйлчлэв. Нөхөр нь трансфер үйлчилгээгээр хоёр жуулчнаас анхны бэлэн төлбөр болох таван доллар гар дээрээ барьж ирсэнд ихэд хөөрцгөөв. Одоо жилдээ 5000 орчим жуулчин авдаг болтлоо “Цолмон трэвел” өргөжжээ.
Өвөлжингөө зуны ажлаа төлөвлөөд л, зунжингаа жуулчдаа тойглосоор 25 жил маш хурдан өнгөрчээ. Аяллын салбарынхан Навчаа захирлын амьдралыг нисэх мэт өнгөрсөн гэлцэх нь ийм учиртай ажгуу. Шинэ аяллын туршилт хийх ажил нөхөрт оногдож, Навчаа ихэвчлэн оффистоо гадаад зах зээл, борлуулалт, зохион байгуулалтын ажил гүйцэтгэнэ. Адал явдал гээчийг аялагчид л үзэж туулдаг. Өгий нуурын хавьцаа хээр жуулчдын групп үдлэнгээ задгай гал дээр тогоотой хоолоо хийгээд сууж байтал гэнэт хуй салхи гарч ирээд тогоотой хоолыг хоромхон зуур хамчихсан гэдэг. Тогооч нь “Миний хоол, миний хоол” гэж хашгираад л үлдсэнээс өгсүүлээд хөгжилтэй паян бүхэн дурсамж болон үлджээ. Болохгүй, бүтэхгүй гэж хэлдэг хүн “Цолмон трэвел”-д байхгүй. Дэлхий даяархи аяллыг амьдрал болгосон жуулчид Монголын “Цолмон трэвел” хамгийн “саак” гэж нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Эдгээр аялагчдын 80 хувь нь Европ зүгийнх билээ. Хөдөөгийн малчдын амьдрал, хүний гар хүрээгүй байгалийн тогтоц газрууд, түүх соёлоо тайлбарлахдаа “Цолмон трэвел”-ийнхэн гаргууд.
Навчаа захирал аяллын салбарт бизнес эрхэлсэн олон жилийн туршлагаасаа үүдээд “Зөвхөн зорилтот, төлөвлөгөөт цөөн тооны жуулчин авах ёстой. Манайд олон жуулчин хүлээн авах техник, нийгэм, эдийн засгийн хүчин чадал хийгээд байгалийн даац байхгүй” гэлээ. Анхдагчдын тэмцэл, санаачлагын үндсэн дээр аялал жуулчлалын хуультай болсон. Гэвч энэ том салбарыг яам болгон руу хөл бөмбөг өшиглөх мэт хайнга хандлагыг хүлээн зөвшөөрдөггүй нэгэн.
САЯТНЫ ГАЛТ ТЭРЭГ БА ГАИД
Европийн болон бусад тивүүдээс Москва-Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлд 20 хүртэл вагон бүхий захиалгат “Тусгай” галт тэрэгний аяллыг Монголд хүлээн авч үйлчилдэг. Энэхүү үнэтэй тансаг зэрэглэлийн аялалд “Цолмон трэвел”-ийн чадварлаг хөтөч нар үйлчилж заншжээ. Ганцхан галт тэрэгний хүмүүс 10-15 жижиг групп болон хуваагдаж тэр тоогоор ижил сайн ур чадвартай аяллын хөтөч, автобус унаа шаардагдана. Вагон нь бол зочид буудал, ресторан шиг тохилог. Галт тэргээр явсаар Монголд ирж, хоёр бүтэн өдөр, нэг шөнө болоход манайхан “Саятны галт тэрэг” хэмээн шуугилдаж, аялагчдад бараа таваар зарахаар явсан газар бүрт нь отолт хийнэ. Зарим нь Улаанбаатарт тохилог зочид буудалд буухад, зарим нь Тэрэлж рүү гарч монгол гэрт хоноглоно. Зарим нь Монголд үлдээд олон хоногийн тойрон аялал хийгээд буцдаг.
Тус галт тэрэгний нэгдүгээр зэрэглэлийнхэд хоёрхон купетэй. 00 өрөө, душь бүх юмтайгаа байх жишээтэй. Энгийн зэрэглэл бий ч үнэтэй. Транссибирийн зам гэдгээрээ дэлхийд алдартай учир Орос, Монгол, Хятад гурван улсыг зэрэг үзэхийг дэлхийн олон орны жуулчид хүсдэг. Жишээ нь Ванкувэрээс юмуу Цюрих-ээс гарч, Москвагаас энэ галт тэргэнд Бээжин хүртэл 10 хоног аялахад 10000 евро нэг хүн төлдөг. Гэхдээ зэрэглэлээсээ хамаараад хямд ч байдаг. Харин манайхны нэршсэн “саятнууд“ биш, насаараа хуримтлуулан тэтгэвэртээ гараад аялж буй нь илүү олон. “Цолмон трэвел”-ийн аялагчдаас олонхи нь энэ галт тэрэгнийхэн гэлцдэг.
Эхлээд Улаанбаатараа үзүүлээд, Тэрэлж дэх “Бүүвэйт” жуулчны бааздаа очно. Тэнд мини наадам зохион байгуулж, гүүгээ саан, бөх барилдуулж, нум сум харвана. Саятны галт тэрэгнийхэн буцахдаа “Энэ гурван улсаас Монгол хамгийн гоё байлаа” гэх талархлын үг сонсох хамгаас сайхан. Галт тэрэгний орос гаидуудтай монгол гаидууд анх хамтран ажиллахад хэцүү асуудлууд гарч л байсан. Олон ч жил өнгөрч нөгөөдүүлтэйгээ найз, шефийн холбоотой болжээ. “Та нар юмаа мэднэ, бид хөндлөнгөөс оролцох шаардлагагүй” гэх хэмжээнд хүртэл харилцаа сайжирлаа. Сүүлийн үед тэд зочдоо Эрээн хүртэл гаргаж өгч, Хятад гаидуудтай солилцдог боллоо. Манайхан хувцаслалтаасаа эхлээд хавигүй илүү мэргэжлийн байдаг. Навчаа захирал өөрөө хувийн зохион байгуулалт маш сайн тул шавь нар нь ийнхүү хаа ч гологдохгүй гайдууд болжээ. Монгол хүний гадаад хэлийг хурдан сурч, цэвэрхэн ярьдаг чадвар амжилтанд салшгүй холбоотой. “Цолмон трэвел”-ийн гайдуудаар үйлчлүүлсэн жуулчин монголд дахин ирнэ, олуулаа болоод ирнэ гэж амлаад буцахад урамшдаг.
Аялалд сонин учрал тохиохыг алийг тэр гэх вэ. Нэг удаа дан эмэгтэйчүүдийн групп ирлээ. Гаид эмэгтэй, жолооч эмэгтэй байх ёстой гэсэн шаардлага тавьсан гэхээр “сонин” зочид гэдэг нь илт. Эрчүүд халгадаг хөдөөгийн замд эмэгтэй гаид машин унаад явахаас аргагүйд хүрсэн ч жуулчдыг бишрүүлээд л ирнэ. Энд явсан хоёр хамтран амьдрагч эмэгтэйн нэг ухаан алдахад эмчийн үүрэг гүйцэтгэнэ. Эрэгтэй, эмэгтэйгүй хөдөөгийн жорлон гээчийг зүүдэлж ч үзээгүй, паалантай жорлонд насаараа сууж бие зассан эрэгтэй ч таарна. Хөдөө яваа жуулчдад асуудал гарахад онгоцоор тэр дор нь тусламж үзүүлэх тохиолдол ч гарчээ.
IBT-д АХИЦ ГАРСАН НЬ
Зөвхөн гаднаас жуулчин оруулж ирдэг тул Монголд “Цолмон трэвел” сурталчилгаа хийх онцын шаардлагагүй гэж үздэг. Манайхыг сайн мэдэхгүй. Берлиний IBT үзэсгэлэнд Лерниде Райзенд ажиллаж байх үедээ буюу 91,92 оноос оролцож иржээ. Дараа жилүүдээс нь хэдхээн брошур дэлгээд, 20 м2 талбайд зогслоо. Тоотой хэдхэн компани нэг, нэгээрээ ороод, жижигхэн талбайд зогсоход өнгө үзэмж муутай, ядуухан харагдана. Сүүлдээ нэгдсэн зохион байгуулалтад орж, 4-5 компанийг нэг дор болгож, талбайн заслыг нэгэн жигд хийлээ. Тэгж байтал Монголын аялал жуулчлалын холбоо нэгтгэх, зохион байгуулах ажлыг хариуцаж арай дээрдэв.
Үндсэндээ Монголын аялал жуулчлалын салбарыг 25 жил 100 хувь хувийн хэвшлийн нуруун дээр үүрүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд улс жаахан анхаарч, “Аялал жуулчлал бол гурван тулгуурт хөгжлийн нэг гол тулгуур хөгжил мөн” гэж үзэн тэргүүлэх чиглэлийн нэг болгосноос хойш бага зэргийн мөнгө төсөвлөдөг боллоо. Компаниуд дийлэнх мөнгөө, улс жаахан мөнгө нэмээд оролцдог болсноор талбайн дизайн тохижилт илүү сайжрав. Ялангуяа 2015 онд дэлхийн хэмжээний Аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэнд “Түнш орон”-оор оролцсон нь үнэхээр бахархууштайаяллын салбарынхны 25 жил хүсч мөрөөдсөн ажлын биелэл. хэрэг болсон төдийгүй үр шим нь өнгөрсөн жилээс гарч эхэлсэн гэж бодож байна. Энэ бол
Төгсгөлийн оронд
Үсээ үргэлж этгээд хэлбэрээр засдаг Навчаа захиралтай анх таарсан хүн хэзээ ч монгол хүн гэж таамагладаггүй. Хилийн чанадад, эх орондоо явсан ч оросоор, англиар үг өднө. Ийм л нэг этгээд дүр төрхтэй, энгийн бүтээлч амьдралтай эмэгтэйг онцоллоо. Бага насандаа гимнастик сонирхож, жүдогоор хичээллэж явсан гэсэндээ өд шиг хөнгөн биетэй, гялалзуур нэгэн. Гэхдээ юмс бүгд харагдаж байгаа шигээ биш ээ. Амьдрах, аж төрөхүйн замд ханиасаа хагацсан, үе мөчний өвчин үгдэрч хүндрээд хөлийнхөө хуруунуудыг тайруулаад, эргэж оёулсан гээд зүрх эмтрэм тохиолдлуудыг түүнтэй хуучиллаа. Охиныхоо нэрнээс “зээлдсэн” “Цолмон трэвел” ХХК-г хилийн чанадад Монголыг төлөөлөх оддын дайнд оролцохуйц нэрд гаргасан нь түүний гавьяа билээ. Гагцхүү хүн хичээн зүтгэх аваас бэрхшээлийн ард инээмсэглэх хүчийг өгөгч далдын гайхамшиг үйлчилдэг нь энэ буюу.
2018 оны 4-р сар
Ярилцсан: Н.Энхцэцэг
Сэтгэгдэл ( 0 )